| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2021/00031/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2021-08-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Улсын яллагч Н.Бадам, Шүүгдэгч Б.А-г, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ууганбаяр, Нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-т холбогдох эрүүгийн 2133000000044 тоот хэргийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,1982 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Бугант суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баян-Өндөр сумын ЗДТамгын газарт зохион байгуулагч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 дүүгийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг Гокийн 100-н айлын 1а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Убаши овгийн Б-н А-г /РД:ТД00000000/. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Б.А-г 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн төв асфальтан замын 61-62 дахь тэмдэгт бүхий газарт 39-77 ОРХ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож У.Хүсэлбаярын биед хавсарсан гэмтэл, гавал тархины битүү гэмтэл, тархи няцрал хүнд зэрэг, гавлын суурь ясны хугарал, баруун уушгины няцрал баруун эгэм болон баруун талын 2-4-р хавирганы, хуйхны шарх, их бие ба дээд доод мөчдийн зөөлөн эдийн зулгаралт, цус багадалт бүхий хүнд хохирол, У.Одбаярын биед аарцаг ясны олон байрлалын хугарал, баруун дэлбээ ясны хугарал, баруун умдаг, суудал ясны цагираг тасарсан хугарал, зүүн умдаг суудал ясны хугарал хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах өмгөөлөх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.А-г нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн төв асфальтан замын 61-62 дахь тэмдэгт бүхий газарт 39-77 ОРХ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож У.Хүсэлбаярын биед хавсарсан гэмтэл, гавал тархины битүү гэмтэл, тархи няцрал хүнд зэрэг, гавлын суурь ясны хугарал, баруун уушгины няцрал баруун эгэм болон баруун талын 2-4-р хавирганы, хуйхны шарх, их бие ба дээд доод мөчдийн зөөлөн эдийн зулгаралт, цус багадалт бүхий хүнд хохирол, У.Одбаярын биед аарцаг ясны олон байрлалын хугарал, баруун дэлбээ ясны хугарал, баруун умдаг, суудал ясны цагираг тасарсан хугарал, зүүн умдаг суудал ясны хугарал хүнд хохирол тус тус учруулсан үйл баримт нь Шүүхийн хэлэлцүүлэгт: 1. Шүүгдэгч Б.А--н өгсөн: “...Нөхөр маань хотод байсан. Тухайн үед Батлан хамгаалах сургуулийн удирдлагын академид сураад короновирусаас болоод хээрийн сургалтаа, сургалтын төвдөө байрлаж хичээллэнэ гээд орж байсан. Би бага хүүхдээ гаргаад 2 жил хотод нөхөртэйгөө хамт амьдарсан. 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүүхэд асрах хугацаа маань дуусаад ажилдаа орохоор болсон. Тухайн үед машин маань Эрдэнэтээс ирээгүй байж байгаад 07 дугаар сарын 01-ний шөнө ирээд 2021 оны 07 дугаар сарын 02-ний өглөө гэрээ ачаад гарсан. ... Машинаа бариад явж байхад бага хүүхэд маань юм ярих шиг болохоор нь дүү нь юу гэсэн бэ? гэж асуугаад тэгээд мэдэхгүй байгаа. Би уул нь хурдтай явдаг хүн биш. Ялангуяа хүүхдүүдтэйгээ явж байхад. Хүүхдүүдийн биеийн байдал сайжирч байгаа. Одоо бүгд дажгүй, том хүү маань мэдрэлийн эмчийн хяналтад байгаа. Эмчилгээ үргэлжлүүлэн хийгдэж, эмч нарын дүгнэлтээр хичээл сургуульдаа орж болно. Хамгийн гол нь маш сайн анхаарал болгоомжтой, цаг хугацааны асуудал сар бүр хяналтдаа үзүүлээд яваарай гэсэн тайлбарыг өгсөн байгаа. Одоогоор өдрийн эмчилгээ хийгдээд явж байгаа. Хоёр бага маань дажгүй сайн болсон байгаа. Өөрийнхөө хийсэн гэм бурууг зуун хувь ойлгож байгаа. Цаашид анхаарал болгоомжтой байна..” гэв , 2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч О.Ууганбаярын өгсөн: “...Тухайн үед би батлан хамгаалахын удирдлагын академид 2019-2021 оны хооронд 2 жил удирдлагын академид сурч байсан. Тухайн үед ковидтой холбогдуулан хичээл сургууль тасалдсантай холбоотойгоор 5 сарын 23-нас хойш хээрийн дадлага хийсэн. Манай эхнэрийн ажил орохоор болоод гэрээ ачаад явж байхдаа ийм зүйл болсон байсан. Тухайн үед энэ хэргийг сонсоод дарга нараасаа чөлөө аваад одоог хүртэл эхнэр хүүхдээ асарч байгаа. Хохирлын хувьд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Цаашдаа хүүхдийнхээ эмчилгээг хийлгэж асарч хамгаалж сайн хүн болж төлөвшүүлэх болно... гэв. Мөрдөн байцаалтад: 3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай эхнэр Б.А-г нь өглөө эрт Улаанбаатар хотоос миний өөрийн эзэмшлийн 3977 ОРХ улсын дугаартай мөнгөлөг өнгийн приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Орхон аймаг руу гэртээ харихаар гарсан юм. Тэгээд Сэлэнгэ аймгийн Сайхан сум өнгөрч явж байгаад замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гаргасан байсан. Тухайн машин дотор миний төрсөн хүүхдүүд болох У.Хүсэлбаяр, Одбаяр, У.Анхилуун нар ээжтэйгээ цуг явж байсан бөгөөд Хүсэлбаяр, Одбаяр нар хүнд, Анхилуун хөнгөн зэргийн гэмтэл авсан байсан. Тэр өдрөөс хойш бид нар Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотод хүүхдүүддээ эмчилгээ хийлгэж байна. Одоогоор биеийн байдал ерөнхийдөө сайжирч байгаа. Манай эхнэр Б.А-г хүүхдүүдээ эмнэлэгт асарч байгаа.... Надад хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй. Хохиролтой холбоотой гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй. Хүүхдүүдийн биеийн байдал сайжирч байгаа...” гэх мэдүүлэг / хх-ийн 54-р хуудас/, 4. Иргэний нэхэмжлэгч О.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...39-77 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн нэр дээр байдаг. Уг тээврийн хэрэгслийг худалдаж аваад 2015 оноос хойш улсын үзлэг тооллогод жил бүр тасралтгүй орсон... Б.А-г манай гэр бүлийн хүн учир надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэг санал хүсэлт гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/, 5. Гэрч Ш.Түвшинсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Улаанбаатар хот Орхон аймаг хоёрын хооронд өөрийн эзэмшлийн 3077 ОРХ улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр ачаа зөөвөрлөдөг юм. 2021 оны 07 дугаар сарын 01- ний өдөр би Улаанбаатар хотоос ачаагаа ачаад Улаанбаатар хотоос Орхон аймаг чиглэлд өглөө үүрээр 06 цагийн үед хөдөлсөн юм. Тухайн үед Орхон аймгийн харьяат Аагий гэх эмэгтэй өөрийн гурван жоохон хүүхдийн хамт саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй надтай хамт хотоос хөдөлсөн юм. Учир нь би Аагий гэх эмэгтэйгийн гэрийнх нь тавилгыг өөрийн машиндаа ачсан байсан юм. Тэгээд хотоос гарахдаа хоорондоо ярилцаж байгаад цуг хөдөлсөн юм. Тэгээд замдаа явсаар байгаад 09 цагийн үед Урьхан дээр зогсоцгоож нойл ороод Аагий хүүхдүүддээ дэлгүүрээс ундаа авч өгөөд тэгээд цааш хөдөлцгөөсөн юм. Цааш явсаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төвд 11 цагийн үед орж ирэхэд Аагий гэх эмэгтэй миний урд машинтайгаа явж байсан юм би замдаа Хөтлийн төв зам дагуух авто засварын үүдэнд манай Орхон аймгийн бас ачаа зөөдөг том тэрэг тэр засварын үүдэнд зогсож байхаар нь би яасан юм бол гээд тэнд зогсоод нөгөө машины эзэнтэй нь уулзчихаад удалгүй Аагийгийн араас хөдөлсөн юм. Би Аагийгийн араас явж байтал Хөтөл өнгөрөөд Бэлэндалай руу салдаг уулзварын тойрогын тэнд жижиг тэрэг замаас гараад дээшээ хэрсэн байдалтай онхолдсон байхаар нь хажууд нь очоод зогстол хүн орилоод эхлэхээр нь хартал Аагийгийн машин байсан юм. Намайг тэнд очих үед Аагийгийн машин дээш харж онхолдсон байдалтай машиных нь дэргэд том банди нь дээшээ хараад хэвтчихсэн хоёр бага охин нь тэндээс 2 алхмын зайтай зэрэгцээд хэвтэж байсан харин Аагий том бандийхаа дэргэд орилоод суугаад байсан юм. Намайг Аагийгийн дэргэд очих үед Аагийгийн бага охин өндийж суугаад ээжрүүгээ мөлхөх гээд байхаар нь би тэврээд сууж байсан чинь хажуугаар өнгөрч байсан хар өнгийн машинтай хүмүүс зогсоод эмнэлэгт дуудлага өгөөд дараа нь цагдаа дуудсан юм. Удалгүй хажуугаар Орхон билүү Баруунбүрэн сумын нэг эмнэлгийн Пургон явж таараад Аагийгийн гурван хүүхдийг аваад Сайхан сумын эмнэлэг рүү явсан юм. Тэгээд дараа нь цагдаа нар ирсэн юм. Би зүс таних төдий л танина гэр нь Орхон аймагт байдаг манай том охины найз нь байгаа юм. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Тухайн үед Аагий 3977 ОРХ улсын дугаартай саарал өнгийн Пирус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм. Би жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй байна. Манай охин л Аагий гээд байдаг юм.... Аагий хотоос нааш ирж явах замдаа хоёр удаа л зогссон юм. Урьхан дээр зогсож хүүхдүүддээ ундаа чихэр аваад удалгүй хөдөлсөн юм. Дараа нь Баруунхараагийн Пост өнгөрөөд хүүхдээ шээлгэх гэж хальт зогссон юм. Тухайн үед араас дагаж явж байгаад алга болчихоор нь би утсаар залгаад яачихваа гэсэн чинь Аагий хүүхдээ шээлгэсэн юмаа ахаа гэж хэлж байсан юм тэгээд удалгүй араас гүйцэж ирээд миний урд гараад явсан юм. Өөрөөр ямар нэгэн байдлаар зогсож саатсан зүйл огт байхгүй. Эхлээд Баруунхараагийн постоор бичиг баримтаа шалгуулаад гарсан, дараа нь Дархан-Уул аймгийн постоор мөн бичиг баримтаа шалгуулаад гарсан юм тэрний дараа Сайхан сумын Номгоны постоор мөн бичиг баримтаа шалгуулаад гарсан юм би яг хэд хэдэн цагт шалгуулаад гарснаа санахгүй байна. Тухайн үед Аагий бид хоёрын машин ар араасаа дагалдаад явж байсан юм. Аагий гурван хүүхдийн хамтаар нийт дөрвүүлээ л уг тээврийн хэрэгслээр зорчих явсан юм. Аагийгийн том банди нь ойролцоогоо 11 настай харин дундах охин нь 7 настай харин бага охин нь 3 юм уу 4 настай л хүүхэд байсан юм. Тухайн үед хэчнээн км цагийн хурдтай явж байсныг нь сайн мэдэхгүй байна хотоос гараад явж байх замдаа бол нэг их хурдан яваагүй юм ойролцоогоор 60-70 км цагийн хурдтай л явж байсан юм. Өдрийн цагаар учир үзэгдэх гэгээтэй байсан тэр үед бороо шивэрч байсан тул замын гадаргуу чийгтэй байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/, 6. Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан 415 дугаартай ...ДҮГНЭЛТ: “...1.У.Хүсэлбаярын биед хавсарсан гэмтэл, гавал тархины битүү гэмтэл, тархи няцрал хүнд зэрэг, гавлын суурь ясны хугарал, баруун уушгины няцрал, баруун эгэм болон баруун талын 2-4-р хавирганы хугарал, хуйхны шарх, их бие ба дээд доод мөчдийн зөөлөн эдийн зулгарал цус багадалт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл болно. 3. У.Хүсэлбаярын биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2. 3.1.3. 3.3.1-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 4. У.Хүсэлбаярын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17-р хуудас/, 7. Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 417 дугаартай ...ДҮГНЭЛТ: “...1. У.Одбаярын биед аарцаг ясны олон байрлалын хугарал, баруун дэлбээ ясны хугарал, баруун умдаг суудал ясны цагираг тасарсан хугарал, зүүн умдаг суудал ясны хугарал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл болно. 3. У.Одбаярын биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 4. У.Одбаярын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/ 8. Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 418 дугаартай ...ДҮГНЭЛТ: “...1. У.Анхилууны биед тархи доргилт, духны баруун талын язарсан шарх тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл болно. 3. У.Анхилууны биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. У.Анхилууны биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжилгээний дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/, 9. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Мянганбаярын гаргасан 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 01 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1.Тоёота Приус-11 маркийн 39-77 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.А-г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Тоёота Приус-11 маркийн 39-77 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. 3. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Тоёота Приус-11 маркийн 39-77 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.А-г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41- р хуудас/, 10. “Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Ослын улмаас учирсан хохирлыг үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт ...2.390.000... төгрөг /ххийн 48-р хуудас/, 11. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10-р хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдлоо. Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ууганбаяр болон шүүгдэгч Б.А-г нар нь 2133000000044 тоот эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. Шүүгдэгч Б.А-г нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг, хэрэгт цугларсан нотлох баримтаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогддог тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.А-г жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар: -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирлын хувьд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Цаашдаа хүүхдийнхээ эмчилгээг хийлгэж асарч хамгаалж сайн хүн болж төлөвшүүлэх болно...” гэх мэдүүлэг, -Иргэний нэхэмжлэгч О.Ууганбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...39-77 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн нэр дээр байдаг. Уг тээврийн хэрэгслийг худалдаж аваад 2015 оноос хойш улсын үзлэг тооллогод жил бүр тасралтгүй орсон. Б.А-г манай гэр бүлийн хүн учир надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэг санал хүсэлт, гомдол байхгүй...” /хх-ийн 60-р хуудас/ зэрэг мэдүүлгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч О.Ууганбаяр “гомдол саналгүй, гаргуулах төлбөр,нэхэмжлэх зүйлгүй” болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч Б.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1- т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.А-т оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүх ял оногдуулахыг шүүгдэгч Б.А-т мэдэгдэх нь зүйтэй. Энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт дагалдаж ирсэн шүүгдэгч Б.А--н “В” ангиллын жолооны үнэмлэхийг оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, Тоёота Приус маркийн 01021602 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч О.Ууганбаярт буцаан олгож шийвэрлэлээ. Мөн хэрэгт дагалдаж ирсэн CD бичлэгийн хуурцагийн хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У-и овгийн Б-н А-г /РД:ТД0000000/-ийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.А-т оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.А-т мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт дагалдаж ирсэн Тоёота Приус маркийн 01021602 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч О.Ууганбаярт буцаан олгож, шүүгдэгч Б.А--н “В” ангиллын жолооны үнэмлэхийг оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
7. Хэрэгт дагалдаж ирсэн CD бичлэгийн хуурцагийн хэрэгт хавсаргасуай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН