Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/145

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа

Улсын яллагч Л.Э

Хохирогч Д.Н

Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Мт холбогдох эрүүгийн 2125000000149 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ц.М

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ц.Мийг 2021 оны 03 дугаар сарын 08-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ”Эрдэнэс” бүжгийн клубт иргэн Д.Нын биед халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Мийн мэдүүлсэн “Намайг гүтгэж байна. Бүжгэн дээр бүжиглэдэг л гэж мэднэ. Урьд нь дугаараа нуусан утсаар доромжилдог байсан. Судлахад Нансалмаа эгч байсан. Тэгээд доромжлоод байхаар нь би 1 л удаа алгадсан. Тэр өдөр 3 сарын 08-нд жаахан пиво уусан байсан. Би олон цохиж зодоогүй, бүжиглэж байхдаа л 1 удаа алгадсан. Би зодоогүй намайг гүтгэж хорлох гээд байна. Би хохирол төлж чадахгүй, цалин багатай” гэх мэдүүлэг,

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.Нын мэдүүлсэн”Энэ охин худал хэлж байна. 2020 оны 10 сарын 14-нд намайг эмийн санд байхад цохиж байсан. Тэр удаа өнгөрөөсөн. Гэтэл утсаар байнга залгаад байхаар нь дугаараа нууцалсан. 200-300 удаа залгаж мессеж бичдэг байсан. Бүжгэн дээр байхад нүүр ам самардаад цохисон. Тэр Хүрлээтэй хардаад ингэх болсон. Зүү тавиулж толгойгоо бариулсан. Эм тариа их хийлгэсэн. Хувцас солих өрөөнд цааш хараад хувцас сольж байхад үснээс зулгааж өшиглөж зодсон. Зааланд сууж байхад зүүн тал руу алгадаж дал руу цохисон. 1 сар гаруй ажлаа хийгээгүй, дэлгүүрийн үйлчлэгч хийж байсан. Эмийн эмчилгээний зардал 374,000 төгрөг, нэмж 1 сарын цалингаа нэхэмжилнэ ” гэх мэдүүлэг,

-Хохирогч Д.Нын мөрдөн байцаалтад мэдүүлсэн  ”Эрдэнэс” бүжгийн клубт ороод бүжиглэх гээд хувцсаа сольж байхад зүс таньдаг Чимгээ гэдэг эмэгтэй миний ар талаас толгойн орой хэсэг рүү 3 удаа гараараа цохисон, мөн үснээс зулгаагаад миний нүүрэн тус газарт гараараа цохисон. Мөн зүүн гуяны дотор тал руу өшиглөсөн. Энэ үед хувцас сольдог өрөөнд Золоо гэдэг нэртэй эмэгтэй байсан ба бид хоёрыг салгасан. Чимгээ ямар зорилгоор яах гэж намайг цохисон талаар мэдэхгүй байна. Чимгээ хувцас солих өрөөнөөс гараад явсан. Би хэсэг сууж байгаад хувцас солих өрөөнөөс гараад бүжгийн танхимд ороод сандал дээр суусан мөн бүжиглэсэн. Хэсэг хугацааны дараа Чимгээ бүжгийн талбай дээр байхад ирээд чи Хүрлээтэй хоёр өдөр хамт архи уусан, тэрийгээ боль гэж хэлээд миний зүүн талын дал хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би шууд бүжгээс гараад гэртээ харьсан. Би эмчилгээний зардалд 374,000 төгрөгийг зарцуулсан. Баримтуудыг нь гаргаж өгнө..." гэх мэдүүлэг / хх-ийн 13-15-р хуудас/

-Гэрч М.Золзаяагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Сүүлд 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр бүжгийн клубт Мөнхчимэг нь Нансал эгчийг 2 удаа зодсон....” гэх мэдүүлэг / хх-ийн 17-р хуудас/

 

-Гэрч Б.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Нансал эгч бид 2 бүжгийн заалнаас гарах үед Мөнхчимэг ирээд Нансал эгчийг цохих гээд байхаар нь би болиоч гэж хэлээд Нансал эгчийг дагуулаад бүжгээс гараад хамт машинд суугаад явсан....” гэх мэдүүлэг / хх-ийн 23-р хуудас/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 214 дугаартай “ ... Д.Нын биед хамрын таславчийн муруйлт, гэмтлийн гаралтай толгойн өвдөлт, баруун шанаа, хамрын нуруу, зүүн гуя, хэлний үзүүрт зөөлөн эдэд 4 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Хамрын таславчийн муруйлт, гэмтлийн гаралтай толгойн өвдөлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. ...Шинэ гэмтлүүд байна... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/

-Шүүгдэгч Ц.Мийн яллагдагчаар мэдүүлсэн “... Би Нансалын нүүрэн тус газарт нэг удаа алгадсан. Тэрнээс өөрөөр цохиж зодоогүй. Би Нансалыг нэг удаа нүүрэн тус газар алгадахдаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 39-р хуудас/

 

-Хохирогч Д.Наас гаргаж өгсөн хохирлын баримтууд болон амбулторын картын хуулбар /хх-ийн 56-64, 73-87-р хуудас/ зэрэг нотлох баримтууыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Үйл баримт: Шүүгдэгч Ц.М нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт ”Эрдэнэс” бүжгийн клубын хувцас солих өрөөнд болон бүжгийн зааланд иргэн Д.Ныг зодож биед нь хамрын таславчийн муруйлт, гэмтлийн гаралтай толгойн өвдөлт, баруун шанаа, хамрын нуруу, зүүн гуя, хэлний үзүүрт зөөлөн эдэд 4 тооны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Ц.М нь хувийн шинжтэй үл ойлголцлоор нэг бүжгийн клубт бүжиглэдэг Д.Нын биед 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр халдсанаас эрүүл мэндэд нь гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Д.Нын ”Эрдэнэс” бүжгийн клубт ороод бүжиглэх гээд хувцсаа сольж байхад зүс таньдаг Чимгээ гэдэг эмэгтэй миний ар талаас толгойн орой хэсэг рүү 3 удаа гараараа цохисон, мөн үснээс зулгаагаад миний нүүрэн тус газарт гараараа цохисон. Мөн зүүн гуяны дотор тал руу өшиглөсөн. Энэ үед хувцас сольдог өрөөнд Золоо гэдэг нэртэй эмэгтэй байсан ба бид хоёрыг салгасан...Хэсэг хугацааны дараа Чимгээ бүжгийн талбай дээр байхад ирээд чи Хүрлээтэй хоёр өдөр хамт архи уусан, тэрийгээ боль гэж хэлээд миний зүүн талын дал хэсэг рүү гараараа нэг удаа цохисон...”гэх мэдүүлэг, гэрч М.Золзаяагийн  “... 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр бүжгийн клубт Мөнхчимэг нь Нансал эгчийг 2 удаа зодсон....” гэх мэдүүлэг, гэрч Б.Долгорсүрэнгийн “...Нансал эгч бид 2 бүжгийн заалнаас гарах үед Мөнхчимэг ирээд Нансал эгчийг цохих гээд байхаар нь би болиоч гэж хэлээд Нансал эгчийг дагуулаад бүжгээс гараад хамт машинд суугаад явсан....” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 214 дугаартай “ ... Д.Нын биед хамрын таславчийн муруйлт, гэмтлийн гаралтай толгойн өвдөлт, баруун шанаа, хамрын нуруу, зүүн гуя, хэлний үзүүрт зөөлөн эдэд 4 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Хамрын таславчийн муруйлт, гэмтлийн гаралтай толгойн өвдөлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. ...Шинэ гэмтлүүд байна... “ гэсэн дүгнэлт, шүүгдэгч Ц.Мийн” Би Нансалын нүүрэн тус газарт нэг удаа алгадсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй бүрэн тогтоогдсон ба хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

 

 Шүүгдэгч Ц.Мийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.М 2021 оны 03 дугаар сарын 08-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ”Эрдэнэс” бүжгийн клубт иргэн Д.Нын биед халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хохирлыг гаргуулах саналтай гэж, шүүгдэгч Ц.М өөрийгөө өмгөөлж, би хохирол төлж чадахгүй, ажилгүй, хүүхэд өвчтэй байдаг. Намайг гүтгэж байна. Зүгээр байхад нь би зодохгүй гэж мэтгэлцжээ.

 

Шүүгдэгч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “би нэг цохисон” гэж мэдүүлсэн нь 2021 оны 03 дугаар сарын 08-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт ”Эрдэнэс” бүжгийн клубт иргэн Д.Нын биед халдсан гэх үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудаар батлагдсан байна. Үйл баримтын талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй

 

Шүүгдэгч Ц.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Мийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл болон хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ,шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Д.Нын эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөр баримтаар 374000 төгрөг нэхэмжилснийг гаргуулах үндэслэлтэй. Харин хохирогч 1 сар ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна гэж нэхэмжилсэн боловч хэрэгт “Шинэ өргөө” СӨХ-ийн үйлчлэгчээр ажилладаг” гэх тодорхойлолтоос өөр баримт авагдаагүй байх тул нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй, баримт дутуу байна. Д.Н нь ажил хөдөлмөр эрхэлдэг тул эмнэлгийн магадлагаагаар ажил олгогчоос өвчтэй байсан хугацааныхаа цалинг хуульд заасан хэмжээгээр авч зөрүүг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй байдаг. Гэтэл ажил олгогчоос листээр авах цалингаа авсан эсэх нь тодорхойгүй, шүүх дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн томографикийн бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хохирогчид буцаан олгож, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Мт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд, сард 62,500 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мээс 374,000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Нд /Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 9-9 тоот, ДИ59060504, утас:99753014/ олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас цалин нэхэмжилсэн хэсгийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн томографикийн бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хохирогчид буцаан олгож, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ