Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0387

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа 

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Хариу өгөх тухай” 7/5107 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, “АХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн Улсын бүртгэгч Н.Э-н 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 94 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц

Хариуцагч Н.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С

Гуравдагч этгээдА ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Б.О

Гуравдагч этгээдА ХХК-ийн өмгөөлөгч О.Б

Гуравдагч этгээдУлаанбаатар импекс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0681/З          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Хариу өгөх тухай” 7/5107 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, “АХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн Улсын бүртгэгч Н.Э гийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.    

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 94 дугаар шийдвэрээр: “...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.4.1, 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас А” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн Улсын бүртгэгч Н.Э гийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.11-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 06 сарын 09-ний өдрийн Хариу өгөх тухай 7/5107 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулахшаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. ... “А” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч “Д ” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Аны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцох үедээ Аны удирдлагад хууль бусаар томилогдсон этгээдүүдийн зүгээс 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон гэх хурлыг “Д ” ХХК-ийг оролцуулахгүйгээр хийж, улмаар уг хурлаас Х/22/02 тоот хууль бус тогтоолыг гаргаж, “Д ” ХХК-ийн Аинд эзлэх хувьцааны хувь хэмжээг хууль бусаар бууруулж 32.85% болгон банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болохыг олж мэдсэн бөгөөд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлахдаа энэ талаарх ямар нэгэн материалыг манайд ирүүлээгүйгээс ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах үндэс болсон гэдгийг эхлээд зориуд дурдах нь зүйтэй байна.

3.2. ... улсын бүртгэгч М.Э  нь энэ бүх нөхцөл байдлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд, хуулийн дагуу тодруулж, нягтлалгүйгээр “А” ХХК-ийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж шүүхэд энэ нөхцөл байдлыг үнэн зөв тогтоох болов уу гэсэн итгэл найдвар тээж хандсан билээ. Гэтэл шүүх хэргийн бодит үнэнийг тогтоох нь битгий хэл, анхан шатны шүүх хуралдааныг гэнэт хийж, үүнийгээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр үл барам, хурал болсон 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хурал давхцсан яг тэр үед гуравдагч этгээдийн нөлөөнд автаж, шүүх хуралдааныг хийсэн байна.

3.3. Хэргийн тухайд бид анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа бөгөөд хэргийн бодит байдал нь бол Улсын бүртгэгч М.Э  нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “А” ХХК-ийн хойшлогдсон гэх хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гаргасан, хууль бус шийдвэрийг үндэслэж буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу 18.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”, 18.1.3-т “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн” бол улсын бүртгэлийн байгууллага тухайн банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзах үүрэгтэй байсан боловч энэ хуулийн заалтыг огт хэрэгжүүлээгүй гэдэгт байгаа. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гэж заасан хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй буюу уг хуулийн 22.1.3-т заасан үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэлийг хүлээн авч, хуулийн шаардпага хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийх зайлшгүй үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл Улсыг бүртгэгч М.Э  нь хууль журмын дагуу үүргээ гүйцэтгээгүй байна.

3.4. Тодруулбал, Компанийн тухай хуулийн 69.2-т “Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн хувийг энэ хуулийн 69.1-д зааснаас дээгүүр тогтоож болно” гэж заасны дагуу “А” ХХК-ийн дүрмийг батлахдаа дүрмийн 8.11-т “Саналын эрхтэй нийт хувьцааны дийлэнх олонхийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч буюу тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно”, 8.12-т “Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж тус тус зааж өгсөнөөр 2 хувьцаа эзэмшигчтэй банкны хувьд 66.6 хувийн хувьцаа эзэмшигч буюу хувьцаа эзэмшлийн 2/3 нь оролцсоноор хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр байхаар зохицуулсан заалтыг зөрчиж, хууль бус хурлаар хүчин төгөлдөр бус тогтоол гаргасан. Нэгэнт хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах боломжгүй бол Компанийн тухай хуулийн 69.9-д “Хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал нь энэ хуулийн 69.6-д заасан хугацаанд хуралдаж чадаагүй бол шинээр хурал зарлах бөгөөд ирц /кворум/-ийг энэ хуулийн 69.1-д зааснаар тогтооно” гэж заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлыг дахин зарлаж хуралдуулах нөхцөл үүссэн байхад, хуулийн заалтыг баримтлалгүйгээр хууль бус тогтоолыг санаатайгаар гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Энэ нь мөн Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасан банкны хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах болон хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг асуудлыг Компаний тухай хуулийн 60-74 дүгээр зүйлээр зохицуулахаар заасан хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэрэг боллоо. Нөхцөл байдал ийм байхад үүнийг хуулийн дагуу тодруулалгүйгээр “А” ХХК-ийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг Улсын бүртгэгч М.Э  нь хууль зөрчиж бүртгэснээс болж “Д ” ХХК-ийн хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрх хөндөгдсөн, улмаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан чөлөөт бизнесийн буюу аж ахуй чөлөөтэй эрхлэх эрхийг ноцтой зөрчиж, хувьцаа эзэмшигчийн банкинд эзэмшиж буй хувьцааны хувь буурсан, үүнээс болж ихээхэн алдагдал хүлээж, одоогоор нийт 44.1 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа ба цаашид хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхэнд ноцтой халдсаар байх нөхцөл бүрдэж, бидэнд учирсан хохирол, алдагдал өдөр өдрөөр нэмэгдэж байна.

3.5. Үүнээс гадна Б.Э-д холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “А” ХХК болон түүний хувьцааг эзэмшигч “Д ” ХХК-ийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн, мөн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хориглосон шийдвэрүүд одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа болно. ... захиргааны байгууллагын зүгээс ирсэн гомдлын хариугаар бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй талаар маш тодорхой дурдсан хориг тавьсан эрх бүхий байгууллагын шийдвэр хүчинтэй байхад, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улсын бүртгэгч М.Э  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.10, 20.1.10 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж “А” ХХК-ийн хувьцааны бүртгэл, “Д ” ХХК-ийн “А”-д эзэмшиж буй хувьцааны хувийг өөрчилж бүртгэсэн бүртгэлийг хийж, “Д ” ХХК-ийн эд хөрөнгөнд 44.1 тэрбум төгрөгийн хохирол учруулан, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Гэтэл анхан шатны шүүх энэ бүх нөхцөл байдлыг үнэн зөв, хуулийн дагуу хянаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр нотлох баримт, тайлбарыг хийсвэрээр дүгнэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж, манай гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод байна.

3.6. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх ... хэрэгт авагдсан баримтыг урьдаас үнэн гэж үзсэн байгаа нь зүйд нийцэхгүй юм. Улсын бүртгэгч нь ... банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзах үүрэгтэй байсан. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гэж заасан хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй буюу уг хуулийн 22.1.3-т заасан үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэлийг хүлээн авч, хуулийн шаардлага хангаж байгаа эсэх, шийдвэрт тухайн компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн гарын үсэг бүгд зурагдсан эсэх, тэдгээрийн хууль ёсны эрх, ашиг сонирхол бүрэн хангагдсан эсхүл зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт хийх, холбогдох нэмэлт баримтыг шаардан гаргуулах зэрэг зайлшгүй үүргээ биөлүүлээгүйгээр улсын бүртгэлийг хийсэн байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг зөвхөн хариуцагч талд ашигтайгаар үнэлж дүгнэлт өгсөн, бидний эрхийг зөрчсөн олон баримт байхад тэдгээрт анхан шатны шүүхээс ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

3.7. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 94 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Д ХХК нь Улсын бүртгэгч Н.Э д холбогдуулан ... Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Хариу өгөх тухай” 7/5107 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, “АХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн Улсын бүртгэгч Н.Э гийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх А” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн Улсын бүртгэгч Н.Э гийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 06 сарын 09-ний өдрийн Хариу өгөх тухай 7/5107 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.2. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “А” ХХК-иас тус банкны хойшлогдсон хурал гэх 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас гаргасан Х/22/02 дугаар тогтоолын дагуу холбогдох материалын хамт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандан 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтээ гаргажээ.

2.3. Тус хүсэлтийг гаргахдаа хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А ХХК болон Улаанбаатар импекс ХХК-ийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0000083892 дугаар гэрчилгээ, компанийн дүрэм, Улаанбаатар импекс ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Монголбанкны 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх бүтцийг өөрчлөхийг зөвшөөрсөн Н/32 дугаартай албан бичиг, 03 дугаар сарын 22-ны өдрийн А-10/277 дугаар албан бичгээр дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг Монгол банкны 2022 оны эрх зүйн актын бүртгэлийн 2662 дугаарт бүртгэснийг мэдэгдсэн албан бичиг, компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх, хариуг авах итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Цагаанхүүг томилсон итгэмжлэл, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Х/22/02 дугаар тогтоол, Улаанбаатар импекс ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/21 дүгээр тогтоол, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, А ХХК-ийн шинэчлэгдсэн дүрэм, мөн банкны 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар завсар үеийн санхүүгийн тайлан зэргийг хавсаргасан байна.

2.4. Улсын бүртгэгчээс дээрх баримтуудад үндэслэн А ХХК-ийн дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгэлд бүртгэж, мэдээлэлд өөрчлөлт оруулснаар энэхүү маргаан эхэлсэн байна.

2.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр буюу 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүх хурал давхцсан яг тэр үед гуравдагч этгээдийн нөлөөнд автаж, шүүх хуралдааныг хийсэн гэжээ.

2.6. Хавтас хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримт, утсаар ярьсан тэмдэглэл зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн болох нь тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгч талаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай баримт, хүсэлтээ ирүүлээгүй байна.

2.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-д “Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй” 91.2-д “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж зааснаар шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжийг хязгаарласан гэх үндэслэлд хамаарахгүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.8. Мөн гомдолд...Улсын бүртгэгч М.Э  нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “А” ХХК-ийн хойшлогдсон гэх хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гаргасан, хууль бус шийдвэрийг үндэслэж буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу 18.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”, 18.1.3-т “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн” бол улсын бүртгэлийн байгууллага тухайн банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзах үүрэгтэй байсан боловч энэ хуулийн заалтыг огт хэрэгжүүлээгүй гэдэгт байгаа. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гэж заасан хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй буюу уг хуулийн 22.1.3-т заасан үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэлийг хүлээн авч, хуулийн шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийх зайлшгүй үүргээ биелүүлээгүй” гэжээ.

2.9. Гэвч хэрэгт авагдсан “А” ХХК-иас компанийн дүрмийн өөрчлөлтийг бүргүүлэхтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн баримтаас үзэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлтийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй байхаас гадна хуурамчаар үйлдсэн, шаардлага хангаагүй, хуульд заасан бүрдүүлбэр дутуу зүйл байхгүй, улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

2.10. Түүнчлэн гомдолд ...Б.Э-д холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “А” ХХК болон түүний хувьцааг эзэмшигч “Д ” ХХК-ийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн, мөн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хориглосон шийдвэрүүд одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа ... хориг тавьсан эрх бүхий байгууллагын шийдвэр хүчинтэй байхад, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэгч М.Э  “А” ХХК-ийн хувьцааны бүртгэл, “Д ” ХХК-ийн “А”-д эзэмшиж буй хувьцааны хувийг өөрчилж бүртгэсэн бүртгэлийг хийж, “Д ” ХХК-ийн эд хөрөнгөнд 44.1 тэрбум төгрөгийн хохирол учруулан, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэжээ.

2.11. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4613 дугаар “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянан хязгаарлах тухай” зөвшөөрөл олгохдоо эрүүгийн 1902005640238 дугаартай хэрэгт “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Д ” ХХК-ийн нэр дээрх хувьцаа, хүчин төгөлдөр өмчлөлд байгаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан болохоос “А” ХХК, түүний хувьцаа эзэмшигч “Улаанбаатар импекс” ХХК-ийн хөрөнгө, хувьцааг нэмэгдүүлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаагүй байна.

2.12. Өөрөөр хэлбэл Д ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Хариу өгөх тухай” 7/5107 дугаартай албан бичиг,АХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн Улсын бүртгэгч Н.Э гийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхээргүй байна.

2.13. Түүнчлэн улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагчийн өгсөн баримт материал өөр хоорондоо зөрчилтэй эсэх, хуульд заасан бүрдүүлбэрийг хангасан эсэхийг шалгаж, уг нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд бүртгэхээс татгалзахаар зохицуулсан болохоос аливаа хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн хурал хэрхэн явагдсан, хурлын шийдвэр, тогтоол нь хуульд нийцсэн, үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх эрх бүхий этгээд биш тул хариуцагчийн үйлдлийг буруутгаж болохгүй.

2.14. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 94 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                             Д.ОЮУМАА

 

           ШҮҮГЧ                                                             О.ОЮУНГЭРЭЛ