| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0150/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/155 |
| Огноо | 2021-06-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан
Улсын яллагч Г.Э
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ст холбогдох эрүүгийн 2125000910146 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Б.С
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Сыг Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнхнаран” дэн буудлын өрөөнөөс хамт явсан найз Б.Д эзэмшлийн Хуавай Ви-6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сын мэдүүлсэн: “Хэргээ хүлээн зөвшөөрч байна, харамсаж, гэмшиж байна. Утсаа цэнэглэнэ гэж ярьж байсан. Тэгээд би гарч явахдаа утсыг нь авч гараад айлд очоод унтчихсан байсан. Би авснаа мэдэхгүй байгаа юм. Шунахай сэдлээр найзынхаа утсыг аваагүй. Утсыг буцаан өгсөн” гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.Д мэдүүлсэн...Тэгээд буудлынхаа өрөөнд С.тай 1 шил Хараа нэртэй 0.75 литрийн архи уугаад гар утасаараа дуу сонсоод байж байхад утасны цэнэг бараг дуусаж байсан. Тэгээд би жаахан байж байгаад унтаад өгсөн байсан. Тэгээд би шөнө 02 цагийн үед сэрээд утасаа авах гээд харахад миний гар утас байхгүй С яваад өгсөн байсан. Өглөө нь С-тай холбогдоод гар утасаа асуухад миний утасыг авч яваагүй гэсэн. Тэгээд маргааш нь буудлын камерыг шүүлгэхэд камерт орж гарсан хүн байхгүй байсан. Одоо өөрийн гар утасаа олсон болохоор гомдол санал байхгүй. Харин 2.3.4 сарын утасны төлбөр болох 135,000 төгрөгийг нэхэмжилмээр байна. Шүүх хуралд суухгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/
-Гэрч Ж.А-гийн мэдүүлсэн ...Би хяналтын камер шүүхэд тухайн өдрийн 20 цаг 25 минутад тухайн утсаа алдсан гэх залуу өрөөнөөсөө гаран буцаж 20 цаг 26 минутад өрөөндөө орно. 20 цаг 43 минутад хамт байсан гэх Сумъяабаатар 101 тоот өрөөнөөс гаран буцаж 20 цаг 45 минутад өрөөнд буцаж орно. 21 цаг 10 минутад Сумъяабаатар буцаж өрөөнөөс гараад эргэж ирээгүй. Хяналтын камерт С хэвийн бус байдалтай харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/
-“Бейкер Тилли Далайван Аудит” ХХК-ний Орхон аймаг дахь салбарын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02/02-18 дугаартай ...“Хуавай Ви-6 загварын гар утас 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 400,000 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-46-р хуудас/,
-Гэрч Т.Х-ын ...Тэгээд 2021 оны 2 дугаар сарын 27-нд гэр рүүгээ буцах гээд унаанд суухаар ахынхаас гартал 00-ын хажууд нэг утас байхаар нь аваад гараад явчихсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/
-Гэрч Ө.Э-гийн ...2021 оны 2 сарын 13-ны орой С ирээд Х-т өөрийнхөө утсыг өгч цэнэглүүлсэн юм билээ. Хүрэлбаатар 2 сарын 21-ний өдөр байна уу 22-ны өдөр Архангай аймаг руу явсан...гэх мэдүүлэг/хх-ийн 21-р хуудас/
-Эд зүйл /Хуавай Ви6 загварын гар утас/ хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 67-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдоо.
Үйл баримт: Шүүгдэгч Б.С нь 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр оройн 21 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт “Мөнхнаран” дэн буудлын өрөөнд хамт архи ууж байсан найз Б.Дг согтоод унтсан хойгуур түүний эзэмшлийн Хуавай Ви-6 загварын гар утсыг нь нууцаар зөвшөөрөлгүй авч явж 400,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Б.С бусдын эзэмшлийн Хуавай Ви-6 загварын гар утсыг зөвшөөрөлгүй, нууцаар авч явсаны улмаас хохирогчид 400,000 төгрөгийн шууд хохирол учирсан шалтгаант холбоотой байдал дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ, шүүгдэгч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ял оногдуулах саналтай гэж, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлт саналдаа, би шунахай сэдлээр аваагүй ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж мэтгэлцжээ.
Шүүгдэгч Б.Сын бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Сыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч гэм буруутай эсэх талаараа маргахгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хохирлыг барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Дд учирсан хохирол болох 400.000 төгрөгийн үнэ бүхий Хуавай Ви-6 загварын гар утсыг биет байдлаар нь буцаан өгсөн, хохирогч цаашид гаргах гомдол саналгүй шүүх хуралд оролцохгүй гэж шүүхэд мэдэгджээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн /хоёр зуун дөч/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар эдлүүлэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6 Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ