Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/357

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч Л.Б- түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Өөзөн овогт Лхамын Б-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000420108 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймаг Хөлөнбуйр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ........ ажилтай, ам бүл 1, .... аймаг .......... сум .. дүгээр баг .... оршин суух бүртгэлтэй, ... дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны 00 тоотод түр оршин суух,

урьд Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 сарын хорих ялаар тогтоосон, Өзөөн овогт Лхамын Б-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Б- нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 6 дугаар байрны ойролцоо хохирогч С.Б-ын толгойн тус газар руу цохиж, түүний Samsung note 8 /Самсунг нөүт 8/ маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 320,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б- мэдүүлэхдээ: Миний буруу 100 хувь буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэгт Дашдаваа гэдэг хүн ямар ч хамааралгүй. Би өөрийнхөө гэм бурууг хүлээж байна” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Л.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хэргийн газрын үзлэг хийсэн “... Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаартай орон сууцны хойд талд 6 дугаартай орон сууцны баруун талд гадаа гудамжинд хохирогч С.Б- 21 цагаас 22 цагийн хооронд үл таних 3 эрэгтэй хүнд зодуулсан гар утсаа дээрэмдүүлсэн гэх хэргийн газрыг хохирогч С.Б-аар заалгахад Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 давхар цагаан орон сууцны зүүн хойд тал газрыг заав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 4-5 дугаар хуудас/

 

          Хохирогч С.Б-ын “... 2020 оны 12 дугаар сарын 10-ны орой 23 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кино театрын арын гурван өндөр 12 давхар цэнхэр барилгын хажууд утсаар яриад явж байсан чинь хажуунаас гурван хүн түлхээд би гар утсаа унагасан чинь миний утсыг нэг нь авчих шиг болсон. Би араас нь хайж гүйж байгаад Өргөөгийн ар талын цэнхэр 12 давхар байрны орц руу ороод нэгийг нь барьж аваад гар утсаа авсан юм. Миний нүүр хэсэг рүү нэг хоёр удаа цохих шиг болсон. Миний ам хамраас цус гараад байсан. Энэ үед орцны жижүүр гэх нэг эмэгтэй цагдаа дуудсан юм.

          ... Намайг цохиж миний гар утсыг авсан нь бор царайтай залуу байсан. Харин хамт явсан хүн ах нь бололтой арай настай 40 гаруй насны дунд зэргийн нуруутай залуу байсан. Нөгөө нэг хүнийг нь бол танихгүй. Тэр хоёртой хамт явсан үгүйг мэдэхгүй байна. Бас нэг хүн байх шиг байсан.

          Миний гар утас Samsung note 8 загварын 360,000 төгрөгөөр худалдан авч байсан дэлгэц нь цуурсан гар утас байгаа юм. Надад гэмтсэн зүйл байгаа. Гэхдээ одоо эдгээд зүгээр болсон. Би тухайн үед өөрөө шүүх эмнэлэгт үзүүлээгүй болохоор ямар нэгэн санал гомдол огт байхгүй болно” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11 дүгээр хуудас/,

          “... Тухайн үед хажуугаар өнгөрч явсан хүнтэй шүргэлцсэнээс болж маргалдсан. Тэгтэл яг надтай юм ярьж байсан 2 хүний арай залуухан намхан бор шар царайтай залуу миний уруул руу 2 удаа гараараа цохисон. Тэгээд би газар унасан чинь намайг цохисон залуу миний Samsung note 8 /Самсунг нөүт 8/ гар утсыг аваад зугтаасан. Би араас нь дагаад ойролцоо байх 9 давхар цэнхэр байрны орц руу орсон чинь нэг эгч наадах чинь хүний юм дээрэмдээд байна гэтэл нэг ах миний гар утсыг надад өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

 

          Гэрч Ч.Ичинноровын “... жижүүрийн өрөөндөө сууж байсан чинь гадаа пад, пид хийх чимээ гараад байхаар нь гараад харсан чинь байрны коридорт үл таних залуу зодуулсан байдалтай нүүр нь цус болсон залуу зогсож байсан. Би болсон талаар асуухад тэр залуутай Мандах, Даваа хоёр хамт байсан. Харин тэр зодуулсан залуу эгчээ би зодуулчихлаа гар утсаа дээрэмдүүлчихлээ гэж байсан. Харин Мандах, Даваа хоёр гараад явсан. Тэр залуугийн утсыг манай нөхөр Пүрэвсүрэн авч өгсөн байсан. Би цагдаад дуудлага өгсөн.

          “...Тэр залуугийн гар утсыг манай нөхөрт Мандах өгсөн гэж байсан. Тэр залуугийн гар утсыг нь Мандах дээрэмдсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар хуудас/,

 

          Гэрч Л.Дашдаваагийн “... Тэр залуутай Мандах тэр залуутай муудалцаад хэрүүл маргаан хийсэн. Би боль гэж хэлсэн болохгүй Мандах тэр залууг барьж аваад нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж зодсон. Тэр үед Мандах тэр залуугийн гар утсыг авчихсан байсан. Мандах авсан гар утсаа Пүрэвсүрэнд өгсөн байсан. Тэр зодуулсан залуу гар утсаа авна гэж араас орж ирсэн. Мандах бид хоёр зөрөөд гарч явсан. Пүрэвсүрэнгийн эхнэр 6 дугаар байрны жижүүр хийдэг гар утсыг нь өг гэсэн.

          ... Тэр залууг Мандах зодсон. Би гар хүрээгүй. Хажууд нь харж байсан.Би Мандахтай хоёулаа байсан. Тэр залуу гурвуулаа байсан. Мандах тэр залууг барьж аваад зодоход хамт явсан хоёр залуу нь зугтаасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

          Гэрч Н.Пүрэвсүрэнгийн “... Тэгтэл нэг залуу зодууллаа гэсэн үү нэг зүйл хэлсэн. Тэгтэл эхнэр Мандахаа чи хүн дээрэмдээд байгаа юм уу гэсэн. Тэгтэл Мандах нэг гар утас өгсөн. Манай эхнэр наад гар утсыг чинь энэ Мандах энэ залуугаас дээрэмдсэн байна гэхээр нь би тэр залууд гар утсыг нь өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21 дүгээр хуудас/

 

          Дамно ХХК-ны Samsung note 8 /Самсунг нөүт 8/ загварын гар утсыг 320,000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 25-26 дугаар хуудас/,

 

          Л.Б-ын яллагдагчаар өгсөн “... Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байр луу явж байтал манай хүргэний хажуугаар өнгөрсөн залуу манай хүргэн Дашдавааг мөрөөрөө шүргээд өнгөрөхөөр нь манай хүргэн Дашдаваа яагаад байгаа юм бэ гэсэн.

          .... Би тэр залуугийн шанаа руу нь гараараа 1 удаа цохисон. Тэр залуу газар унахад халааснаас нь гар утас нь газар унасан. Газар унасан гар утсыг нь манай хүргэн ах Дашдаваа атэр залууд авч өгөх гэхээр нь би дундуур нь ороод булааж аваад цаашаагаа явж байгаад 6 дугаар байрны жижүүр Пүүжээ ахад би өгсөн чинь Пүүжээ ах нөгөө хүний гар утсыг эзэнд буцаагаад өгсөн. Ийм л асуудал болсон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Л.Б- нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 6 дугаар байрны ойролцоо хохирогч С.Б-ыг гар утсаар яриад явж байхад нь түүний гар утсыг авах авах зорилгоор түүнтэй маргалдаж, улмаар толгойн тус газар руу цохиж, Samsung note 8 /Самсунг нөүт 8/ маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 320,000 төгрөгийн хохирол учруулсан нь “Дээрэмдэх” гэмт хэргийг шинжийг бүрнээ хангасан гэж үзэв.

Иймд шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Л.Б- нь өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохиролд зориуд хүргэсэн нь шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн улмаас 320,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

          Мөрдөн шалгах явцад хохирогч С.Б- нь 320,000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung note 8 /Самсунг нөүт 8/ маркийн гар утсыг биет байдлаар буцаан авсан талаар хохирогч нь “... гэтэл нэг ах миний гар утсыг надад өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хэргийн 12-13 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэв.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өзөөн овогт Лхамын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Б-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Б-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Л.Б-ын цагдан хоригдсон 14 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.Б- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Б-ад авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ