Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/148

 

 

                           

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа

Улсын яллагч С.Б

Шүүгдэгч М.М, С.Р нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М, С.Р нарт холбогдох эрүүгийн 2125000000174 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г овогт С.Р

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  Б овогт М.М

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч С.Рыг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баян замын 3-17 тоотод архи ууж согтуурсан үедээ иргэн М.Мг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, М.Мг энэ үед тоглоомын бооцооноос болж марган зодолдож С.Рын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Рын мэдүүлсэн “бүх зүйл үнэн,гэм буруугаа хүлээж байна.Хохиролыг төлсөн,2 сая төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мн мэдүүлсэн” гэм буруугаа хүлээж байна.Надад хохирол төлсөн  ” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.Рын эзэмшлийн ХААН банкны 5499118383 тоот депозит дансны хуулга /хх-ийн 10-11-р хуудас/

-Гэрч Б.Э мэдүүлсэн...Тэр үед нь бүгдээрээ нэг их тоолгүй үргэлжлүүлэн тоглож байтал Равжир, Мөнгөншагай нар бооцооны мөнгөнөөс болж хоорондоо муудалцаад эхэлсэн ба Равжир түрүүлээд Мөнгөншагайн хамрын орчим нь 1 удаа цохиод авсан. Тэгээд Мөнгөншагайн хамраас цус гарсан.Тэр 2 хоорондоо барьцалдаж авсан ба энэ үед би очиж салгасан. Тэр 2-ын хувцас урагдсан, бие болон хувцас нь цус болсон байсан бөгөөд 2-уулаа цусаа цэвэрлээд эвлэрэхээр 1 давхар луу буугаад явсан. Тэрнээс хойш би Баяраа, Баяраагийн дүү бид 3 хойноос нь гараагүй, эвлэрч байгаа байх гэж бодоод сууж байсан ба тэр 2 байшингаас гараад явсан...” гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг / хх-ийн 23-р хуудас/

 

-Гэрч Ц.Х мэдүүлсэн...Ах нар хөзөр тоглож байхдаа тоглоомноосоо болж Равжиртогтох, Мөнгөншагай ах нар хоорондоо муудалцаад орилолдоод байсан. Би тэр хүмүүсийг хэн хэн нь хэнийгээ хэдэн удаа цохисон гэдгийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 270 дугаартай  ... С.Рын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хүзүү хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байж болно. Нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хамрын таславчийн муруйлт, тархи доргилт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 272 дугаартай ... М.Мн биед 3-р нугаламын баруун болон зүүн хажуугийн сэртэнгийн хугарал, тархи доргилт, хуйханд баруун зүүн чамархайд зөөлөн эдэд цус хуралт, дээд доод уруулд няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байж болно. Нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Бүсэлхийн нугаламын хажуугийн сэртэнгийн хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Тахи доргилт нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/

 

-Шүүгдэгч М.Мн яллагдагчаар мэдүүлсэн...2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр.... Баяраагийн найз Равжиртогтохтой пиво ууж суухдаа хөзөрнөөс болж маргалдаад улмаар Равжиртогтох намайг түрүүлээд толгой руу цохиод авахад нь чимээгүй дуугай суугаад л өнгөрсөн.Тэгээд учир зүгээ олоод гар барьцгаагаад салцгаасан. Дараа нь хэсэг зуурын дараа Равжиртогтох миний дансруу 10,000 төгрөг шилжүүллээ гэсэн. 5000 төгрөгийг буцаан аваад таксигаар явна шүү гэж хэлсэн. 5000 төгрөгийг нь бэлнээр нь өгсөн. Гэтэл миний дансруу 5000 төгрөг л орсон байсан. Түүнээсээ болоод дахин маргаж эхэлсэн. Равжиртогтох надад чи ер нь намайг өдөөд байна уу гэж хэлээд дахин гараараа 2-3 цохисон. Тухайн үед Равжиртогтохыг би 1 удаа нүүр хэсэг рүү нь мөргөсөн. Харин Равжиртогтох намайг толгойруу 3-4 удаа цохисон Мөн нуруу руу 3-4 удаа өвдөглөсөн. Тухайн үед Баяраа болон дүү нар салгасан. Мөн дахин 1 давхарт очиж учраа олъё гэж хэлээд дахин хэрүүл өдөөд нүүр лүү цохисон. Тухайн үед би зодуулахгүй гэж бодоод нүүрээ дарж доошоо харсан дахин нуруу руу цохисон. Над руу дайраад дахин архи уумаар байна. Цагдаад хэлэхгүй| бол чамайг дахин зодохоо больё гэсэн. Заза гэж хэлсэн. Намайг архи олоодох би мөнгийг нь өгье гэж хэлэхээр нь за за гэж худлаа хэлээд цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/

Шүүгдэгч С.Рын яллагдагчаар мэдүүлсэн ...Би хожигдсон мөнгөө Мөнгөншагайн хаан банкны данс руу нь 10,000 төгрөг шилжүүлээд 5000 төгрөгийг нь бэлнээр авч такси барьж явна гэж хэлсэн боловч Мөнгөншагай над руу мөнгө шилжиж ороогүй гээд байсан.Түүнээсээ болж Мөнгөншагай бид 2 хэрүүл маргаан хийж харилцан зодолдсон. Мөнгөншагай намайг эхлээд гараараа нэг удаа хамар луу цохисон. Цохих явцад би Мөнгөншагайг тэвэрч авч ор руу хамт унасан. Тухайн үед мөн л харилцан бие биенээ цохисон. Миний хамраас цус гараад хувцас урагдсан байсан. Тэр үед бид хоёрыг Энхжаргал, Хүслэн хоёр салгасан. Түүний дараагаар дахин өөр газарт очиж харилцан зодолдсон, тэр үед би Мөнгөншагайн нуруу хэсэг рүү хөлөөрөө өвдөглөсөн. Тэгээд л салаад үлдсэн архи дарсаа ууж байтал Мөнгөншагай надад хандаж такси дуудчихлаа одоо явцгаая гэсэн. Тэгээд удаагүй харих гээд Мөнгөншагайн хамтаар гарсан чинь цагдаагийн машин ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

Үйл баримт: Шүүгдэгч С.Р нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баян замын 3-17 тоотод шүүгдэгч М.М,С.Р нар архи ууж хөзөр тоглож байхдаа үл ялих зүйлээр шалтаглан маргаж улмаар харилцан зодолдож М.М нь С.Рын нүүр хэсэгт нь мөргөж тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хүзүү хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан, С.Р нь М.Мн толгой руу 3-4 удаа цохиж,орон дээр дарж нуруу руу 3-4 удаа өвдөглөн зодож биед нь 3-р нугалмын баруун болон зүүн хажуугийн сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч нар 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр архидан согтуурсан үедээ маргалдаж харилцан зодолдсоноос М.Мн биед хүндэвтэр гэмтэл, С.Рын биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь  шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 270 дугаартай”... С.Рын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хүзүү хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо…Хамрын таславчийн муруйлт, тархи доргилт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана…“ гэсэн дүгнэлт, мөн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 272 дугаартай“... М.Мн биед 3-р нугаламын баруун болон зүүн хажуугийн сэртэнгийн хугарал, тархи доргилт, хуйханд баруун зүүн чамархайд зөөлөн эдэд цус хуралт, дээд доод уруулд няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо…Бүсэлхийн нугаламын хажуугийн сэртэнгийн хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Тахи доргилт нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... “ гэсэн дүгнэлт,гэрчүүдийн мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй бүрэн тогтоогдсон ба нотлох баримтууд зөрүүгүй, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

 Шүүгдэгч С.Рын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, М.Мн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт саналдаа,Шүүгдэгч М.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, мөн зүйлд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч С.Рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх саналтай байна. Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нар нь өөрсдийн гэм

 

 

бурууг хүлээн зөвшөөрч, харилцан хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Шүүгдэгч нар нь анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн болон учруулсан хохирлоо төлсөн зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байна гэж, шүүгдэгч М.М өөрийгөө өмгөөлж,өөрийн буруугаас найз С.Ртой маргалдаж зодолдсондоо гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм байдал гаргахгүй. Улсын яллагчийн оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна гэж, шүүгдэгч С.Р өөрийгөө өмгөөлж,тухайн үед М.Мтай хамт хөзөр тоглож, бооцооноос болоод маргалдаж, харилцан зодолдсон. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Дахин бооцоотой хөзөр тоглох, согтууруулах ундааны зүйл хэрэглэх зэргээс хол байна гэж бодож байна. Улсын яллагчийн оногдуулсан эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байна гэжээ.

Шүүгдэгч М.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С.Р нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.М, С.Р нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,хохирол төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл болон хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ,шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: шүүгдэгч С.Р нь М.Мн эмчилгээнд 2,0 сая төгрөг өгсөн ба С.Р төлбөр нэхэмжлээгүй байх тул                              шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г овогт С.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овогт М.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С.Рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Р, М.М нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 3 сарын хугацаанд, / сард 166,666 төгрөг, 150,000 төгрөгөөр/ хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Р, М.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ