| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 183/2017/00309/И |
| Дугаар | 183/ШШ2017/00546 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2017/00546
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 4-5-454 тоотод оршин суух Гоогоо овогт Гончигоогийн Гомбо-Очир /РД:ДВ57011218/-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Гомбо-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Гомбо-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Г.Гомбо-Очир миний бие нь 1972 онд 7 дугаар ангиа төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн Бор гол бригадад малчнаар ажиллаж байгаад 1975 оны 6 дугаар сард барилгын цэргийн 021 дүгээр ангид 3 жил цэргийн алба хааж, 1978 онд цэргээс халагдаж ирээд Говь-Алтай аймгийн Бигэр сумд шатахуун түгээгчээр ажиллаж байгаад Бигэр сумын газар тариалангийн бригадад ногоочин, харуул, бороожуулагчаар 1986 оноос эхлэн 1990 он хүртэл ажиллаж байсан тухай лавлагаа олдохгүй байгаа учир 1972-1975, 1986-1990 он хүртэл ажиллаж байсан нийт 8 жилийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Гомбо-Очир нь 1972 оноос 1975 он хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн Бор гол бригадад малчнаар, 1986 оноос 1990 он хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын газар тариалангийн бригадад ногоочин, харуул, бороожуулагчаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Гомбо-Очир нь 1972 оны 01 дүгээр сарын 01-ээс 1975 оны 12 дугаар сарын 31 хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн Бор гол бригадад малчнаар ажиллаж байсан нь 1170 дугаартай хөдөлмөрийн дэвтэрээр /хх-ийн 6-7 хуудас/ , 1986 оны 1 дүгээр сарын 01-ээс 1987 оны 12 дугаар сарын 31-
ний өдөр хүртэл, 1989 оны 04 дүгээр сараас 1989 оны 11 сар хүртэл, 1990 оны 2 сар, 1990 оны 4 сараас 9 сар хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын газар тариалангийн бригадад ногоочин, харуул, бороожуулагчаар ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтрүүдээр тус тус тогтоогдож байна./хх-ийн 8 хуудас/.
Мөн Г.Гомбо-Очир нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн Мянгай хэсгийн газар тариалан, Бор гол бригадад малчнаар ажиллаж байхдаа 1973 оны 4-7 сард 1553 төгрөг, 1976 оны 1-12 сард 1108 төгрөг, 1982 оны 7,9-10 сард 373 төгрөг, 1984 оны 4-12 сард 2478 төгрөг, 1985 оны 1-12 сард 2910 төгрөг, 1988 оны 1-12 сард 1879 төгрөгийн цалин авч байсныг Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын архивын тасгаас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна.
Мөн 1989 онд Улсыг батлан хамгаалах туслах нийгэмлэгийн Говь-Алтай аймгийн зөвлөлийн усалгааны операторчны 30 хоногийн сургалтад суралцаж 4 дүгээр зэрэгтэй төгссөн нь1989 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаартай үнэмлэхээр, 1972 оноос 1975 он хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн Бор гол бригадад малчнаар, 1986 оноос 1990 он хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын газар тариалангийн бригадад ногоочин, харуул, бороожуулагчаар ажиллаж байсан нь гэрч Н.Жаргал, Л.Оюун нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Г.Гомбо-Очирыг 1972 оноос 1975 он хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн Бор гол бригадад малчнаар, 1986 оноос 1990 оны 9 сар хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын газар тариалангийн бригадад хүртэл ногоочин, харуул, бороожуулагчаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нь Г.Гомбо-Очирыг 1972 оноос 1975 он хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн Бор гол бригадад малчнаар, 1986 оноос 1990 оны 9 сар хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын газар тариалангийн бригадад хүртэл ногоочин, харуул, бороожуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ