Шүүх | Захиргааны хэргийн давж шатны шүүх - Анхан шатны журмаар |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 221/2019/0015/З |
Дугаар | 221/ШШ2019/0017 |
Огноо | 2019-11-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж шатны шүүх - Анхан шатны журмаарийн Шийдвэр
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 221/ШШ2019/0017
2019 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 221/ШШ2019/0017 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.З
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, С.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “... энэхүү 24 дүгээр тогтоолоор “Шүүгчийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүн нэр дэвшүүлэх, санал болгох” журам гэгчийг батлан гаргасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлд хуулиар ийм эрх хэмжээ олгоогүй байна. Иймд энэхүү тогтоол, уг тогтоолын хавсралт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасны дагуу илт хууль бус гэж үзэж байна.
Тухайн тогтоолд: Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримталжээ. Уг 7 дугаар зүйлийн гарчиг нь “Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах талаар Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх” байгаа юм. Иймд энэхүү 7 дугаар зүйл нь бүхэлдээ Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан “шүүхийн өөрөө удирдах ёсны байгууллага болох шүүгчдийн зөвлөгөөн””-ий тухай биш харин Шүүхийн захиргааны тухай хуульд заасан шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах талаарх зохицуулалт болох нь харагдаж байна. Үүнийг бататгаж 7.1-д “Ерөнхий зөвлөл шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заажээ. Иймд 24 дүгээр тогтоолд баримталсан 7.1.1 дэх заалт нь Ерөнхий зөвлөл шүүхийн захиргаа, түүний зохион байгуулалт, шүүхийн захиргааны үйл ажиллагаатай холбогдсон стандарт, дүрэм, журам батлан мөрдүүлэх эрхтэй гэсэн агуулгаар ойлгогдох юм. Энэ заалтаар шүүхийн өөрөө удирдах ёсны байгууллага болох шүүгчдийн зөвлөгөөнийг хэрхэн хийх, яаж санал өгөх зэргийг зааж зааварлах эрх хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлд олгоогүй байна.
Түүнчлэн, 24 дүгээр тогтоолд Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг баримталжээ. Энэхүү заалтад “Ерөнхий зөвлөл эрх хэмжээнийхээ асуудлыг энэ хуулийн 15.1-д заасан хуралдаанаар хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол батална” гэжээ. Энэ заалт нь ямар нэгэн эрх хэмжээ олгосон заалт биш харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаас гарах эрх зүйн актыг хэлбэр, нэршлийг л тодорхойлсон заалт байна.
Нөгөө талаар, 24 дүгээр тогтоол Монгол Улсын шүүхийн тухай хуулийг огт баримтлаагүй юм. Гэтэл “шүүгчдийн зөвлөгөөн” гэсэн ойлголт Монгол Улсын шүүхийн тухай хуулиар л зохицуулагдаж байгаа бөгөөд Шүүхийн захиргааны тухай хуультай огт хамаагүй.
Энэхүү илт хууль бус тогтоолоос болж миний Үндсэн хууль, Шүүхийн захиргааны тухай хуульд заасан сонгогдох эрх зөрчигдөж байна.
Захиргааны акт, хэм хэмжээний акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий нөхцөлд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тухай асуудал яригдахгүй, нэгэнт хууль ёсны тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг.
Гагцхүү захиргааны акт болон хэм хэмжээний акт хууль бус тохиолдолд хоёр сонголт гарч ирдэг. Эхнийх нь захиргааны акт хууль бус, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул хүчингүй болгох, харин дараах нь захиргааны акт хууль бус боловч таны эрхийг зөрчөөгүй нь тогтоогдвол уг захиргааны актыг хүчингүй болгодоггүй.
Хариуцагч талаас “нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй шүү дээ” гэж маргаад байгаа нь, заавал тайлбар авахуулъя гэж зүтгээд байгаа нь “өөрсдийн гаргасан хэм хэмжээний актаа хууль зөрчсөн болохыг мэдээд гагцхүү Э.З-ын эрхийг зөрчөөгүй шүү дээ” гэж маргаж байгаа юм байна гэж ойлголоо.
Дээрх байдлаас шалтгаалан доорх тайлбарыг гаргаж байна.
А/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дүгээр тогтоол “хэм хэмжээний акт” мөн болохоо ойлгосон нь том дэвшил боллоо.
Б/ Мөн өөрсдийн актаа хууль бус гэдгийг мэдээд “гагцхүү Э.З-ын эрхийг зөрчөөгүй” гэсэн үндэслэлээр хэвээр нь авч үлдэхийг оролдож байна” гэж ойлголоо.
Хариуцагч талаас захиргааны хэм хэмжээний акт улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэдэгтэй маргахгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж, мөн зүйлийн 67.3-д “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж тус тус заажээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийг бид анхаарах ёстой. Гагцхүү хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй нөхцөлд бид шийдвэр гаргах түвшинд /хуулийн 106 дугаар зүйл/ очдог бөгөөд тэр үед захиргааны акт, хэм хэмжээний акт хууль зүйн үндэслэлтэй эсэхээс гадна уг актын улмаас тухайн нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхээс хамааран харилцан адилгүй шийдвэр гарч болдог.
Миний эрхийг хэрхэн зөрчсөн тухай ярихаасаа өмнө эхлээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийг эхнээс нь шалгах ёстой. Уг зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийн төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж байгаа боловч бид эхлээд 54.1.1 дэх заалтаас эхлэн шалгах ёстой.
Хариуцагчаас батлан гаргасан хэм хэмжээний акт нь хуульд заасны дагуу хүчин төгөлдөр болоогүй гэдэг нь тогтоогдсон, тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй болох нь нотлогдсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэх боломжтой ажээ. Ингэхдээ шүүхийн тогтоолдоо “захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болоогүй, ямар нэгэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэдгийг нь тодорхой зааж, ийм тогтоолоор 2 удаа санал хураалт явуулсан байна гэдгийг нь тодруулж сайн бичиж өгнө үү.
Зөрчигдсөн эрхийн тухайд Монгол Улсын Үндсэн хуульд заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох” эрхийг хязгаарласан. Мөн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан. Энэ нь хуулиас давсан журам гаргасан байдлаас шалтгаалж байгаа болно. Нөгөө талаар, Шүүхийн ерөнхий зөвлөл “хууль дээдлэх” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуульд “зөвхөн хуулиар эрх олгосон байгууллага захиргааны хэм хэмжээний акт гаргах эрхтэй” болох тухай заалтыг /59.1/ зөрчсөн.
Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолыг ... хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Нэг. Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам нь захиргааны хэм хэмжээний акт биш юм.
Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж хуульчилсан. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл (цаашид “Ерөнхий зөвлөл” гэх)-ийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан “Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам” нь захиргааны хэм хэмжээний актын хуульчилсан дээрх шинжийг агуулаагүй тул хэм хэмжээний акт биш юм. Үүнд:
“Нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан” гэдэгт нэгд, “нийтэд чиглэсэн буюу тухайн хэм хэмжээний актын үйлчлэл улсын хэмжээнд эсхүл тодорхой нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн хүрээнд хамаарч буй бүх этгээдэд үйлчлэх шинжтэй хэм хэмжээ тогтоосон байх” ёстой. Энэ утгаараа хэм хэмжээний акт нь улсын буюу нутаг дэвсгэрийн салбарын хэмжээнд хамаарах бүх иргэн, аж ахуй нэгжийн зан үйлийг журамласан шинжтэй байдаг бол Ерөнхий зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолоор баталсан журам нь уг журмын 1.1-д зааснаар шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагаанд хамаарахаар заажээ. Өөрөөр хэлбэл, шүүгч, шүүгчдийн зөвлөгөөн бол “нийт иргэн, хуулийн этгээд биш” юм. Энэ журмын хамрах хүрээ нь шүүгчдийн зөвлөгөөнийг хийхэд харгалзах зохион байгуулалт, техникийн асуудлыг журамласан, зөвлөсөн шинжтэй байна.
Хоёрт, “тухайн харилцаанд оролцогчдод уг хэм хэмжээний акт нь заавал дагаж мөрдөгдөх ... шинжтэй үйлчилдэг байх” ёстой. Ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох асуудал нь хуулиараа зөвхөн шүүгчдийн зөвлөгөөний бүрэн эрхэд хамаарах бөгөөд Ерөнхий зөвлөлийн журам нь хуульд заасан шүүгчдийн зөвлөгөөний бүрэн эрхийг зааварчлаагүй юм. Иймд зөвлөгөөнөөс хэнийг нэр дэвшүүлэх, эс дэвшүүлэх нь зөвлөгөөний бүрэн эрх тул энэ журамд иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг ямарваа нэгэн хэлбэрээр хязгаарласан, зохицуулсан, уг харилцаанд хэн нэгэн иргэнд (нийт этгээд) чиглэсэн “эрх-үүрэг” үүсгэж, хязгаарлаагүй юм.
Ийм учраас Ерөнхий зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолоор баталсан журам нь нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан акт биш юм.
“Гадагш чиглэсэн” гэдэгт актын үйлчлэл нь гадагш чиглэсэн буюу иргэн, хуулийн этгээдэд хандсан байхыг ойлгоно. Захиргааны ерөнхий хууль нь захиргаа болон иргэн, хуулийн этгээдийн хоорондын харилцааг зохицуулах зорилгын хүрээнд захиргаанаас гадна орших эрх зүйн этгээд рүү чиглэсэн үйл ажиллагааг зохицуулна. Харин үйлчлэл нь захиргааны буюу төрийн байгууллагын өөрийн дотоод бүтцэд хандсан шинжтэй бол тус акт нь дотогшоо чиглэсэн болдог. Дээр дурдсанчлан, Ерөнхий зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолоор баталсан журам нь төрийн байгууллагаас өөр субъект буюу иргэн, хуулийн этгээдэд хандаагүй зөвхөн бүх шүүгчдийн зөвлөгөөн тодорхой нэг асуудлыг шийдвэрлэхэд техник зохион байгуулалтыг тодотгосон, төрийн байгууллагын дотоод асуудлыг зохицуулсан тул гадагш чиглэсэн захиргааны хэм хэмжээний акт биш юм.
Иймд тус журмыг захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гэж үзэх үндэслэлгүй бөгөөд захиргааны шинжтэй үйл ажиллагааг зохицуулсан дотогш чиглэсэн журам юм.
Хоёр. Дээрх журам нь шүүгчдийн зөвлөгөөний хуулиар олгогдсон бүрэн эрхийг хөндөөгүй.
Нэхэмжлэгч нь тус журмаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчдийн зөвлөгөөний бүрэн эрхийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Тус журмын 2.1-д зааснаар Ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, мөн журмын 4.1, 4.2-т тус тус зааснаар нэр дэвшигчээс сонгох бүрэн эрхийг зөвхөн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн эдлэх, 2.5-д шүүгчдийн зөвлөгөөн нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэгээ өөрөө тогтоох эрхтэй бөгөөд санал хураалтыг нууцаар явуулж болно гэх зэргээр хуулийн заалтыг ишилж, дурдсан байна.
Иймд тус журам шүүгчдийн зөвлөгөөний бүрэн эрхийг хөндөөгүй, хуулиар зохицуулаагүй харилцааг үүрэгжүүлээгүй, зөвлөсөн шинжтэй юм. Харин олон шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний зохион байгуулахад шаардлагатай техник, зохион байгуулалтын ажиллагааг журамлан тогтоосон тул хууль зөрчөөгүй бөгөөд шүүгчдийн зөвлөгөөний бүрэн эрхийг хөндөөгүй байна.
Гурав. Нэр дэвшүүлэх, санал болох нь захиргааны үйл ажиллагаа юм.
Дээрх маргаан бүхий тогтоол болон түүний хавсралтаар батлагдсан журмаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хороо гэсэн шүүхийн захиргааны хоёр үндсэн байгууллагын гишүүдийг нийт шүүгчдийн дундаас сонгож, санал болгох үйл ажиллагааг зохицуулсан. Учир нь 1) шүүхийн захиргааны дээрх хоёр байгууллагын үйл ажиллагааны хууль зүйн үндэс, зохион байгуулалт, бүрэн эрхийг Шүүхийн захиргааны тухай хуулиар зохицуулдаг, 2) хэрэгжүүлдэг чиг үүрэг нь шүүхийн захиргааны шинжтэй, 3) тухайн байгууллагын гишүүдийн нэр дэвшүүлэх, сонгох үйл ажиллагааг зөвхөн Шүүхийн тухай хуулийн 25.2.5, 25.2.7-д зааснаас гадна Шүүхийн захиргааны тухай хуулийн 13.1 дэх хэсэгт давхар хуульчилсан. Дээрхээс үзвэл Ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнийг сонгох, санал болгох ажиллагаа нь шүүн таслах үйл ажиллагаанд холбогдолгүй бөгөөд шүүхийн захиргааны шинжтэй байна.
Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн захиргааны тухай хуулийн 7.1.1-д заасан “шүүхийн захиргаа, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон стандарт, дүрэм, журам батлан мөрдүүлэх” бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх тогтоолыг батлан гаргасан байна.
Дөрөв. Энэ журам нь нэхэмжлэгчийн эрхийн зөрчөөгүй.
Нэхэмжлэгч “энэхүү илт хууль бус тогтоолоос болж миний Үндсэн хууль, Шүүхийн захиргааны хуульд заасан сонгогдох эрх зөрчигдөж байна” гэжээ. Гэвч түүний ямар эрхийг хэн, хэрхэн яаж зөрчсөн талаар тодорхой үндэслэл, баримт нотолгоо дурдаагүй байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогддог томилгооны албан тушаал билээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.2.4, 52.5.6-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй талаарх үндэслэлээ хангалттай тайлбарлах ёстой.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” хүсэлтийнхээ үндэслэлийг “нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн байх шаардлагыг хангахгүй ... нэр дэвшүүлэх, нэр дэвшигчдээс санал хураах ажиллагааны зохион байгуулалтыг зохицуулсан, дээрх харилцаанд оролцоогүй бусад этгээдэд ямар нэг эрх зүйн нөлөөлөл (албадсан, зөвшөөрөл олгосон гэх мэт) үзүүлээгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоов.
Нэхэмжлэгчээс “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолоор Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-ыг баталжээ.
1. Захиргааны ерөнхий хуульд нийцсэн эсэх тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заажээ.
А) Хуулиар тусгайлан эрх олгогдсон эсэх тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар захиргааны хэм хэмжээний актын хувьд тухайн хэм хэмжээний актыг батлан гаргах эрх хэмжээг хуулиар тусгайлан зааж тухайн захиргааны байгууллагад эрх олгосон байхыг шаарддаг. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолоор зохицуулсан “Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагаа”-тай холбоотой харилцааг зохицуулах эрх хэмжээг хуулиар тусгайлан Шүүхийн ерөнхий зөвлөлд олгоогүй байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 24 дүгээр тогтоолоор маргаан бүхий журмыг баталж, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байх бөгөөд уг хэм хэмжээний актаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж заасантай нийцүүлэх, улмаар улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байжээ.
Б) Нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй эсэх тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан гэдэг нь уг хэм хэмжээний актын үйлчлэл чиглэсэн буюу тухайн журмаар зохицуулагдаж буй харилцаанд оролцох боломжтой бүх этгээдэд үйлчлэх шинжтэй байх тухай бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам” нь тухайн зохицуулж буй харилцаанд оролцох эрхтэй, түүний дотор нэр дэвших боломжтой этгээдэд заавал дагаж мөрдүүлэх зохицуулалттай гэж үзэхээр байна.
Журам нь тодорхой асуудлыг шат дараатай зохицуулж, бүхэлдээ тодорхой нэг үр дүнд хүрэх харилцааг зохицуулсан агуулгатай байдаг. Тухайн журмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчдийн нэгдсэн жагсаалт гаргах, саналт хураалт явуулах, санал хураалтын дүнг нэгтгэх, санал болгох зэрэг шүүгчдийн зөвлөгөөний үйл ажиллагааг зохицуулснаараа нэр дэвшигч этгээдүүдэд үйлчлэл бүхий гадагш чиглэсэн шинжтэй байна.
Шүүгч (шүүх, шүүгчдийн зөвлөгөөн) болон Шүүхийн ерөнхий зөвлөл хоорондын харилцааг дотогш чиглэсэн харилцаа гэж үзэхгүй. Тухайлбал, Журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т “Шүүгчдийн зөвлөгөөн санал хураалт явуулахдаа энэ журмын 2 дугаар зүйлийн 2.2-2.4-т заасныг баримтална” гэж заасан нь уг журмыг үндэслэж Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5, 25.2.7-д заасан асуудлаар мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д зааснаар шүүгчдийн зөвлөгөөн нь дэгээ өөрөө тогтоох бүрэн эрхэд хамаарах асуудлаар зохицуулсан байна.
Нөгөө талаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд Шүүхийн захиргааны тухай хуульд заасан шаардлага хангасан (шүүгч бус) хүн нэр дэвших боломжтой бөгөөд маргаан бүхий журам нь нийтлэг байдлаараа тухайн нэр дэвшигчид үйлчлэхээр байх тул “гадагш чиглэсэн зохицуулалт агуулсан шинжгүй, дотоод зохион байгуулалтын шинжтэй” гэж үзэх боломжгүй. Хэдийгээр энэхүү журмаар шүүгчдийн зөвлөгөөн болон тооллогын комисстой холбоотой харилцааг зохицуулж буй гэх боловч шүүгчдийн зөвлөгөөн болон тооллогын комисс нь уг журмаар зохицуулагдаж буй харилцаанд оролцох этгээдэд энэхүү журмыг баримтлан шаардлага тавих агуулгатай гэж үзэхээр байх тул энэхүү журмыг зөвхөн дотоод зохион байгуулалтын шинжтэй, гадагш чиглэсэн шинжгүй гэж үзэхээргүй байна.
2. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх тухайд:
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нарт гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ТГ/470, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ТГ/754 тоот албан бичиг зэргээс үзвэл нэхэмжлэгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолоор баталсан журмаар зохицуулагдаж буй харилцаанд буюу шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн байна. Маргаан бүхий тогтоолоор шүүгчдийн зөвлөгөөн өөр өөрөөр, тухайлбал тухайн зөвлөгөөнд нэр дэвшигч өөрөө байгаа тохиолдолд илээр санал хурааж болохоор (санал хураалтыг нууцаар явуулж болно) зохицуулсны улмаас нэхэмжлэгчийн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох” (сонгох, сонгогдох) эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэхээр байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасны дагуу маргаан бүхий тогтоол нь хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бусад тооцохоор байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8, 112 дугаар зүйлийн 112.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 67 дугаар зүйлийн 67.2-т заасныг тус тус баримтлан Э.З-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА