Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 114

 

Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй Улсын яллагч Ч.Сэлэнгэ Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Эрдэнэтуяа Шүүгдэгчийн асран хамгаалагч Б.Заяабаатар Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав Хохирогч Г.Пүрэвжав, П.Эрдэнэтуяа Иргэдийн төлөөлөгч Г.Батжаргал Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн прокурорын газраас эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах тогтоол баталж ирүүлсэн Л.Ганболдод холбогдох эрүүгийн 201614000201 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, баяжуулаг мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 23б-13 тоотод оршин суух, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 115 дугаар шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 64 дүгээр зүйлийн 64.1.1, 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйийн 66.3-т тус тус зааснаар сэтгэцийн эмгэг судлалын тусгай эмнэлэгт байлгах арга хэмжээ авагдаж байсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадваргүй гэх Хөх чоно овогт Лхагважавын Ганболд /РД: РП72032717/

Шүүгдэгч Л.Ганболд нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах Наранбатын гэрт иргэн Пүрэвжавыг ална гэж танхайрсан, 2016 оны 04 дүгээр сард Хүлэг хүсний зах дээр иргэн П.Эрдэнэтуяаг модоор цохиж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: -Шүүгдэгч Л.Ганболдын хууль ёсны төлөөлөгч Л.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд өгсөн 2. мэдүүлэгтээ: Л.Ганболдын сэтгэцийн өвчин хөдөлж ах дүү нар болон бусад хүмүүст аюул учруулж болзошгүй байна. Хутга хайч барьж ална гээд яваад байгаа. Эмнэлэгт цонхыг нь хагалсан байсан. Иймд яаралтай албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байна гэв.

-Хохирогч Г.Пүрэвжав шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Л.Ганболд нь манай эхнэрийн дүү юм. Ойрын үед өвчин нь хөдлөөд хэцүү байна. Өчигдэр гэхэд л хайч барьчихсан ална гээд ороод ирсэн. Би аргалж тайвшруулсан. 2016 оны 04 дүгээр сарын 01-нд манайд хутга барьж орж ирээд Эрдэнэтуяаг ална гээд хөөсөн. Тэгээд цагдаа дуудаж, сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн. Урьд нь намайг зах дээр байхад модоор толгой руу цохисон. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.

-Хохирогч П.Эрдэнэтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд Л.Ганболдод гомдолтой. Нэхэмжлэх зүйлгүй гэв. -Шүүх сэтгэц, гэм судлалын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн магадлагаанд шинжээчийн дүгнэлтэнд: 1. Л.Ганболд нь дээрх сэтгэцийн өвчтэй, тэр үедээ өөрийн үйлдлийн зөв ойлгож удирдах чадваргүй. 2. Магадлуулагч нь сэтгэцийн хувьд дотоод шалтгаант сэтгэцийн өвчтэй. 3. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. 4. Хэрэг хариуцах чадваргүй. 5. Өөртөө бусдад аюултай үйлдэл хийх эрсдэлтэй тул албадан эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт /хх 20 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36 ху/

-Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 08 сарын 13-ны өдрийн 115 тоот шүүхийн тогтоолын хуулбар /хх 37-38 ху/

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1226 дугаар шүүгчийн захирамж /хх 55-56 ху/

-Л.Ганболдыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 44-48 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв. Шүүгдэгч 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах Наранбатын гэрт иргэн Пүрэвжавыг ална гэж танхайрсан, 2016 оны 04 дүгээр сард Хүлэг хүсний зах дээр иргэн П.Эрдэнэтуяаг модоор цохиж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч Л.Эрдэнэтуяа нарын мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч М.Ганболд /хх 24 ху/, Л.Эрдэнэтуяа /хх 25 ху/, Р.Цэцгээ /хх 26 ху/, Л.Бүдсүрэн /хх 28 ху/, Б.Заяабаатар /хх 30 ху/ нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Л.Ганболд урьд нь Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 115 дугаар шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 64 дүгээр зүйлийн 64.1.1, 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйийн 66.3-т тус тус 3. зааснаар сэтгэцийн эмгэг судлалын тусгай эмнэлэгт байлгах арга хэмжээ авагдаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1226 дугаар шүүгчийн захирамжаар түүний сэтгэцийн байдал сайжирсан гэж үзэж эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, цаашид уг арга хэмжээг хэрэглэхийг зогсоож шийдвэрлэж байсан байна.

Гэвч шүүгдэгч Л.Ганболдыг “...дэмийрэх хэлбэрийн ухаан задрах өвчин, сэтгэц нөлөөт эмэнд мэдрэг бус, догширлын байдалтай, өөртөө бусдад аюултай үйлдэл хийх эрсдэлтэй” сэтгэцийн эмгэгтэй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй болохыг Шүүх сэтгэц, гэм судлалын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн магадлагаанд шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрхи гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид аюултай үйлдэл хийж болзошгүй байдал, учруулж болох хор аюулыг харгалзан түүнийг сэтгэцийн эмгэг судлалын тусгай эмнэлэгт байлгахаар тогтоох нь зүйтэй байна.

Хохирогч Г.Пүрэвжав болон П.Эрдэнэтуяа нар нь хохирол төлбөр болон нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Ганболдыг сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт нэн даруй хүргүүлэхийг 7 дугаар тойргийн Тахарын албанд даалгаж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 378 дугаар зүйлийн 378.1, 383, 384 дүгээр зүйлийн 384.1, 385 дугаар зүйлийн 385.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 64 дүгээр зүйлийн 64.1.1-д зааснаар шүүгдэгч Л.Ганболдыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлийн 65.1, 66.3-т зааснаар шүүгдэгч Л.Ганболдыг сэтгэцийн эмгэг судлалын тусгай эмнэлэгт байлгасугай.

3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

4. Шүүгдэгч Л.Ганболдод авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнийг сэтгэцийн эмгэг судлалын тусгай эмнэлэгт нэн даруй хүргүүлэхийг 7 дугаар тойргийн Тахарын албанд даалгасугай.

5. Шүүхийн тогтоолыг шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон, 4. аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНГАДАС

Ж.БАЙГАЛМАА