Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/457

 

 

 

 

 

 

   2021         08         26                                       2021/ШЦТ/457

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Одбаяр,

улсын яллагч Ц.Алтанцэцэг,

хохирогчийн өмгөөлөгч Г.Мөнхбат,

шүүгдэгч Ө.А-, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Ө.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18100 0515 0451 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны хүлээн авч, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ......

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Ө.А- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Кинг таур” хотхоны 123 дугаар байрны 131 тоотод иргэн П.М-тай “унтаж байхад сэрээлээ” гэх шалтгаанаар маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун, зүүн дух, зулай, гүүрний зүүн дэлбэнгийн аксоны тархал гэмтэл, цус хуралт, няцрал, духанд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.А-аас: Мэдүүлэг гаргахгүй гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, эрүүгийн 18100 0515 0451 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч П.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

-2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн:  “...2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр би “Донж хаус’’ ХХК-ний захирал А-ын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Кинг таур” хотхон дахь байрны 12 дугаар давхар дахь гэрт эхнэр Г-гийн хамтаар очсон. Захирлын гэрт А-, М- гээд олон хүн байсан. Тухайн үед хэн хэн байсан гэдгийг одоо нэг бүрчлэн санахгүй байна. Ингээд бид архи уугаад би тус компаний жолооч А-тай захирал А-ын гэрийн 1 дүгээр давхарт орох орон байр булаацалдаад маргалдсан. А- намайг хүзүүдэж аваад, миний цамцны захаас татсан. Ямар ч гэсэн А- бид хоёр зууралдаад, янз бүр болж байсан санагдаж байна. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Мэдэхгүй би хольж хутгаад байна. Тухайн үед би нэлээн согтолттой байсан. А- ч гэсэн халамцуу байсан. А- бид хоёрыг маргалдаад, зууралдаж байхад хажууд хүн байгаагүй байх. Тухайн үед манай эхнэр Г- болон бусад хүмүүс унтаж байсан шиг санагдаж байна. Би зарим зүйлийг огт санахгүй байгаа. ...Тэр өдөр А- бид хоёр маргалдаад, ноцолдож зууралдсан. Тэгээд юу болсныг санахгүй байна. Би тухайн өдөр А-ын гэрийн 2 дугаар давхар руу гарсан. А- бид хоёр архи уух гэж 2 дугаар давхар руу гарсан. А- намайг дээрээс унасан гээд байх юм. Би нэгдүгээр давхраас унасан. ...Би өөрийн санаж байгаа зүйлээ л ярьж байна. Шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцлаа. Дүгнэлтийг талаар хэлэх зүйл байхгүй. Гомдолтой байна. Хөдөлмөрийн чадвараа 12 cap алдлаа. Ганцаараа алхаж явж чадахгүй, баруун гар, баруун хөлийн хөдөлгөөн муу болсон. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-26 дугаар хуудас/,

 

-Хохирогчоор дахин 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...Миний бие одоо болтол эмнэлгээр явж байна. Баруун гар, хөл саажилттай болсон, ярихдаа ээдэрдэг болсон. 2018 оны 7 дугаар сард 50 хувийн хөдөлмөр алдалтаар группэд орсон. Дүүргийн эмнэлэгт хяналтанд байгаа. “Монгол мед” эмнэлэгт өдрийн эмчилгээ хийлгэж байна. Урьд нь өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Би ямар ч байсан А-тай барьцалдаж байсан, тэрнээс цааш юу болсон талаар мэдэхгүй. 22 хоногийн дараа ухаан орсон. Захирлын өгсөн байранд манайх амьдардаг. Тэр байрнаас болж маргалдсан байх. Нэг мэдэхэд нэг давхарт том өрөөнд барьцалдсан байсан. А- намайг 2 давхраас унасан байх гээд байгаа. Намайг зүгээр байхад ийм болгосонд гомдолтой байна. Гарсан эмчилгээний зардал болон цаашид эмчилгээнд шаардлагатай зардлаа гаргуулан авмаар байна. ....” гэх мэдүүлэг /1хх-ийн 27 дугаар хуудас/,

-Хохирогчоор дахин 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өгсөн:“...2018 оны 02 дугаар сарын 18-ны 13 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кинг таур” хотхонд захирал А-тай золгохоор гэрт нь ажлын газрын хамт олонтойгоо очсон. Манай ажлын газрынхан хоорондоо юм ярилцаад сууж байх зуур согтууруулах ундаа хэрэглэсэн. 22 цагийн үед эхнэр Г- уурлаж намайг загнахаар нь би гараараа эхнэр Г-г цохиход хүмүүс салгаад, Г- дээшээ гарсан. Би нэг давхарт А-ын хамтаар үлдсэн. А- бид хоёр вино ууж эхэлсэн. Тэгээд маргалдангаа жимсний архи ууж эхэлсэн. Би тэгээд дээш гарч үргэлжлүүлж архи ууж эхэлсэн. А-тай зууралдаж байснаа санаж байна. Би тэрнээс цааш юу ч санахгүй байна. Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. ...Би захирлынд ямар нэгэн хүнтэй хэрэлдэж маргалдаж зодож цохисон хүн байхгүй. Миний санахын А- бид хоёр хэрэлдэж маргалдсан. Би эхнэр Г-тай согтууруулах ундаа хэрэглэснээс болоод бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгэхэд эхнэр Г- дээш гараад унтаад өгсөн. Би цохисон зүйл байхгүй. Г-гаас цус гарсан зүйл байхгүй байсан. Би тухайн үед хана мөргөсөн зүйл байхгүй. Тухайн үед гэрт А-, Ц- хүүхдүүдтэйгээ байсан. Өөр хүн байгаагүй. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байснаас болоод захирлын гэрт хоносон байх. Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 135-137 дугаар хуудас/,

 

-Хохирогчоор дахин 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “...Би 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байтал манай эхнэр Г- даргынд очиж золгоё гээд байсан. Эхнэр бид хоёр хамт очсон. Захирал А-ын гэрт хамт ажилладаг хэдэн хүн ирчихсэн байсан. Хэн хэн байсныг нь сайн санахгүй байна. Тэгээд манай ажлынхан захиралтай золгочхоод хоорондоо юм яриад суусан. А- тухайн үед байхгүй байсан. Нэг харахад ирчихсэн байсан. Намайг манай эхнэр Г- архи уулаа гэж загнасан, эхнэр бид хоёр бага зэрэг маргалдсан. Тэгээд маргалдаж байхдаа би Г-гийн нүүр лүү нь гараараа түлхсэн чинь Г- хана толгойгоороо мөргөөд доошоо суучихсан. Тэгээд Г- уурлаад хоёр давхар луу гарчихсан юм. Тухайн үед нэлээн орой болсон байсан, хамт ажилладаг хүмүүс ихэнх нь явчихсан байсан хэн хэн үлдсэнийг сайн санахгүй байна. Ямар ч байсан А- бид хоёр А- захирлын том өрөөнд архи уусан. Архи ууж байхдаа нэг жилийн өмнө би байгууллагаас байр авсан юм. Тэр талаар яриад А- бид хоёр маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад бие биенийгээ заамдаж авсан. Намайг А- боогоод шалан дээр унагасныг санаж байна. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Өмнө нь А- бид хоёр машины асуудлаас болж маргалдаж зодолдож байсан юм. А- бид хоёр 2017 оноос хойш харьцаа муутай болсон, хоорондоо юм ярьдаггүй байсан. Маргалдаж байхад бид хоёрын хажууд хүн байсан эсэхийг санахгүй байна. Би зодуулснаасаа хойш их мартамхай болчихоод байгаа юм. Ө.А- надад эмчилгээний зардал гаргаж өгөөгүй. Би өмнө нь эмчилгээний баримт гаргаж өгсөн, түүн дээр нэмж гаргаж өгөх баримт байхгүй. Би сүүлийн эм тариа авсан баримтуудаа гээчихсэн юм шиг байна, олохгүй байгаа юм.

2018 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө эхнэр бид хоёр маргалдаж байхад А-, М- нар хажууд байсан. Г- дээшээ хоёр давхар луу гарснаас хойш би араас нь гараагүй. Тэгээд А- бид хоёр архи уусан. 2018 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө би эхнэр Г-тайгаа маргалдаж байхдаа би “ингээд үхээд өгье” гэж хэлээд толгойгоороо хана хоёроос гурван удаа мөргөсөн, тухайн үед би гэмтэл аваагүй. Дараа нь А-тай архи ууж байхад миний толгой зүгээр байсан. Хэрвээ би хана мөргөж байхдаа гэмтэл авсан бол тухайн үедээ шууд ухаан алдаад унах байсан байх гэж бодож байна. 2018 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Ө.А- бид хоёр маргалдаад А- намайг заамдаад шалан дээр унагааж байхыг нь санаж байна. Түүнээс хойш би юу болсныг санахгүй байна. А- намайг шатнаас болон хоёр давхраас унаж гэмтсэн эсвэл эхнэртээ зодуулсан гэж яриад байгаа юм. Сүүлд нь Х- эхнэр Э- манай эхнэр Г-д А- Х- рүү залгаад М-ыг цустай нь хутгаад хаячихлаа дэвсэж байхдаа хөлөө гэмтээчихлээ гэж ярьсан байсан. Би тэр дагуу нь Х-г мэдүүлэг авхуулсан юм. Уг хэргийн үнэн зөвийг олж өгнө үү. А- намайг зодож гэмтэл учруулсан нь үнэн. Иймд А-аас эмчилгээний зардал мөнгө гаргуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /1хх195-197 дугаар хуудас/,

 

2. Гэрч П.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 01:54 цагт манай төрсөн эгч М-, бэр М- нар утсаар над руу залгаад “М- ах чинь ухаангүй байна. Гэмтлийн эмнэлэгт хүрээд ир” гэж хэлсэн. Би гэмтлийн эмнэлэгт очтол ухаангүй толгойны зургаа авхуулсан гээд хамт эхнэр Г-, эгч М-, Н-, бэр М-, хамт байсан гэх А-, бас танихгүй залуугийн хамт байсан. Гэмтлийн эмнэлгийн эмч архины хордлого байх шиг байна тархины гэмтэлгүй байна гэж хэлсэн. Ерөнхий эмч рүүгээ толгойны зургийг нь явуулж үзүүлэхэд эмч нь эмчилгээ хийгээд ухаан орохыг хүлээ гэсэн. Тэгээд дусал залгая гэсэн. Би ахыг хаана байгаа юм гэхэд приус машины ард талд нь ухаангүй сууж байсан. Тэгээд ахыг эмнэлэг рүү оруулж дусал тариа хийхэд ах ухаангүй, гар хөлөө савчаад байсан. Тухайн үед очиход ахын зүүн талын чихээс цус гарч сэтэрсэн, баруун талын хөл нь хөхөрсөн, зүүн талын хөлний дотор талдаа зулгарсан юм шиг харагдсан. Өнөөдөр өглөө гэмтлийн эмнэлгээс Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү шилжүүлсэн. Эмч нар нь үзээд зүүн талын чихнээс цус гарсан тархиндаа гэмтэл авсан байна. Нугаснаас ус авсан, тэр нь булингартай гарсан, дахин ус авна гэсэн. Тэгээд эмнэлгийн эмч нар нь дахин гэмтлийн эмнэлэг рүү явуулъя гэсэн. Өнөөдөр авсан зураг дээр гэмтэл авсан нь тодорхой гарсан байна. Өчигдрийн хувьд тархинаас шүүрэл явагдсан учир мэдэгдэхгүй байсан гэж хэлсэн. Эмч зодуулсан ч бай цохиулсан ч бай энэ хүн тархиндаа гэмтэл авсан байна гэсэн учир би цагдаагийн байгууллагад өргөдөл өгч байна. 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Дэнж хаус” ХХК-ны захирал Ц-, А- нарын гэрт золгохоор очоод архи уусан гэсэн. М- ахын эхнэр Г-гийн ярьж байгаагаар “хамт ажилладаг хүмүүстэйгээ захирлынхаа гэрт зодолдсон” гэж ярьсан. Г-гийн ярьж байгаагаар “2018 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө захирлындаа хамт ажлынхаа хүмүүстэй архи уугаад муудалцаж зодолдоод өглөө босоод иртэл коридорт цустайгаа холилдсон хэвтэж байсан” гэж хэлсэн. Мөн А- нь А- захирал М- бид гурав хамт талын хар архи уусан, тэгээд унтсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ энэ хүний нүүр дух хавдсан байна” гэхээр “унасан юм болов уу” гэж хэлсэн. Тэгтэл манай бэр Г- 16 цагт над руу утсаар яриад М- унтаад сэрэхгүй байна, манай хүүхдүүдийг аваарай гэхээр нь би өглөө 06 цагт унтсан хүн яагаад одоо болтол сэрдэггүй юм бэ угз татаад сэрээгээч гэж хэлсэн. Тэгтэл М- бөөн цус нөж манай ажлынхантай зодолдоод тэгээд архи уугаад унтсан юм шиг байна, нүүр амь шалбарсан гэж хэлсэн. Тэгээд байж байтал шөнө эгч нар маань над руу ах чинь ухаангүй байна гэж хэлсэн. Миний хувьд бол зодуулсан эсэхийг мэдэхгүй, Г- болохоор зодуулсан байна гэж хэлсэн. М- ахтай хамт А-, А-, Ц-, М-, Г- нар болон хамт хүүхдүүд нь байсан гэж хэлсэн. М- ахын биеийн байдал маш хүнд ухаангүй байна. Зүүн талын чихнээс нь цус гарсан хэсэг нь битүү хавдсан, дух нь чирэгдсэн юм шиг халцарсан, өнөөдрийг хүртэл 2 өдөр ухаангүй байна. Хагалгаа хийж ухаан орох эсэхийг шийдэх байх. Мэнэнгэт болсон байх гээд шинжилгээ хийлгэж байна. М- ахыг ухаангүй унтаж байгаад өмдөндөө хүндэрсэн гэсэн, тэгээд сэргээх гээд хүйтэн шүршүүрт оруулаад эмнэлэг рүү авч явсан байсан. ...гэх мэдүүлэг /1хх-ийн 28-30 дугаар хуудас/,

-Гэрчээр дахин 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: “...А- гэмтлийн эмнэлэг дээр ирэхээр нь та нар хамт ууж идчихээд нэгнийгээ ийм байдалд оруулаад байхдаа яадгийн, үнэнгээ хэлээч гэхэд А- захирал, М- бид гурав архи уугаад үлдсэн. Зодолдсон юм байхгүй гэхээр нь би битгий худлаа яриад бай, Г- та хоёрыг зодолдож байсан гэж хэлсэн гэсэн. Тэгэхэд А- би зодолдоогүй гэж байсан мөртлөө Чулуунтуяа байцаагчид би хоолойг нь боогоод хавсарч унагаачхаад хүүхдээ дагуулаад гараад явсан, тэгэхэд өглөө болсон байсан гэж хэлсэн байсан. Тухайн үед А-ын хөл нь доголсон, нүүр нь шалбарсан байсан. Захирлын 2 хүүхэд нь Г-д “М-, А-” хоёрыг зодолдож байсан гэж хэлсэн байна лээ. Би тухайн үед буруугүй хүнийг гүтгээд байгаа юм болов уу гэж бодсон чинь 2-3 хоногийн дараа Чулуунтуяа байцаагч А- М-ын хоолойг боож хавсарч унагаагаад хүүхдээ аваад явсан гэж мэдүүлсэн, одоо саатуулсан байгаа гэж байсан. ...Шүүх эмнэлгээс ирсэн цагдаа нар М- ахын зургийг аваад хүнд зодуулсан нь тодорхой, өндрөөс унаагүй байна гэж байсан, мөн эмч нар ямар заналтай цохисон юм бэ гэж зодуулсныг нь хэлээд байхад өндрөөс унасан гээд энэ хэргийг удаашруулаад байна. ...” гэх мэдүүлэг / 1хх49 дүгээр хуудас/ ,

 

-Гэрчээр дахин 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “...А- анх эмнэлэг дээр ирэхэд хөл нь гэмтсэн байсан. Тэгээд хүмүүс ярьж байгааг сонсоход А- гэж хүн манай ах М-ыг зодсон юм байна гэж бодсон, цагдаа нар ч тийм зүйл ярьж байсан. П.М- ахад би эмчилгээ болон эм тариаг нь авч өгч байсан. Эм тарианыхаа баримтыг М- ахад өгдөг байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 198-200 дугаар хуудас/,

 

3. Гэрч Р.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 15-наас захирал А-ын гэрт байх болсон. Тэдний гэр нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо маршал гүүрний хажууд 132-р байрны 12 давхарт 131 тоот юм. Шинийн гурван буюу 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагаас эхлэн манай ажилчид золгох гээд ирсэн. Хамгийн сүүлийн хүн жолооч А-, мужаан Нараагийн хамт ирсэн. Тэр өдөр М- эхнэр Г-гийн хамт, Б-, Х-, экскиний жолооч М- нар байсан. Гэрийн эзэн захирал А- эхнэр Ц- нар мөн байсан. 16 цагаас хойш архи дарс ууж бууз идсэн. А- эхнэрийн хамт ирээд удаагүй буцаад явсан. Би 23 цагийн үед дээшээ гарч хүүхдийн өрөөнд унтсан. Хэсэг хугацааны дараа эмэгтэй хүн 2-3 удаа орилсон. Би унтаж байсан өрөөнөөсөө гарч ирээд харахад бусад өрөөнүүд хаалттай дээд давхарт хүн байхгүй байсан. Буцаад орох гэтэл эмэгтэй хүн Алтаа ахаа гэж орилсон. Чимээ доод давхраас гарахаар нь шатаар буугаад нэгдүгээр давхрын коридорт Г- нойлын өрөөний хажууд хана түшээд суучихсан нөхөр М- нь гараараа цохих гээд далайгаад зогсож байсан. Г-гийн ам хамраас нь цус гарчихсан байсан. М- эхнэрээ алчихъя гээд хоолойг нь багалзуурдахаар нь би салгах гэж голоор нь орсон. М- нь би шоронд байсан хүн намайг 102 дуудаад өгчих гэхээр нь юу яриад байгаа юм, хамт олноороо уулзчихаад гэж хэлсэн. Эхнэрийнхээ хацар руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Эхнэр нь нойлын өрөө рүү орсон. Эхнэр рүүгээ явах гээд байсан учир би явуулахгүй хорьсон. М- би ингээд үхчихье гээд хаалганы хажуу талын ханыг толгойгоороо 2-3 удаа мөргөсөн. Би ингээд явчих би дуудлагын жолооч дуудаад өгье гэж хэлэхэд явахгүй гээд байсан. Би коридор руу чирч гаргасан ба тэрээр эргэж орж ирсэн. Эхнэрийнхээ хоолойг нь боосон ба би салгасан. Коридорын шатан дээр А- хүүхдээ тэврээд хэвтэж байсан. Би чангаагаад босооч ээ бид хоёрыг зодоод байна зохицуулаад өгөөч гэж хэлж бөгс рүү өшиглөж татсан боловч босоогүй. Г- буцаад нойлын өрөө рүү ороод эргээд гараад ирсэн. Г-г хурдан дээд давхар руу гар гэж хэлсэн. Энэ үед М- коридорын сандал дээр сууж байсан. Би хүүхдийн өрөө рүү ороход Г- байхгүй байсан учир 2 давхрын нойлын өрөө рүү ороход тэрээр уйлаад сууж байсан. Юунаас болсон юм гэхэд архи уухаараа ингэдэг юм гэхээр нь түүнийг тайвшруулж хүүхдийн өрөөнд орж унтацгаасан. Тэрээр өмдөндөө шээсэн байсан ба энэ хүн намайг ингэтэл нь айлгаж байна шүү дээ гээд чичрээд тайвширч чадахгүй уйлаад байсан. Өглөө 09 цагт Ц- хаалга тогшиж Г- байна уу гэсэн. Ц- М- ах доор хамраас нь цус гарчихсан унтаж байна, очиж хар гэсэн. М-ын өмсөж явсан хар өнгийн пүүзэн гутал нь 2 дугаар давхрын коридорт байсан. Тэгээд Г- бид хоёр доод давхар руу буухад М- шат руу унасан байдалтай дээшээ харсан байдалтай, хөл нь дээшээ, толгой нь үүд рүү харсан байдалтай, хамраас нь цус гарчихсан хурхираад унтаж байсан. Г- энэ архи ууж чаддаггүй юм, унтаж л байг гэсэн. Г- нөхрийнхөө нүүрний цусыг цэвэрлэсэн. М-ын чихнээс цус гараад байна гээд баруун талын чихний дэлбээг цэвэрлэж байсан. М-ын нүүрийг харахад энд тэндгүй халцарсан шинжтэй байсан. Тэр 2 хоорондоо маргалдахад М-ын нүүр тийм болоогүй байсан. Том өрөөнд ороод цонх онгойлгож цэвэрлэгээ хийсэн. Б-, Х-, М- нар орой намайг унтахаас өмнө явсан. А- өглөө босоход гал тогооны өрөөний буйдан дээр унтаж байсан. Г- бид хоёрыг өрөөнд орсноос хойш хаалгыг 2-3 удаа М- Г- гараад ирээ гээд балбаад байсан. Бид хаалгаа тайлж өгөөгүй. Түүнээс хойш дахин дуу чимээ гараагүй. Багцаагаар 5 цагийн үед унтсан байх. Бид нар хамт байх хугацаандаа ажлынхаа талаар ярьцгаасан, хоорондоо маргалдаагүй. М- би ингээд үхчихье гээд хаалганы хажуу талын ханыг толгойныхоо зүүн урд хэсгээрээ 2-3 удаа мөргөсөн. М- эхнэрээсээ гадна өөр хүнтэй маргалдаагүй. Намайг унтах гэж байхад М- доод давхарт буйдан дээр унтаж байсан. ...Г- 2017 оны 03 дугаар сард, М- нь 2017 оны 04 дүгээр сард ажилд орсон. ...А-, М- нар намайг унтах хүртэл маргалдаагүй. Намайг унтсанаас хойш М- эхнэртэйгээ маргалдсан. Г-гийн хамраас цус гарчихсан, баруун нүдний доор өвдөөд байна гэж байсан. Энгэр нь цус болчихсон байсан. Г- өглөө нь бөөр өвдөөд байна гээд бөөрөө бариад байсан. Миний бодлоор М- ах шатны уруу унасан юм болов уу, их согтуу байсан шүү дээ, бид нар ойролцоогоор 2 вино, 1 виски, 3-4 шил архи уусан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

4. Гэрч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эхнэр Ц- бид хоёр Оргилд явж байтал манай хүүхэд утсаар яриад та хоёртой хүмүүс золгох гээд гэрт ирсэн байна гэхээр нь би гэртээ хүрээд иртэл манай ажлын газрын Б- эхнэр хүүхдийн хамт, А- эхнэр хүүхдийн хамт, М- эхнэр Г-гийн хамт, Баясаа, Х- нарын хамт ирсэн байсан. Ингээд бид нар хоол идэж зураг авхуулсан. 23 цагийн орчим Н-тай жолооч А- ирсэн. Би гэртээ ирсэн хүмүүст талын хар гэх хятад 0.5 граммтай архи задалсан. Бид нар ууж дуулж байгаад 00 цаг өнгөрч байхад 3 дуудлагын жолооч дуудаж өгсөн. М- явахгүй надтай хамт юм ярьж суумаар байна гээд эхнэр Г-тай үлдсэн. А- хүүхдийнхээ хамт манайд ирсэн байсан бас хонохоор болсон. Би тэд нартай архи ууж 02 цаг хүртэл юм ярьж сууж байгаад том өрөөнийхөө ширээг дэрлээд унтаад өгсөн байсан. Шөнө 04 цагийн үед манай хоёр охин А-, А- хоёр намайг өргөж унтлагын өрөөнд унтуулсан байсан. Ингээд өглөө 11 цагийн үед босоод өрөөнөөс гараад иртэл коридорт хүн яриад байхаар нь ирээд хартал Г- нөхөр М-ын нүүрийг арчсан сууж байсан. Алчуур нь цус болсон байхаар нь би 2 давхрын шатнаас унасан байж магадгүй гээд түргэн дууд шатнаас унасан юм уу гэхэд Г- өглөө 06 цагийн орчим унтсан байх архи нь гараагүй аймар архи үнэртэж байна гэсэн. Тэгэхээр нь би зоны өрөөнд гудас дэвсэж дэр тавиад Г-гийн хамт өргөж хэвтүүлээд хүйтэн алчуур толгой дээр нь тавьж өгсөн. Тэгээд би унтлагынхаа өрөөнд ороод унтаад өгсөн. Орой 20 цагийн орчим босоод иртэл М- сэрээгүй гэсэн Г- гайхсан сууж байсан. Тэгэхээр нь би А-ыг дуудсан чинь Н-ын хамт хүрээд ирэхээр нь М- сэрэхгүй байна эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. А-, Н- хоёрыг гэрт ирэх хооронд Г- М-ыг усанд орууллаа сэрэхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед М-ын дух нэлээд халцарсан байхаар нь яасан гэхэд хана мөргөөд гэж Г- хэлж байсан. Манай гэрт сувинерийн виски байсан, тэгтэл тэр вискинээс тал болгоод нэлээд хэдийг уусан байсан. Тэгээд орой Г-, А-, Н- гурав эмнэлэгт үзүүлэхээр аваад явсан. Би араас нь залгасан чинь гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн чинь архины хордлогонд орсон байна, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хэвтүүл гэж хэлсэн гэж хэлсэн. Тэгээд ухаан орохгүй байна гэж хэлсэн. Би М-ыг хүнтэй маргаж хэрэлдэж байгааг бол хараагүй. Би 00 цагийн орчим согтоод унтсан байх, их согтсон учир их хурдан унтсан. А- болон М- нар намайг байх үед маргалдаж хэрэлдэх үйлдэл гаргаагүй. Би өөрөө согтуу байсан учир М-, А- нарыг ямар хэмжээний согтолттой байсныг мэдэхгүй байна. М-ын биед хэзээ юунаас болж шарх сорви үүссэн талаар мэдэхгүй байна. Өглөө босож ирэхэд эхнэр Г-гийн арчиж байгаа алчуурыг харахад нэлээд цус гарсан шинжтэй байсан. Г- хана мөргөөд гэж хэлж байсан. Дух нь халцарсан улайсан байсан. Би тухайн үед цус хаанаас гарч байсныг бол мэдэхгүй байна. Манай гэрт М-, Г-, М-, А- хүүхдийн хамт, манай эхнэр Ц-, 1-18 насны А-, А-, Х-, Ү-, З-, А-, Х- нар байсан. Манайх 12 давхар орон сууцны 12-13 давхарт байрлах пинт хаус буюу 2 давхар байр байгаа. М- 2 давхрын шат руу гарсан талаар мэдэхгүй байна. Манай гэрийн үүдэнд орцонд хяналтын камер байгаа. Гэр дотор хяналтын камер байхгүй. Манайх уг байранд нүүж ороод 4-5 хонож байна. Манайх уг нь шинэ байранд ороод байрны цайллага хийсэн юм. Тухайн үед манай эхнэр Ц- нялх хүүхэдтэй учир 2 давхарт гараад унтсан гэсэн. 2 давхарт бараг юм сонсогдоод байдаггүй. Манай бага хүүхдүүд 2 давхарт байсан, харин А-, А-, Х- гурав 1 давхарт унтсан байсан. Мөн 1 давхарт М-, Ганзул бид гурав унтсан байсан. Бусад нь 2 давхарт гарч унтсан байсан. П.М- нь хэзээ хаана хэнтэй байх үедээ гэмтэл авсан талаар мэдэхгүй. Манай гэрт байсан вискинээс М- шөнө 2-3 шилийг нь уусан байсан, их согтсон байсан байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 37-40 дугаар хуудас/,

 

5. Гэрч Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед манай компанийн ажилчид А- эхнэр хүүхдүүдийн хамт, Б- эхнэр хүүхдийн хамт, Н-, Б-, А- хүүхэдтэйгээ, М- эхнэр Г-гийн хамт, М-, Х- эхнэртэйгээ ирж золголт хийгээд дайлж цайлаад орой 23 цаг хүртэл сууцгаасан. Тэгээд би нээх угаагүй манай гэрт ирсэн хэд нэлээн согтсон байхаар нь дуудлагын 5 жолооч дуудаад Агваандорж эхнэр хүүхэдтэйгээ, Б- эхнэр хүүхэдтэйгээ, Х- эхнэртэйгээ, Н- нар дуудлагын жолоочтой хамт яваад гэрт М-, Г-, А-, М- манай нөхөр А- нар ширээн дээр юм яриад үлдсэн. Би хоёр нялх хүүхдээ дээшээ 2 давхарт гаргаад унтлагын өрөөнд унтуулах гээд цаг гаран болсон. Тэгээд би зүйрмэглэчихсэн байхад доод давхарт хүмүүс яриад байхаар нь би босож очоод харахад үүдний дугуй ягаан сандал дээр М- суусан байсан. Гэтэл хүүхэд уйлагнаад байхаар нь би буцаж унтлагын өрөөнд ороод хаалгаа түгжээд утсаа унтраагаад унтсан. Өглөө би хамгийн эрт босоод хүүхдээ тэврээд доошоо буухад ягаан дугуй сандлын хажууд нэг хөл нь шатны гишгүүрийн дээр нэг нь доор хаалга тал руугаа харчихсан үүдний шалавч дэрлэчихсэн толгой нь хаалга руу хараад хажуу тийшээ хараад хэвтэж байсан. Тэгээд том өрөөнд ороход манай нөхөр зочны өрөөний диван дээр унтаж байсан ба өөр хүн байгаагүй. Хүүхдээ манежинд суулгачхаад дээшээ гараад М-ын эхнэр Г-г хайж байхад эхнэр нь хүүхдүүдийн унтлагын өрөөнд ороод хамт унтчихсан байхаар нь Г-г дуудаад нөхөр чинь үүдэнд унтчихсан байна очиж сэрээгээрэй гэж хэлэхэд М- Г- нар бууж ирсэн. Тэгээд Г- хүйтэн жин тавиад нөхрөө сэргээх гээд үзэж байгаад аймар уучихсан байна, жоохон унтуулж байгаад аваад явъя гэсэн. Байж байтал манай нөхөр босож ирээд М- шатнаас уначихсан юм биш үү түргэн дууд гэж хэлэхэд архи гараагүй унтаад байх шиг байна гайгүй байх гэж хэлсэн. Жижиг өрөөнд оруулаад М-ыг унтуулаад 2-3 цаг болоход М- сэрэхгүй унтаад байсан,  гайхаад очоод харахад манай сирвантанд байсан 2 шил вискиг уусан бололтой айхтар архи уугаад унтаад шартсан хүн шиг хэвтэж байтал эхнэр нь миний хань босоо харъя гэж хэлээд ноолоод байж байхад манай ажилчин А-, Н- нар ирээд эхнэр Г-гийн хамт эмнэлэг рүү аваад явсан. Би 3 хундага уусан. Тэд нар 0.5 литр хэмжээтэй 6 шил Хятад хар архи, өглөө босоод ирсэн чинь 0.75, 1 литр хэмжээтэй 2 виски уусан, нэг нь дууссан, нэг нь доороо 2-3 хуруу хирээтэй үлдсэн байсан. М- намайг унтах хүртэл ямар нэг хүнтэй хэрэлдэж, маргалдаж, зодолдсон зүйл байхгүй. Унтаж байхад хэрүүл зодоон болсон зүйл сонсогдоогүй. А- 4 жил миний жолоочоор ажиллаж байгаа. М- 1 жил гаран болж байгаа. А-, М- хоёр өмнө хэрэлдэж маргалдаж байхыг би хараагүй, бие биенээ тусалж дэмжээд гайгүй сайн найзууд шиг л харагддаг. М-ыг 2-3 удаа уусан байхыг нь харж байхад нэлээн догшин харагдсан. А- бол архи нээх уугаад байдаггүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 41-43 дугаар хуудас/,

 

  1. Гэрч Д.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед захиралтай золгох гэж нөхөр П.М-тай хамт очсон. Тэр үед нь ажлын 5-6 хүн байсан.Тэр хүмүүс 22 цагийн орчимд явцгаасан. Би нөхөртэйгөө Ц-, А-, А- нар хамт үлдэн архи ууцгаасан.Манай нөхөр архи ууж чаддаггүй учир тасраад унтаад өгсөн. Буцаж сэрээд дахиж уугаад дахиад тасраад унтаад өгсөн. Тэр үед би нөхөртэйгөө явна явахгүй гэж маргалдаад нөхөр маань намайг алгадсан юм. Тэр үед нь би уйлаад дээд давхарт гараад унтаад өгсөн. Араас хаалга цохиод байхаар нь хаалга онгойлгож өгөөгүй. 01-02 цагийн орчимд байх гэж санаж байна. Тэр үед А- нь тасраад унтчихсан, мөн захирал нар унтчихсан байсан. М- А- 2 шөнө уусан юм шиг байна лээ ширээн дээр нь Valentines visky дуусчихсан байсан. Би өглөө 9 цагт сэрсэн. Тэгээд Ц- өглөө юун цус нөж вэ гээд орилоход нь гараад харахад нүүр нь тэр чигтээ цус чих хамраас нь цус гарчихсан байдалтай коридорын гутлын тавиур луу толгой нь харсан хөл нь шат руу харсан далий байдалтай чихнээс нь цус гарсан дух нь халцарсан хэвтэж байсан. Би чихнээс нь гарсан цусыг арчтал чихний омог нь язарсан байсан ба би алчуураар цусыг нь арчаад байж байтал А- цаанаас гарч ирэн юун цус вэ шатнаас уначихсан юм уу түргэн дуудаж үзүүл гэсэн. Тэр үед нь би согтоод унтаж байна гэж бодоод гайгүй байлгүй дээ гэж хэлсэн. Тэгээд А- бид хоёр том өрөөний ар талын жижиг өрөө рүү өргөөд гудас тавьж дэр тавьж өгөөд М-ыг хэвтүүлсэн. Би гэрийг нь цэвэрлэж байгаад телевиз харж сууж байгаад унтсан. Тэгтэл Ц- жижиг өрөө рүү орж шагайж хараад буцаж ирээд намайг дуудаад энэ өрөөнд нэг сонин үнэр гараад байна чи босоод М-ыг үзээд үнэрийг нь үзээдэх гэхээр нь би очоод үзтэл өмдөндөө өтгөн шингэн нь гарсан байсан. А- ах М- ингэж согтдог юм уу зүгээр үү гээд дахин дахин асуугаад байхаар нь би уг нь ингэж их унтдаггүй юм, харин сонин байна гэж хэлээд би хөнжил дээр өргөж гаргаад нэг охинтой өргөж дүш рүү оруулаад би бүх хувцсыг нь тайлж сэргээхээр усанд оруулж хамаг юмыг нь цэвэрлэж угааж байгаад сэргээх гэхэд огт сэрэхгүй байсан. Тэгэхээр нь би жоохон унт гээд дүш нь дотор нь унтуулсан боловч сэрэхгүй байхаар нь би А- ахад сэрэхгүй байна гэхэд түргэн дуудах уу эсвэл А-ыг дуудаж эмнэлэгт очиж үзүүлэх үү гээд А-ыг дуудсан. М- намайг анх харахад хавдсан зүйл байхгүй, баруун дух нь нидэрчихсэн юм шиг шалбархай байсан. Чих нь маш их цустай байсан, чихнийх нь омог зүсэгдсэн байдалтай байх шиг байсан. Хавдчихсан цусандаа бөглөрчихсөн байсан. Цамцыг нь өмсгөөд хэдэн цагийн үед унтсан талаар М-аас асуухад 06 цагийн үед унтсан гэсэн. Зүгээр л унтаж байна гэж бодож байсан. Цамцыг нь өмсгөж байхад их бөөлжсөн. Бөөлжсийг нь арчиж цэвэрлээд би дээд өрөөндөө унтсан. Тэгээд сэрэхийг нь л хүлээж байсан юм. М- бид хоёр шөнө А-ын гэрт 02 цагийн орчим явна явахгүй машин тэрэг хэн барих юм бэ гээд маргалдсан. Би тэр үед цоо эрүүл биш айхтар согтуу биш гэхдээ бүх зүйлээ санаж байгаа. М- архи уусан байхдаа бид нарыг хамт сууж байхад хэрэлдээгүй. Би согтуу байхад нь загнахад над руу агсарч байгаад зүүн нүд рүү 1 удаа алгадсан. Тэгээд хоолой боож түлхсэн, тэгэхээр нь би гараас нь мултраад чи цаашаа зайл гээд зугтаад 2 давхар луу гарсан. М- архи уухаараа их агсам тавьдаг учир тэрийгээ мэдээд тэр болгон уугаад байдаггүй. А- болон М- нар хоорондоо маргалдаж хэрэлдсэн талаар мэдэхгүй. 1 давхарт байсан оюутан охид маргалдсан гэж хэлж байсан. А-, М- нар их согтуу байсан. Намайг байхгүй үед тэр хоёр виски уусан юм шиг байна лээ. М-, А- хоёрыг урьд нь маргалдаж хэрэлдэж байсан талаар би мэдэхгүй байна. М-ын биед яаж байгаад шарх үүссэнийг мэдэхгүй. М- духаараа хана мөргөж байсныг харсан гэсэн. Харин зүүн талын чихний орчим үүссэн гэмтлийг яаж гэмтэл учирсныг мэдэхгүй байна. Шатнаас унасан эсвэл хүн цохисныг бол бид мэдэхгүй байна. Өндөрөөс уналаа гэхэд гар хөлний хугарал өөр бэртэл гэмтэл байхгүй байгаа учир гайхаад байгаа юмаа. 1 давхарт 3 оюутан охин байсан, М-, А- байж байгаад шөнө 06 цагийн орчим явсан гэж сонссон. Би 2 давхарт М-тай нэг өрөөнд унтсан. Намайг 2 давхрын өрөөнд гарсан байхад араас 30 минутын дараа 00 цагийн орчим байх хаалга ирээд нэг хүн ганц нэг тогшоод явсан. Би хэн байсныг бол мэдээгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 44-47 дугаар хуудас/,

 

-Гэрчээр дахин 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн:“... Манай нөхөр хэрвээ унасан бол нэг байрлалдаа хэвтэж байх байсан. Гэтэл намайг өглөө сэрээд шатаар буугаад харахад айлын үүдэнд нүүр нь улаан цустайгаа хутгалдаад хэвтэж байхаар нь М-, А- хоёрыг зодолдсон байна гэж бодоод нүүрнийх нь цусыг арчсан. Хамар нь цус, нустайгаа хутгалдаад хатсан байсан. Гap, зүүн хойд чихний ард хөхөрч хавдсан, чихнээс нь цус гарсан байсан. Чихэн дотор нь жижиг газар эсгэгдсэн байсан. Тэрнээс нь цус гарсан байсан. А- түргэн дуудаж үзүүл гэсэн. Тэгэхээр нь согтуу унтаж байгаа тэгж байгаад босох байх гэж бодож байсан. Би усанд оруулаад, нааш цааш чирээд явж байхад манай нөхөр надад хариу үйлдэл үзүүлээд байсан. А- ирэхдээ хөл нь нэлээн доголсон, хамарны нэг хэсэг газарт жижиг зулгарсан байсан. Тийм болохоор А-ын хөл яагаад доголсон бэ гэхэд А- би тасарсан юу ч мэдэхгүй байна гээд байгаа. Тийм тасарсан байсан юм бол яаж өвлийн хүйтэнд 5 настай хүүхдээ дагуулаад, дуудлагын жолооч дуудаад гэртээ харьсан юм бэ. Ийм хүнийг тасарсан хүн гэж хэлэхгүй биз дээ. Би зодолдсон талаар мэдсэн бол тэр даруйд нь эмнэлэг явах байсан юм. Архи уусандаа унтаад байна гэж бодсон. 2 хоногийн дараа Чулуунтуяа байцаагч эмнэлэг дээр ирээд А- мэдүүлэг өгөхдөө хавсарч унагаад гарсан гэсэн, намайг яаралтай Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өгөөрэй гэхээр нь би ирж мэдүүлэг өгсөн. Би тухайн үед хамт ажилладаг болохоор А-ыг өмөөрч М-ыг унасан байж магадгүй, зодолдсон ч байж магадгүй гэж эргэлзээтэй мэдүүлэг өгсөн. Одоо эргээд бодоод үзэхээр А- М-ыг зодсон нь ойлгомжтой санагдаж байна.

...2018 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө М- бид 2 маргалдсан. Намайг мангасдаж алгадаад хамарнаас цус гаргасан. Тэр үед М- ирээд салгаад намайг 2 давхрын өрөө рүү гаргасан. Би өрөөнд уйлж байгаад унтаад өглөө 9 цагт сэрсэн. Газар суучхаад би үхээд өгье гээд духаараа хана мөргөөд байсан. Зурган дээр байгаа духны зулгаралт нь тухайн үед үүссэн байж магадгүй. Бид хоёрыг маргалдаж байхад А- үүдний хэсэгт 4 хөллөчихсөн, доошоо хараад бөөлжсөн байж байсан. Тэгээд сэрсэн байх. А- тухайн үед өөрөө их айдастай байсан. Тэгээд манай нөхөр эмнэлгээс гарсны дараа манай гэрт ирж надтай уулзсан. Чи надаас хэдэн төгрөг авах гээд байгаа юм, яг яамаар байна гэхээр нь би нөхрөө эрүүл болгож авмаар байна, бусад асуудлыг цагдаа шийдэх байх гэж хэлсэн. А- эмнэлэгт байхад нэг удаа ирээд 40.000 төгрөг ширээн дээр тавьчхаад явсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 48 дугаар хуудас/,

 

-Гэрчээр дахин 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өгсөн:

“...Манай ажилчид 00 цагийн үед явж эхэлсэн. Ингээд би явах гэж байснаа нөхөртэйгөө маргалдаж эхэлсэн. Намайг цохиход хамраас цус гарч эхэлсэн. Ингэж байхад М- салгахаар нь би ариун цэврийн өрөөнд ороод буцаж гарахад М- дахин намайг барьж миний хоолойг бооход М- салгахад нөхөр М- нь хана толгойгоороо 2-3 удаа мөргөөд байхаар нь би дээш гарч ариун цэврийн өрөөнд орсон байсан. Тэгэхэд би өмдөндөө бие зассан байсан. Тэгээд би өрөөнд орсон байхад М- хаалга тогшоод байхаар нь би зайл гэж хэлээд хаалга онгойлгоогүй. Тэгээд унтаад өгсөн. Тэгээд өглөө 09 цагийн үед хүн коридороор явах чимээ гарч эхлээд шатаар бууснаа удалгүй эмэгтэй хүн өө энэ чинь одоо юу вэ Ганаа гэж дуудахаар нь би өрөөнөөс гараад очтол Ц- захирал намайг дуудсан байсан. Би тэгээд шатаар буухад М-ын толгой нь үүдний хэсэг рүү харчихсан, хоёр гараа жоохон алдалсан байдалтай, хөл нь шулуун байдалтай хэвтчихсэн амьсгаатай, ам, хамраас нь цус гарсан байдалтай, зүүн чихнээс нь цус гараад хатчихсан байдалтай байхаар нь М-ын хамтаар цэвэрлэж дуусаад цамц өмсүүлэхэд зүүн гараараа эсэргүүцээд байсан. ...А- захирал 11 цагийн үед босож ирээд юу болсон талаар асууж байгаад түргэн дуудъя гэж хэлэхэд би юунд түргэн дууддаг юм бэ лай гэж хэлэхэд захирал А- нь чи яасан муухай юм бэ, аятайхан унтуул гэж хэлэхээр нь биеийг нь 190 градус эргүүлээд үүдний хэсгээс чирээд 3 метр орчим газар холдуулаа доогуур нь хөнжил хийгээд дээгүүр нь дэвсээд орхисон. Ингэж байх зуураа М- бөөлжиж мөн өмдөндөө шээсэн байсан. Тэгээд байж байхад хоёр том охин нь найзууд дагуулаад ирнэ гэхээр нь А-ын хамтаар өргөөд нэг давхрын булангийн өрөө рүү оруулаад орхисон. ...17 цагийн үед Ц- захирал намайг дуудахаар нь би яваад очтол өрөө рүү ороод үз дээ гэхээр нь би ороход өмдөндөө өтгөнөө гаргасан байсан тул захиралд хэлэхэд А- захирал А-ыг дуудъя гэж хэлэхэд, би дуудъя гэж хэлсэн. Ингээд тэр зуур би нэг давхрын ариун цэврийн өрөө рүү том охинтой нь М-ыг хөнжилтэй нь чирээд ариун цэврийн өрөө рүү оруулаад өмдийг нь хажуу талаас нь хайчлаад байж байхад над руу зүүн гар, хөлөөрөө эсэргүүцэж байсан. Тэгээд шалдан ариун цэврийн өрөөнд үлдээсэн. Ингээд 21 цаг өнгөрч байхад А-, Н- орж ирэхэд А-ын хөл доголчихсон явахад зовуурьтай байсан. Тэгээд өргөөд гараад явж байхад баруун хөлөө чирээд, зүүн хөлөө гишгэж байх шиг байсан. Тэгэхэд машинд оруулаад явж байхад тормос гишгэхэд урагшаа унахаар нь хойш түлхээд гэмтлийн эмнэлэг дээр ирээд хүлээн авахын эмнэлэг дээр ирээд үзүүлэхэд тархины зураг авхуулаад үзүүлэхэд тархины гэмтэл байхгүй байна гэж хэлснээ хоёр ширхэг дусал залгаж дуусангуутаа харъяа дүүргийнхээ эмнэлэг рүү яв гэхээр нь Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр очоод дахиад дусал залгаж байхад ухаан орохгүй байсан. Маргааш нь ажил эхлэхэд эмч үзээд шууд сэхээний тасаг руу оруулсан. ...Тухайн үед А- нэлээн айсан байдалтай байсан. Тэгэхэд М-ын нугаснаас ус аваад хариуг нь гарахаар явуулсан. Тэгээд найдваргүй гэж хэлээд уулзах хүн байвал уулзуулаарай гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү явуулаад очиход эмч үзсэнээ харвачихсан байна гэж хэлээд явж 3 дугаар эмнэлэг рүү очоод КТГ-ын зураг авхуулаад эмнэлэг хоорондоо ярилцаж байгаад гэмтлийн эмнэлгийн сэхээний тасагт хэвтүүлээд тархины имра харуулахад ДАП /мэдрэлийн эсэхийн гэмтэл/ гэх өвчинтэй байсан. Ингээд эмчилгээ хийлгэж эхлээд 21 хоног ухаангүй байж байгаад ухаан ороход тархины гэмтлийн тасаг руу шилжүүлж эмчилгээ хийж байгаад 2018 оны 04 дүгээр сард эмнэлгээс гарсан. Тухайн үед А-ын гэрт А-, Ц- болон хүүхдүүд нь байсан. Мөн М-, А-, М- бид нар байсан. М- 10 цагийн үед явсан. Харин А- өглөө босоход байхгүй байсан. Манай нөхөр өмнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэлээн их унтдаг байсан учир түргэн дуудаагүй. ...Миний мэдэхийн тухайн өдөр М-тай хэрэлдэж маргалдсан болон зодож цохисон хүн байхгүй. А-тай маргалдсан байж магадгүй, учир нь 2018 оны зун А- Орос улс руу яваад өглөө ирээд байж байхад нь би утсаар залгахад нойрмог унтаж байна гэж хэлээд өдөр нь нөхөр М- нь манаачийн өрөөнд сууж байхад нь очоод юм өргөөд өгөөч гэхэд нь А- юм идэж байна гэхэд М- юу нь сүртэй юм бэ гэхэд хоорондоо маргалдаж зодолдоод эхэлсэн. Тасарчихсан юу ч санахгүй байна гэсэн хүн үүрийн 05 цагт дуудлагын жолооч дуудаад гэртээ очсон байсан. Тэгээд А-ыг гараад явсан үед М- хаана байсан талаар тодорхой юм хэлэхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 132-134 дугаар хуудас /,  

 

-Гэрчээр дахин 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “...М-ын нүүр ам нь их хэмжээний цус болсон байсан мөн хоёр гуя, өвдөгнөөс доош шилбэ нь шидрэгдсэн шархтай байсан. Би өглөө босоод нөхрийнхөө нүүр амны цусыг цэвэрлэж өгсөн, манай нөхөр дээгүүрээ цамцгүй майк өмссөн байдалтай байсан. Тэгээд надтай хамт байсан М- гараад явчихсан. М-ыг унтаад байна гэж бодоод сэрэхийг нь хүлээсэн боловч 19 цаг болтол сэрээгүй. М- архи уухаараа унтаад байдаг учраас би тэгээд унтаж байна гэж бодсон, хурхираад унтаад байхаар нь би зүгээр байх гэж бодсон юм. 19 цагийн орчим А-, Н- нарыг дуудаж гэмтлийн эмнэлэгт очсон, гэмтлийн эмнэлгийн эмч томографийн зураг авхуул гэж хэлсэн. Томографийн зураг авхуулаад үзүүлсэн чинь архины хордлого гэж хэлээд дусал хийлгэсэн. Шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн эмнэлэгт очиж ахиж дусал хийлгэсэн. Эмч нь одоо энэ хүн найдваргүй уулзуулах хүн байвал авчирч уулзуул гэж хэлсэн. Түүнээс хойш ахиад гуравдугаар эмнэлэгт болон гэмтлийн эмнэлгээр явж байхад А- байнга хамт яваад байдаг байсан юм. 2018 оны 02-р сарын 21-ний өдөр Чулуунтуяа байцаагч ирээд чи мэдүүлэг өгөх шаардлагатай байна. А-ыг хорьж шалгаж байгаа талаар хэлсэн. Тухайн үед би анх мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөхдөө би М-ыг унасан байж магадгүй гээд хэлчихсэн болохоос биш би өөрийн нөхөр М-ыг шатнаас унасан гэж бол хэлээгүй. Тухайн үед эмнэлгээр явж байхад А- надад М- бид хоёр зодолдож шалиагүй дээ гэсэн зүйл яриад байдаг юм. ...2018 оны 02-р сарын 05-ны өглөө үүрээр 05-06 цагийн орчим Ө.А- хүүхдээ дагуулаад гараад явсан байгаа. А- 4 настай хүүхдээ дагуулаад айлын өгсөн бэлгийг бүгдийг нь аваад, машинаа аваад, дуудлагын жолооч дуудаад гэртээ харьсан байгаа юм. Тэр өглөө нь Х- рүү А- залгаад өчигдөр М-ыг зодож байгаад хөлөө гэмтээчихлээ гэж ярьсан байгаа юм. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 161-162 дугаар хуудас/,

 

  1. Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн үед нөхөр Х- рүү утсаар залгаад би айлаас гараад явж байна, чи харих болж байгаа юм уу гэхэд нөхөр Х- бууз жигнэж байна явах болоогүй байна ...гэж хэлэхээр нь би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Кинг таур” хотхонд 18 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд би нөхөр Х- захирлын гэрт нь яваад ороход хамт ажилладаг хүмүүс нь золголт хийж байсан тул юм ярингаа согтууруулах ундаа хэрэглэж, идэх юм идэж сууж байгаад 01 цаг өнгөрч байхад дуудлагын жолооч ирээд бид нар явахаар болоод гарсан. М-, Г-, А-, М- болон гэрийн эзэд үлдсэн. Би нөхөр хүүгийн хамтаар гэртээ хариад амарсан. Ингээд өглөө 09 цаг өнгөрч байхад нөхөр Х- утас дугарахаар нь харахад Зул гэсэн криллээр бичигдсэн хүн залгаж байхад манай нөхөр Х- утсаа авангуутаа чанга яригч дээр тавиад ярихад хөгшөөн хэд гэж явсан юм бэ гэхэд Х- 1 цаг өнгөрч байхад явсан, шал дэмий 5 дуудлагын жолооч дуудуулчихлаа, хаана байгаа юм бэ гэж хэлэхэд Зул мань чинь өглөө 06 цаг өнгөрч байхад дуудлагын жолоочоор гэртээ ирсэн, М-г цустай нь хольчхоод гэртээ ирсэн, дэвсчихсэн чинь хөл доголчихсон хазганаад явж байна гэж хэлсэн. ...Тэрнээс өөр зүйл бол би мэдэхгүй байна. ...М-, А- нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ...намайг байх хугацаанд А-, М- нар хүмүүстэй хэрэлдэж маргалдаж зодоон цохион хийгээгүй байсан. Намайг гэрээс гарах гэж байхад ямар нэгэн хүн орилж чарлаж хашхирч бие биетэйгээ хэрэлдэж маргалдсан хүн бол байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 138-140/,

 

  1. Гэрч Б.Х- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...Ө.А-, П.М- бид гурав “Донж хаус” ХХК-д хамт ажилладаг байсан юм. ...2018 оны 02 дугаар сарын 05-ны өглөө Ө.А- над руу 6-8 цагийн хооронд л залгаж ярьсан, ...тухайн үед би утсаа спикер дээр нь тавьж байгаад А-тай ярьсан. Хажууд манай эхнэр Э- байсан юм. А- над руу залгаад М-тай муудалцсан, ноцолдож зодолдож байгаад хөл эвгүй болчихлоо гэж ярьж байсан. ...2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр намайг А- захирлын гэрт байхад хэрэлдэж зодолдсон зүйл байхгүй намайг явснаас хойш М-, А- нар маргалдсан юм шиг байна лээ. Би тэр шөнө 01 цагийн орчим дуудлагын жолооч аваад явсан байсан юм. Тэр үед Ө.А- 89821313 гэсэн дугаарын утастай байсан байх. Одоо ямар дугаарын утас барьж байгааг нь мэдэхгүй байна. Би П.М-, Ө.А- нарыг өмнө нь хэрэлдэж маргалдсан гэж сонсож байгаагүй. П.М-тай би 2 жил орчим нэг байгууллагад ажилласан, би хувь хүн талаас нь сайн мэдэхгүй байна, их дотно байгаагүй. Ө.А-тай бас нэг байгууллагад 5 жил орчим хамт ажилласан, би мөн А-тай ойр дотно харьцаа бол байхгүй мэнд устай л явдаг юм. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 149-151 дүгээр хуудас/,

  1. Гэрч Т.Өнөржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “...2018 оны 02-р сарын 17-ны өдөр манай гэр бүлийнхэн Дархан-Уул аймаг руу яваад маргааш нь буюу шинийн 2-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод ирсэн. 2018 оны 02 дугаар сарын 18-ны орой А- руу хамт ажилладаг хүн нь залгаад захирлын гэрт очъё, золголт хийе гэж хэлсэн юм шиг байсан. Манай нөхөр А- бага хүү Чинмэргэнийг дагуулаад явсан юм. 2018 оны 02 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн орчим манай нөхөр А- бага хүүгээ дагуулчихсан согтуу гэртээ ирсэн, их согтуу биш байсан. Манай нөхөр А- гэртээ орж ирээд унтсан. 13 цагийн орчим билүү би цагийг нь сайн санахгүй байна, манай нөхөр лүү захирал А- залгаад дуудсан,  надад яах гэж дуудсан талаар хэлээгүй. Тэгээд манай нөхөр А- орой 20 цагийн орчим гэрээсээ гараад явсан. Захирлынхаа гэр лүү очно гэж байсан. 2018 оны 02 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 02 цагийн орчим би А- руу утсаар залгаад юу болсон талаар асуусан чинь М- гэдэг хүн ухаангүй байна, эхнэр нь намайг буруутгаад байна. М- захирлын гэрт эхнэртэйгээ зодолдоод байсан юм. Одоо бид нар эмнэлгээр яваад байна гэж хэлсэн. Би дараа нь А-аас юу болсон талаар асуусан чинь намайг унтаж байхад М- унтуулахгүй татаж чангаагаад байсан. М- бид хоёр бага зэрэг муудалцсан гэж хэлсэн. М- гэх хүн нь эхнэртэйгээ муудалцаад зодолдоод байсан гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 177-179 дүгээр хуудас/,

 

10. Шүүгдэгч Ө.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг яллагдагчаар татсан тогтоолыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Донж хаус ХХК-д 2014 онд ажилд орсон бөгөөд 2018 оны 02-р сарын 18-ны шөнө 22 цагийн орчим би хамт ажилладаг Н- гэх залуутай захирал Ц-гийн гэрт очсон юм. Тухайн үед цагаан cap болж байсан ба 18-ны өдөр бол шинийн 2-ны өдөр байсан шиг санаж байна. Тэгээд Н- бид хоёрыг захирлын гэрт ороход захирал А-, Ц- мөн ажилтан Х-, Э-, М-, Баясаа, М-, М-, Г- нар архи ууж байсан ба М- бол тасарчихсан унтаж байсан. Тэгээд би золгочхоод ажилтнуудтайгаа юм яриад сууж байгаад вино уусан архи бол уугаагүй ба би архи уугаад байдаггүй юм. Н- надтай хамт захирлын гэрт орчхоод удалгүй гараад явчихсан бөгөөд хамт ажилладаг хүмүүсээс М-, Баясаа, Х- нар дуудлагын жолооч дуудсан бөгөөд дуудлагын жолооч М-, Баясаа, Х- түүний эхнэр Э- нар явсан гэсэн ба би тухайн үед нь унтчихсан байсан юм. Өглөө үүрээр би 06 цагийн үед захирлын гэрээс гараад явсан бөгөөд гэртээ очсон юм. 2018 оны 02-р сарын 19-ний орой 20 цагийн орчим би гэртээ байж байтал захирал А- залгаад М- сонин байгаад байна чи ирээд эмнэлэг аваад яваадах гэж хэлсэн. Тэгээд би Н- луу залгаад Н- бид хоёр А- захирлын гэрт очиход ариун цэврийн өрөөнд М- ухаангүй, ванн нь дотор усанд хэвтүүлчихсэн Г- биеийн нь угааж байсан ба М-ын хувцсыг нь өмсүүлээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлсэн чинь эмч үзээд архины шок байна гэж хэлээд дусал хийж өгсөн ба М-ыг Чингэлтэй дүүргийн эмнэлэгт аваачиж хэвтүүлсэн ба маргааш нь М-ыг харвачихсан байна гэж хэлсэн. Тэгээд 3 дугаар эмнэлэгт авчирч үзүүлсэн ба намайг цагдаагаас дуудсан. Түүнээс хойш гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн байсан ба гэмтлийн эмнэлэгт ухаангүй хэвтэж байхад нь би хоёроос гурван удаа очиж эргэсэн. 2018 оны 02-р сарын 18-ны орой захирлынхаа гэрт ороход М- унтаж байсан. 2018 оны 02-р сарын 18-аас 19-нд шилжих шөнө М-тай хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. М- бид хоёр өмнө нь 2018 оны зун би Орос руу яваад буцаад ирсэн бөгөөд гэртээ амрах гэж байтал захирал дуудсан тэгээд ажил дээр ирчхээд харуулын байранд цай уух санаатай байж байтал М- над руу залгаад чи хаана байна гэхээр нь харуулын байранд нэг юм идэх гээд байж байна гэж хэлсэн тэгээд утсаа салгасан тэгтэл 10 орчим минутын дараа М- ахиад залгаад чи хурдлаач хаа явсан газраа өлсгөлөн явж байхын пизда чинь гэж хэлсэн. Тэгээд би шууд харуулын байрнаас гараад М- дээр очоод чи юу гээд байгаа юм ядарч явж ирээд ганц цай уух гээд сууж байна гэж хэлсэн. Тэгээд М- бид хоёр маргалдсан бөгөөд бие биенийгээ заамдалцаж аваад бие биенийгээ нэг нэг удаа цохисон. Тэгээд би М-ыг газар унагаад дарчихсан юм. Тэгтэл намайг хүмүүс салгасан ба М-ын эхнэр Г- нь ирчхээд намайг чи хаа явсан газраа өлмөн зэлмэн явдаг биз дээ гэж доромжилж байсан ба өөр хэрэлдэж маргалдаж байсан удаа байхгүй. 2018 оны 02-р сарын 19-ний өглөө би гэртээ ирчхээд унтаж сэрээд Х- рүү залгаад чи намайг яагаад хаяаад явчихсан юм бэ гэж хэлсэн. Тэгтэл Х- жолооч ирээд явсан, чи өөрөө сэрэхгүй байсан гэж ярьж байсан. Тэгээд их юм ярилгүй утсаа салгачихсан юм. Би тухайн үед өөрөө 89821313 гэсэн дугаарын утас барьдаг байсан ба би өөрийнхөө дугаараас залгасан юм. 2018 оны 02-р сарын 18-ны орой би Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод 21 цагийн орчим ирсэн бөгөөд А- захирлын гэрт хамт ажилладаг Н- мөн бага хүү 4 настай Ч-ий хамт очсон. Одоо манай хүү 6 настай. 2018 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө захирлын гэрт очоод Вино уусан бөгөөд их уугаагүй ба амархан согтчихдог юм. Тэгээд би унтчихсан ба өглөө сэрээд хүүхдээ аваад гарсан чинь зогсоол дээр асаалттай машин байхаар нь би цонхыг нь тогшсон чинь тэр машин дотор 40 гаран насны нэг эмэгтэй байсан тэгэхээр нь би та машин барьж явах уу гэж асуусан чинь тэгье гэж хэлсэн. Тэгээд миний машиныг тэр эгч бариад гэртээ хүргүүлсэн юм. Тэр хүн дуудлагын жолооч байсан эсэхийг мэдэхгүй байна. 2018 оны 02 дугаар сарын 19-ний өглөө намайг гэрээс гарахад М- коридорт хэвтэж байсан ба хамраас нь цус гарчихсан байсан ба би сайн анзаарч хараагүй. Тэгээд би шууд гараад явчихсан юм. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 171-175/,

 

11. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2821 дугаартай дүгнэлтэд:

-П.М-ын биед баруун, зүүн дух, зулай, гүүрний зүүн дэлбэнгийн аксоны тархал гэмтэл, цус хуралт, няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 52-53/,

 

12. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хохирогч П.М-ын 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /2хх-ийн 29-62/,

 

13. Хохирогч П.М-ын эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтууд /1хх-ийн 72-108, 2хх-ийн 84-91/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2хх-ийн 169, цалингийн тодорхойлолт /1хх-ийн 110/, хохирлын нөхөн төлөх талаар хохирогч, шүүгдэгч нарын хооронд байгуулсан гэрээ /2хх-ийн 171-172/.

 

14. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 184/, эд хөрөнгө, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 185-186/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-ийн 187/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 188 дугаар хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ө.А-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Ө.А- нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Кинг таур” хотхоны 123 дугаар байрны 131 тоотод иргэн П.М-тай маргалдан, зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, хохирогч 30.266.094 төгрөг  нэхэмжилснээс 11.632.778 төгрөгийг нөхөн төлсөн байх тул үлдэх 18.633.316 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох саналтай” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Мөнхбатаас “хохирогчийн хүсэл сонирхол бол эдийн засгийн хохирлоо барагдуулах болохоос ял шийтгэл хүлээлгэх биш юм. Шүүгдэгч нь хохирлоос гар утас өгч, газраа 7.000.000 төгрөгт өгөхөөр тохиролцсон. Үүнийг хэн аль нь зөвшөөрсөн бөгөөд үлдэх 18.633.316 төгрөгийг төлнө гэдгээ шүүгдэгч илэрхийлсэн.” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрахаас “хохирогч, шүүгдэгч нар нэг байгууллагад хамт ажиллаж байсан хүмүүс бөгөөд тэдний хоорондын үл ойлголцлоос гэмт хэрэг гарсан байна. Шүүгдэгч Ө.А- нь гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа, хохирлын тухайд 2020 оны 11 дүгээр сарын 01-хий өдөр хохирол барагдуулах гэрээг байгуулсан бөгөөд цар тахлын улмаас ажил нь зогсож орлогогүйн улмаас гэрээний дагуу хохирлыг төлж барагдуулна гэж тохиролцсон. Үлдэх хохирлыг тогтоосон хугацаанд нь төлж барагдуулна” гэсэн  дүгнэлтийг тус тус гаргасан ба, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ө.А- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Кинг таур” хотхоны 123 дугаар байрны 131 тоотод иргэн П.М-тай “унтаж байхад сэрээлээ” гэх шалтгаанаар маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь баруун, зүүн дух, зулай, гүүрний зүүн дэлбэнгийн аксоны тархал гэмтэл, цус хуралт, няцрал, духанд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч П.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...жолооч А-тай захирал А-ын гэрийн 1 дүгээр давхарт орох орон байр булаацалдаад маргалдсан. А- намайг хүзүүдэж аваад, миний цамцны захаас татсан. ...А- бид хоёр зууралдаад, янз бүр болж байсан санагдаж байна. ...Би нэгдүгээр давхраас унасан. ...Ганцаараа алхаж явж чадахгүй, баруун гар, баруун хөлийн хөдөлгөөн муу болсон” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-26/,

-хохирогчийн дахин 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:“...Нэг мэдэхэд нэг давхарт том өрөөнд барьцалдсан байсан. А- намайг 2 давхраас унасан байх гээд байгаа. Намайг зүгээр байхад ийм болгосонд гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 27/,

-хохирогчийн дахин 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өгсөн:“... ...А-тай зууралдаж байснаа санаж байна. ...Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон байсан. ...Миний санахын А- бид хоёр хэрэлдэж маргалдсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 135-137/ болон дахин 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “.. захирлын том өрөөнд А- бид хоёр архи уусан.  ...А- бид хоёр маргалдаж, ...бие биенийгээ заамдаж авсан. ...намайг А- боогоод шалан дээр унагасныг санаж байна. ....би эхнэр Г-тайгаа маргалдаж байхдаа би ингээд үхээд өгье гэж хэлээд толгойгоороо хана хоёроос гурван удаа мөргөсөн.  ...Дараа нь А-тай архи ууж байхад миний толгой зүгээр байсан. ...А- намайг зодож гэмтэл учруулсан нь үнэн. ...” гэх мэдүүлэг /1хх195-197/,

-Гэрч П.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М- ах чинь ухаангүй байна. Гэмтлийн эмнэлэг рүү хүрээд ир гэж хэлсэн. ...би гэмтлийн эмнэлэгт очтол ухаангүй, толгойны зургаа авхуулсан гэж байсан....ахын зүүн талын чихнээс цус гарч сэтэрсэн, баруун талын хөл нь хөхөрсөн, зүүн талын хөлний дотор талдаа зулгарсан юм шиг харагдсан. ...эмч нар нь үзээд зүүн талын чихнээс цус гарсан тархиндаа гэмтэл авсан байна. Нугаснаас ус авсан, тэр нь булингартай гарсан, дахин ус авна гэсэн. ...Г-гийн ярьж байгаагаар хамт ажилладаг хүмүүстэйгээ захирлынхаа гэрт зодолдсон гэж ярьсан. ...өглөө босоод иртэл коридорт цустайгаа холилдсон хэвтэж байсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 28-30/,

-Гэрчээр дахин өгсөн “...А- би зодолдоогүй гэж байсан мөртлөө Чулуунтуяа байцаагчид би хоолойг нь боогоод хавсарч унагаачхаад хүүхдээ дагуулаад гараад явсан, тэгэхэд өглөө болсон байсан гэж хэлсэн байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 49 / болон 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 198-200/,

-Гэрч Р.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц- М- ах доор хамраас нь цус гарчихсан унтаж байна, очиж хар гэсэн. ...Г- бид хоёр доод давхар руу буухад М- шат руу унасан байдалтай дээшээ харсан байдалтай, хөл нь дээшээ, толгой нь үүд рүү харсан байдалтай, хамраас нь цус гарчихсан хурхираад унтаж байсан. Г- ...М-ын чихнээс цус гараад байна гээд баруун талын чихний дэлбээг цэвэрлэж байсан. М-ын нүүрийг харахад энд тэндгүй халцарсан шинжтэй байсан. Тэр 2 хоорондоо маргалдахад М-ын нүүр тийм болоогүй байсан....” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-32/,

-Гэрч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Г- нөхөр М-ын нүүрийг арчсан сууж байсан. ...Г-гийн хамт өргөж хэвтүүлээд хүйтэн алчуур толгой дээр нь тавьж өгсөн. ...орой 20 цагийн орчим босоод иртэл М- сэрээгүй гэсэн. ...орой Г-, А-, Н- гурав эмнэлэгт үзүүлэхээр аваад явсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 37-40/,

-Гэрч Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өглөө би ...эрт босоод хүүхдээ тэврээд доошоо буухад ягаан дугуй сандлын хажууд нэг хөл нь шатны гишгүүрийн дээр нэг нь доор хаалга тал руугаа харчихсан үүдний шалавч дэрлэчихсэн толгой нь хаалга руу хараад хажуу тийшээ хараад хэвтэж байсан. ...Г-г дуудаад нөхөр чинь үүдэнд унтчихсан байна очиж сэрээгээрэй гэж хэлэхэд М- Г- нар бууж ирсэн. Тэгээд Г- хүйтэн жин тавиад нөхрөө сэргээх гээд үзэж байгаад аймар уучихсан байна, жоохон унтуулж байгаад аваад явъя гэсэн. ...М- сэрэхгүй унтаад байсан. ...А-, Н- нар ирээд эхнэр Г-гийн хамт эмнэлэг рүү аваад явсан. ...гэх мэдүүлэг /1хх-ийн 41-43/,

-Гэрч Д.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би нөхөртэйгөө Ц-, А-, А- нар хамт үлдсэн архи ууцгаасан. ...Ц- өглөө юун цус нөж вэ гээд орилоход нь гараад харахад нүүр нь тэр чигтээ цус чих хамраас нь цус гарчихсан байдалтай, коридорын гутлын тавиур луу толгой нь харсан хөл нь шат руу харсан далий байдалтай чихнээс нь цус гарсан дух нь халцарсан хэвтэж байсан. Би чихнээс нь гарсан цусыг арчтал чихний омог нь язарсан байсан. ...би алчуураар цусыг нь арчаад байж байтал А- цаанаас гарч ирэн юун цус вэ шатнаас уначихсан юм уу түргэн дуудаж үзүүл гэсэн. ...М-ыг хэвтүүлсэн. ...өмдөндөө өтгөн шингэн нь гарсан байсан. ...сэргээх гэхэд огт сэрэхгүй байсан. ...М- ...баруун дух нь нидэрчихсэн юм шиг шалбархай байсан. Чих нь маш их цустай байсан, чихнийх нь омог зүсэгдсэн байдалтай байх шиг байсан. Хавдчихсан цусандаа бөглөрчихсөн байсан. ...Цамцыг нь өмсгөж байхад их бөөлжсөн. ...А- болон М- нар хоорондоо маргалдаж хэрэлдсэн талаар ...1 давхарт байсан оюутан охид маргалдсан гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 45-47/,  

-Түүний гэрчээр дахин 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:“... өглөө сэрээд шатаар буугаад харахад айлын үүдэнд нүүр нь улаан цустайгаа хутгалдаад хэвтэж байсан. ...Хамар нь цус, нустайгаа хутгалдаад хатсан байсан. Гap, зүүн хойд чихний ард хөхөрч хавдсан, чихнээс нь цус гарсан байсан. Чихэн дотор нь жижиг газар эсгэгдсэн байсан. Тэрнээс нь цус гарсан байсан. ...А- ирэхдээ хөл нь нэлээн доголсон, хамарны нэг хэсэг газарт жижиг зулгарсан байсан. ...2 хоногийн дараа Чулуунтуяа байцаагч эмнэлэг дээр ирээд А- мэдүүлэг өгөхдөө хавсарч унагаад гарсан гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48/ болон  2019 оны 10 дугаар сарын 09, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 132-134, 161-162/

-Гэрч Б.Х- /хх-ийн 149-151/, гэрч Б.Э- /хх-ийн 138-140/, гэрч Т.Өнөржаргалын нарын мэдүүлэг /1хх-ийн 177-179/,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2821 дугаартай “...П.М-ын биед баруун, зүүн дух, зулай, гүүрний зүүн дэлбэнгийн аксоны тархал гэмтэл, цус хуралт, няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...”гэсэн дүгнэлт /1хх-ийн 52-53 дугаар хуудас/, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хохирогч П.М-ын 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /2хх-ийн 29-62/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ө.А- нь “тухайн хэрэг үйл явдал болсон өдөр хохирогч П.М- нь эхнэр Г-тай маргалдаж, үхээд өгье гэж толгойгоороо өөрөө хана 2-3 удаа мөргөсний улмаас гэмтлийг авсан байх” гэж маргасан байх ба, хэрэгт цугларсан бусад нотлох баримтаас үзвэл хохирогч П.М- нь эхнэр Г-тай маргалдсан үйл баримт тогтоогдож байгаа хэдий боловч гэрч Р.М-ын “...өглөө нь М-ын нүүрийг харахад энд тэндгүй халцарсан шинжтэй байсан, харин тэр хоёр хоорондоо маргалдахад М-ын нүүр тийм болоогүй байсан” гэж, мөн хохирогч П.М-аас “...би эхнэр Г-тай маргалдаж байхдаа би ингээд үхээд өгье гэж хэлээд толгойгоороо хана хоёроос гурван удаа мөргөсөн бөгөөд тухайн үед би гэмтэл аваагүй. Дараа нь А-тай архи ууж байхад миний толгой зүгээр байсан. Хэрвээ би хана мөргөж байхдаа гэмтэл авсан бол тухайн үедээ шууд ухаан алдаад унах байсан байх. ...” гэж тус тус мэдүүлжээ.

Нөгөө талаас шүүгдэгч Ө.А- нь “хохирогч П.М-тай маргалдаагүй, түүний биед халдаагүй” гэж мэдүүлж маргаж байсан боловч түүний энэхүү мэдүүлэг нь гэрч П.Г-гийн “...А- надад М- бид хоёр зодолдож шалиагүй дээ гэсэн зүйл яриад байдаг юм. ...өглөө нь Х- рүү А- залгаад өчигдөр М-ыг зодож байгаад хөлөө гэмтээчихлээ гэж ярьсан байгаа юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 161-162/, мөн гэрч Б.Х- “...2018 оны 02 дугаар сарын 05-ны өглөө Ө.А- над руу 6-8 цагийн хооронд л залгаж ярьсан, ...би утсаа спикер дээр нь тавьж байгаад ярьсан, ...хажууд манай эхнэр Э- байсан. А- над руу залгаад М-тай муудалцсан, ноцолдож зодолдож байгаад хөл эвгүй болчихлоо гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 149-151/, гэрч Б.Э-ын “...нөхөр Х- утас дугарахаар нь харахад Зул гэсэн криллээр бичигдсэн хүн залгаж байсан. ...манай нөхөр Х- утсаа... чанга яригч дээр тавиад ярихад ...Зул мань чинь өглөө 06 цаг өнгөрч байхад дуудлагын жолоочоор гэртээ ирсэн, М-г цустай нь хольчхоод гэртээ ирсэн, дэвсчихсэн чинь хөл доголчихсон хазганаад явж байна гэж хэлсэн. ...М-, А- нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 138-140/, гэрч Т.Өнөржаргалын“...Би...А-аас юу болсон талаар асуусан чинь намайг унтаж байхад М- унтуулахгүй татаж чангаагаад байсан. М- бид хоёр бага зэрэг муудалцсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 177-179/ зэргээр үгүйсгэгдэж байна.

Мөн гэрч Р.М-аас “...Би 23 цагийн үед дээшээ гарч хүүхдийн өрөөнд унтсан. Хэсэг хугацааны дараа эмэгтэй хүн 2-3 удаа орилсон. ...Г- нойлын өрөөний хажууд хана түшээд суучихсан нөхөр М- нь гараараа цохих гээд далайгаад зогсож байсан. ...” гэж, гэрч Д.Г-гаас “...манай ажилчид 00 цагийн үед явсан. ...Ингээд би явах гэж байснаа нөхөртэйгөө маргалдаж эхэлсэн. “гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд хохирогч П.М-, эхнэр Д.Г-тай маргаан болсон хугацааны талаар авч үзвэл 2018 оны 2 дугаар сарын 18-ны 23.00 цагаас 19-нд шилжих шөнийн 00 цагийн хооронд болжээ. Харин гэрч Д.Г-, Ц- нарын мэдүүлгээр “...өглөө 06 цагийн үед хэрэг үйл явдал болсон айлын шатны орчим М-ын толгой нь үүдний хэсэг рүү харчихсан, хоёр гараа алдалсан байдалтай, хөл нь шулуун байдалтай хэвтчихсэн амьсгаатай, ам, хамраас нь цус гарсан байдалтай, зүүн чихнээс нь цус гараад хатчихсан байдалтай байсан” нөхцөл байдал тогтоогдож байх ба, шүүгдэгч Ө.А- нь мөн хэрэг үйл явдал болсон өдрийн өглөөний 06.00-08.00 цагийн хооронд гэрч Б.Х- рүү утсаар ярьж “Ө.А-тай маргалдаж, зодолдож хөлөө гэмтээсэн талаар хэлсэн” үйл баримтууд тогтоогдож байна.

Дээрхээс дүгнэвэл хохирогч П.М-ын эрүүл мэндэд учирсан гэмтэл, шүүгдэгч Ө.А-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч Ө.А-ын үйлдэл нь хохирол хор уршигт зориуд хүргэсэн шууд санаатай үйлдэл байна.

Хохирогч П.М-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан шүүгдэгч Ө.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж дүгнэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ө.А-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нь өөрийн эрүүл мэндэд  учирсан хохирол, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого зэрэг төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.    

Хохирогчийн өмгөөлөгч Г.Мөнхбат шүүх хуралдаанд хохирогчийн нэхэмжлэлийг тайлбарлахдаа хохирогч П.М- гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээний зардалд 2.632.778 төгрөг, олох байсан цалин, тэтгэмжийн зөрүү 27.633.316 төгрөг, нийт 30.266.094 төгрөг нэхэмжилж байгаа гэсэн бөгөөд дээрх нэхэмжлэлтэй холбогдуулан цалингийн тодорхойлолт, тэтгэврийн дэвтрийн хуулбарыг ирүүлсэн байх ба, нэхэмжлэлээс эмчилгээний зардал 2.632.778 төгрөг бэлнээр нөхөн төлөгдсөн талаар талууд харилцан мэдүүлж, үнийн дүнд маргаагүй.

Харин олох байсан цалин хөлс, тэтгэмжийн зөрүүд нэхэмжилсэн 27.633.316 төгрөгийн нэхэмжлэлийн үндэслэлийг хохирогчийн өмгөөлөгч тайлбарлахдаа хохирогч нь сард 800.000 төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг байсан бөгөөд гэмт хэргийн хохирогч болсноос хойш ажлаа хийгээгүй, Хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр П.М- нь 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгож группэд орж, тэтгэмжийн хэмжээ 300.000 төгрөгөөр тогтоогдсон ба цалин, тэтгэмжийн зөрүү болох сар бүрийн 500.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 02-ноос 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон нэхэмжилж байгаа бөгөөд энэ нь 24 сарын цалин хөлс 19.200.000 төгрөг, тэтгэмжийн зөрүүг 16 сар 26 хоногоор, сар бүрийн 500.000 төгрөгөөр тооцоход 16 сарын зөрүү 8.000.000 төгрөг, нэг өдрийн цалин 16.000 төгрөгийг 26 хоногоор тооцоход 433.000 төгрөг, бүгд 27.633.316 төгрөг болж байгаа, уг дүнг шүүгдэгч Ө.А-д танилцуулахад нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж тайлбарласан.

Мөн шүүгдэгч Ө.А- нь цалин, тэтгэмжийн зөрүү 27.633.316 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж, улмаар “I phone”-11 маркийн гар утсыг 2.000.000 төгрөгөөр тооцон хохирогчийн өмгөөлөгчөөр дамжуулан хохирогчид шилжүүлсэн байна.

 

Түүнчлэн шүүгдэгч нь өөрийн нэр дээр эзэмшилд бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Овоотын 9-341 тоот, 0,7 мкв газрыг хохирогчид 7.000.000 төгрөгт тооцон шилжүүлэхээр хохирогчтой тохиролцсон гэх ба хохирогчийн өмгөөлөгч Г.Мөнхбат нь энэхүү 7.000.000 төгрөгийг төлөгдөх хохирлын дүнгээс хасуулж болно гэж тайлбарласан. Иймд шүүгдэгч Ө.А- нь эмчилгээний зардал 2.632.778 төгрөг, цалин хөлс, тэтгэмжийн зөрүүд 9.000.000 төгрөг, нийт 11.632.778 төгрөгийг нөхөн төлсөн ба, үлдэх 18.633.316 төгрөгийг шүүгдэгч Ө.А-аас гаргуулж, хохирогч П.М-т олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ө.А- 2021 оны 7 дугаар сард 2.200.000 төгрөг хохирогчийн эхнэрт нь хүлээлгэн өгсөн гэж мэдүүлэх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байгаа тул төлөгдөх дүнгээс хасаж тооцох боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Ө.А-д “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь энэ хэрэгт 7 хоног цагдан хоригдсон байгааг эдлэх ялаас нь хасаж тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Мөнхбатаас “Шүүгдэгч хорих ял авбал хохирол хэзээ төлөгдөх билээ гэдэг асуудал гарах байх, иймд ажил эрхэлж, хохирогчид хохирлоо нөхөн төлөх боломжийг түүнд олгож өгнө үү. Мөн Өршөөл үзүүлэх тухай хууль гарсан бөгөөд энэ хуульд шүүгдэгчийг хамруулахад манай зүгээс татгалзах зүйл байхгүй. ” гэсэн дүгнэлтийг;  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах дүгнэлтдээ “...Улсын яллагчийн гаргасан ялын саналд маргах зүйл алга байна. Шүүгдэгч нь гэм буруугаа зөвшөөрсөн, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү. Эрүүгийн хариуцлагын зорилго бол тухайн хүнийг нийгэмшүүлэх бөгөөд хохирлыг барагдуулах нь бас нэг зорилго нь байгаа. Түүнчлэн шүүгдэгч урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. Мөн шүүгдэгч Ө.А- нь бага насны гурван хүүхэдтэй, цаашид хохирлоо нөхөн төлөх боломжийг түүнд олгож өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ө.А- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 1999 онд ял шийтгэгдэж байсан байх боловч түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй ба, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ө.А-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид хохирлын зарим хэсгийн нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй гэснийг харгалзан Ө.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан, мөн оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд хамаарна” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Ө.А- нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2018 оны 02 дугаар сарын 18-наас 19-ний өдөрт шилжих шөнө үйлдсэн байх тул дээрх хуулийн үйлчлэлд түүний үйлдсэн гэмт хэрэг хамаарч байна.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялаас хоёр жилийг хасна” гэж хуульчилсан тул шүүгдэгч Ө.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, шүүгдэгчийг хорих ялыг бүрэн эдэлж дууссанд тооцож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд оролцогчдоос гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                        ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Ө.А-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.А-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А-ын 2021 оны 06 сарын 28-ны өдрөөс 2021 оны 07 сарын 04-ны өдөр хүртэл цагдан хоригдсон /7/ долоо хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дугаар зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасаж, Ө.А-ыг 2 жилийн хорих ялыг бүрэн эдэлж дууссанд тооцсугай.

 

              6. Тус эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ө.А- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

              7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А-аас 18.633.316 /арван найман сая зургаан зуун гучин гурван мянга гурван зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч П.М-т олгосугай.  

              8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ө.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ө.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ДОРЖСҮРЭН