Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 188

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Б.Болортуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.Чинбатад холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Б.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч; Дархан-Уул аймаг Дархан сум, 1 дүгээр баг, Цахир 3 дугаар гудамжны 32 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 5 дугаар байрны 03 тоотод оршин суух, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Болдбаатарын Болортуяа, РД:/МТ-83122800/ -нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Ж.Чинбаттай 2005 онд гэр бүл болж хүү Хүслэнг төрүүлсэн. Ж.Чинбат нь ямар ч амьдралын зорилгогүй байнга архи уудаг байсан. Ямар ч амьдралын тэмүүлэл урдаа тавьсан зорилго байхгүй. Бид хоёр 2007 онд салж тусдаа амьдрах болсон. Хүүхэд маань надтай үлдсэн. Би 2010 онд өөр хүнтэй танилцаад 2010 онд тэр хүнтэйгээ гэр бүлж хоёр хүүхэд төрүүлсэн. Одоо ам бүл 5 уулаа амьдарч байгаа. Нэгэнт би одоо гэр бүлтэй болсон тул цаашид Ж.Чинбаттай амьдрах ямар ч боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Хүслэнд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэх

Хариуцагч; Өөлд овогт Жамсранхорлоогийн Чинбат нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ ...Б.Болортуяагийн нэхэмжлэлтэй Ж.Чинбат миний биед холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бидний  хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэх.

... Б.Болортуяагийн нэхэмжлэлтэй Ж.Чинбат миний биед холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд миний бие оролцохгүй. Намайг байлцуулахгүйгээр, оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх.

Шүүх зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, бичгээр өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Болортуяагийн тус шүүхэд гаргасан ... Ж.Чинбатаас гэрлэлт цуцлуулж, хүү Ч.Хүслэнд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн ... нэгэнт би одоо гэр бүлтэй болсон тул цаашид Ж.Чинбаттай амьдрах ямар ч боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Хүслэнд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэх нэхэмжлэл, тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан ... Ж.Чинбат миний биед холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бидний  хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэх тайлбар болон хэргийн 3-10 дугаар талд авагдсан  эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл, гэрлэгчдийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, сургууль болон багийн Засаг даргын  тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэв. Талууд хүүхдийн асрамжийн тал дээр маргаангүй бөгөөд хүү Ч.Хүслэн одоо эхийнхээ асрамжинд байгаа болон түүний шүүхэд энэ тухай өгсөн санал зэргийг харгалзан эхийнх нь асрамжинд үлдээхийг дурьдах нь зүйтэй.

Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, , хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг шүүхэд хяна шийдвэрлэх тухай хуулийн  63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар  нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд тохирох тэмдэгтийн хураамж 28195  төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.5, 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар  Өөлд овогт Жамсранхорлоогийн Чинбат, Боржигон овогт Болдбаатарын Болортуяа  нарын 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Иргэний гэр бүл бүртгэлийн  байгууллагын 51 дүгээрт бүртгэсэн 0013541 дугаартай гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн   14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2005 оны 09 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Чинбатын Хүслэнг эх Б.Болортуяагийн асрамжинд үлдээж, хүү Ч.Хүслэнг 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас /- нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Чинбатаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
  3. Гэрлэгчдийн дунд эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.
  4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах  хүүхдийн тэтгэлэгийн  хэмжээ нь  түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, мөн нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,195 төгрөгийг харицагчаас нөхөн гаргуулж  орон нутгийн төсөвд оруулсугай.
  6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант тосгоны Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг  дурьдсугай.
  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон зохигч энэ  хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг мэдэгдсүгэй.
  9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5 дахь хэсэгт зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу хүрэлцэн  ирж  шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
  10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
  11.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд гомдол  гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Л.ЭНХТАЙВАН