| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0145/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/146 |
| Огноо | 2021-06-03 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа
Улсын яллагч С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр Зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бт холбогдох эрүүгийн 2125000000134 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, , Б овогт С.Б
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч С.Бийг 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул багийн нутаг дэвсгэр Шувуутын ам гэх газарт иргэн Г.Оийн гэрт архи ууж согтууран гэрийн эзэн Г.О зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бийн мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. 2021 оны 03 дугаар сарын 08-нд архи аваад Отгонтэнгэрийнд очсон. 3-уулаа архи уусан. Дахин О 1 шил архи авчирсан. 23 цагийн үед би О-той маргалдаж 2-3 удаа алгадсан 2-3 цохисон. Тэгээд унтаад өглөө босохгүй байхаар нь хүчээр босгоход нүүр нүд нь хөхөрсөн байсан.Тэгээд би чих рүү нь алгадсан гэтэл орны урд руу унасан. Хавирга өвдөөд гээд босохгүй байсан тул 103 дуудсан. Хохирол төлбөрт 7,000,000 төгрөг төлсөн ” гэх мэдүүлэг,
- хохирогч Г.Оийн мэдүүлсэн “...Гэтэл Б хэний юмыг хэнд харамлаад байгаа юм бэ гээд миний баруун талын хацар руу 2-3 удаа алгадсан. Дараа нь миний хамар орчимд 3 удаа гараараа цохиж зодсон. Энэ үед Гантөр хажуугаас орж ирээд Б надаас салгасан. Тэгээд би толгой манараад байсан болохоор хөнжлөө толгой дээрээ нөмрөөд орон дээрээ хэвтсэн. Тэгээд бид нар унтсан. Өглөө 8 цаг болж байхад би сэрсэн. Гантөр, Б хоёр надаас түрүүлээд босчихсон үлдсэн архиа ууж байсан. Б намайг босоод ир гээд дуудахаар нь би толгой өвдөөд байна гээд босоогүй. Гэтэл Б миний хөнжлийг хуулаад нүүрийг минь хараад гайгүй л байна шүү дээ баашлаад байгаарай гээд миний нүүр орчимд 2 удаа цохиж зодсон. Би ахин хөнжлөө толгой дээрээ нөмрөөд босоогүй...Би архи уухгүй гэхэд Б надтай маргаж миний 2 чих рүү нэг нэг удаа алгадасан. Миний зүүн чих рүү алгадах үед би биенийхээ баруун талаар орны толгой хэсэг рүү унасан. Унахдаа би орны толгойнд хавиргаа дарж унасан. Тэгээд орны хажуу руу унаад босож чадахгүй байтал Б, Гантөр хоёр намайг татаж босгосон. Би босоод орон дээр суутал миний баруун талын хавирга маань доод хэсэгтээ их өвдөөд байсан. Тэгээд амьсгаа авах гэхээр болж өгөхгүй байсан. Энэ байдлаа Б Гантөр нарт хэлэхэд Б сандран сумын эмнэлэгт дуудлага өгөөд намайг эмнэлэгт хүргэж үзүүлсэн юм. Эмч үзээд миний баруун талын хавирга хугарсан, уушиг чинь гэмтсэн байна гэж хэлсэн. Мөн миний хамар хугарсан байсан.Одоогийн байдлаар 1,700,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан.Энэ мөнгийг Б эмнэлэгт тушаасан байсан. Б миний эмчилгээний зардалд 7.000.000 төгрөг өгсөн. Надад цаашид гаргах гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/
Гэрч Д.Гантөрийн мэдүүлсэн ...”Гэтэл Отгоо би яахаараа хүргэж өгдөг юм бэ гээд согтуурхаад байсан. Тэгсэн чинь Б “чи ямар том хулгайч вэ, яагаад намайг хүргэж өгдөггүй юм бэ” гэж хэлээд Отгоог зүүн гараараа баруун хацарт нь 3 удаа алгадсан. Мөн хамар орчимд нь гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Тэгэхээр нь би сандраад Отгоо Б хоёрыг салгасан. Отгоо Бт цохиулчихаад хамар эвгүй болчихлоо гээд байсан....Гэтэл Б уурлан Отгонтэнгэрийг хүчээр босгож ирээд ахин маргалдсан.Чи өчигдөр намайг гэрт хүргэж өгөөгүй гээд маргаад байсан. Тэгж байгаад Б ахин Отгонтэнгэрийн хоёр чих рүү нэг нэг удаа гараараа цохиж зодсон. Энэ үед Отгонтэнгэр орны хажуу руу унасан. Тэгээд миний хавирга хугарчих шиг боллоо гээд чанга чанга хашгираад босохгүй байсан.Тэгэхээр нь Б бид хоёр Отгонтэнгэрийг татан босгосон.Отгонтэнгэр амьсгаа авахад хэцүү болчихлоо гээд царай нь хачин болоод байхаар нь Б сумын эмнэлэгт дуудлага өгөөд эмнэлэгт аваачиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 204 дугаартай ...Г.Оийн биед баруун 9,10,11-р хавирганы далд хугарал, баруун уушигны няцрал, цээжний баруун хөндийд хий хуралдалт, хүзүүний 5,7-р нугаламын арын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, хамар, нүүр, хүзүү, цээж 2 чихний дэлбээ, нуруу, баруун ташааны зөөлөн эдэд олон тооны цус хуралт, олон тооны зулгаралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Баруун талын уушигны няцрал, цээжний хөндийн хий хуралдалт нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Баруун талын 3 хавирганы хугарал, хүзүүний хоёр нугаламын арын сэртэнгийн хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Хамрын ясны хугарал болон зөөлөн эдэд цус хуралт, зулгаралтууд нь нийлээд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... ” гэх дүгнэлт /хх-ийн 31-33-р хуудас/
-Шүүгдэгч С.Бийн яллагдагчаар мэдүүлсэн...”Тэгэхээр нь би уурлаад чи ямар том хулгайч вэ яагаад намайг хүргэж өгдөггүй юм бэ гэж хэлээд Отгоог зүүн гараараа баруун хацарт нь 3 удаа алгадасан. Мөн хамар орчимд нь 2-3 удаа гараараа цохиж зодсон.Энэ үед Гантөр намайг Отгоогоос намайг салгасан...Отгоог босоод архи татчих гэхэд хамар толгой өвдөөд байна гээд босохгүй байсан.Тэгэхээр нь би “чи ямар сүртэй юм бэ” босоод ир гээд Отгоог орноос нь босгосон. Отгоогийн 2 нүд хөхөрчихсөн байсан. Отгоог архи уухгүй гээд байхаар нь чи новшроод байгаарай гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Би Отгоогийн 2 чих рүү нэг нэг удаа гараараа цохиж зодсон. Отгоо надад цохиулчихаад зөрүүлээд намайг цохих гэж байгаад урагшаа хий гишгээд орны толгой руу баруун талын хавирга талаараа их хүчтэй унасан. Тэгээд Отгоо босохгүй хавирга хугарчих шиг боллоо гээд хашгираад байсан. Тэгэхээр нь Гантөр бид хоёр Отгоог орны хажуугаас татаж босгосон. Отгоо амьсгаа авахад хэцүү болчихлоо гээд байхаар нь Гантөр бид 2 сумын түргэн дуудаж үзүүлсэн юм. Би хохирогчид нийт эмчилгээний зардал 7.000.000 төгрөг өгсөн. Отгонтэнгэрээс уучлалт гуйсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/
-Хохирогчийн эмчилгээний зардлын болон хохирол төлсөн тухай төлбөрийн баримтууд /хх-ийн 58-76-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч С.Б нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул багийн нутаг дэвсгэр Шувуутын ам гэх газарт иргэн Г.Оийн гэрт очиж хонож архи ууж согтуурсан үедээ “гэрт хүргэж өгсөнгүй” гэж шалтаглан Г.О толгой, нүүр шанаа, чих хэсэг рүү нь олон удаа алгадан зодож орноос нь унаган биед нь баруун 9,10,11-р хавирганы далд хугарал, баруун уушигны няцрал, цээжний баруун хөндийд хий хуралдалт, хүзүүний 5,7-р нугаламын арын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, хамар, нүүр, хүзүү, цээж 2 чихний дэлбээ, нуруу, баруун ташааны зөөлөн эдэд олон тооны цус хуралт, олон тооны зулгаралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий хүнд хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч С.Бийн үйлдлийн улмаас Г.Оийн биед хүнд гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, зөрчлийн хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, шинжээчийн 204 дугаартай ...БОЭТ-ийн гэмтлийн тасагт 2021-3-9-нөөс хэвтэн эмчлүүлж байгаа 3708 тоот өвчний түүхээс үзэхэд....оношоор эмчлэгдэж байна... Г.Оийн биед баруун 9,10,11-р хавирганы далд хугарал, баруун уушигны няцрал, цээжний баруун хөндийд хий хуралдалт, хүзүүний 5,7-р нугаламын арын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, хамар, нүүр, хүзүү, цээж 2 чихний дэлбээ, нуруу, баруун ташааны зөөлөн эдэд олон тооны цус хуралт, олон тооны зулгаралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...”гэх дүгнэлт, гэрч Д.Гантөрийн ... Тэгсэн чинь Б “чи ямар том хулгайч вэ, яагаад намайг хүргэж өгдөггүй юм бэ” гэж хэлээд Отгоог зүүн гараараа баруун хацарт нь 3 удаа алгадсан. Мөн хамар орчимд нь гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Тэгэхээр нь би сандраад Отгоо Б хоёрыг салгасан. Отгоо Бт цохиулчихаад хамар эвгүй болчихлоо гээд байсан...Тэгж байгаад Б ахин Отгонтэнгэрийн хоёр чих рүү нэг нэг удаа гараараа цохиж зодсон.Энэ үед Отгонтэнгэр орны хажуу руу унасан. Тэгээд миний хавирга хугарчих шиг боллоо гээд чанга чанга хашгираад босохгүй байсан...”гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар эргэлзээгүй бүрэн нотлогдож тогтоогдсон ба шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт саналдаа: 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Жаргалант сум Дулаан-уул багийн нутаг дэвсгэр Шувуутын ам гэх газарт иргэн Г.Оийн гэрт архи ууж согтуурсан үедээ Г.О зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.Шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчид тусламж үзүүлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,гэм буруугаа хүлээсэн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байна.Иймд С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох саналтай байна гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрчулуун шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Бийн хувьд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ харамсаж байгаагаа илэрхийлдэг,хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Шүүгдэгч нь хохирогчид гэмтлийг санаатайгаар хүсэж учруулаагүй болгоомжгүйгээр учруулсан. Орны урд руу унана гэж мэдээгүй учруулсан.Иймд хэргийг зүйлчлэлийг өөрчилж торгуулийн ялыг хамгийн бага хэмжээг оногдуулж өгнө үү гэж тус тус мэтгэлцжээ.
Шүүгдэгч С.Б нь хохирогчийг орон дээрээ байхад нь чих рүү нь хүчтэй алгадсаны улмаас орны толгой руу унасан талаар хохирогч, гэрч , яллагдагчийн мэдүүлэг зөрүүгүй байх бөгөөд хохирогчийг зодож байхдаа өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн бөгөөд хор уршигт зориуд хүргэсэн байх тул өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэл муутай байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч гэм буруутай эсэх талаараа маргахгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ болон хохирлыг нөхөн төлсөн байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч С.Б нь хохирогчийн эмчилгээний зардалд 7,000,000 төгрөг төлсөн, гомдол саналгүй талаар хохирогч тайлбар гаргасан нь хэргийн 73-74 дүгээр хуудаст авагдсан ба шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгджээ. Иймд шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар С.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд, сард 277,777,7 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол прокурорын саналаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ