Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 21

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Х” ХХКомпаний нэхэмжлэлтэй 

            Хариуцагч: Булган аймгийн МХГГУУ  улсын байцаагч Т.Н ад холбогдох

            “Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн ********* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн шаардлага бүхий 158/2019/0016/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , хариуцагч улсын байцаагч Т.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч “Х” ХХКомпаний захирал В.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай “Х” ХХК нь Булган аймгийн Бүрэгхангай суманд алт олборлох үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2018 онд хөрс хуулалт, угаалга зэрэг үйл ажиллагаа хийгдээгүй боловч зохих тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд уул уурхайн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаад эдийн засгийн боломжгүйн улмаас 2018 онд бүхэлдээ ажиллаж чадаагүй юм. Гэвч хайгуул болон ашиглалтын төлөвлөгөөний дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлж байсан бөгөөд Уурхайн төлөвлөгөө, тайланг өгөх авах хүсэлт өгснөөс хойш аливаа баримт нь тодорхой хугацааны дараа гардаг билээ. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 23-нд Булган аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар манай уурхай дээр ирж захирал В.Г оос хэдэн зүйл тодруулж аваад явсан. Тухайн үед геологи, уул уурхайн улсын байцаагчид уурхай яагаад ажиллаагүй тухай тодорхой тайлбарласан, мөн надаас МV-****** дугаар тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг асуухад тус төлөвлөгөөг холбогдох төрийн байгууллагад нь өгсөн байгаа хэзээ манай компанид өгөх тухай төрийн албан хаагч нарын ажлыг бид мэдэгүй тухай хэлэхэд энэ асуудлыг шалгах болно гэж байсан. Ингээд манай компани болон В.Г т ямар ч мэдэгдэл, шаардлага ирээгүй. Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 30-нд нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Б.З  танай компанид Булган аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч 10.000.000 төгрөг гаргуулах шийтгэлийн хуудсыг гүйцэтгүүлэх шүүхийн гүйцэтгэх хуудас ирүүлсэн гэж хэлсэн. Гүйцэтгэх хуудастай танилцтал 2018 оны 10 дугаар сарын 25-нд зөрчлийн хэрэг нээж, тус аймгийн прокуророос хэргийн дугаар авсан, ********* дугаарын шийтгэлийн хуудсаар манай “Х” ХХКомпанид холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан байсан. Үүнийг Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хүсэлт гаргаж, гүйцэтгэх хуудас бичүүлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгснийг 2019 оны 4 дүгээр сарын 30-нд мэдсэн. Дээрх улсын байцаагчийн шийдвэр нь үндэслэлгүй, мөн зөрчлийн хэрэг нээсэн тухай мэдэгдээгүй тул манай компаний эрх ашгийг ноцтой зөрчсөн тул шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын байцаагч Т.Н  нь “Х” ХХКомпанид Зөрчлийн тухай хууль зөрчсөн гэж шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан. Ингэхдээ хуульд заасан ажиллагаануудыг хийгээгүй, зөрчлийн хэрэг үүсгээд манай компанид мэдэгдээгүй, мөн ямар зөрчил гаргасан талаар нотлох баримтыг бүрдүүлэлгүй шууд арга хэмжээ тооцсон байдаг. Зөвшөөрөлгүй 6С блокт хөрс хуулалт хийсэн гэж байгаа боловч энэ талаараа баримтжуулаагүй, бид тухайн газар дээр хөрс хуулалт хийгээгүй сорьцлолт хийж байсан. Төлөвлөгөөг батлуулахаар төрийн захиргааны байгууллагад өгчихөөд батлагдаж ирэх хүртэл нь сорьцлолтийн ажил явуулж байсан. Хөрс хуулах сорьцлолт хийх хоёр чинь шал өөр ажлууд. Ер нь улсын байцаагч Т.Н  нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг бүрдүүлээгүй, тухайн компаний эрх бүхий албан тушаалтан хэн гэдгийг тодруулаагүй ба шийтгэлийн хуудсыг танилцуулж, мэдэгдээгүй нь хууль зөрчсөн үйлдэл болно. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ гардуулж, танилцуулах ёстой атал энэ ажиллагаа огт хийгдээгүй байгаа нь манай компани болон тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд маш их хохирол учруулсан. Үйл ажиллагаагаа явуулж чадахгүй зогсчихоод байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.  

     Хариуцагч МХГГУУ  хяналтын улсын байцаагч Т.Н  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай хуулийн болон холбогдох дүрэм, журам, стандартыг хангуулах хуулиар хүлээсэн эрх үүргийг хэрэгжүүлэх явцад МҮ-016896 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Х” ХХК нь тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй 6-С блокт уулын ажил явуулсан нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтыг зөрчсөн зөрчлийг 2018 оны 10 дугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд шалган илрүүлсэн. 2019 оны 9 дүгээр сарын 04-нд Бүрэгхангай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Батжүгдэр “Х” ХХК-д шалгалт хийгээд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7-д заасан бүрэн эрхийн  хүрээнд улсын байцаагчийн актаар зогсоож, тоног төхөөрөмжийг лацадсан байсан боловч үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн компани нь Ашигт матлмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг биелүүлээгүй, 35 дугаар зүйлийн 35.5-д заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олон зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тул Зөрчлийн хуульд зааснаар арга хэмжээ авсан. Холбогдогч В.Г  нь төрийн албаны ажлыг үл хүндэтгэсэн байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар  зүйлийн 1.1-д “тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй”, 1.2-д “хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн...” гэж заасныг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            “Х” ХХКомпаниас аймгийн МХГГУУ  хяналтын улсын байцаагч Т.Н ад холбогдуулан “Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ********* дугаарын шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

            Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээр тус шүүхэд хүсэлт гаргасныг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 77 тоот захирамжаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн байна.

            Булган аймгийн МХГГУУ  хяналтын улсын байцаагч Т.Н  2018 оны 10 дугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд Бүрэгхангай сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж, “Х” ХХКомпанийг Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.  

            Нэхэмжлэгчээс “Улсын байцаагч нь тус компанид арга хэмжээ авахдаа хуульд заасан ажиллагааг хийгээгүй, нотлох баримтыг цуглуулаагүй, компаний эрх баригч буюу эрх бүхий этгээдэд зөрчлийн хэрэг нээсэн болон шийтгэлийн хуудас гарсныг танилцуулаагүй тул хууль зөрчиж, компаний эрхийг ноцтой зөрчсөн, үйл ажиллагаа явуулсан гэх талбайд хөрс хуулалт хийгдээгүй, сорьцлолтын ажил хийгдэж байсан” гэж,

            Хариуцагчаас “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлж, компаний захирал В.Г т энэ талаар мэдэгдэж, нотлох баримт болон шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх хугацаа олгосон ба Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ хуульд заасны дагуу хүргүүлсэн” гэж маргажээ.

            Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12-т “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулах бүрэн эрхтэй”, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ”, 35.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно”, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1-д “ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус хуульчилсан байна.

 МХГГУУ  хяналтын улсын байцаагчаас дээрх хуулиудад заасны дагуу “Х” ХХКомпаний үйл ажиллагаа явуулж байгаа нутаг дэвсгэрт хяналт шалгалтыг хийж, тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх газарт үйл ажиллагаа явуулсан, ашиг олох зорилгоор сорчлон ашигласан гэж үзэн дээрх хуулиудад заасны дагуу арга хэмжээ авч, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ********* дугаарын шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулжээ.

Хяналт шалгалтыг хийх үед хөрс хуулалтын ажил хийгдсэн гэх талбай хайгуулын уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дээрх талбайд үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бичиг баримт уурхай дээр байгаагүй талаар “Х” ХХКомпаний захирал гэх В.Г оос мэдүүлэг авч, Зөрчлийн хэрэг нээжээ.

Зөрчлийн хэрэг үүсгэснээс хойш эрх бүхий албан тушаалтнаас /улсын байцаагч/ зөрчил үйлдсэн гэх талбай нь “Х” ХХКомпаний хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн алинд хамаарах, хяналт шалгалтын үед ямар бичиг баримтууд байснаас бүрдэл дутуу ямар баримт байхгүй байсан талаарх нотлох баримт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд авагдаагүй байна. Хариуцагчийн хариу тайлбарт хавсаргаж ирүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд зөрчил гаргасан гэх талбай нь “Х” ХХКомпаний ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайг дамнасан зураглал авагдсан боловч тухайн талбайд ямар үйл ажиллагаа хийгдэж байсныг тодорхойлсон баримт болон Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасанчлан ашиг олох зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас сорчлон ашигласан гэх нотлох баримт авагдаагүй байна. Харин тухайн талбайд үйл ажиллагаа явуулах талаар тусгагдсан ашиглалтын хайгуулын төлөвлөгөө 2018 оны 11 сард батлагдсан талаар  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлсэн, хариуцагч хариу тайлбартаа энэ талаар тусгасан нь хяналт шалгалт хийгдэх үед үйл ажиллагаа явуулж байсан газар дээр байвал зохих ашиглалтын хайгуулын төлөвлөгөө байгаагүй боловч уг төлөвлөгөөг батлуулахаар холбогдох байгууллагад хүргүүлсэн байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шалгаж шийдвэрлэх зөрчлийг хуульчилсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлд заасан Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хариуцлага ногдуулах зөрчлийг шалгах эрхийг олгосны дагуу хяналт шалгалтыг явуулсан улсын байцаагч нь нэхэмжлэгч “Х” ХХКомпанийг Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулахаар зөрчлийн хэрэг үүсгэсэн боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д “Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах бүрэн эрхтэй”, 4.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.4 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан нь байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнээс прокурорын зөвшөөрлөөр гаргуулан авна”, мөн зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад мэдээлэл, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч болно” гэсэн хуулиар өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлээгүй гэж үзэхээр байна. Учир нь  “Х” ХХКомпаний үйл ажиллагаа явуулж буй газарт хяналт шалгалт хийн, арга хэмжээ авах үед буюу 2018 оны 10 дугаар сард “Х” ХХКомпаний гүйцэтгэх захиралаар Г.Наранзул ажиллаж байсан ба 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гүйцэтгэх захирал солигдож В.Г  болсон байна. Гэтэл улсын байцаагчийн эх хувиар ирүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ-нд гүйцэтгэх захирал В.Г  гэж бичигдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг гэрчилгээг хүчингүй, улсын байцаагч хаанаас дээрх гэрчилгээг авсныг мэдэхгүй, тус компаний Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ-нд гүйцэтгэх захирал Г.Наранзул байсан гэж тайлбарлаж байна. Дээрх нөхцөл байдлаас харахад хариуцагчаас зөрчил үйлдсэн гэх хуулийн этгээдийг бүрэн төлөөлөх буюу гүйцэтгэх удирдлага хэн болохыг улсын бүртгэлийн газар болон татварын хэлтсээс тодруулж, шаардлагатай бичиг баримтыг гаргуулан авах эрхээ хэрэгжүүлээгүйгээс мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэсэн үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүсчээ.  

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд авагдсан гэрч Г.Батжүгдэрийн мэдүүлэг болон лац тавьсан тухай тэмдэглэлүүд-ээс харахад нэхэмжлэгч “Х” ХХКомпани нь өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд усан буу ажиллуулан ашигт малтмал олборлон баяжуулалт хийж байсан гэх боловч шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авах үндэслэл болсон Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 –д заасныг зөрчсөн гэдгийг хангалттай нотлох баримт байхгүй байгаа нь нэхэмжлэгчийг хуульд заасан хариуцлага хүлээх зөрчил үйлдсэн гэдэгт эргэлзээ төрүүлж байна. 

Хариуцагчаас Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл”–д илрүүлсэн зөрчлийн талаар “тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уулын ажил явуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1-д заасныг зөрчсөн” гэж тусгаж, тэмдэглэл үйлдсэн боловч уг тэмдэглэлийг “Х” ХХКомпанийг төлөөлж уг газарт үйл ажиллагаа явуулж байсан этгээдэд танилцуулаагүй, зөвшөөрөл олгогдсон талбай дээр ямар үйл ажиллагаа явуулж байсан талаар тодруулж, баримтжуулаагүйг  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлд заасан нотлох үүргээ эрх бүхий албан тушаалтан биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Эрх бүхий албан тушаалтны гаргасан шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актад хамаарч  байх бөгөөд захиргааны үйл ажиллагаанд баримтлах Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтлаагүй, захиргааны байгууллага, албан тушаалтнаас шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох болон оролцогчийг сонсох ажиллагааг дутуу хийсэн нь захиргааны шийдвэр үндэслэлтэй, хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1,  Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 1, 2, 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан “Х” ХХКомпаний Булган аймгийн МХГГУУ  хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ********* дугаарын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.  
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар 5 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХЖАРГАЛ