Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/369

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Д.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Г.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Халх овогт Гансэлэмийн А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105007580784 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депод туслах машинист ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо .... дүгээр гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Халх овогт Гансэлэмийн А-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.А- нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо 49 дүгээр байрны гадна гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас найз С.Ц-ын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, түүний биед хамар ясны хугарал, таславч мурийлт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүгдэгч Г.А- нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо 49 дүгээр байрны гадна гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас найз С.Ц-ын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, түүний биед хамар ясны хугарал, таславч мурийлт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч С.Ц-ын “... Би 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн үед найз Х-, Э-, А- нарын хамт Мартын 8-ны өдрийг тэмдэглэсэн юм. Бүгд гэр рүүгээ харьцгаая гээд 23 цаг өнгөрч байхад Э-гийн нөхөр, хүүхэд нь байгаа газар гэх Баянгол дүүргийн 18 дугаар хороо 49 дүгээр байрны гадна хүртэл хүргэж өгсөн юм. Ингээд бид дөрөв явах гээд уг байрнаас нээх холдоогүй байж байтал А- А- руу залгаад та нар хаана байна, пизда нар минь ална шүү гээд орилоод байхаар нь бид нар танай байрны гадна байна гэсэн чинь байж бай гэж хэлсэн гэсэн. Бид дөрөв байрны гадна нь зогсож байсан чинь А- гарч ирээд Х-ыг шууд нүүрэн тус газарт гараараа цохисон бөгөөд энэ үед Х- газар унасан. Тэгсэн чинь хоёр машины голд оруулж байгаад дээрээс нь толгой руу нь байхаа цохиод байхаар нь А- бид хоёр салгах гээд гараас нь татсан. Тэгсэн чинь шууд эргэж харснаа баруун гараараа 1 удаа миний хамар луу цохисон. Тухайн үед маш их өвдөж байсан тул уйлаад яагаад намайг цохиж байгаа юм гэсэн чинь юу ч дуугарахгүй гэр лүүгээ орчихсон. 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр миний хамар өвдөөд байсан тул Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлэхэд нарийвчлан үзүүлэх хэрэгтэй, томографийн зураг авхуул гэж хэлсэн.

          “... Хагалгаанд ороход нийт зардал 3,377,332 төгрөг болно гээд баримт гаргаж өгсөн. Бүтэн сарын хугацаанд гэрээс гарах боломжгүйгээр мэс засалд орно гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6-7 дугаар хуудас/

 

          Гэрч Н.А-гийн “... Тэгээд бид нар Э-г гэрт нь хүргэж өгөх гээд Модны хоёрын 56 дугаар байр луу алхаад би Э-тэй урд нь гараад бид хоёрын ард Х-, Ц- нар алхаад юм яриад явж байсан. Тэгээд байрных нь гадаа ирээд Э- түрүүлээд гэр лүүгээ ороод хүүхдээ аваад гараад ирье гээд бид нар гарч ирэхээр нь таксинд суулгаж өгье гээд хүлээгээд зогсож байсан.

          Тэгээд Э-гийн нөхөр А- над руу залгаад хэл амаар доромжлоод хаана байна гээд гараад ирсэн. Тэгээд ирээд пизда нар минь миний амьдралд яагаад оролцоод байгаа юм гээд манай нөхөр Х-ын нүүр лүү 1 удаа цохиж газар унахаар нь дээрээс нь толгой руу нь гараараа цохиод зодоод байсан. Тэгээд Ц- бид хоёр салгах гээд дийлэхгүй зууралдаж байхад А- Ц-ын хамар луу гараараа 1 удаа цохиод авахад хамраа дараад уйлаад байсан. Тэгээд би А-ыг татаад болиоч гээд салгаж аваад А- гэр лүүгээ яваад ороход орцны үүдэнд эгч нь зогсож байснаа А-ыг аваад орсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/

 

          Гэрч Г.Э-гийн “... Тэгсэн чинь маргааш нь Ц- манай гэрт ирсэн бөгөөд хамарны дээд талын яс хэсэг нь хавдчихсан байсан. Тэгээд цагдаад өргөдөл өг гэсэн чинь найзууд юм чинь яах юм бэ гээд тухайн үедээ өгөөгүй юм.

          ... С.Ц- болон А-, Х- гурав надад хэлсэн. Х-, А- хоёр маргалдан зодолдсон чинь С.Ц- салгах гэж байсан чинь А- гараараа нүүр лүү нь цохисон гэсэн. Би өөрөө тухайн үед байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

          Гэрч Б.Х-ын “... Гарч ирээд надад хандан хүний амьдралд яасан их ордог юм гээд намайг түлхээд газар унагаасан. Би бас өөдөөс нь өөрийгөө хамгаалахаар цохих гэсэн боловч миний хоолойноос боочихоод хөдөлгөхгүй байсан. Энэ үед А-, Э- хоёр А-ыг надаас холдуудах гээд цохиод зуураад байсан чинь миний дээрээс боссон. Би газраас босоод Ц-ыг хартал уйлаад чи яагаад миний хамрыг цохиж байгаа юм бэ гээд орилоод байсан. А- ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр гэр лүүгээ орчихсон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Хохирогч С.Ц-аас “... эмнэлгийн зардал болон шинжилгээний зардал нийт 3,377,732 төгрөг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйл гомдол байхгүй” гэсэн хүсэлт /хэргийн 68 дугаар хуудас/ хэрэгт авагдсан тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.А- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Халх овогт Гансэлэмийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.А-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.А- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ