Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
Хэргийн индекс | 149/2017/00059/И |
Дугаар | 00112 |
Огноо | 2017-03-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 00112
Зохигчид эвлэрснийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймаг Мандал сум Хэрх 4 дүгээр баг, Гүнхудагийн № 06 тоотод оршин суух, Боржигон овогт Самбагийн Соёл-Эрдэнийн /РД:МИ72122409, Утас: 99160941/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сум 2 дугаар баг, Хатантын № 12-33 тоотод оршин суух, Тайж овогт Доржийн Алтанчимэгт /РД:НЗ71123166, Утас:99090012/ холбогдох 5100000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч С.Соёл-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:........ 2016 оны 03 сарын 04-ний өдөр Д.Алтанчимэг надтай ирж уулзаад банкны зээлээ төлөөд дахин зээл авах гэсэн юм 7 хоногийн хугацаатай 3.000.000 төгрөг зээлээч 3.300.000 төгрөг болгож өгье гэхээр нь би өөрт мөнгө байхгүй тухайгаа хэлж ярихад олж өгч туслаач гээд гуйгаад байхаар нь эгчээсээ 3.000.000 төгрөг авч Д.Алтанчимэгт өгөөд явуулсан юм. Тухайн үед би Д.Алтанчимэгт үнэхээр итгэж байсан, хэнд ч мөнгө төгрөгний хэрэгцээ гардаг, тэгээд ч Д.Алтанчимэг нь модны бизнес эрхэлж, үнэтэй машин унадаг, Зүүнхараадаа л үнэтэй олон өрөө орон сууцанд амьдардаг, үл хөдлөх хөрөнгө ихтэй зэрэг амьдралын баталгаатай байдлыг нь мэдэх тул түүнд хар буруу санаагүй, өөрт байхгүй ч хүнээс олж өгсөн юм.
Гэтэл Д.Алтанчимэг нь 7 хоногийн хугацаандаа өгч чадахгүй, сард 10%-н хүүтэй өгье гээд гэрээн дээрээ сар бүр 10 хувийн хүүтэй бодож тооцоо хийнэ гэсэн. Ингээд сард хүүг нь өгөөд үндсэн зээлээ төлөхгүй байсан тул эгч одоо мөнгөө авъя, наад хүн чинь өгөх шинжгүй, цувуулж төлсөн байдлаар явж байна гээд намайг загнаад байхаар нь би Д.Алтанчимэгээс мөнгөө гэхэд олон зовлон тоочоод байсан тул арга буюу нотариатын байгууллага дээр очиж үндсэн зээл 3.000.000 төгрөгөө дахин 2 сарын хугацаатай сунгаж зээлийн гэрээ байгуулсан болно. Энэ үеэс хойш Д.Алтанчимэг мөнгө төлөөгүй эгч мөнгөө нэхэж бидний дунд асуудал үүсээд байна.
Бодит байдлаас дүгнэхэд Д.Алтанчимэг нь надад богино хугацаанд өндөр хүү амлаж, дараа нь хугацаагаа сунгасан банкнаас зээл авна гэсэн нь ч худлаа байгаа тул намайг хуурч мэхэлсэн гэж үзэж байна.
Иймд Д.Алтанчимэгээс зээл, түүний хүүнд 3.600.000 төгрөг, 2016 оны 10 сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 3 сар буюу 90 хоног хугацаа хэтрүүлсний алданги 1.500.00 төгрөг бүгд 5.100.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч С.Соёл-Эрдэнэ нь шүүхэд гаргасан тайлбартаа:....... С.Соёл-Эрдэнэ миний бие Д.Алтанчимэгээс 5100000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие нэхэмжлэлийн зарим хэсэг болох 2600000 төгрөгөөс татгалзаж 2500000 төгрөгийг Д.Алтанчимэгээс авахаар харилцан тохиролцож эвлэрлээ гэжээ.
Хариуцагч Д.Алтанчимэг нь шүүхэд гаргасан тайлбартаа:...... С.Соёл-Эрдэнэ миний бие Д.Алтанчимэгээс 5100000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. С.Соёл-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 2600000 төгрөгөөс татгалзаж 2500000 төгрөгийг Д.Алтанчимэг надаас нэхэмжилсэнийг миний бие төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрлээ гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч С.Соёл-Эрдэнэ нь хариуцагч Д.Алтанчимэгээс 5100000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч С.Соёл-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 2600000 төгрөгнөөс татгалзаж, 2500000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Д.Алтанчимэг төлөхөөр тохиролцсон нь тэдний бичгээр гаргасан тайлбараар нотлогдож, хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Соёл-Эрдэнэ, хариуцагч Д.Алтанчимэг нарын 2500000 төгрөгийг өгч авахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 96550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Алтанчимэгээс 27475 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 48275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Соёл-Эрдэнэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН