Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 714

 

Б.А, Н.В нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ц.Итгэл, Б.Тэнгис,

            Шүүгдэгч Н.В, түүний өмгөөлөгч А.Ганбат,

            Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 766 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ц.Итгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.А, Н.В нарт холбогдох эрүүгийн 201625013566 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.А нь Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүхийн 1994 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 296 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 57 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: УА68111511/;

Б.А нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түшиг Хангай” ХХК-ийн уурын зуухны ахуйн өрөөнд тухайн өдөр галчаар ажиллаж байсан С.Гийг нүүрэн тус газарт нь гараараа цохиж унагаан, гавал тархины битүү гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт,

Н.В нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарган мэдүүлэг өгсний дараа 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэй буюу “Б.А талийгаачийг огт цохиогүй, харин Б.Эрдэнэбат цохисон” гэж, хэрэгт мөрдөн байцаалт явуулж, дахин мэдүүлэг авахад “С.Гийг Б.Эрдэнэбат цохиогүй, Б.А цохисон нь үнэн” гэж мэдүүлсэн атлаа 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “Б.А талийгаачийг огт цохиогүй, харин Б.Эрдэнэбат цохисон” гэж удаа дараа шүүхэд зориуд худал мэдүүлэг өгч, Б.Эрдэнэбатыг гүтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.Вгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Н.Вд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Б.Аийг хүнийг алах гэмт хэрэг, Н.Вг  мөрдөн  шалгах  ажиллагаа  болон шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аийг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Вг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ат оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Вд оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.В нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аийн цагдан хоригдсон нийт 593 /таван зуун ерэн гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Ааас 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандрагчаад олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн материалыг үндэслэн хүнийг хилсээр шийтгэсэн учраас хэргийг дахин нарийвчлан шалгуулж, өөрийгөө цагаатгуулах хүсэлтэй байна. Би Б.Эрдэнэбат гэх хүний худал гүтгэлгээр 10 жилийн хорих ял шийтгүүлсэндээ маш их харамсаж, гомдож байна. Б.Эрдэнэбат нь “талийгаач С.Гийг Б.А цохиж унагаасан” гэж мэдүүлээд энэ мэдүүлгээ гэрч, шүүгдэгч Н.Вгийн мэдүүлгээр баталгаажуулах гэж олон удаа оролдсоны эцэст өөрийн давуу байдлыг ашиглан санасандаа хүрээд байна. Анх түргэн тусламж дуудахдаа л “уурын зууханд хүн юм түлж зогсож байгаад ухаан алдаад уначихлаа” хэмээн дуудлага өгсөн байдаг. Эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсныг мэдээд “Б.А цохисон” гэж хэлээрэй хэмээн Н.Вг ятгасан байдаг. Энэ талаар 3 дугаар хавтаст авагдсан. Б.Эрдэнэбат нь намайг гүтгэж цагдан хориулчихаад өөрийн чөлөөтэй байгаа давуу талыг ашиглаж өөрт ашигтайгаар мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон байдаг. Тухайлбал хэрэг гарахын өмнө “гэртээ харихгүй, эхнэр цагдаа дуудаад өгчихнө” гээд уурын зуух руу хүргүүлснийг маш тодорхой гэрчлэх жолооч Ганбат, Азаа нарыг хэрэг гарах үед байгаагүй гэсэн үндэслэлээр байцаагаагүй. Хэрэгт ямар ч хамааралгүй гэрч гэгдэх Ц.Гүнжилмаагаар миний эсрэг мэдүүлэг өгүүлсэн боловч гэрч мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй. Гэрч, шүүгдэгч Н.В нь гэмт хэрэг үүсэх болсон шалтгаан, нөхцөлийг бодитой тогтоож болохуйц “Эрдэнэбат мотор янзалсан уу гэхэд талийгаач би тэрийг чинь ганцаараа янзлах юм уу, чадахгүй гэхэд пизда минь янзлахгүй юугаа хийгээд байгаа юм бэ гээд зүүн гараараа талийгаачийг цохисон. Тэгээд унаад босч ирээгүй” гэх зэргээр мэдүүлсэн байдаг. Талийгаач С.Г, гэрч Б.Эрдэнэбат нарын хооронд ажил төрлөөс үүдэлтэй энэ мэтчилэн муудалцах шалтгаан байснаас бус талийгаач бид хоёрын дунд ямар нэгэн маргаан гарах асуудал байгаагүй. Иймээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг эндээс л хайх ёстой. Шийтгэх тогтоол болон яллах дүгнэлтэд шүүгдэгч Н.Вг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгээд шүүхээс Б.Эрдэнэбат нь цагдаад шалгагдаагүй гэх үндэслэлээр гүтгэсэн гэх үйлдлийг үгүйсгэсэн. Н.В нь 2017 оны 5 дугаар сарын 9, 2017 оны 12 дугаар сарын 6-ны болон сүүлчийн 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрүүдийн шүүхийн хэлэлцүүлгүүдэд талийгаач С.Гийг Б.Эрдэнэбат цохисон болон тэр 2 юунаас болж маргалдсан, талийгаач хэрхэн унаад дахин босч ирээгүй, цагдаад юу гэж хэлэхийг хэрхэн зааварласан зэргийг удаа дараа маш тодорхой, тогтвортой мэдүүлсээр ирсэн. Энэхүү тогтвортой мэдүүлгийг гэрч Б.Эрдэнэбатын “намайг гүтгэж байна” гэснийг л үндэслэн зориуд удаа дараа худал мэдүүлсэн гэсэн шалтгаанаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнд маш харамсдаг. Н.В нь хуулиас айхгүй баатарлагаар намайг хамгаалах ямар ч шалтгаан байхгүй. Б.Эрдэнэбат, Н.В бид нар адил хэмжээний танилууд. Харин Н.В нь удаа дараа баталгаа өгсөн хэрнээ шүүхийн хэлэлцүүлэгт ирэхээрээ “талийгаачийг Б.Эрдэнэбат цохисон” гээд байгааг шүүх зайлшгүй анхаарч үзэх ёстой. Учир нь бидний үеийн 50 гарсан насныхан эцсийн үнэн мөнийг шүүх л тогтооно гэдгийг яс махандаа тултал ойлгож, тийм л хүмүүжлээр хүмүүжсэн. Энэ хүн эцсийн үнэнийг тогтоодог шүүх дээр энэ бүхнийг хэлээд байгааг анхаарч үзэж, дахин шалгаж өгнө үү. Н.В нь 55 нас хүртлээ хэдийгээр орон гэргүй, ганцаараа, айлаар гэр хийж амьдарсан ч шударгаар амьдарч, эрх чөлөөг эрхэмлэн өдийг хүрчихээд насны эцэст дулаан байр, хоол ундтай байх гэж шоронг сонгох учиргүй. Хэрэв энэ хүний эцсийн үнэн, шүүхийн шатанд удаа дараа хэлснийг нь үндэслэж Б.Эрдэнэбатыг энэ хэрэгт холбогдуулж шалгасан бол хэргийн үнэн зөв аль хэдийн шийдэгдсэн байх байсан. Мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барилгүй, Б.Эрдэнэбат бид хоёрыг адилхан цагдан хорьж, шалгасан бол Б.Эрдэнэбатад ийм давуу байдал үүсэхгүй, би түүнд гүтгэгдэж олон жилийн хорих ял шийтгэгдэхгүй байсан. Б.Эрдэнэбат нь өөрийн эрх чөлөөтэй байгаа давуу байдлаа ашиглан гэрч Н.Вгийн амьдралын бололцоогүй байдлаар далимдуулж миний эсрэг мэдүүлэг өгүүлж байгааг эсэргүүцэж байгаа тул би энэхүү хилс хэргийг хүлээгээгүй. Хэрэв тийм биш бол энэ хүйтэн шоронд удаан хоригдож, эрүүл мэндээ хохироохгүйгээр худал хэргийг хүлээгээд, гэр бүл, ах дүү нарынхаа дэмжлэгээр талийгаачийн ар гэрийнхний нэхэмжилж буй хохирлыг төлөөд, оногдуулах ялаас хасуулах боломжтой байсан. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.16 дугаар зүйлд заасан “Хэргийн талаар нотлогдвол зохих байдал” хангалттай эргэлзээгүй тогтоогдоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайлбал гэрчээр мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэг өгч байсан Н.Вгийн удаа дараагийн мэдүүлгээр хохирогч С.Гийн Эрдэнэбат гэгч нь мотор янзалсангүй гэх шалтгаанаар цохиж, орны толгой руу унагаж, түүнээс хойш хохирогч босоогүй, шууд ухаангүй болж нас барсан болох нь тогтоогдсон. Гэрч Н.В нь бичиг үсэг мэдэхгүй байхад түүнийг хэрэг гарсны дараа цагдаагийн байранд удаан хугацаанд байлгаж байгаад, согтуу архи нь бүрэн гараагүй үед анхны мэдүүлгийг авсан боловч Н.В нь мөрдөн байцаалтын шатанд “Эрдэнэбат хохирогчийг цохисон үйлдлийг харсан боловч Б.Аийг цохисон” гэж худал мэдүүлснээ удаа дараагийн шүүх хуралдаанд мэдүүлж, мэдүүлгийн эх сурвалжаа зааж, худал мэдүүлснээ хүлээн зөвшөөрсөн болно. Гэтэл гэрч хүн өөрийн худал мэдүүлснээ хүлээн зөвшөөрч бодит байдлыг засаж хэлж мэдүүлсэн байхад түүнийг “Б.Аийг цохисон гэх” мэдүүлгийг үнэн гэж үзэж Б.Ат ял шийтгэл оногдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн субъектийг зөв тогтоогоогүй нь жинхэнэ гэмт хэрэг хийсэн этгээдүүдэд ял завших боломжийг олгож байна. Б.Аийн баруун гар нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр боолттой, тохойн үе хэсгээр үрэвсэж хөдөлгөөн нь хязгаарлагдсан байсан нь амбулаторийн карт, ШШҮХ-ийн шинжээчийн 2774 дүгнэлтээр тогтоогдсон. Баруун гараар хүнийг цохиж гэмтэл учруулах үйлдэл хийх боломж хязгаарлагдсан байсан. Эрдэнэбат нь уурын зуухнаас гарч эмнэлэгт очиж дуудлага өгөхдөө хохирогчийг хэн нэгэнд цохиулж унасан тухай хэлээгүй, харин “Хүн юм тулж байгаад уначихлаа” гэж хэлсэн нь гэрч Солонгын мэдүүлгээр нотлогдсон. Хэрэв Эрдэнэбатын мэдүүлгийг үнэн гэж үзвэл яагаад эмнэлэгт очиж эмч дуудахдаа хохирогчийг хүнд зодуулсныг нуух болов гэдэг нь ойлгомжтой бөгөөд өөрийн үйлдлийг нуух зорилготой байжээ гэж үзэх үндэстэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэнэ үү. …” гэв.

Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Ц.Итгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А нь өмнө нь ял эдэлж байсан нь яллах үндэслэл болж байгааг анхаарах. Энэ хэргийг Б.А үйлдсэн гэх үндэслэлтэй нотлох баримтгүй байдаг. Хохирогч С.Г нь Эрдэнэбаттай зодолдсон гэх гэрч Баттогтохын мэдүүлэг хавтаст хэргийн 49 дүгээр хуудаст байдаг. Эрдэнэбат нь С.Гтэй маргалдаж амь насыг нь хөнөөсөн байж болох сэжиг бүхий байдлыг шалгаагүй. Ямар ч боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй гэрч Н.Вг “хорино” гэж айлган ганцааранг нь байцаасан мэдүүлгийг нь Эрдэнэбат уншиж өгсөн гэдгийг өөрөө шүүх хурал дээр Н.В ярьдаг. Энэ хэрэгт шалгавал зохих зүйлийг шалгаагүй. Гачууртын ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг цөм хэлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалт бүрэн дүүрэн шалгагдаж тогтоогдоогүй, эргэлзээ төрөхөөр байдлууд байгааг анхаарч үзсэнгүй. Энэ үед таг унтаж байсан Цолмонг гэрчээр байцаасан. С.Г нь Эрдэнэбаттай маргалдаж, С.Гийн амь насыг Эрдэнэбат хөнөөсөн байж болох эргэлзээг анхаарсангүй. Б.А баруун гарын тохойны архаг идээт үрэвсэл, мөөгөнцөр эдийн хатуурал, яс ургалтын улмаас хөдөлгөөн хязгаарлагдмал байсан зэргийг анхаарч үзсэнгүй. Үүнийг нотлох 2 удаагийн рентген зураг, амбулаторийн хуулбар баримт нь хавтас хэрэгт байгаа. Б.А урьд нь 20 гаруй жилийн өмнө ял эдэлж байсан ч нутаг орондоо ямар нэр хүндтэй ажилтан, үр хүүхдүүддээ сайн эцэг вэ, зан чанарын хувьд ямар вэ гэдгийг оршин суугаа газрын 200 гаруй иргэдийн тодорхойлж гарын үсэг зурсан баримт байдаг. Бичиг үсэг мэдэхгүй Б.Аийг ганцааранг нь байцааж гарын үсэг зуруулсан зэрэг зөвхөн яллах талыг барьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөнийг анхаарч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Аийг Эрдэнэбат болон Н.В нарын мэдүүлгээр талийгаачийг цохиж, хүний амь насыг хохироосон гэж үзсэн. Мэдүүлгээс нь харахад зүүн шанаанд баруун гараараа цохисон гэж чиглэлийг нь зааж ярьдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон үйл баримтаар хохирогчийн нүүр хэсэг дээшээ хараад унасан байдлаас дүгнэхэд шүүх эмнэлгийн шинжээчийн гаргасан нэг бус удаагийн үйлдээр энэ хүнд гэмтэл учирсан байна гэдгийг хэрхэн шалгаж тогтоосон нь ойлгомжгүй байна. Мөрдөн байцаах ажиллагаанд цуглуулсан нотлох баримт нь хэр хууль зүйн үндэслэлтэй гэдэгт эргэлзээ байгаа юм. Н.В нь хоёр дахь шүүх хуралдаанаас өмнө сэтгэцийн эрүүл мэндийн төвд сэтгэцээ шалгуулсан. Шалгуулахдаа Эрдэнэбат гэх хүн нь талийгаач С.Гийг цохисон талаараа мэдүүлдэг. Энэ байдлыг шалгах ажиллагаа мөрдөн шалгах ажиллагаанд хийгдээгүй. Анхны үнэн зөв нь мэдэгдэхгүй мэдүүлгийг үндэслэл болгож байсан. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан фото зургууд дээр нүүрэнд учирсан байгаа гэмтлүүд болон шүүх эмнэлгийн үндэсний хүрээлэнгийн гаргасан зүүн талд учирсан гэмтлүүд нь баруун талд гарсан мэтээр бичигдсэн байгааг давж заалдах шатны шүүхээс хянаж шийдвэрлэж өгнө үү. Мөн 3 дугаар хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд Н.В 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Гантөгс, Батмөнх гэдэг өмгөөлөгч нартай буюу анхан шатны шүүхээс хэргийг буцаасны дагуу гэрчээр мэдүүлэг өгсөн. Эдгээр өмгөөлөгч нарыг байлцуулж мэдүүлэг өгөхдөө Эрдэнэбатыг цохисон талаараа ярьсан. Мөн дараа нь яллагдагчаар мэдүүлэг өгдөг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Вг яллагдагчаар татсан тогтоолтой танилцуулаагүй. Тэгсэн атлаа яллагдагчаар мэдүүлэг авсан байдаг. Эдгээр хууль зөрчсөн үйлдлүүд байгаа учир давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарч, хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулахаар анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч Н.В тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Н.Вгийн өмгөөлөгч А.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.А, Н.В нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.

Б.А, Н.В нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Б.А нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түшиг Хангай” ХХК-ийн уурын зуухны ахуйн өрөөнд тухайн өдөр галчаар ажиллаж байсан С.Гийг нүүрэн тус газарт нь гараараа цохиж унагаан, гавал тархины битүү гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандрагчаа /1хх 46-48/, гэрч Д.Эрдэнэбат /1хх 50х/,  гэрч Я.Баттогтох /1хх 68-69, 250, 2хх 187-191/, гэрч А.Намжилдорж /1хх 75-76/, гэрч Ч.Гантөмөр /1хх 81-82/, гэрч А.Амаржаргал /2хх 4-5/, гэрч Өвгөнбүргэд /2хх 1/, гэрч Ц.Оошоожав /1хх 60-62, 247-248/, шинжээч эмч М.Отгонбаатар /1хх 144-145/ нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 3-14/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 15-18/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 19-24, 2хх 46-47/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №1879 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 98-100/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №8943 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 102/ зэрэг нотлох баримтуудаар,

Н.В нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарган мэдүүлэг өгсний дараа 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэй буюу “Б.А талийгаачийг огт цохиогүй, харин Б.Эрдэнэбат цохисон” гэж, хэрэгт мөрдөн байцаалт явуулж, дахин мэдүүлэг авахад “С.Гийг Б.Эрдэнэбат цохиогүй, Б.А цохисон нь үнэн” гэж мэдүүлсэн атлаа 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “Б.А талийгаачийг огт цохиогүй, харин Б.Эрдэнэбат цохисон” гэж удаа дараа шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Н.Вгийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлгүүд /1хх 49, 73-74, 3хх 122-123, 155-156/, Н.Вгийн 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /2хх 115-149/, Н.Вгийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /3хх 73-21/, Н.Вгийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /4хх 30-46/, гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1хх 51-55, 83-85, 2хх 178-186/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ц.Итгэл нар “...Хэргийн талаар нотлогдвол зохих байдал хангалттай тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.  ...” гэх утга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

Гэрч Д.Эрдэнэбатын “...Б.А С.Г, Ванчин хоёрыг ажил дээр архи уусан гэж уурлахад С.Г уурлаад юм хэлэх шиг болоход Б.А юу гээд байгаа ... вэ гээд зүүн шанаа орчим нь нэг удаа гараараа алгадсан. ... С.Г ... төмөр орон дээр биеийн баруун хэсгээрээ унаад босч ирээд яаж байна гээд маргалдсан. ... би учраа олчих байх гэж бодоод Оошоожав, Эрдэнэдаваа хоёртой мотороо боосон. ...” /1хх-ийн 51-55/,

Гэрч Я.Баттогтохын “...Очоод уулзсан чинь Ванчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхаар нь чи одоо яв яв, энд юугаа хийгээд байгаа юм. Харьж амар гэж хэлсэн чинь Ванчин зуухан дотор С.Г, Б.А хоёр хоорондоо зодолдоод байна. Би гараад ирлээ гэсэн. Би согтуу болохоор нь тоогоогүй ээ. ...” /1хх-ийн 68-69/,

Гэрч А.Намжилдоржийн “...Б.А хаана байна гэж асуухад дөнгөж сая энд байсан гэж хэлээд удаагүй байтал Д.Өвгөнбүргэд Б.Аийг гавлачихсан орж ирсэн. Д.Б.А орж ирээд би талийгаачийг алаагүй шүү, би наана чинь байгаагүй, би сая гаднаас ирлээ гэж ярьсан. Б.А уурын зууханд орж ирснийхээ дараа тэнд байсан Эрдэнэбат, Цолмон, Оошоожав нарт хандаж, та талийгаачийг алсан биз дээ гэх ямар нэгэн яриа өгүүлэл гаргаагүй ээ. Би Уурын зуухнаас Б.А, Эрдэнэбат, тасарсан нөхөр нарыг авч гараад Гачууртын цагдаагийн хэсэг дээр ирсэн. Б.Өвгөнбүргэдийг хэргийн газрын хамгаалалт ав гэж хэлээд үлдээсэн. ...Б.А өрөөнд байхдаа “Эрдэнэбатаа чи эр хүн шиг байгаарай, чи ярьсан хэлсэндээ байгаарай” гээд хашхираад байсан. Эрдэнэбат нь юу ч дуугараагүй. Б.А Эрдэнэбатыгаа талийгаачийг алсан биз дээ гэж ямар нэгэн яриа, өгүүлэл гараагүй. Харин Эрдэнэбатыгаа чи хэлсэн амандаа байгаарай, эр хүн шиг байгаарай гээд л дарамтлаад байсан. ...” /1хх-ийн 75-76/,

Гэрч Ч.Гантөмөрийн “...Маргааш нь Н.В цагдаа дээр хоноод ирэхдээ би цагдаа дээр гэрчээр байцаагдаад ирлээ, өчигдөр уурын зууханд Б.А, Эрдэнэбат нар согтуу орж ирсэн. Намайг уурын зууханд талийгаач С.Г, Цолмон нарын хамт байхад ирсэн. Цолмон уурын зуухны өрөөнд орон дээр унтаж байсан. Тэгээд Б.А, Эрдэнэбат нар согтуу орж ирээд Б.А нь С.Гийг нэг удаа гараараа нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд тэр 2 гараад явсан, би араас нь гараад Захиргаан дээр очиж цагдаад хэлсэн юм гэж хэлж байсан. ...” /1хх-ийн 81-82/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №1879 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурь, бага тархийг нилэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, толгойн хуйханд цус хуралт, баруун хөмсгөнд шарх, эрүүний баруун буланд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, доод уруулд цус хуралт, дотор салстад няцарсан шарх, баруун нүдний доод зовхинд хуучин цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. ...” /1хх-ийн 98-100х/ зэрэг нотлох баримтуудыг болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Б.А нь согтуурсан үедээ С.Гтэй мотор янзалсангүй гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж унагаан, гавал тархины битүү гэмтэл учруулан санаатай алсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Вгийн мэдүүлгүүд эргэлзээ бүхий байдлыг үүсгэж, улмаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч түүний мэдүүлэг тогтворгүй, байнга өөрчлөгдөж байсны зэрэгцээ өөр нотлох баримтаар нотлогдоогүй болно.

Түүнчлэн түүний удаа дараагийн тогтворгүй мэдүүлэг өгсөн байдалд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Б.А, Н.В нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь Б.А, Н.В нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул Б.Аийн дээрх үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.Вгийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.А, Н.В нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохируулан Б.Ат 10 жилийн хугацаагаар хорих ял, Н.Вд 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 766 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ц.Итгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.