Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/403

 

 

 

 

 

 

 

 

  2021           6             21                                        2021/ШЦТ/403

 

 

 

                                

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Г.У- түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Гансүхийн У-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805060950505 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, архивч, бичиг хэрэг мэргэжилтэй, ам бүл 4, Сонгинохайрхан дүүрэг ... дүгээр хороо Зээлийн ... дүгээр гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн ... дүгээр хороо ...  дугаар гудамжны ... тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/712 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/712 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон овогт Гансүхийн У-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.У- нь 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгслийг хямдхан олоод өгнө” гэж хохирогч Э.Ж-ыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж улмаар Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ” худалдааны төв дотор Э.Ж- нь автомашины урьдчилгаа төлбөр болгон Г.У-гийн эзэмшлийн Хаан банкны 5070301351 тоот данс руу 6,000,000 төгрөг шилжүүлж залилуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Г.У- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч Э.Ж-ы “Би 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр би нэг хүнээс автомашин хямдхан оруулж ирдэг хүн байна гэхээр нь утасны дугаарыг нь авч байгаад Гансүхийн У- гэж хүнтэй 99409558 дугаарын утсаар холбогдож уулзсан. Тэгсэн тухайн үед тэр хүн нь 3 хоногийн дараа гааль дээр автомашин бууна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгсэл авмаар байна гэж хэлэхэд тэр У- нь нийт үнэ нь 13,000,000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед их хямдхан юм байна гэж бодоод авъя гэж хэлсэн. Тэгсэн тэр У- нь урьдчилгаа 6,000,000 төгрөгийг шилжүүл, гааль дээрээс автомашины урьдчилгаа хэрэг болно гэж хэлсэн.

          Тэгээд би тэр У-д тэр өдрөө эхнэр Нарансайханы дансанд байсан 6,000,000 төгрөгийг У-гийн Хаан банкны данс руу урьдчилгаа болгож шилжүүлсэн. Тухайн үед надад болохоор тэр У- нь ахдаа нэг автомашин авсан, харин өөртөө нэг автомашин авах гэсэн чинь мөнгө хүрдэггүй, тэгээд тэр автомашинаа хямдхан зарж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед тэр хүнд итгээд мөнгөө өгсөн. Харин автомашин орж ирсэн үгүйг нь бол мэдэхгүй байна. Тэгээд би тэр өдрөө мөнгө шилжүүлснээс хойш уулзаж чадахгүй, надаас зугтаагаад байхаар нь автомашинаа авъя, нэг бол мөнгөө авъя гэж олон удаа утсаар салгаж, мессэж бичиж шаардсан. Тэгсээр байхад У- нь одоог хүртэл мөнгө төгрөгөө өгөхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.

          ... Би тэр У- гэж хүнд мөнгө өгөх үедээ бол итгээл өгчихсөн. Харин У-гаар 6,000,000 төгрөг бол авсан гэсэн бичгийг хийлгүүлж өөрөөр нь бичүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

          “... Би 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр У-тай 3,4 дүгээр хорооллын эцсийн Оргил худалдааны төвийн замын урд талд уулзаад Дүүхээ худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс эхнэр Нарансайханы данснаас АТМ-р Г.У-гийн Хаан банкны данс руу 6,000,000 төгрөг /Prius 30 урьдчилгаа гэсэн утгатай/ шилжүүлж өгсөн.

          ... Би 1,000,000 төгрөгөө Г.У-гаас авчихсан бөгөөд одоо үлдэгдэл хохирол 5,000,000 төгрөгөө яаралтай барагдуулж авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 25 дугаар хуудас/,

          “... У- нь өөрөө машин оруулж ирдэг гэж эхлээд яриад байсан. Бүр оруулж ирж байгаа 7 хоногийн дараа ирчихнэ гэж байсан. Сүүлд болсон чинь эгч маань оруулж ирэхээр байсан, тэр бүтсэнгүй энэ тэр гээд эхэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 93-94 дүгээр хуудас/

 

          Гэрч Д.Нарансайханы “Манай нөхөр Ж- 2018 оны 6 дугаар сарын дундуур байх найзынхаа найзаас 2 ширхэг автомашин гаалийнх нь үнээр авна гээд гэртээ орж ирсэн. Тухайн үед урьдчилгаа төлбөрөө төлөөд маргааш өглөө гааль дээрээс очиж авна гэж ярьсан. Тэгэхээр нь би тухайн үед нөхөр Ж-д 6,000,000 төгрөг хэрэгтэй гээд байсан. Тэгэхээр нь би тухайн үед өөрт байсан мөнгөө нөхөртөө өгөөд явуулсан. Тэгсэн манай нөхөр тэр өдөртөө орой нь байх нөгөө хүмүүстэйгээ уулзана гээд явсан. Тэгсэн тэр оройноо У- гэж хүний данс руу 6,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд маргааш өглөөнөөс нь авхуулаад манай нөхрийг энд хүрээд ир, тэнд очоод хүлээж бай гээд л яваад байсан. Тэрнээс хойш харин манай нөхөр тэр У- гэж хүнтэй нэг удаа уулзаад явж байх үед нь нэг удаа тааралдсан. Тэрнээс бол тэр хүнээс одоог хүртэл нэг ч төгрөг аваагүй байгаа.

          ... Манай нөхөр Ж- бол миний мөнгө болон эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29-30 дугаар хуудас/

 

          Хаан банкны харилцагч Д.Нарансайханы депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 40 дүгээр хуудас/

 

          Хаан банкны харилцагч Г.У-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 59-60 дугаар хуудас/

 

          Дансны хуулганд үзлэг хийсэн тухай “... Уг хуулганы 717 дугаартай хэсэгт 2018.07.28-ны өдөр 5070301351 тоот дансанд Хаан банкны 5041102340 тоот данснаас 6,000,000 төгрөг “Машины урьдчилгаа Фриус 30 У-” гэсэн гүйлгээний утгатайгаар орлого хийгдсэн байв.

          Уг мөнгөний зарцуулалтыг үзэхэд 2018.07.28-ны өдөр 50,000 төгрөг, 2018.07.28-ны өдөр 450,000 төгрөг, 2018.07.28-ны өдөр 20,000 төгрөг, 2018.07.28-ны өдөр 100,000 төгрөг гэх байдлаар зарцуулалт хийгдэж байгаад 2018.07.28-ны өдөр 5,000,000 төгрөг Хаан банкны 5753390440 тоот данс руу “Фриус 30 машиний урьдчилгаа У-гаас Энхтайван” гэсэн гүйлгээний утгатайгаар дугаар хэсгийн 732 дээр зарлага хийгдсэн байсныг ягаан өнгийн тодруулагчаар тодруулан харуулав.

          Уг мөнгө зарцуулалт хийгдсэний дараа хуудасны 60 дээр дансны хуулганы 142 дугаар дээр 2018.08.23-ны өдөр мөнгө хүлээн авч байсан 5753390440 тоот данснаас 5,000,000 төгрөг Энхтайванаас гэсэн гүйлгээний утгатайгаар буцааж орлого байдлаар орж ирсэн байсныг ягаан тодруулагчаар тодруулан харуулав.

...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 68 дугаар хуудас/

 

          Гэрч Ц.Энхтайваны “... Тухайн үед буюу 2018 онд Төв аймгийн Эрдэнэ суманд ажлаа хөөцөлдчихөөд буцаад хот руу явах болох үед У- гэж хүн миний машинд дайгдаж Улаанбаатар хот руу ирсэн. Ирж байх замдаа У- нь өөрөө машин худалдан авах гэж байгаа, хямд үнэтэй машин олоод өгөх боломж байна уу, би Prius 30 маркийн автомашин сонирхож байгаа, олоод өгөөч гэхээр нь таньж мэддэг хүмүүсээсээ асууж сураглая гэж хэлсэн.

          ... Тэгтэл У- нь надад урьдчилгаа мөнгө нь байна, үлдэгдэл мөнгийг нь увуулж цувуулаад өгье гэхээр нь нэгэнт хүнд тус болъё гэсэн учраас өөрөөсөө мөнгө гаргаж байгаад авч өгөх, эсвэл өөрийнхөө тухайн үед унаж байсан Prius 20 маркийн автомашинаа өгье гэж бодоод зөвшөөртөл У- нь тань руу тэгвэл урьдчилгаа мөнгөө хийчихье гэхээр нь би өөрийн төрсөн эгч Ц.Отгоны нэр дээр байдаг боловч би ашигладаг дансаа өгсөн. Улмаар У- нь 2018.07.28-ны өдөр 5,000,000 төгрөг Хаан банкны 573390440 тоот данс руу Prius 30 машины урьдчилгаа У-гаас Энхтайван гэсэн гүйлгээний утгатайгаар мөнгийг шилжүүлсэн. Ингээд би хүмүүсээс машин сураглаж байсан боловч энэ хугацаанд У- нь утсаар холбогдож ярихаараа үлдэгдэл мөнгийг нь яах нь мэдэгдэхгүй, ярьж байгаа зүйл нь худлаа ч юм шиг, барин тавин байгаад байхаар нь У-д машин авч өгөөд хэрэггүй юм байна, аваад өгчихвөл сүүлдээ асуудал болох юм байна гэж шийдээд машин олдохгүй юм байна гээд У-гаас машины урьдчилгаанд гэж авсан 5,000,000 төгрөгийг 2018.08.23-ны өдөр эгчийн нэр дээрх Хаан банкны 5753390440 тоот данснаас 5,000,000 төгрөг Энхтайванаас гэсэн гүйлгээний утгатайгаар мөнгийг буцаан шилжүүлэн өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 96-97 дугаар хуудас/

 

          Г.У-гийн яллагдагчаар өгсөн “... Би Ж- гэж хүнд Toyota Prius маркийн автомашин олж өгнө гэж 6,000,000 төгрөг авч, уг мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан маань үнэн. Энхтайван эгч машин олж өгнө гэхээр нь өгчихсөн юм. Тэгээд олж өгөх боломжгүй байна гээд мөнгийг буцааж надад өгч байсан. Тэгэхээр нь би тэр мөнгийг өөртөө хэрэглэчихсэн юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 113-114 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг болно.

Тодруулбал, шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Г.У- нь автомашин худалдан борлуулахтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлдэггүй мөртлөө хохирогч Э.Ж- Prius 30 маркийн автомашинтай болох гэсэн хүсэл зоригийг гүйцэлдүүлж чадна гэж худал хэлэн зохиомол байдлыг бий болгох замаар түүнийг төөрөгдүүлсэн нь залилах гэмт хэргийн шинжийг бүрнээ хангана.

Иймд шүүгдэгч Г.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Г.У- нь өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохиролд зориуд хүргэсэн нь шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн улмаас 6.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Жаргалсайхын “...Би 1,000,000 төгрөгөө Г.У-гаас авчихсан бөгөөд одоо үлдэгдэл хохирол 5,000,000 төгрөгөө яаралтай барагдуулж авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/ авагдсан байх тул үлдэгдэл 5,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.У-гаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/712 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 53 хоногийг энэ тогтоолоор оногдуулсан 8 сарын хорих ялд нэмж нэгтгэн 9 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох саналыг гаргажээ.

 

Шүүгдэгч Г.У- нь урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/712 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж уг ялыг биелүүлээгүй байх тул ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлах нь зүйтэй байна.

Шүүх, шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, бага насны хүүхэдтэй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Ингэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/712 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялын биелэгдээгүй 800,000 төгрөгийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1,800,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, түүний эрхэлсэн ажил, орлогогүй байдлыг харгалзан торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацааг 10 сарын хугацаагаар тогтоов.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.У- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Гансүхийн У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.У-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Г.У-д энэ тогтоолоор оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял дээр өмнөх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/712 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялыг 1,800,000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.У-г торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.У- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.У-гаас 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулж Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Рапит 23 дугаар байр 163 тоотод оршин суух Ралдий овогт Энхтөрийн Ж-д /РД:ХП85012316/ олгосугай.

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.У- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ