Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/392

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Н.Булганчимэг,

хохирогч ............. капитал банк бус санхүүгийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч Г.Г-, түүний өмгөөлөгч Ц.Билэгсайхан, С.Энхбат,

хохирогч ............. ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-, түүний өмгөөлөгч Т.Багахүү,

шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Ш.ТөгсГ-, Д.Чинзориг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Ц-ы Б-т холбогдох эрүүгийн 1809041360020 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэгт холбогдох үедээ ...... ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилтай байсан гэх Ч овогт Ц-ы Б-.

 

Холбогдсон хэргийн талаар. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б- нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.............. ” капитал ББСБ-д өөрийн өмчлөлийн 80.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий ....  УНБ улсын дугаартай Тоёото ланд крузейр-200 маркийн автомашиныг 57.000.000 сая төгрөгөөр барьцаалж тус байгууллагын өмчлөлд шилжүүлсэн байсан автомашиныг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн огноотой барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичгийг хуурамчаар үйлдэж, ашиглан авто тээврийн төвд хандаж өөрийн нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 57.000.000 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын 10-1А тоотод үйл ажиллагаа явуулдаг “.............” ХХК-д .... УНБ улсын дугаартай автомашиныг өөрийн өмчлөлийн автомашин гэж хуурч, зээлийн гэрээ байгуулж 31.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэмж барьцаат зээлийн гэрээ байгуулж 10.439.030 төгрөг нэмж авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж нийт 41.439.030 төгрөгийн хохирол учруулж бусдад нийтдээ 98.439.300 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

       ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б- мэдүүлэхдээ: “Би анх “............. капитал ББСБ-аас зээл авч, зээлийн төлөлтөө хугацаандаа хийгээд явж байсан. Тухайн үед амины орон сууц шатаад, санхүүгийн асуудалд орж, ............. ХХК-ны зээлийн эргэн төлөлтөө хийж чадаагүй. Надад хууран мэхлэх санаа зорилго байгаагүй. .... ХХК-ны хувьд тухайн үед тулгамдаад тийм үйлдэл хийсэн. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, харамсаж байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “.............” капитал банк бус санхүүгийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч Г.Г- мэдүүлэхдээ: “Б- нь ............. капитал банк бус санхүүгийн байгууллагаас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр .... УНБ улсын дугаартай Ланд круйзер 200 загварын автомашиныг фидуцийн гэрээний дагуу манай компани өмчлөлд шилжүүлж, 3 сарын хугацаатай 50,000,000 төгрөгийн төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний дагуу манай байгууллага 50,000,000 төгрөгийг Б-ын Худалдаа хөгжлийн банкны данс руу нь шилжүүлсэн. Б- зээлийн гэрээг 2 сараар, 3 сараар нийтдээ 2 удаа сунгаж, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зээлийн хүүг цаг тухайд төлж байсан ба 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ хугацааг 3 сараар сунгаснаас хойш нэг ч төгрөг төлөхгүй явсаар 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон. Зээлийн гэрээний 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүү 4,5 хувь болж өөрчлөгдсөн. Тийм учраас зээлийг хаахыг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний дагуу зээлийн хүү өндөр байна. Зээлийн гэрээг шинэчилж өгөөч гэж хүсэлт тавьсны дагуу 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээг дуусгавар болгож, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 092077 тоот зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулж, 3 сарын хугацаатай 57,000,000 төгрөгийн зээл олгосон. 092077 тоот зээлийн гэрээний дагуу 57,000,000 төгрөгийг шүүгдэгчийн Худалдаа хөгжлийн банк руу шилжүүлсэн. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 092077 тоот зээлийн гэрээ байгуулснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй явсаар 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон учраас зээлийг хаах талаар хэлэхэд Б- болон түүний эхнэр удахгүй мөнгө орж ирнэ төлнө зээлээ дуусгавар болгоно гэж хэлдэг байсан. 2018 оны 8 дугаар сард автомашиныг хураан авах гэж Б-ын гэрт манай байгууллагын ажилтан очиход нэг хүн машиныг унаж зугтаасан байсан. Иймээс Авто тээврийн лавлагаа руу залгаж асуухад ............. банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлтэй .... УНБ улсын дугаартай Ланд круйзер 200 загварын автомашиныг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Б- нь манай компанийн албан бичиг болон захирлын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, .... ХХК-ний нэр дээр шилжүүлсэн байсныг мэдсэн. 2018 оны 3 дугаар сарын 30-ны үдээс хойш нэг ч төгрөг төлөгдөөгүй, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар бодит хохирол 150,113,300 төгрөг байна. Үүнээс 77,00,938 зээлийн хүү, 15,175,300 нэмэгдүүлсэн хүү байгаа. Зээл аваад 1172 хоног болсон байхад нэг ч төгрөг төлөгдөөгүй байна. Үүнээс болж манай байгууллага маш их хохирч байгаа. Тийм учраас .... УНБ улсын дугаартай Ланд круйзер 200 загварын автомашиныг манай өмчлөлд шилжүүлж өгнө үү” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “.............” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б- мэдүүлэхдээ: “Ц.Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр .... ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 31,000,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан. Уг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийн агуулгаар өөрийн өмчлөлийн лавлагаа, автотээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогдсон. Тоёото Ланд круйзер маркийн автомашиныг Фидуцийн гэрээ байгуулж, ............. компанийн хуулийн дагуу өмчлөлд шилжүүлсэн. Гэвч Ц.Б- нь зээлийн эргэн төлөлтийг төлөхгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг 139 хоногоор хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр ирсэн тул Б-т мэдэгдэж, шаардаж улмаар 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр уулзах хүсэлт гаргаж, 10,439,030 төгрөг нэмж аван 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээний үнийн дүнг 50,000,000 төгрөг болгон өөрчилсөн. Фидуцийн гэрээний дагуу Б- нь үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч .... ХХК нь Тоёото Ланд круйзер 200 маркийн автомашиныг буцаан олгох үүргийг хүлээдэг. Гэвч зээлдэгч тал болох Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс зээл авснаас хойш зээлийн төлбөр огт төлөгдөөгүй, зээлийн гэрээг удаа дараа зөрчсөн. Б- нь гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд төлөөгүй. Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байх хугацаандаа хариуцлагаас зайлсхийх зорилгоор, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай компанид хэлж мэдэгдэлгүй 41,439,030 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Уг мөнгө нь тухайн цаг хугацаатайгаа, ямар нэгэн гүйлгээ хийгээгүй тэр чигээрээ хийсэн дансанд хэвээр байгаа. Энэ мөнгийг хуульд зааснаар хүлээж авсан гэж үзэхгүй байна. Манай байгууллага нь “............. капитал” ББСБ-ын болон Б- нарын хооронд өр төлбөр байгаа эсэх асуудал нь мэдэх ямар ч боломжгүй. Харин тээврийн хэрэгслийн гэрчилгээ, авто тээврийн хэрэгслийн албан бичиг зэргээр автомашиныг Б-ын эзэмшлийнх мөн болохыг мэдсэн. Б- нь өөрийн өмчлөлийн автомашиныг захиран зарцуулж, .... ХХК-аас зээл авч, фидуцийн гэрээний дагуу өмчлөлд шилжүүлсэн нь Монгол улсын хуулийг зөрчсөн гэж үзэхгүй байна. Улмаар Б- нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс үүрэг гүйцэтгэгч .... ХХК-ны зээлийн гэрээний дагуу автомашиныг шилжүүлэн авсан. Өөрөөр хэлбэл шүүх болон цагдаагийн байгууллагад шалгагдаж эхлэхээс өмнө гэрээний харилцаа дууссан, уг тээврийн хэрэгслийг хуулийн дагуу шилжүүлж авсан. Фидуцийн гэрээний дагуу манай компанийн өмчлөлд бодитой шилжсэн байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого хууль ёсны дагуу шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй бол хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу .... ХХК нь тус .... УНБ улсын дугаартай Тоёото Ланд круйзер 200 загварын автомашиныг өмчлөгчөөр бүртгэх хуулийн зохицуулалттай. Иймд .... ХХК-ны өмчлөлийн Тоёото Ланд круйзер 200 загварын автомашиныг “............. капитал” ББСБ-ын хууль бус эзэмшлээс гаргуулж, .... ХХК-нд олгож өгнө үү” гэв.

 

1. Шүүгдэгч Ц.Б- нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.............” капитал ББСБ-д өөрийн өмчлөлийн 80.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий .... УНБ улсын дугаартай Тоёото ланд крузейр 200 маркийн автомашиныг 57,000,000 төгрөгөөр барьцаалж тус байгууллагын өмчлөлд шилжүүлсэн байсан автомашиныг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн огноотой барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичгийг хуурамчаар үйлдэж, ашиглан авто тээврийн төвд хандаж өөрийн нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 57,000,000 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч “.............” капитал банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Уранчимэгийн “ ... .... УНБ улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг анх 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ц.Б-, Н.Б- нар нь манай ББСБ-д барьцаалан 50 сая төгрөгийн зээл авсан.

... 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хураан авахаар гэрийнх нь гадаа очоод ачигч машин дуудаад машиныг нь ачуулах гэж байхад хэн нь юм бүү мэд нэг нь тэр машиныг унаад зугтчихсан байсан. Тэгээд унаад зугтаад явчихаар нь Авто тээврийн үндэсний төвийн лавлах 1900-1234 дугаарт залгаж тус машиныг эзэмшигчийн мэдээллийг шалгуулахад тэр машин нь манай байгууллагын нэр дээр биш “.............” ХХК буюу “...” авто ломбардны нэр дээр шилжсэн байсан юм.

Ингээд би Авто тээврийн үндэсний төв дээр очиж уулзаж лавлахад тус машиныг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 004 дугаартай манай компанийн тамгатай, захирал Sung Hyun Kwak-ийн гарын үсэгтэй албан бичгийг үндэслээд Ц.Б-ын нэр дээр шилжүүлэн өгсөн гэж надад тус албан бичгийнх нь хуулбарыг өгсөн. Тэр албан бичгийг харахад манай байгууллагын бланк биш, дугаарлалт нь биш, мөн баруун дээд буланд нь бичигдсэн байгууллагын дугаар нь биш /Н.Б-гийн эзэмшлийн ..... ТМЗ ХХК- ийн дугаар бичигдсэн байсан/, манай компанийн тамга биш байсан бөгөөд сайн харвал дууриалган хийсэн юм шиг зарим бичгүүд нь хэмжээний хувьд өөр, зайтай байгаад байгаа юм. Мөн дээр нь манай захирал Sung hyunk Kwak нь өөрөө харчихаад тэр хуурамч албан бичиг дээрх гарын үсэг минийх биш, дуурайлган зурсан юм шиг байна гэж хэлж байсан. ... Одоо ойролцоогоор 72 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. ... 57.000.000 төгрөгийг Бямба- Очирт дансанд шилжүүлэн өгсөн. ... Хохирол хор уршгийг Ланд круйзер 200 маркийн автомашинаар барагдуулах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 39-44 дүгээр хуудас/

 

“.............” капитал банк бус санхүүгийн байгууллагаас Ц.Б-т 57,000,000 төгрөг шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар. /хэргийн 46-47 дугаар хуудас/

 

“.............” капитал банк бус санхүүгийн байгууллагын Ц.Б-той хийсэн гэрээний хуулбарууд. /хэргийн 1 дүгээр хавтас, 175-188 дугаар хуудас/

 

2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ. /хэргийн 1 дүгээр хавтас, 49-53 дугаар хуудас/

 

Гэрч Kwak Sung Hyun /Гуаг Сон Хён/-ий "... 2018 оны 4 сард манай нэр дээр байсан .... УНБ улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг ... ломбард руу шилжүүлсэн байсан.

Бид түүнийг нь 2018 оны 8 сард мэдсэн юм. Ц.Б- нь хуурамч бичиг баримт бүрдүүлж тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн гэрчилгээг "..." ломбард руу шилжүүлж тээврийн хэрэгслийг унаж явах нөхцөлтэйгөөр барьцаалж 30.000.000 төгрөгийн зээл авсан байсан. ... гэтэл яг энэ өдрөө Ц.Б- нь “....” авто ломбард дээр очоод зээлийг 50.000.000 төгрөг болгож өсгөж авсан байсан юм" гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 65 дугаар хуудас/

 

Гэрч М.Пүрэвдэлгэрийн "... Миний бие Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн хэлтэст мэргэжилтнээр 2010 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Би энэ .... УНБ улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг “.............” капитал ББСБ-н өмчлөлөөс иргэн Ц.Б-т шилжүүлэх бүртгэлийг хийсэн. ... Би энэ машиныг иргэн Ц.Б-ын нэр дээр шилжүүлэхдээ “.............” капитал ББСБ-ын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 004 дугаартай албан бичгийг үндэслэж шилжүүлж өгсөн. ... Энэ албан бичгийг хуурамч гэдгийг тухайн үедээ мэдээгүй. Харин одоо энд ирээд мэдэж байна.

Тэр машины архивын материалыг шүүж үзэхэд Ц.Б- нь өөрийн нэр дээр тэр машиныг шилжүүлж аваад, богино хугацааны дотор дахин өөр ББСБ буюу “.............” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байна" гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 73-74 дүгээр хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “277 дугаартай шинжээчийн дүгнэлт:

“1. Авто тээврийн үндэсний төвийн архивт хадгалагдаж буй ШхСХШ 0868-0946, 2018.04 cap гэсэн хавтаст материалын 012 дугаар хуудсанд авагдсан Damao capital 2018.04.24 гэсэн огноотой №004/ "Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст" гэсэн баримтын доод хэсэгт "ЗАХИРАЛ" гэсний ард. /SUNG-HYUN KWAK/ гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Гуаг Сон Хёоны гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй.

Харин дээрх баримтын доод хэсэгт байх улаан өнгийн тэмдэгний дардас гэх зүйлийн гадна хүрээг тэмдэгний бараар дарж, дотор бичгүүдийг хэвлэсэн хуурамч тэмдэгний дардас байна.

2.3. Тохирохгүй байгаа шинж тэмдгүүдийг "Үзлэг ба шинжилгээ "Хүснэгт №1, 2", Г- зургийн үзүүлэлт" хэсгүүдээс дэлгэрэнгүй үзнэ үү” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас, 83-94 дүгээр хуудас/

 

Гэрч X.Г-ийн "2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Б-, Ц.Бямба- Очир нар 091828 дугаартай зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийн зээл манай ББСБ-с авсан. Зээлийн хүү 3.5% байсан. Тэгээд зээлийн гэрээ 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дууссан гэрээний хугацаа дуусаад зээлийн хүү 4.5 хувь болдог журамтай. Тэгээд анх зээл авсан өдрөөс зээл, зээлийн хүү төлөөгүй болохоор 56.650.000 төгрөг болсон. Тэгээд өндөр хүүтэй зээлийн гэрээний дагуу мөнгөө төлж барагдуулж чадахгүй байсан болохоор зээлийг дуусгавар болгох шаардлага тавьсан. Тэгээд Б- Ц.Б- нар мөнгөгүй байсан болоод зээл чөлөөлдөг хувь хүмүүс өдрийн 1 хувийн хүүтэй зээлийг хааж өгдөг. Энэ хүмүүст мөнгө байхгүй байсан болохоор манай байгууллагын захирал өөрийн таньдаг хүнээр 0.5 хувийн хүү 56.650.000 төгрөгийг хааж өгсөн. Тэгээд 091828 дугаартай зээлийн гэрээ дуусгавар болсон. Тэгээд зээл чөлөөлсөн хүний төлбөр гаргаж өгөхийн тулд Ц.Б- манайхаас 092077 дугаартай зээлийн гэрээ байгуулж 57.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй зээл авсан" гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 235 дугаар хуудас/

 

Ц.Б-ын яллагдагчаар өгсөн “ ... 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ............. гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагад шинэчилсэн гэрээ хийж нийт 57,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Дээрх 57,000,000 төгрөгнөөс төлөлт хийсэн зүйл байхгүй. Машин анхнаасаа ............. гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байх ёстой байсан боловч одоо машин .... ХХК-ний нэр дээр байгаа. Учир нь би 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ............. гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагын машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авахад татгалзах зүйлгүй өр төлбөр дууссан гэсэн албан тоотыг БНХАУ-д үл таних хүнээр хийлгэсэн. Би тэрийг танихгүй. Өмнө нь би БНХАУ-аас гар утас оруулж ирж зардаг байсан, ингээд ажлаар явж байхдаа бичиг баримт хуурамчаар хийдэг хүн байдаг талаар сонсож байсан. Тэгээд надад мөнгөний хэрэгцээ гараад би өөрийн машиныг тавьсан байсан ............. гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагын бичгийг хуурамчаар хийлгэсэн. Тухайн үед би Ви чат ашигладаг байсан ба Ви чатаар надад ............. гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагын бичиг баримтыг гаргаад өгье гэсэн хүн рүү ............. гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагын тамга, тэмдэгтэй цаасны зургийг явуулсан. Тэгээд 3-4 хоногийн дараа ............. гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагын албан бичиг нь Замын Үүдээр машинаар хүнд дайгаад явуулсан байсныг би авсан. Тэгээд би тэр бичгийг аваад хуучин 22-ын товчоон дээр байдаг авто тээврийн төв дээр очоод машиныг өөрийн нэр дээр шилжүүлж аваад .... ХХК дээр очиж эхлээд 31,000,000 төгрөгийн барьцаанд тавиад дараа нь машинаа .... ХХК-ны зогсоолд байршуулахаар тохироод 9,000,000 төгрөг нэмж аваад 50,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан уг гэрээг байгуулахдаа өмнө авсан хоёр зээлийн хүү алдангийг тооцоод байгуулсан гэрээ. Гэхдээ би уг гэрээний бодит хохирол болох 41,439,3030 төгрөгийг .... ХХК-ийн дансанд байршуулсан байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас, 115-118 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын 10-1А тоотод үйл ажиллагаа явуулдаг “.............” ХХК-д .... УНБ улсын дугаартай автомашиныг өөрийн өмчлөлийн автомашин гэж хуурч, зээлийн гэрээ байгуулж 31,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэмж барьцаат зээлийн гэрээ байгуулж 10,439,030 төгрөг нэмж авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж нийт 41.439.030 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч “.............” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантөмөрийн "Манай ............. ХХК-ийн эрхлэн үйл ажиллагаа явуулдаг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо “Богд-Ар хорооллын 10-1А тоотод хаягтай “....” авто ломбардны 8 дугаар салбар дээрээс Цогтсайхан овогтой Б- нь 2018 оны 04 дүгээр сарын 27- ны өдөр өөрийн өмчлөлийн .... УНБ улсын дугаартай, 01946206 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, РЭТХГ09Р7Б5О67173 арлын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдэж, мөн ондоо Монгол улсад орж ирсэн, мөнгөлөг өнгийн Тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг манай байгууллагад барьцаалан, зээлийн гэрээ байгуулан 31,000.000 төгрөгийг зээлж авсан. 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр унах нөхцөлтэй зээлийн гэрээгээ шинэчлээд машинаа манай зогсоолд байршуулан, зээлийн гэрээг 50.000.000 төгрөгийн дүнтэй болгож зөрүү 10 орчим сая төгрөгийг бэлнээр нь аваад явсан.

... Хураан авч явах үед нь би Ц.Б- нь тус машиныг өөр ББСБ-ын нэр дээр барьцаанд тавьчхаад хуурамч бичиг баримт ашиглан манай байгууллагад өмчлөх эрхийг шилжүүлэн зээл авч залилсныг мэдсэн. Манай байгууллагад 57.302.000 төгрөгийн хохирол учирсан байна. Задаргааны хувьд үндсэн авсан мөнгө нь 50,000,000 төгрөг, 7,302,000 төгрөг нь өнөөдрийн байдлаар хүү, алданги, бусад зардлын төлбөр байгаа. ... Манай байгууллагын дансанд Ц.Б- нь өөрөө 41.439.030 төгрөгийг биднээс асуухгүйгээр хийсэн байна лээ. Энэ манай дансанд орж ирсэн байгаа юм" гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 56-62 дугаар хуудас/

 

Гэрч Д.Дарханбаатарын “2018 оны 9 сарын үед байх манай зээлийн эдийн засагч Сайнбилэгээс иргэн Ц.Б- нь автомашинаа барьцаалан унаж явах нөхцөлөөр зээл авсан ба зээлийн эргэн төлөлт огт хийхгүй байсан тул Ц.Б-ыг дуудан уулзахад тэрээр бидэнд хандан миний хувьд зээлийн төлөгдөөгүй дүн дээр эргэн төлөлт хийгээгүйн улмаас үүссэн хүү алдангийн дүнг нэмээд тус дүнд нь барьцаат зээлийн гэрээ байгуулан машинаа танайд байршуулъя гэдэг санал тавьсан түүнийг нь хүлээн авч би төлөгдөөгүй дүн дээр хүү алданги нэмэхэд 39.560.970 төгрөг болсон бөгөөд Ц.Б- нь өөрөө нэмж мөнгө аваад дүнгээ тэгшлээд 50.000.000 төгрөгийн зээл болгоё гэхээр нь мөн зөвшөөрч 10.439.030 төгрөгийг нэмж бэлнээр өгөөд 2018 оны 9 сарын 10-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулаад машиныг зогсоолд байршуулсан юм" гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 75 дугаар хуудас/

 

Гэрч Ш.Сайнбилэгийн өгсөн “Миний бие “....” авто ломбарданд 2018 оны 02 дугаар сараас эхлэн одоог хүртэлх хугацаанд зээлийн мэргэжилтнээр ажиллаж байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Цогтсайханы Б- нь зээл авахаар манайд хандсан юм.

Түүний дагуу тэрээр манай байгууллагын нэр дээр шилжүүлэх албан бичгийг нотариатаар батлуулан түүнд бэлнээр 31.000.000 төгрөгийг гарган өгсөн. ... Ингээд эргэн төлөлт хийхгүй явсаар 2018 оны 09 дүгээр сард манай байгууллага дээр өөрөө ирж уулзаад барьцаалсан машинаа манай байгууллагын хашаанд байршуулж тавьдаг нөхцөлөөр дахин зээл нэмж авсан" гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 76-77 хуудас/

 

“............." ХХК-аас Ц.Б-т 31,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт. /хэргийн 1 дүгээр хавтас, 28 дугаар хуудас/

 

2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “.............” ХХК-д шүүгдэгч Ц.Б- нь 41.439.030 төгрөг шилжүүлсэн баримт. /хэргийн 1 дүгээр хавтас, 157 дугаар хуудас/

 

.... УНБ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашиныг “80,000,000 төгрөгөөр үнэлсэн Дамно хөрөнгийн үнэлгээний газрын эд хөрөнгийн үнэлгээ”-ний тайлан. /хэргийн 1 дүгээр хавтас, 80-81 дүгээр хуудас/

 

“.............' ХХК-тай байгуулсан гэрээний хуулбар 2018.04.27 /хэргийн 1 дүгээр хавтас, 20-29 дүгээр хуудас/

 

Ц.Б-ын яллагдагчаар өгсөн “ ... 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ............. гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагад шинэчилсэн гэрээ хийж нийт 57,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Дээрх 57,000,000 төгрөгөөс төлөлт хийсэн зүйл байхгүй. Машин анхнаасаа ............. гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байх ёстой байсан боловч одоо машин .... ХХК-ний нэр дээр байгаа. Учир нь би 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ............. гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагын машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авахад татгалзах зүйлгүй өр төлбөр дууссан гэсэн албан тоотыг БНХАУ-д үл таних хүнээр хийлгэсэн. Би тэрнийг танихгүй. Өмнө нь би БНХАУ-аас гар утас оруулж ирж зардаг байсан, ингээд ажлаар явж байхдаа бичиг баримт хуурамчаар хийдэг хүн байдаг талаар сонсож байсан. Тэгээд надад мөнгөний хэрэгцээ гараад би өөрийн машиныг тавьсан байсан ............. гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагын бичгийг хуурамчаар хийлгэсэн. Тухайн үед би Ви чат ашигладаг байсан ба Ви чатаар надад ............. гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагын бичиг баримтыг гаргаад өгье гэсэн хүн рүү ............. гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагын тамга, тэмдэгтэй цаасны зургийг явуулсан. Тэгээд 3-4 хоногийн дараа ............. гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагын албан бичиг нь Замын Үүдээр машинаар хүнд дайгаад явуулсан байсныг би авсан. Тэгээд би тэр бичгийг аваад хуучин 22-ын товчоон дээр байдаг авто тээврийн төв дээр очоод машиныг өөрийн нэр дээр шилжүүлж аваад .... ХХК дээр очиж эхлээд 31,000,000 төгрөгийн барьцаанд тавиад дараа нь машинаа .... ХХК-ны зогсоолд байршуулахаар тохироод 9,000,000 төгрөг нэмж аваад 50,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан уг гэрээг байгуулахдаа өмнө авсан хоёр зээлийн хүү алдангийг тооцоод байгуулсан гэрээ. Гэхдээ би уг гэрээний бодит хохирол болох 41,439,3030 төгрөгийг .... ХХК-ийн дансанд байршуулсан байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас, 115-118 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг болно.

Тодруулбал, шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ц.Б-, “............. капитал банк бус санхүүгийн байгууллага хоёрын хооронд Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г байгуулсан бөгөөд шүүгдэгч нь гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц “............. капитал банк бус санхүүгийн байгууллагад 57,000,000 төгрөгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр Тоёото ланд крузейр 200 маркийн .... УНБ улсын дугаартай автомашиныг өөрийн болгох зорилготойгоор “.............” капитал банк бус санхүүгийн байгууллагын баримт бичгийг хуурамчаар үйлдэж Авто тээврийн үндэсний төвд хандан өөрийн нэр дээр бүртгүүлэн шилжүүлэн авчээ.

Улмаар Тоёото ланд крузейр 200 маркийн .... УНБ улсын дугаартай автомашиныг .............” ХХК-д өөрийн өмчлөлийн автомашин гэж хуурч, зээлийн гэрээ байгуулж 41,439,030 төгрөгийн хохирол учруулжээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгч Ц.Б-ын дээрх хоёр хуулийн этгээдийг залилсан үйлдэл нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ ... үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тооцно” гэсэн заалттай нийцнэ.

Шүүгдэгч Ц.Б- нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохиролд зориуд хүргэсэн нь шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн улмаас 98,439,300 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

 

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч хуулийн этгээдүүд болох ............. капитал банк бус санхүүгийн байгууллага, .... ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролдоо мөрдөн шалгах явцад хураан авсан .... УНБ улсын дугаартай Ланд круйзер 200 загварын автомашиныг тус тус нэхэмжилжээ.

Шүүгдэгч Ц.Б- нь 7377 УНБ улсын дугаартай Ланд круйзер 200 загварын автомашиныг ............. капитал банк бус санхүүгийн байгууллагад, .... ХХК-нд тус тус барьцаалж зээл авахдаа фидуцийн гэрээгээр өмчлөлийг нь шилжүүлсний улмаас уг хохирогч хуулийн этгээдүүд уг автомашиныг өөрийн өмчлөлийн гэж үзэх хохиролдоо тооцож авахаар маргаж байгаа боловч шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоор уг автомашиныг ашиглаж бусдаас мөнгө шилжүүлж авсан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь иргэний эрх зүйн харилцааг ашигласан буюу автомашин барьцаалж зээл авсны дараа уг мөнгийг барьцаагаараа төлөхгүй байх санаа зорилгоор хуурамч бичиг баримт ашиглаж барьцааны зүйлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилсан, мөн хуурамч бичиг баримтаар өөрийн нэр дээр шилжүүлсэн автомашиныг бусдад барьцаалж залилж мөнгө шилжүүлсэн авсан үйлдлүүд нь хууль бус гэрээгээр халхавчилж залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн тул хохирлыг гэмт хэрэг үйлдэх үеэр тооцох нь зүйтэй.

Иймээс шүүгдэгч Ц.Б- нь хохирогч ............. капитал банк бус санхүүгийн байгууллагад учирсан 57,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэх хохирлыг 52,000,000 төгрөгөөр тооцож, тус байгууллагад 52,000,000 төгрөгийг олгуулвал зохино.

Мөн .... ХХК-иас шилжүүлэн авсан 41,439,030 төгрөгийг шүүгдэгч нь хэргийг мөрдөн шалгах явцад тус компанийн дансанд шилжүүлсэн тул шүүгдэгчээс уг компанид учруулсан хохирол төлөгдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Харин шүүхээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашиныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ... тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг  хураан авч ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасны дагуу уг автомашиныг худалдан борлуулж гэмт хэргийн улмаас учирсан хохиролд зарцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Учир нь шүүгдэгч Ц.Б- нь хоёр хуулийн этгээдэд автомашиныг барьцаалж фидуцийн гэрээ байгуулж залилсан бөгөөд эдгээр гэрээ нь гэмт хэрэг үйлдэхдээ халхавчилж хийсэн хууль бус гэрээ тул автомашиныг тэдгээр хохирогч хуулийн этгээдийн аль нэгнийх нь өмчлөлд шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд .... УНБ улсын дугаартай Ланд круйзер 200 загварын автомашиныг гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй.

Нөгөө талаар хохирогч хуулийн этгээдүүд нь хор уршгаа мөнгөн дүнгээр нэхэмжлээгүй тул мөнгөөр тооцоогүй харин зөвхөн автомашин нэхэмжилсэн бөгөөд хэрэв мөнгөн дүнгээр хор уршиг учирсан гэж үзэж байгаа бол иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргажээ.

Шүүх, шүүгдэгч Ц.Б-ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсныг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ын энэ хэрэгт 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 143 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн  22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овогт Ц-ы Б-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Шүүгдэгч Цогтсайханы Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Ц.Б-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 143 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Ц.Б-оос 52,000,000 /тавин хоёр сая/ төгрөгийг гаргуулж ............. капитал ББСБ-д олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар .... УНБ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 загварын автомашиныг худалдан борлуулж гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б- авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ