Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Улсын яллагч Н.Бадам, Шүүгдэгч О.Т-с, Нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн О- Т-т холбогдох эрүүгийн 2133000210051тоот хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөтөл бетон хийцэд ажилладаг, ам бүл 2, ээжийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн 13-р байрны 00 тоотод оршин суух хаягтай, Боржигон овгийн О-н Т-с /РД:МФ00000000/. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч О.Т-гс нь 2021оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эд ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан мэдүүлэг, дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад: ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч О.Т-гс нь 2021оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эд ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: 1.Шүүгдэгч О.Т-н өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 27-ний өдөр 24 дүгээр цэцэрлэгээс цаашаа тамхи татах гээд 23 дугаар байрнаас гараад явж байсан. Тухайн үед явж байхдаа сэтгэцэд нөлөөлөх ургамал байхыг харсан. Энэ зүйлийг яаж мэддэг болсон бэ гэхээр интернэт болон фейсбүүкээс анх мэдэж авсан. Тэр ургамалтай адилхан харагдахаар нь сонирхоод түүчихсэн. Тэгээд маргааш нь хоёр найзтайгаа ууж байгаад цагдаад баригдаад гэмт хэрэгт холбогдсон...” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад: 2.Гэрч О.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ”...Тухайн үед би Б.Мөнхбаяр, Золбаяр бид гурав Орхон голын эрэг дээр анх очиод талх хиам идэж цай уучихаад усанд орж байгаад уснаас гарч ирээд нэг их удалгүй буцацгаасан юм. Бид гурвыг усанд орж байхад Мөнхтуяа, Түвшинтөгс нар голын эрэг дээр утсаараа зураг дараад сууцгааж байсан юм. Тэр үед Түвшинтөгс “задгай мөнгө байна уу манайхан” гээд тэгсэн Мөнхтуяа кармаагаа ухаж байгаад 50 төгрөг гаргаж өгсөн юм. Тэгсэн Түвшинтөгс тэр мөнгийг аваад бид хэдэд хандан “мань нь шаалаа шүү гэж хэлсэн юм” яг тэр үед нь бид нар голруу үсрэх гээд зогсож байсан болохоор нээх тоогоогүй тамхи л татах гэж байгаа байх гэж бодсон юм. Тэгээд бид нарыг усанд хэсэг сэлж байгаад гарч ирэхэд Түвшинтөгс нь модны цаанаас гарч ирж байсан юм”... гэх мэдүүлэг/хх-ийн 37-38-р хуудас/, 3.Гэрч М.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 24-ний дөр би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг 18 дугаар байрны ард байдаг Жимсхэн гэдэг нэртэй дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан юм. Тухайн үед их халуун өдөр байсан бөгөөд үдээс хойш 14 цаг өнгөрч байхад манай 10 жилийн ангийн Тс, Б.Мөнхбаяр, О.Мөнхбаяр, Д.Золбаяр нар 2 жоохон хүүхдийн хамт манай дэлгүүрт ирсэн юм. Тэгээд гол яваад ирье гэхээр нь тэгье гэж хэлээд дэлгүүрээ хаагаад Б.Мөнхбаярын эзэмшлийн саарал өнгийн машинтай Орхон гол руу явсан. Тэнд очоод бид хэд хиам талх ундаа гээд авч очсон зүйлээ идэж уучхаад Б.Мөнхбаяр, О.Мөнхбаяр, Золбаяр нар усанд сэлсэн. Түвшинтөгс бид хоёр усанд ороогүй юм. Тэгээд Т-ү харсан чинь бутны цаана суучихсан ундаа усны жижиг сав угсарчихсан тухайн саван дотор нь утаа болчихсон мөнгөлөг цаас ороочихсон сууж байхаар нь би газ үнэртэх гэж байгаа юм байхдаа гээд чи юу хийж байгаа нь яагаад газ угсраад байгаан гэж асуусан чинь чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь чи яасан муухай ааштай юм бэ гэж хэлчихээд цаашаа гол руу нөгөө хэдрүүгээ хараад байж байтал Түвшинтөгс хажууд ирсэн байсан. Тэгээд удалгүй бид нар 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Хувцсыг нь санахгүй байна. Ямар ч байсан ногоон цагаантай паск зүүчихсэн явсан. Дотор нь юу байгааг нь хараагүй”...гэх мэдүүлэг/хх-ийн 42-43-р хуудас/, 4.Гэрч Б.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 06 дугар сарын 23-ны өдөр О.Т-гс Улаанбаатараас ирсэн байсан. Тэгээд 24-ны өдрийн өглөө ажлаасаа буугаад өдөр 13 цагийн үед би өөрийн 6063 СЭА улсын дугаартай мөнгөлөг Соната-6 маркийн машинтайгаа өөрийн хүү 2 настай Баяржавхлангийн хамтаар Түвшинтөгстэй уулзаад Овоот хороололд Мөнхбаяр, Золбаяр дээр очсон юм. Тэгээд Мөнхтуяаг ажлаас нь аваад Орхон гол руу 14 цагийн үед усанд сэлэхээр явсан юм. Тухайн өдөр хорио цээртэй болохоор архи дарс авч яваагүй хиам талх идэж уух юм аваад явсан юм. Тэгээд очоод голд О.Мөнхбаяр, Золбаяр, бид сэлээд Түвшинтөгс, Мөнхтуяа нар усанд сэлээгүй бид нарын зургийг дараад бичлэг хийгээд дуу сонсгоод байж байсан. Тэгээд орой 17-18 цагийн үед буцаж Сайхан суманд ирээд гэртээ харьсан. Ирээд удаагүй байхад ширүүн бороо орсон. 2 хоногийн дараа цагдаагийн байгууллага дээр ирээд Түвшинтөгсийг цүнхэндээ ургамал авч явсан талаар мэдсэн. Тухайн голруу явдаг өдөр би хүүхдүүдтэйгээ явсан байсан болохоор гол усруу орчих байх гээд хүүхдээ хараад байсан болохоор Түвшинтөгсийг юу хийж байгааг анзаараагүй. Одоо бодоход ямар ч байсан голоос буцах үед Түвшинтөгсийн биед жоохон өөрчлөлт ороод яриа нь олширчихсон байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 53-р хуудас/, 5.Гэрч Э.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би цагдаагийн хэлтэст 24 цагийн жижүүрийн мөрдөгчийн үүргийг гүйцэтгэх явцад 23 цагийн орчим тус сумын 1-р багийн нутаг 11 байрны гаднаа хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу тухайн өдрийн эргүүлүүдийг явуулаад цагдаагийн хэлтсийн байранд авч ирэх үед О.Т-гс гэгч нь ногоон торон тасалгаатай цагаан өнгөтэй цүнхээ цагдаагийн хэтсийн урд талын өвсрүү шидэхээр нь мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй ногоон өнгийн ургамал байхаар нь шээсээр нь тест аван шалгаж үзэхэд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нь тогтоогдож тухайн өдрийн хоногийн мэдээнд оруулж ажилласан...” гэх мэдүүлэг/хх-ийн 47-р хуудас/, 6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээч Д.Золзаяагийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 3289 дугаартай ...ДҮГНЭЛТ: “...1.3.4.5.6. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Харьцуулах шинжилгээнд хүргүүлсэн ургамал /Түвшинтөгсийн бэлтгэсэн гэх ургамал/ гэсэн хаягтай ургамал мэт зүйл, “О.Т-н биедээ авч явсан гэх ургамал мэт зүйл” гэсэн хаягтай ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол/ delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн. “О.Т-гс 2021.06.27” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол / tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конбец”-ийн жагсаалтад багтад болно. 2. Энэ асуулт нь манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/, 7. 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэргийн талаар 71 дугаарт гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/, 8.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8-р хуудас/, 9.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ххийн 15-18-р хуудас/, 10.Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 23-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Т-н үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас О.Түвшинтөгсийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эд ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж хадгалсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг нотолсон байна. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлж, дүгнэв. Шүүгдэгч О.Т-гс нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж ирүүлсэн тул хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу хянан шийдвэрлэсэн болно. Иймд шүүгдэгч О.Түвшинтөгсийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан,гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч О.Түвшинтөгсийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч О.Т-ст оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалтыг тогтоох нь үндэслэлтэй байна. Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч О.Т-ст мэдэгдэх нь зүйтэй. Энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн О.Т-н биедээ авч явсан гэх ургамал, түүж бэлтгэсэн гэх газраас дээж авч шинжилгээнд хүргүүлсэн ногоон өнгийн ургамал, мөнгөлөг өнгийн цаас 5 ширхэг зэргийг устгаж, 2 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэлээ. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овгийн  О-н Т-с /РД:МФ00000000/- ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч О.Т-ст оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалтыг тогтоосугай.

4. Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч О.Т-ст мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн О.Т-н биедээ авч явсан гэх ургамал, түүж бэлтгэсэн гэх газраас дээж авч шинжилгээнд хүргүүлсэн ногоон өнгийн ургамал, мөнгөлөг өнгийн цаас 5 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хавсаргаж ирсэн 2 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН