Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/151

 

 

                                                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Я.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар Зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Год холбогдох эрүүгийн 2125000000184 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  Ч овогт Я.Г

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Я.Гыг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ  Ц.Б толгой, цээж, нуруун тус газарт цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:  шүүгдэгч Я.Гын мэдүүлсэн “4 дүгээр сарын 09-ний  өдөр найзтайгаа 2 юм уусан.Тэгтэл эхнэр орж ирээд уурлаж маргалдсан.Архинаас болж ийм юм болсон Харамсаж байна.Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг,

-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 7-8-р хуудас/

-хохирогч Ц.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн...”2021 оны 04 дүгээр сарын 09-ний орой 18 цагийн үед ажлаа тараад Эрдэнэ багийн 25е-4 тоотод байх гэртээ очиход манай гэрт 3 хүүхэд, нөхөр байсан, манай нөхөр согтуу байсан. Би гэртээ ороход гэртээ гал түлээгүй гэр хүйтэн, хүүхдүүд маань даарчихсан байсан, би тэр үед гэртээ галаа түлэхэд яадаг юм бэ, яагаад архи уучихсан юм бэ гэхэд нөхөр надад хандан чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн, ингээд нөхөр бид хоёр хэрэлдэж маргалдаж эхэлсэн, хэрэлдэж байгаад би нөхрөө чи ер нь яв, явахгүй бол цагдаа дуудлаа гэхэд нөхөр уурлаад 2 гараараа миний биеийн толгой, нуруу хэсэг рүү гараа зангидаж байгаад цохисон, харин нурууны доод хэсэг рүү 2-3 удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн, би арай гэж гараас нь мултраад өөрийг нь газар дарж унагаачихаад аав ээжийгээ дуудсан, манай аав ээжийн гэр ойрхон болохоор хурдан ирсэн манай ээж Г цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. ....Нөхөр бид хоёр дундаа болсон асуудлаа сайн ярилцаж шийдвэрлэсэн учраас надад гомдол санал байхгүй. Шүүх хуралд суухгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 24, 37-р хуудас/,

-Шинжээч эмч Ч.Б мэдүүлсэн... Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэх мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 264 дугаартай ...Ц.Б биед баруун хацар, зүүн шанаа, цээжний зүүн хэсэг нуруу, баруун гарын бугалгад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ” гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/

-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн албанд дуудлага өгснийг бүртгэсэн “дуудлага мэдээллийн судалгаа”ны хуулбар” /хх-ийн 80-81-р хуудас/

-Шүүгдэгч Я.Гын сэжигтнээр мэдүүлсэн...” 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө ...би найзтайгаа 3 шил Хараа нэртэй 500 граммын архинаас уусан. Архиа ууж дуусаад найз маань 18 цагаас өмнө явсан. Би найзыгаа явсны дараа гэртээ унтаад үлдсэн. Намайг сэрэхэд манай эхнэр ирчихсэн байсан.Эхнэр орж ирээд галаа түлээгүй байна гээд уурласан, үүнээс болоод эхнэр бид хоёр хэрэлдэж маргалдсан.Тэгээд архи уучихсан байсан болохоор эхнэрийнхээ биеийн шанаа, нүүр хэсэг рүү гараараа цохисон юм, нэг мэдэхэд манай эхнэр миний дээр гарчихсан байсан, удалгүй манай хадам аав ээж хоёр ирсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд, намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/зэрэг нотлох баримтыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Я.Г нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 25е-4 тоотод гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ц.Бтай маргалдаж улмаар түүний толгой, цээж, нуруун тус газарт цохих, өшиглөх зэргээр зодож биед нь баруун хацар, зүүн шанаа, цээжний зүүн хэсэг нуруу, баруун гарын бугалгад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

         Шүүгдэгч Я.Гын үйлдлийн улмаас Ц.Б биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,хохирогч Ц.Б ” ...нөхөр уурлаад 2 гараараа миний биеийн толгой, нуруу хэсэг рүү гараа зангидаж байгаад цохисон, харин нурууны доод хэсэг рүү 2-3 удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн, би арай гэж гараас нь мултраад өөрийг нь газар дарж унагаачихаад аав ээжийгээ дуудсан...” гэх мэдүүлэг, ...Ц.Булгантамирын биед баруун хацар, зүүн шанаа, цээжний зүүн хэсэг нуруу, баруун гарын бугалгад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана”гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох  баримтаар тогтоогдсон хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

Бүсдын биед халдаж хохирол учруулсан шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ,шүүгдэгч архидан согтуурсан үедээ эхнэрийнхээ биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцож 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт санал гаргахдаа,гэм буруугаа хүлээн зөвшөөрнө,ганцаараа ажилладаг,банкны зээлтэй тул торгуулийг багасгаж өгнө үү.Цаашид хичээх болно гэж мэтгэлцжээ.

 

Шүүгдэгч Я.Гын эхнэр Ц.Б санаатай зодож хохирол учруулсан үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Я.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч гэм буруутай эсэх талаараа маргахгүй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Ц.Б төлбөрийн нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй шүүх хуралдаанд суухгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ч овогт Я.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Я.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Я.Год оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  6 сарын хугацаанд, сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4. Шүүгдэгч Я.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй,эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

        

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.АРИУНЦЭЦЭГ