Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 248

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Махатма Ганди гудамж, Дранж тауны 6 тоот, Хатан туул хөгжил ХХК-ны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Green tow хотхоны С1 блок 5-р орцны 5 давхарын 75 тоотод оршин суух Гомбосүрэнгийн Өлзийбүрэнд холбогдох “оршин суусан түрээсийн төлбөр 4 500 000 төгрөг, шинэ орон сууцны элэгдүүлэлт буюу засварын зардал 2 050 135 төгрөг, гэрээний үнийн дүнгийн 10%-н торгууль болох 6 075 450 нийт 12 925 585/ арван хоёр сая есөн зуун хорин таван мянга таван зуун наян тав / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хатантуул хөгжил ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Манай компани нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Green town хотхон орон сууцны төслийг барьж ашиглалтанд оруулсан болно. 2015 оны 01-р сард ашиглалтанд орсон С1, С2, D1 блокын 5-р орц 75 тоот 52,83мкв байрыг Г.Өлзийбүрэнтэй 2015 оны 12-р сарын 01-ний өдөр 015/031 тоот нийт 60 754 500 төгрөгийн дүнтэй гэрээ байгуулсан. Гэрээний нөхцлийн дагуу 2015 оны 12-р сарын 16-нд 5 000 000 төгрөг, дараагийн төлбөр болох 2015 оны 12-р сарын 31-нд 4 000 000 төгрөгийг авах, үлдэгдэл төлбөр болох 50 754 500 төгрөгийг 2016 оны 05-р сарын 31-ний дотор төлөхөөр тохиролцсон. Энэхүү төлбөрийн графикаар 2015 оны 12-р сарын 31-ний дотор төлөх 4 000 000 төгрөгийн төлбөрөөс 2016 оны 03-р сарын 03-ны өдөр 3 500 000 төгрөгийг авсан болно. Үлдэгдэл төлбөр болох 51 254 500 төгрөгийг 2016 оны 05-р сарын 31-ний дотор өгөх байсныг хугацаандаа төлөөгүй. Энэхүү үлдэгдэл төлбөрөөс 2 000 000 төгрөгийг 2016 оны 11-р сарын 03-ны өдөр авсан. Үлдэгдэл төлбөр болох 49 254 500 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй удаа дараа шаардлага тавьсан боловч хариу өгөхгүй байгаа тул орон сууцны захиалгын гэрээг цуцлах хүсэлтэй байна. Иймд Г.Өлзийбүрэн нь 2015 оны 12 сард 75 тоотод орсон хугацаанаас өнөөдрийг хүртэлх оршин суусан түрээсийн төлбөр 4 500 000 төгрөг шинэ орон сууцны элэгдүүлэлт буюу засварын зардал 2 050 135 төгрөг, гэрээний үнийн дүнгийн 10%-н торгууль болох 6 075 450 нийт 12 925 585/ арван хоёр сая есөн зуун хорин таван мянга таван зуун наян тав / төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хатантуул хөгжил ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азжаргал нь хариуцагч Г.Өлзийбүрэнтэй тохиролцон орон сууцны түрээс болон ашиглалт, элэгдүүлэлтийн зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Г.Өлзийбүрэн нь Хатантуул хөгжил ХХК-аас худалдан авсан 2 өрөө байрныхаа урьдчилгааны үлдэгдэл болох 3.150.000 төгрөгийг 2017.06.07-ны дотор Хатантуул хөгжил ХХК-ны дансанд хийж, 2017 оны 06 дугаар сарын дотор Голомт банкны 8 хувийн зээлд хамрагдан байраа авахаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хатантуул хөгжил ХХК нь хариуцагч Г.Өлзийбүрэнд холбогдуулан “оршин суусан түрээсийн төлбөр 4 500 000 төгрөг, шинэ орон сууцны элэгдүүлэлт буюу засварын зардал 2 050 135 төгрөг, гэрээний үнийн дүнгийн 10%-н торгууль болох 6 075 450 нийт 12 925 585/ арван хоёр сая есөн зуун хорин таван мянга таван зуун наян тав / төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Хатантуул хөгжил ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азжаргал нь хариуцагч Г.Өлзийбүрэнтэй тохиролцон орон сууцны түрээс болон ашиглалт, элэгдүүлэлтийн зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Г.Өлзийбүрэн нь Хатантуул хөгжил ХХК-аас худалдан авсан 2 өрөө байрныхаа урьдчилгааны үлдэгдэл болох 3.150.000 төгрөгийг 2017.06.07-ны дотор Хатантуул хөгжил ХХК-ны дансанд хийж, 2017 оны 06 дугаар сарын дотор Голомт банкны 8 хувийн зээлд хамрагдан байраа авахаар эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 221.759 төгрөгийн 50 хувь болох 110.879 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал  хувь болох 110.879 төгрөгийг хариуцагч Г.Өлзийбүрэнгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Хатантуул хөгжил ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

        Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1. Нэхэмжлэгч Хатантуул хөгжил ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азжаргал нь хариуцагч Г.Өлзийбүрэнтэй тохиролцон орон сууцны түрээс болон ашиглалт, элэгдүүлэлтийн зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Г.Өлзийбүрэн нь Хатантуул хөгжил ХХК-аас худалдан авсан 2 өрөө байрныхаа урьдчилгааны үлдэгдэл болох 3.150.000 төгрөгийг 2017.06.07-ны дотор Хатантуул хөгжил ХХК-ны дансанд хийж, 2017 оны 06 дугаар сарын дотор Голомт банкны 8 хувийн зээлд хамрагдан байраа авахаар зохигчид эвлэрсэн байх тул  зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 221.759 төгрөгийн 50 хувь болох 110.879 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал  хувь болох 110.879 төгрөгийг хариуцагч Г.Өлзийбүрэнгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Хатантуул хөгжил ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ш.ОЮУНГЭРЭЛ