Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/154

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан

Улсын яллагч Ц.Л

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П

Хохирогчийн өмгөөлөгч М.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар Зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох эрүүгийн 2125000000156 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Буд овогт Д.М

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.М 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-1а-25 тоотод 6 настай бага насны П.Т-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:  шүүгдэгч Д.М мэдүүлсэн “2012 оны 03 дугаар сарын 23-ны шөнө ажилд гараад өглөө буугаад 1 шил архи уусан. Тэгээд хамтран амьдрагч Отгонцэцэгийнд орсон. Тэгээд нэг хэсэг юмаа мэдэхгүй байгаа. Хүү Тэргэлийг сандал дээр сууж байхад нь очиж алгадсан. Миний урдаас алгадсан тул би зөрүүлж алгадсан. Маш их харамсаж гэмшиж байгаа. Гэм буруугаа хүлээж байна. ” гэх мэдүүлэг

         -хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П мэдүүлсэн:   “Тэр өдөр ээж нь утасдсан. Очиход хүү уйлсан, зүүн шанаа нь улайж хавдсан байсан. Загнаж “ингэж амьдардаггүй юм гэж хашгирч байсан гэсэн. Хүү цохиулсан шөнө унтаж чадаагүй. Хүү их айдастай болсон. Одоо надтай хамт байгаа. Нэхэмжлэх зүйлгүй ” гэх мэдүүлэг,

      - насанд хүрээгүй хохирогч П.Т мэдүүлсэн....”М ах миний толгой руу цохиод би унахдаа хана мөргөөд унасан. Урд өмнө нь намайг загнадаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

Гэрч Д.О мэдүүлсэн...2021 оны 3 дугаар сарын 24-нд гэртээ  байхад М 131 цагийн орчим согтуу орж ирсэн. Миний хүү Тэргэлийг “гэр орноо цэвэрлэсэнгүй,тоглоомнуудаа хураасангүй, ийм амьдрал байдаггүй, би чиний завааруулсан зүйлийг цэвэрлэж чадахгүй гээд хүүг минь загнаад хашгираад байхаар нь би хүүгээ дагуулаад гарсан юм. Амьдарч байгаа байрныхаа коридорт үсчин хийдэг. Тэндээ ороод хүүгээ үс угаадаг сандал дээр суулгачихаад хог шүүрдэж байтал М орж ирээд хүү Тэргэлийг толгой руу нь цохиод  газарт унагачихсан. Маш хүчтэй цохисон....Миний хамтран амьдрагч Д.М урьд нь 2020 оны 10 сард архи уусан үедээ намайг нэг удаа зодож байсан. Харин хүүхдийг маань байнга загнаж зандарч байдаг. 2020 оны 09 сараас хойш 6 настай хүү П.Тэргэлийг маань надтай хамт унтуулахгүй загнаад гал тогооны өрөөнд ганцааранг нь унтуулж байгаа. Мөн өнөөдөр миний хүүг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 237 дугаартай ...П.Т биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ” гэх дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/

-Насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тухай ...П.Т 2014 оны 12 дугаар сарын 07-нд төрсөн...2021 оны 3 дугаар сарын 24-нд 6 нас 3 сар 17 хоногтой байсан байна...гэх мөрдөгчийн тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39-40-р хуудас/

-Шүүгдэгч Д.М яллагдагчаар мэдүүлсэн...Гэртээ ороод хамтран амьдрагч Отгонцэцэгтэй маргалдсан. Тэгсэн чинь намайг хогийн шүүрээр цохиод байсан шиг санаж байна. Тэгсэн О-гийн хүү Т-тэй юм ярих гээд урд нь очоод суусан чинь миний нүүр рүү алгадаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд хүүгийн хацар луу нэг удаа гараа дэлгэж байгаад алгадсан. Т үсчний сандал дээр сууж байсан. Би алгадчихаад ухаан орсон, архи уугаад согтсон байсан. Эхнэр намайг хогийн шүүрээр цохиод байсан. Би тэрхэн үед яагаад хүүг цохичихов гэж бодоод гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/”

-гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Д.М нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн орчим архи ууж согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-1а-25 тоотод орж ирээд хамтран амьдрагч Д.О-гийн хүү 6 настай П.Т “ийм амьдрал байдаггүй, би чиний завааруулсан зүйлийг цэвэрлэж чадахгүй” гэх мэтээр загнаж улмаар сандал дээр сууж байхад нь хацар руу нь алгадан унагаж биед нь тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

         Шүүгдэгч Д.М үйлдлийн улмаас 6 настай П.Т-ийн биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Цагдаагийн байгууллага гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрч Д.О-гийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч П.Т-ийн ”М ах миний толгой руу цохиод би унахдаа хана мөргөөд унасан. Урд өмнө нь намайг загнадаг байсан...” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох  баримтаар тогтоогдсон хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

Бага насны хүүхдийн биед халдаж хохирол учруулсан шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “бага насны хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч 6 настай Т-ийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Гэм буруутай эсэх талаар маргах зүйлгүй. Торгуулийн хэмжээг бууруулж 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулна уу. Хүүхдийн сэтгэл зүй гэмтсэн талаар хэрэгт баримт алга байна гэж мэтгэлцжээ.

 

Шүүгдэгч Д.М бага насны хүүхдийг санаатай зодож хохирол учруулсан үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч гэм буруутай эсэх талаараа маргахгүй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч төлбөрийн нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Мд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд, сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

4. Шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

        

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.АРИУНЦЭЦЭГ