| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00347/И |
| Дугаар | 457 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 457
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1103г тоотод түр оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, РД:ОВ66052403, Даргаанхан овогт Ембүүгийн Нарантуяагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сувдаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Е.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Е.Нарантуяа миний бие нь 1966 онд Увс аймгийн Давст суманд төрсөн, 51 настай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Би 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өөрийн хүсэлтээр Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд аав ээжийн гар дээр малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оныг дуустал ажилласан. Би малчнаар ажиллаж байх хугацаандаа бог мал маллаж байсан. Тэгээд дээрх хугацаанд ажилласан жилээ баталгаажуулах гэсэн боловч Увс аймгийн архивт миний ажилд орсон болон гарсан тушаал байхгүй, хөдөлмөрийп дэвтэр олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сувдаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Е.Нарантуяа нь миний ээж юм. Тэрээр 1982 оны 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан. Бог мал маллаж байсан. Е.Нарантуяагийн ажилд орсон гарсан тушаалууд олдохгүй, мөн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхэд хандсан. Иймд Е.Нарантуяагийн Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е.Нарантуяа нь Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гаргаж ирүүлсэн Ембүүгийн Нарантуяагийн Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Итгэмжлэл,
3. Гэрч П.Жаргалжавын шүүхэд өгсөн: “Би 1963 оноос Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар 1992 оныг дуустал ажилласан. Е.Нарантуяа нь багаасаа аав, ээжийн хамтаар “Алдар” нэгдлийн 2 дугаар бригадад мал маллаж эхэлсэн бөгөөд 1989 оныг дуустал ажилласан юм. Түүний аав, ээж нэгдлийн малыг насаараа малласан, нөхөр Ц.Хүүхээ нь нэгдлийн нярав байсан бөгөөд бид нэг нутгийн хүмүүсийн хувьд би Е.Нарантуяа болон аав, ээжийг нь сайн таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед “Алдар” нэгдлийн даргаар н.Аюурзана, Ц.Магалжав гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,
4. Гэрч Т.Нямсамбуугийн шүүхэд өгсөн: “Би 1970 оноос Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдлийн Хандгайт бригадад малчнаар 1993 оныг дуустал малчнаар ажилласан. Е.Нарантуяа нь 8 дугаар анги төгсөөд “Алдар” нэгдлийн Хандгайт бригадад мал маллаж эхэлсэн бөгөөд 1989 оныг дуустал ажилласан юм. Түүний аав, ээж нэгдлийн малыг насаараа малласан, нөхөр Ц.Хүүхээ нь нэгдлийн малчин, няраваар ажиллаж байсан бөгөөд бид нэг нутгийн, нэг бригадын хүмүүсийн хувьд би Е.Нарантуяаг сайн таньж мэднэ. Мөн түүний дүү Е.Юндэн нэгдлийн малчнаар мөн олон жил малласан байдаг юм” гэх мэдүүлэг,
5. Гэрч П.Жаргалжавын Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 506 тоот шийдвэрийн хуулбар, Т.Нямсамбуугийн Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 513 тоот шийдвэрийн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Е.Нарантуяа нь Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гаргаж ирүүлсэн Е.Нарантуяагийн цалингийн тодорхойлолт, гэрч П.Жаргалжав, Т.Нямсамбуу нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Е.Нарантуяагийн Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 7 жил, 6 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Е.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Даргаанхан овогт Ембүүгийн Нарантуяагийн Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 7 /долоо/ жил, 6 /зургаа/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Е.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР