Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 20

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Булган сумын иргэн О.Э ын нэхэмжлэлтэй 

            Хариуцагч: БАНДХ т холбогдох

            “Амаржсаны тэтгэмж олгохгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, тэтгэмж олгохыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий 158/2019/0015/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Э , хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч О.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Э ы цахилгаан түгээх сүлжээ ТӨХКомпаний Булган салбарт диспетчерээр 2013 оны 3 сараас одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж, охин төрүүлсэн. Төрөлт бага зэрэг хүндрэлтэй болж 5 оёо тавиулсан, мөн хүүхэд шарлалттай төрж, 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл өөртөө болон хүүхэддээ эмчилгээ хийлгэж, эмнэлгийн чөлөөтэй байсан. Төрсний дараах эмнэлгийн хуудсаа 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр очиж аваад шууд байгууллагын нягтлан бодогчид өгсөн. Нягтлан бодогч холбогдох тооцоог хийгээд Нийгмийн даатгалын байгууллагад материалыг 8 сарын 2-нд хүргүүлсэн. Гэтэл НДХ ээс хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр амаржсаны тэтгэмжийг олгохгүй гэсэн хариуг утсаар хэлсэн. Уг хариуг сонсоод НДЕГ т гомдол гаргасан. БАНДХ ээс надруу утсаар яриад Ерөнхий газраас хариу чинь ирсэн, өргөдлөө бичиж өг гэсний дагуу би өргөдөл бичиж өгөөд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 03 тоотоор тэтгэмж олгох эрх үүсээгүй гэсэн хариуг аваад эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Эмнэлгийн хуудсыг 7 дугаар сарын 2-нд бичсэн байсан ба эмнэлгийн чөлөөтэй явсаар 8 сарын 1-нд очиж авсан. Хуульд эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоног гэсэн байна. Би эмнэлгийн хуудсаа авснаас хойш хугацаа хэтрүүлээгүй холбогдох байгууллагад өгсөн. Бичигдсэнээс хойш тоолвол 7 сарын 30-нд хугацаа нь дуусах боловч миний бие эмнэлгийн чөлөөтэй, хүндэтгэх шалтгаантай байсан тул 8 сарын 14-нд дээрх хугацааг дуусна гэж үзэж байна. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж байсан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа “амаржсаны тэтгэмж олгохгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, амаржсаны тэтгэмжийг бодож олгохыг нийгмийн даатгалын хэлтэст даалгах” гэж өөрчилж байна. Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

     Хариуцагч НДХ ийн дарга Ц.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Даатгуулагч О.Э ын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр олгосон амаржсаны эмнэлгийн хуудсыг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулагын нягтлан бодогч нийгмийн даатгалын хэлтэст ирүүлсэн нь “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.1-д заасан хугацааг хэтрүүлсэн, эмнэлгийн хуудас бичигдсэнээс хойш 31 хоногт буюу 3 хоног хэтрүүлэн ирүүлсэн байх тул нийгмийн даатгалын байгууллага хүлээн авч амаржсаны тэтгэмж тогтоож олгох эрх зүйн хувьд боломжгүй юм. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А/30 тоот тушаалаар батлагдсан “Иргэн, даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журам” –ын 2.9-д заасан хүндэтгэх үзэх шалтгаанд даатгуулагч О.Э ын хүүхэд нь өвчтэй байсан нь хамаарахгүй юм. Мөн Гомдлын шаардлагын зөвлөлөөр хэлэлцээд эрх үүсэхгүй талаар хариуг өгч, тогтоолыг гардуулсан тул тодорхойгүй хариу өгсөн гэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийг журамд заасан 28 хоногийн хугацаанд эмнэлгийн хуудсаа Нийгмийн даатгалын хэлтэст өгөөгүй учраас хугацаа хоцорсон гэж үзэж байгаа. Манай хэлтэс журамд заасны дагуу хугацаа тоолсон. Нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 20-ноос хойш эмнэлгийн хуудсаа авах бүрэн боломжтой байсан. Өөрийн хариуцлагагүй байдалтай холбоотой. Эмнэлгээс ирүүлсэн эмнэлгийн хуудас олгосон маягтад 2019 оны 7 дугаар сарын 2-нд олгосон гэж бичсэн байгаа. Бид энэ хугацаанаас нь нийгмийн даатгалын хэлтэст материал бүрдүүлж өгөх хугацааг тоолдог. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

      Булган аймгийн Булган сумын иргэн О.Э аас аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “амаржсаны тэтгэмж олгохгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, амаржсаны тэтгэмж бодож олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

       Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “амаржсаны тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, амаржсаны тэтгэмж олгохыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “амаржсаны тэтгэмж олгохгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, амаржсаны тэтгэмж бодож олгохыг нийгмийн даатгалын хэлтэст даалгах” гэж өөрчилжээ.

            БАНДХ ээс нэхэмжлэгчид “амаржсаны тэтгэмж олгохгүй” гэх шийдвэрийг утсаар мэдэгдэж, улмаар нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гарган, маргаанаа аймгийн НДХ ийн Гомдлын шаардлагын зөвлөлөөр шийдвэрлүүлэн 2019 оны 10 дугаар сарын 4-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүлээн аваад эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу НДХ ээс нэхэмжлэгчид амаржсаны тэтгэмж олгохгүй гэж утсаар өгсөн шийдвэр нь захиргааны байгууллагаас “амаар гаргасан захиргааны акт”-ын шинжийг агуулсан тул нэхэмжлэгчээс маргаан бүхий актын талаар Гомдлын шаардлагын зөвлөлд хандаж шийдвэрлүүлснийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэж, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч О.Э  нь 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт амаржсан нь хэрэгт авагдсан төрөлтийн түүх болон амбулаториор эмчлүүлэгсдийн картаар тогтоогджээ.

             Нэхэмжлэгчээс “тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 6 жил тасралтгүй төлж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн байтал амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй, материал бүрдүүлж өгөх хугацаа хэтрүүлсэн гэсэн нь үндэслэлгүй” гэж,

            Хариуцагчаас “хуульд заасан хугацаанд эмнэлгийн хуудас холбогдох материалаа нийгмийн даатгалын хэлтэст ирүүлээгүй хугацаа хэтрүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаанд хүүхэд өвчилсөн нь хамаарахгүй тул тэтгэмж авах эрх үүсэхгүй” гэж маргажээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 16 дугаар зүйлийн 5-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1.1-д ““даатгуулагч” гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг ойлгоно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч О.Э  нь “ЭБЦТС” ТӨХКомпанид диспетчерийн ажил, үүргийг гүйцэтгэж, нийгмийн даатгалын санд шимтгэл төлж даатгуулсан, Монгол улсын иргэн байна.

Тэрээр хүүхэд төрүүлснээс хойшхи амаржсаны тэтгэмжээ авахад шаардлагатай баримт болох эмнэлгийн хуудсыг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр эмчлэгч их эмч Б.Ү гаас өөрийн биеэр очиж авсан гэдгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Б.Ү  мэдүүлсэн  ба  эмнэлгийн хуудас 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр бичигдэж, эмнэлгийн байгууллагын дүн бүртгэлд орсон нь Нэгдсэн эмнэлгийн “эмнэлгийн хуудас олгосон бүртгэлээр нотлогдож байна. Энэхүү  бүртэлийн 215 дугаарт “даатгуулагч О-ын Э  2019 оны 6 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 60 хоногийн тэтгэмж олгох ******* дугаарын эмнэлгийн хуудсыг 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр олгосон” гэж бүртгэн эмч Ү  гэж тэмдэглэн хаасан байна.

Монгол улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/30 тоот тушаалын 1 дүгээр хавсралт “Иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудас бичиж олгох журам”-ын 2.15-д “Эмнэлгийн байгууллага нь эмнэлгийн хуудсыг засваргүй, гаргацтай бичиж даатгуулагчид олгох ба эмнэлгийн хуудас олгосон тухай “Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгосон тухай бүртгэл” хөтөлж, бүртгэлийн 1 хувийг нутаг дэвсгэрийн нийгмийн даатгалын байгууллагад өгч сар бүр тооцоо хийнэ” гэжээ. Журамд заасны дагуу бичигдсэн “эмнэлгийн хуудас олгосон бүртгэл”-ийг Нэгдсэн эмнэлгээс нотлох баримтаар гаргуулах шүүгчийн захирамжийн дагуу тус байгууллагаас ирүүлсэн “эмнэлгийн хуудас олгосон бүртгэл”-ээс харахад эмнэлгийн хуудсыг даатгуулагчид бус эмчлэгч эмчийн нэрийг бичин, хэнд гардуулсан нь тодорхойгүй байна. Хариуцагчаас журамд заасны дагуу НДХ ийн байгууллагад ирсэн “эмнэлгийн хуудас олгосон бүртгэл”-д “олгосон” гэж заасан хугацааг даатгуулагч эмнэлгийн хуудсаа авсан өдөр гэж маргаж байгаа боловч тухайн даатгуулагч эмнэлгийн хуудсыг тухайн өдөр нь өөрөөр хэлбэл 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр авсан нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч эмнэлгийн хуудсаа эмнэлгийн байгууллагаас авсан өдрөө өөрийн байгууллагын нягтлан бодогчид өгснийг тус байгууллагын нягтлан бодогч 8 дугаар сарын 2-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлсэн талаар нэхэмжлэлдээ дурьдсан байдаг ба нэхэмжлэгчийн эмнэлгийн хуудас, холбогдох баримт нь нийгмийн даатгалын байгууллагад 8 дугаар сарын 02-ны өдөр ирсэн талаар нэхэмжлэгч хариуцагч нар маргаагүй байна.

Нэхэмжлэгчээс “2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүүхдээ асрах эмнэлгийн чөлөөтэй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаан” гэж тайлбарлаж, хариуцагч уг тайлбарыг “Иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох журам”-ын 2.9-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй гэж няцааж байгаа боловч дээрх журмын 2.9-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан нь эмнэлгийн хуудас олгох хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт юм.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-ийн 1-д “...жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор холбогдох баримт бичгийг нийгмийн даатгалын байгууллагад өгнө”, 25 дугаар зүйлийн 25.2-т “Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудсыг, оршуулгын тэтгэмжийг нас барсан тухай гэрчилгээг үндэслэн олгоно” гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгч О.Э  нь жирэмсэн болон амаржсаны ******* дугаарын эмнэлгийн хуудсыг авсан өдрөөс  хойш дээрх хуульд заасан 28 хоногийн хугацаа өнгөрөөгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч эмнэлгийн хуудсаа 2019 оны 8 дугаар сарын 1-ны өдөр авсан, уг хуудсыг авснаас хойш 28 хоногийн хугацаа 2019 оны 8 дугаар сарын 29-ны өдөр дуусахаар байх тул нийгмийн даатгалын байгууллагаас нэхэмжлэгчид амаржсаны тэтгэмж олгохгүй гэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “жирэмсний болон амаржсаны тэтгэмж нь тэтгэмжийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэмжийн төрөлд хамаарна”, 191 дүгээр зүйлийн 191.1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч О.Э  нь нийгмийн даатгалын сангаас олгох жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авах эрх хуульд заасны дагуу үүссэн байна. Гэтэл НДХ ийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл даатгуулагчаас “амаржсаны тэтгэмж олгохгүй” гэх аман шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянан үзээд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 03 тоот тогтоолоор “амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй” гэж шийдвэрлэсэн нь хууль бус гэдгийг дурьдах нь зүйтэй байна.

 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5, Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1, 24 дүгээр зүйлийн 24.4-ийн 1, 25 дугаар зүйлийн 25.2-д заасныг тус тус баримтлан иргэн О.Э ын аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, амаржсаны тэтгэмж олгохгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, амаржсаны тэтгэмж олгохийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХЖАРГАЛ