Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2023/0391

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “... “А ” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-0000  дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах... тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0053 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2020/0934/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. А ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-0000  дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0053 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, А  ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-0000  дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж” шийдвэрлэсэн байна.

3. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0053 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан гомдол гаргаж байна.

3.2. “...Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... Дээр нөхцөл байдлуудаас үзвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ашигт малтмал, газрын тосны газар нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасан нөхөх олговор авах тухай гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна гэжээ.

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжпэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж хуульчилсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжпэгчийн нэхэмжпэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн хэргийн оролцогч биш этгээдийн талаар болон маргаагүй асуудлаар буюу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг “нөхөх олговор авах тухай” гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь уг шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна.

3.4. Төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан хуулийн зохицуулалтыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын ХV-021806 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч “А ” ХХК нь уг тусгай зөвшөөрлөөс хасалт хийгдсэн талбайн хэмжээгээр нөхөх олговроор хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгаа тухай 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/2772 дугаартай албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлж шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдсаар байхад анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

3.5. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...14.4Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж тус тус заажээ” гэж дүгнэжээ.

3.6. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь Улсын Дээд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбараас өөр тайлбарлаж дүгнэсэн тул уг шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсон.

3.7. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0053 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2.1. А ХХК нь тус компаний эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-0000  дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Анхан шатны шүүх “...Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр 9.1.13-т заасан нөхөх олговор авах тухай гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна. ... хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авсан тохиолдолд тухайн шийдвэр гаргасан байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөхөөр байна. Маргаан бүхий тохиолдолд, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 109 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн хууль, журмын дагуу эзэмшиж байсан XV-0000  дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлөөс 1110.13 гектар талбайгнийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авсан байх тул нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр 9.1.13-т заасны дагуу тусгай зөвшөөрөлтэй байсан талбайгаасаа төрд шилжүүлэн өгсөн хэмжээгээрээ нөхөх олговор авч болохоор байна. Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмал, газрын тосны газар нь Засгийн газраар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр 9.1.13-т заасны дагуу шийдвэр гаргуулахаар уламжлах үүрэгтэй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

2.3. Хариуцагч давж заалдах гомдлоо “...Төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасан хуулийн зохицуулалтыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын ХV-021806 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч компани нь уг тусгай зөвшөөрлөөс хасалт хийгдсэн талбайн хэмжээгээр нөхөх олговроор хайгуулын тугсай зөвшөөрөл авах хүсэлтэй байгаа тухай 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/2772 дугаартай албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлж шийдвэрлэсэн. ...Анхан шатны шүүхийн дүгнэлт Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж дүгнэсэн тул уг шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсон” гэжээ.

2.4. Ашигт малтмал, газрын тосны газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 186 дугаар шийдвэрээр “А ” ХХК-д Дорноговь аймгийн Х  сумын нутагт орших “О ” нэртэй 5064.97 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэж, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр XV-0000  дугаартай тусгай зөвшөөрлийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон байна.

2.5. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Төмөр замын чиг тогтоох тухай” 109 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “З ” чиглэлийн төмөр замын шугамын чигийг баталж, “А ” ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Х  сумын нутагт орших “О ” нэртэй 5064.97 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-0000  тоот тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг төрийн мэдэлд буцаан авах шийдвэр гарчээ.

2.6. Нэхэмжлэгч “А ” ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/05 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан “тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг төрийн мэдэлд буцаан өгч өөр талбайгаар дүйцүүлэн авах хүсэлт гаргаж, хариуцагч байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь энэ талаар 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/2772 дугаар албан бичгээр Уул Уурхай хүнд үйлдвэрийн сайдад уламжилсан байна.

2.7. 2022 оны 06 дугаар арын 17-ны өдөр Уул уурхайн хүнд үйлдвэрийн хүнд үйлдвэрийн яамнаас Ашигт малтмал газрын тосны газрын даргад хандан ...А  ХХК нь ... Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу талбай дүйцүүлэн авах хүсэлтээ ирүүлээд байна. Дээрх хүсэлтийг судлан, хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллана уу гэх албан бичгийг хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

2.8. Дээрх үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор нэхэмжлэгч “А ” ХХК-д нөхөх олговор авах эрх зүйн үндэслэл зохих хуульд заасны дагуу үүссэн байх тул тус асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэсэн заалтыг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй /үйлдэл/ болох нь тогтоогдож байна.

2.9. Үүний улмаас нэхэмжлэгч “А ” ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

2.10. Мөн хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 13 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4-т заасныг удирдлага болгон “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт”-ыг хэрэглэх нэгдмэл байдлыг хангах зорилгоор тайлбарласан байна.

2.11. Тус тогтоолын 1 дэх хэсэгт “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авах талаар Улсын Их Хурал болон Засгийн газраас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр нь уг шийдвэрийн улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүссэн үр дагаврыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу нөхөх олговрын журмаар шийдвэрлэх, ингэхдээ харилцан тохиролцсон бол “өөр талбай”-г дүйцүүлэн олгох үндэслэл болно гэж, 3 дахь хэсэгт “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг тусгай хэрэгцээнд авах”, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авах” талаар эрх бүхий этгээдээс шийдвэр гаргах боломжийг хуульчилсан, аль ч тохиолдолд хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд тухайлан заасан үндэслэл, журмын дагуу нөхөх олговор шаардах эрхтэй, Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан үндэслэлээр улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд нөхөх олговорт энэ зүйлд заасан талбай олгох талаар Засгийн газрын шийдвэр гараагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөх олговрыг мөнгөн дүнгээр тооцуулах хэлбэрээр авах боломжийг өөрт хадгалагдсан гэж ойлгоно” гэж тайлбарлажээ.

2.12. Үүнээс үзвэл, “А ” ХХК-ийн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон ХV2021806 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн зарим хэсгийг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Төмөр замын шугамын чиг тогтоох тухай 109 дүгээр тогтоолоор Төрийн мэдэлд шилжүүлсэн байх тул Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 13 дугаар тогтоолоор тайлбарласан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт зааснаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2.13. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэргэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэргэлсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

 

           ШҮҮГЧ                                                             О.ОЮУНГЭРЭЛ