Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/407

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг, М.Нарансолонго,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Д.Д- түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Очирваань овогт Доржготовын Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905043031745 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1956 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн улс төрч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо ... гудамжны ... тоотод оршин суух, Очирваань овогт Доржготовын Д-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Д- нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... байрны Сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэн хариуцсан хөрөнгөнөөс 872,060 төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д- мэдүүлэхдээ: “Би 03 дугаар сараас 9 сарын дунд хүртэл Сууц өмчлөгчдийн холбооны даргын ажлын үүрэг гүйцэтгэсэн. 17 айлтай. Ихэнх нь түрээсийн хүмүүс амьдардаг. Тодорхой хэмжээгээр мөнгө цуглардаг. Тэрийг ус болон дулаан, жижүүрийн цалин өгч цэвэрлэгээний материал авч өгч байсан. Сууц өмчлөгчдийн холбооны татварын өрийг төлж байсан. Оюунаагийн нийгмийн даатгалын мөнгийг төлсөн. Би тухайн байрны барилгыг 2008 онд ашиглалтад оруулж өгсөн. 3 жилийн хугацаанд засвар, урсгал заслуудыг өөрсдийн хөрөнгөөр шийдвэрлэж хийдэг байсан. Түүнийг Сууц өмчлөгчдийн холбооны дарга Цэвэлмаа мэднэ. Дараа нь Цэвэлмаагийн биеийн байдал эрүүл мэндийн хувьд боломжгүй байдал үүсээд хүмүүс надад ажиллах санал тавьсан. Би 872,000 төгрөгийг юунд зарцуулсан бэ гэвэл, оршин суугчид шатны бариулыг солих, граш гэрэлтүүлэгтэй болгож өгөөч зэрэг хүсэлтийн дагуу материал авсан байсан. 1 давхартай байгаа. Норовоо гэдэг айл аж ахуй нэгж эрхэлдэг. Би 10 жил Сууц өмчлөгчдийн холбоонд мөнгөнд 20,000,00 төгрөг төлж ирсэн. Нэг ч юм хийгээгүй гээд төлөөгүй. 2 дугаар давхарт ресторан ажиллаж байгаад больсон. Гаднаас орж ирдэг мөнгө төгрөг бүрэн гүйцэт орж ирээгүй. Би дундуур нь өөрөө засвар хийх шаардлага гараад материал авсан байсан. Оршин суугчид болон түрээсийн айлууд Сууц өмчлөгчдийн холбооны мөнгөө алдаг оног төлдөг болоод ажилчдын цалинг өгч чадахгүй болсон. Материал нь Сууц өмчлөгчдийн холбооны 40 айлын граш дотор байгаа. Хажуу талын барилгын материалын граш дотор бас хадгалсан. Олон түмэнд хэрэгтэй юм хийх гээд материал авсан байгаагаа очиж үзээч гэж цагдаад хэлж байсан. Зайлшгүй хийх шаардлагатай юмны төлөө авсан. Энэ дээр хөндлөнгийн аудит гаргаж дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэлт тавьсан” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Д.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          .... сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээний хуулбар. /хэргийн 1 дүгээр хавтас 26 дугаар хуудас/

 

.... сууц өмчлөгчдийн албаны бичиг баримтууд, тамга хүлээлгэн өгсөн жагсаалтын хуулбар, протокол. /хэргийн 1 дүгээр хавтас 19-20 дугаар хуудас/

 

             Хохирогч Ө.Батхүүгийн “Манай .... байрны хуучин сууц өмчлөгчдийн холбооны дарга Цэвэлмаа ажилдаа ирэхгүй удаад байхаар нь гайхаад учрыг асуусан чинь ажлаа хүнд өгсөн гэж сонссон. Тэрнээс хойш 2-3 сарын дараа Орон сууцны контороос тус байрны цахилгаан, усыг тасална гэхээр нь яагаад тэгж байгаа юм бэ гэхэд цахилгаан, усны мөнгөө төлөөгүй гэж хэлсэн. Тэгтэл Д- гэдэг хүн оршин суугчдын төлбөрийг авч ашиглаж байсан. Энэ асуудлаар тус хэлтсийн 3 дугаар хорооны хэсгийн байцаагчид өргөдөл гаргатал, энэ асуудал зөрчил биш, гэмт хэргийн шинжтэй байна, тиймээс та цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдлөө өг гэж хэлсэн. Би яг хэдэн төгрөгийн хохирол учирсныг мэдэхгүй байна. Бидэнд тамга тэмдэг байхгүй учир холбогдох мэдээлэл байхгүй байна. Оршин суугчдаас асуухаар 7,000,000 -8,000,000 орчим төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна.

          ... Д- нь манай байранд ямар нэгэн үйл ажиллагаа, техник хэрэгсэл, засвар үйлчилгээ хийгээгүй. Сүүлд цагдаад өргөдөл гаргаж өгснөөс хойш 6 ширхэг цагаан хоолой шиг зүйл авчирсан. Өөр ямар нэгэн зүйл хийгээгүйг тус байрны оршин суугчид бүгд мэднэ. Бид хамгийн түрүүнд тамга, тэмдгийг яаралтай авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 36 дугаар хуудас/

 

          Гэрч Н.Баттогоогийн өгсөн “Би Баянгол дүүргийн 3 дугаар хороо .... байранд ирээд 6 жил болж байна. Манай эхнэр Х.Оюунаа нь жижүүрийн ажлыг хийдэг юм. Тэгтэл 2019 оны 02 дугаар сарын 28- наас 29-ний өдрийн үед СӨХ-ийн ажлыг авсан Д- нь огт ажлаа хийхгүй байгаа мөртлөө оршин суугчдын СӨХ-ийн мөнгийг идэж уугаад байгаа болохоор нь оршин суугчид дургүйцээд солих гэхэд тамга тэмдэг авч явчхаад өгөхгүй байгаа болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм.

          ... Д- нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний үед хүрч ирээд би танай СӨХ-ийн даргаар ирсэн. Хэдүүлээ хамтарч ажилланаа гэсэн. Тэгээд тэрнээс хойш хэд хэдэн удаа манай эхнэртэй ярьсан. Түүнээс хойш огт ирээгүй. Оршин суугчид бол хэд хэдэн удаа ирсэн гэж хэлж байсан.

          ... Тухайн оршин суугчид мэдэж байгаа хамгийн гол тамгаа олж авах хэрэгтэй байна. Хохирлын мөнгийг тамга авч байж болно” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 38 дугаар хуудас/,

          “... Сууц өмчлөгчдийн холбоонд ерөнхийдөө бензин ашиглах зүйл бол байхгүй. Хэрвээ ямар нэгэн засвар үйлчилгээ хийгдээд гадны байгууллага үйл ажиллагаа явуулах тохиолдолд тэр байгууллагатай гэрээ хийж гэрээний дагуу мөнгөө өгдөг. Тэрнээс биш Сууц өмчлөгчдийн холбоо өөрсдөө бензин ашиглаад байх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 237 дугаар хуудас/

 

            Гэрч Х.Оюунаагийн өгсөн “Би сард 250,000 төгрөг, манай нөхөр 50,000 төгрөгийн цалин авдаг байсан. Д- гэх хүн 2019 оны 03 дугаар сарын эхээр хүрч ирээд би танай СӨХ-ийн дарга болсон гэж хэлээд 2019 оны 03 дугаар сараас хойш 3 удаа цалинг маань өгсөн. Өгөхдөө хэзээ ч хамаагүй дуудаад хагас дутуу өгдөг байсан. Сүүлийн 4 сарын хугацаанд би цалин аваагүй. Тэрнээс өмнөх цалинг дандаа дутуу өгч байсан. Мөн эрүүл мэнд, нийгмийн даатгал төлөөгүй. Мөн амралтын мөнгө бас өгөөгүй. Д- нь манай байранд ямар нэгэн тохижилт үйлчилгээний ажил огт хийгээгүй.

... Би цалингаа авмаар байна. Би цалингүй олон сар ажиллаж байна. Мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг өгөөгүй. Байранд ус алдаад залгахаар Д- нь утсаа авахгүй ажлын байран дээрээ ирдэггүй. Мөн ажил хийх саван, вок, цэвэрлэгээний материал авч өгдөггүй. Өдийг хүртэл би өөрөөсөө гаргаж цэвэрлэгээ хийж байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-42 дугаар хуудас/,

“...Миний нэр дээр нийгмийн даатгал Д- ажиллаж байх хугацаанд төлөгдөөгүй. Би 1 сарын 400,000 төгрөгийн цалинтай. Мөн миний нөхөрт 50,000 төгрөг граш харлаа гэж өгдөг юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 234-235 дугаар хуудас/

 

            Гэрч Л.Даваахүүгийн өгсөн “... Манай СӨХ-ийн удирдах зөвлөлийн гишүүд хуралдаад тэгээд Д- гэдэг хүнийг байрны шинэ СӨХ-ийн даргаар 2018 оны 03 дугаар сард томилсон. Тэгээд тэрнээс хойш би тэр СӨХ-ийн асуудалд оролцоогүй. Дараа нь сонсоход тэр Д- гэдэг хүн Цэвэлмаагаас тамга тэмдэг хүлээн авсан сураг байсан. Бид нарын дэргэд бол ямар нэг тамга тэмдэг хүлээлцсэн зүйл байхгүй. Би бол тухайн хүнд ямар нэг мөнгө захиран зарцуулах эрх олгоогүй. Харин тэр хүн СӨХ-ийн дарга болсон учраас иргэдээс авсан СӨХ-ийн мөнгөө захиран зарцуулаад тухай бүрдээ тайлагнаж байх ёстой байдаг.

... Д- 2018 оны 03 дугаар сараас одооны шинэ дарга Батхүүг ажил авах хүртэл хугацаанд Сууц өмчлөгчдийн холбооны дарга хийсэн. Би бол Д-тай ямар нэг хэлбэрээр Сууц өмчлөгчдийн хураамжийн мөнгөнөөс хэрэглэж байгаагүй.Би Д-г сонгогдсоноос хойш Сууц өмчлөгчдийн ажилд оролцоогүй. Дараагийн дарга томилогдох үйл явцад хүртэл оролцоогүй.

... Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуульд Сууц өмчлөгчдийн холбооны орон тоо цалингийн хэмжээг зөвхөн удирдах зөвлөл тогтоох хэрэгтэй байдаг. Хэрэв Сууц өмчлөгчдийн холбооны дарга ондоо хүн авч ажиллуулсан бол бас зөрчил болдог зүйл. Тийм болохоор Д-г Сууц өмчлөгчдийн холбооны даргаар ажиллаж байхдаа иргэдээс Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт өгсөн мөнгийг хуулийн хүрээнд зарцуулсан эсэхийг шалгуулах хүсэлттэй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-54 дүгээр хуудас/

 

            Гэрч Д.Цэвэлмаагийн өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл би .... сууц өмчлөгчдийн холбооны даргаар 10 жил ажилласан байсан.

... Тэрнээс хойш тухайн байрыг барьсан Цэнхэр Хангай ХХК-ний захирал Д- гэдэг хүн над руу яриад “би наад СӨХ-ийн чинь даргын ажлыг авч хийе” гэж хэлэхээр нь би Удирдах зөвлөлийн дарга Даваахүү рүү утсаар яриад Д- гэдэг хүн СӨХ-ийн даргаар ажилламаар байна гэнээ яах вэ гэж асуухад өө тийм үү тэгвэл наад байрыг чинь барьсан хүн юм чинь өгчихвөл зүгээр юм байна гэж зөвшөөрсний дагуу 2019 оны 02 дугаар сарын 18-ний өдөр хүлээлгэж 13 төрлийн бичиг баримт, тамганы хамт хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж авсан.

... Тэгээд 2019 оны 02 дугаар сарны 28-ны өдөр би дуудаад санхүүгийн баримтуудаа банктайгаа тооцоогоо тулгаад хийгээд өгье хүрээд ир гэж хэлсэн боловч ирээгүй. Би бүр өдөржингөө утсаар залгасан боловч ирээгүй ба утсаа авахгүй байж байж нэг удаа утсаа авахаар нь би “чи яагаад банкин дээр ирж шилжүүлгээ хийхгүй, цалингаа тавихгүй, дулаан, цахилгааны төлбөр шилжүүлгээ төлөхгүй байгаа юм бэ гэж асуухад би өөрөөсөө өгчихсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яагаад ажил алба хольж байгаа юм бэ наадахыг чинь банкаар л дамжуулан хийдэг юм шүү дээ гэж хэлээд орхисон. Тэрнээс хойш надтай ахиж харьцаагүй. Энэ үед хоёр жижүүр л байнга над руу залгаад цалингаа авч чадахгүй байна гэж хэлсэн.

... Би 522,073 төгрөгийн үлдэгдэлтэй өгсөн. Надад одоо тухайн Сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 01-02 дугаар сарын санхүүгийн баримт байна. Мөн урд жилүүдийн санхүүгийн баримтууд байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 55-57 дугаар хуудас/

 

Тэд Аудит ХХК-ний “... .... СӨХ-ны даргаар ажиллаж байсан гэх Д.Д- нь дээрхи кассын үлдэгдэл болох 872,060=00 төгрөгийг буцааж харилцахад тушаалгүй хувьдаа ашиглаж, СӨХ-д хохирол учруулсан гэхээр байна. ....” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 59-77 дугаар хуудас/,

 

Төрийн банкны 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 026/7018 дугаартай албан бичиг, .... СӨХ /9175539/-ийн 103300013956 тоот дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 81-83 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдса нэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Д.Д- нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... байрны Сууц өмчлөгчдийн холбооны даргаар ажиллах хугацаандаа итгэмжлэн хариуцсан хөрөнгөнөөс 872,060 төгрөгийг хувьдаа авч завшсан нь Хөрөнгө завших гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Д.Д- нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохиролд зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн улмаас 872,060 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Д.Д- нь шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд 872,060 төгрөгийг .... сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримтыг гарган өгсөн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,00 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргажээ.

Шүүх шүүгдэгч Д.Д-г хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлуудыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Очирваань овогт Доржготовын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Д.Д-г 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Д.Д-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Д.Д- нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Д- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ