Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00114

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

  Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би  Сэлэнгэ аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй Анужээ ХХК-д холбогдох 5039703.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...... Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаа эрхлэн явуулдаг Анужээ ХХК-д нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйл заалтуудыг зөрчин нийгмийн даатгалын хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн алданги болох 5039703,89 /таван сая гучин есөн мянга долоон зуун гурван/ төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын санд оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Анужээ ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...... Сэлэнгэ аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг нэхэмжилж байгаа 5039703,89 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн. Маргах зүйл байхгүй гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 5039703,89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Анужээ ХХК-ний захирал П.Энхтүвшин нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 5039703,89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Анужээ ХХК нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН