Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 120

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж Улсын яллагч Б.Бүжинлхам Шүүгдэгч Л.Цэрэнжаргал Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн Нарийн бичгийн дарга Т.Баялаг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Цэрэнжаргалд холбогдох 201614000208 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, менежер мэргэжилтэй, 24 дүгээр цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4-8-69 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Цомог овогт Лодойн Цэрэнжаргал /РД: ИЮ81112902/

Шүүгдэгч Л.Цэрэнжаргал нь 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгөл” худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг Ч.Батжаргалын 316 дугаартай лангууны шил, нүүрний будаг зэргийг хагалж устган 245.500 төгрөгийн хохирол, эмэгтэй хүний гутал 3 ширхэг, үнэртэй усны хайрцаг 2 ширхэг зэргийг гэмтээж 145.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: -Шүүгдэгч Л.Цэрэнжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Батжаргалтай урьд нь уузлья гэж зөндөө хэлдэг байсан боловч зугтаагаад уулздаггүй. Манай нөхөр тэр эмэгтэйтэй нууцаар уулздаг байсан. Тэр өдөр манай нөхөр Батжаргалын машинд суугаад явж байсан. Тэгээд тэр хоёр намайг хараад зугтаасан. Тэгэхээр нь би Төгөл дэлгүүрт байдаг Батжаргалын лангуун дээр очсон. Эхэлж тэр над руу гутал шидсэн. Тэгэхээр нь би төмөр өлгүүрийг нь аваад лангууг нь цохиж хагалсан. Миний хувьд шилэн лангууг хагалсан нь буруу. Хохирол 390.500 төгрөг төлж барагдуулсан. Би хийсэн хэргээ ойлгон гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,

 -Хохирогч Ч.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би хүний лангуунаас босоод өөрийнхөө лангуун дээр иртэл “чи намайг таньж байна уу” гэсэн. Би танихгүй байна гэхэд “би Чагнаагийн эхнэр байна. Чи манай нөхөртэй явалддаг янхан, банзал эмэгтэй” гээд орилж хашгирч эхэлсэн. Би юу яриад байгаа юм гэхэд “чи манай нөхрийг танихаа болио юу” гэхээр нь манай ангийн лам Мөнхтөр үү гэхэд “лам гэчихжээ” гээд над руу дайраад байсан. Би манай ангийн Мөнхтөр гэдэг залуу лам болсон тэрийг Чагнаа гэдэг шиг санаад асуусан юм. ...Уг эмэгтэй намайг хэл амаар доромжилж байхдаа тавиур дээр байсан хувцас өлгөдөг дэгээ төмрийг аваад үнэртэй усны босоо лангууны шилийг хагалж, өлгүүртэй хувцсыг түлхэж газар унагаад өсгийтэй гутлаар гоо сайхны бараа тавьсан байсан 2 лангууг цохиж нэгийг нь хагалсан гэсэн мэдүүлэг /хх 24 ху/,

-Гэрч Д.Мөнхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай эхнэр Цэрэнжаргал гаднаас хашгираад “би чиний тэр янхны чинь лангууны шилийг хагалчихсан шүү” гэж хэлсэн. Тэгтэл Батжаргал над руу утасдаад “авгай чинь манай лангууны шилийг хагалчихсан чи эхнэрийнхээ энэ хагалсан шилийг төлөөрэй, би цагдаа шүүхээр явна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 26 ху/,

-Гэрч Д.Булганзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Арай намхан нуруутай эмэгтэй нь хувцасны өлгүүр авч Батжаргал эгчийн босоо лангууг цохиж хагалаад, төмөр хувцасны өлгүүрээр Батжаргал эгчийг зодох гээд дайраад байхаар бид нар очиж төмрийг булааж авсан.Тэгтэл Батжаргал эгчийн зарж байсан арьсан өсгийтэй гутлыг түүн лүү дайрч байсан эмэгтэй аваад гоо сайхны бүтээгдэхүүн тавьдаг хэвтээ лангууг хагалсан. Батжаргал эгчийн зарж байсан 2 ширхэг үнэртэй усны хайрцаг цоорчихсон, хэд хэдэн хүний нүдний тень пүдр бутарчихсан, арьсан гуталнууд зурагдчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх 27 ху/,

-Гэрч Б.Баянзолбоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хувцасны гар өлгүүрээр Батжаргал эгчийн босоо лангууг цохиж хагалаад, өөрийг нь цохиж хөндлөн гутал тавьдаг лангууг нь өсгийтэй гутлаар цохиод хагалсан. Лангуу хагарахгүй байтал маш олон удаа цохисоор хагалсан гэсэн мэдүүлэг /хх 28 ху/,

-Гэрч Л.Сүрэнхоролын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгтэл Цэрэнжаргал хувцасны босоо төмөр өлгүүрээр босоо шилэн лангууг нь цохиод хагалаад Цэрэнжаргал руу авч шидсэн гутлаар нь хэвтээ шилэн лангууг хагалсан гэсэн мэдүүлэг /хх 29 ху/, -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-10, 21-22 ху/

-Хохирлын үнэлгээ /хх 34-35 ху/ -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50 ху/ -Л.Цэрэнжаргалыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 44-47 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Л.Цэрэнжаргал нь 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгөл” худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг Ч.Батжаргалын 316 дугаартай лангууны шил, нүүрний будаг зэргийг хагалсан, мөн эмэгтэй хүний гутал 3 ширхэг, үнэртэй усны хайрцаг 2 ширхэг зэргийг гэмтээж нийт 390.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Хохирол 390.500 төгрөг төлж барагдуулсан. Би хийсэн хэргээ ойлгон гэмшиж байна. Дахин  ийм үйлдэл гаргахгүй” гэсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн өгсөн “Уг эмэгтэй намайг хэл амаар доромжилж байхдаа тавиур дээр байсан хувцас өлгөдөг дэгээ төмрийг аваад үнэртэй усны босоо лангууны шилийг хагалж, өлгүүртэй хувцсыг түлхэж газар унагаад өсгийтэй гутлаар гоо сайхны бараа тавьсан байсан 2 лангууг цохиж нэгийг нь хагалсан” гэсэн мэдүүлэг /хх 24 ху/, гэрч Д.Мөнхтөр /хх 26 ху/, Д.Булганзаяа /хх 27 ху/, Б.Баянзолбоо /хх 28 ху/, Л.Сүрэнхорол /хх 29 ху/ нарын мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ /хх 34-35 ху/ зэрэг болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Цэрэнжаргалд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Цэрэнжаргал нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хир хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цомог овогт Лодойн Цэрэнжаргалыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч Л.Цэрэнжаргалыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Цэрэнжаргалд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхй ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Л.Цэрэнжаргалд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА