Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/00600

 

2017 оны 03 сарын 20 өдөр

    Дугаар 183/ШШ2017/00600

                      Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Э-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.С-д холбогдох,

 

Хүү Э.Х-ийн асрамжийг өөрчлүүлэх, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 

Т.Э-ын эцэг байх эрхийг хасуулах, хүү Э.Х-ын асрамжийг өөрчлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, түүний өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэнсугар нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 онд С шүүхэд 3 хүүхдээ авна гэж нэхэмжлэл гаргасан. Би төлөөлөгч учраас Э-ыг төлөөлөөд явж байгаа, надад худал хэлэх эрх байхгүй юм. Э анх С танилцахад аав ээж нь дургүй байсан гэдэг гэтэл С нь өмнө орос залуутай суугаад хүүхдээ зулбуулж байсан хэрэггүй гэж хэлсэн байдаг. Тэгээд миний хүүхдийг тээж байгаа гэж ээж аавдаа зөвшөөрүүлсэн гэсэн. Өнөөдөр хүүхдүүд Х, Х нар ээж дээрээ байх дургүй Э болон түүний гэр бүлд өссөн. Хүүхдүүдийн эцэгт нь гаргасан уураа хүүхдүүддээ гаргадаг, хүүхэд нь дугуйтай зугтаагаад ээж миний гарыг огтолно гээд байна гээд эмээ рүүгээ ярьсан байдаг. Хүүхдийн эрхийн үндэсний төвөөр шинжээчийн дүгнэлт гаргуулаад хүүхдийг аав дээрээ байх нь зүйтэй гэж үзсэн байдаг үүн дээр С маргадгүй. Америк сургуульд Х хэдий хугацаатай сурсан, О сургуульд хэр удаан сурсан талаар лавлагаа авсан. Одоо хүүхдээ ямар орчинд байгааг мэдэхгүй байж Э-ыг  л муу хүн болгож харагдуулах гэдэг. Х тухайн үед 2015 онд аав дээрээ байна гэж санал өгөөд аавынхаа асрамжид үлдсэн. С болон хүүхдүүдээ Э чадлаараа тэжээж явсан. А охиноо их хайрладаг, гадуурхдаг зүйл огт байхгүй. Хүүхэддээ юм өгөх гэхээр С-ын ээж хаалгаа тайлдаггүй цагдаа дуудлаа гэдэг байсан гэсэн. Одоо Э-ын хамтран амьдрагчийн гэрт би очих газар байхгүй гээд хамт амьдарч байсан зүйл байгаа. 2015 оны шүүхийн шийдвэрийг биелүүлээд хүүхдүүдээ өгөхөд Х би энд байхгүй гэж ааваа намайг битгий явуулаач гэсэн гэдэг. Тэгээд Х ээж нь архи уудаг, гэртэй хүн авчирч хонодог, хаа хамаагүй шээдэг 2 хүүхэд нь хүртэл шээстэй дотуур хувцсыг нь угааж байсан гэдэг зүйл ярьсан байдаг. 2016 оны эхээр би Э-ынд байхад 2 хар машин ирсэн тэгээд хүүхдээ авах гэж байгаа гэж ирсэн Энэ үед Х ээжтэйгээ харилцаж байгаа харьцаа их сонин байсан, эмээ ээж 2 оо та дугуй бай гээд явахгүй гээд уйлсан тэгээд арга буюу хүүхдээ цэцэрлэгт хүрээлэн дээр тоглуулж байгаад ээжд нь өгсөн байдаг. Э-т бичсэн захидал дээр С нь та бүхэнд баярлалаа гэдэг үг ч багадна та бүхнээс гуйх зүйл байна 1 машин авч өгөөч, 2т байр авч өгөөч 3т миний өрийг төлөхөд туслааж гэсэн энэ хүсэлтүүдийг Э тодорхой хэмжээнд хангасан, Э-ын аав С-ын төлбөрийг төлсөн тэгээд ажилгүй байхад нь Э-ын аав ажилд оруулсан гэтэл С нь мөнгө идсэн гэх шалтгаанаар халагдсан байсан. Мөн одоо америк сургуулиас гаргаад эхний хагас жил сургаад гаргасан байсан. Америк сургуулийн багш нар нь ээж нь байнгын хоцроодог байсан гэдэг энэ нь хаа байсан нисэхээс зөөдөг байсан. Хүүхэд 7 настай байхдаа аав ээждээ хайртай гэхдээ би аавтайгаа баймаар байна гэдэг үүнийг гэр бүлийн тухай хуульд 7 нас хүрсэн хүүхдийн саналыг харгалзана гэж заасан байдаг. Э-ыг энэ хүмүүс хар тамхичин, архичин гэдэг боловч үүнийг юугаар нотлох зүйл байхгүй. Мөн энэ хүн гэмт хэрэгтэн гэдэг гэтэл шүүхээр ял шийтгүүлж байсан зүйл байдаггүй. Э-ын талаар С-н хэлж байгаа зүйлүүд үндэслэлгүй, Үзлэг хийлгүүлсэн бичлэг нь мөн нотлох баримтын шаардлага хангахгүй байсан. 2013 онд анх нэхэмжлэл гаргаад явахдаа одоо гэрчээр асуугдах гэж байгаа хүний ээж ирэхдээ согтуу ирсэн тахарын албаар гаргуулж байсан. Одоо Х-ийг авах гээд байгаа нь энэ хүүхэд 9 нас хүрсэн мэдүүлэг өгөхдөө эрх зүйн бүрэн чадамжтай хүүхэд аав дээрээ байна гэж байгаа учир хүүхдээ өөрийн асрамжид авна гэдэг. Мөн С-с тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна үүнийгээ дэмжиж байна

Мөн шүүх хуралдаан дээр эцэг Т-ыг гэмт хэрэгтэн гэж байна. Энэ нь үндэслэлгүй Э-н ээж нь Хан-Уул дүүргийн эрүүл мэнд үндэсний төв дээр 25 жил ажилласан хүн байгаа. Э шүүх хуралд өмнө ирж байсан гэтэл Э луу дайраад Э төвөгшөөгөөд ирээгүй, Х эмээгээ архи уудаг гэж хэлдэг, Э-т уурлаад С нь янз бүрийн эм уудаг хатуухан хэлэхэд салсан байхад энэ хүүхэд олдсон гэж хэлдэг. Шинжээчийн дүгнэлт нь С нь эдийн засаг, сурч хүмүүжүүлэх тал дээр ямар хүн гэдэг тал дээр дүгнэлт гарсан байгаа.

Нэхэмжлэгч нь асрамж тогтоолгох үндэслэл нь хүүхэд өөрөө удаа дараа аав дээрээ баймаар байна гэж хүсэлт гаргасан, 2-т Э орлоготой ажилтай, мөн ял шийтгэлгүй. Архичин, хар тамхичин гэдгийг юугаар нотлоод байгаа юм. Ял шийтгэл авч байгаагүй гэсэн тодорхойлолтоо өгчихсөн. С-н хэлсэн ярьсан зүйл бүгд үндэслэлгүй юм. Э-тай холбоотой сөрөг зүйл нь нотлох баримт байхгүй байна. Хүүхдийн сурч боловсрох эрх, дассан орчинд нь өөрийнх нь хүсэлтээр хүүхдийн асрамжийг өөрчилж өгнө үү. С-ын оршин байгаа газар нь тодорхойгүй байдаг тиймээс шаардлагаа дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 Баахан хов гүтгэлэг ярилаа. Ултай суурьтай юм алга. Миний охин архи битгий хэл вино ч уудаггүй үүнийг найз нөхөд бүгд мэднэ. Архи уусан үедээ буруу үлгэр дуурайлалтай гэж байна энэ нь ор үндэсгүй зүйл. Х-г 3-5 нас хүртэл нь орос сургуульд би халамжилж сургаж байсан. Х ээж дээрээ очоод сайн байна уу уучлаарай гэдэг сайн үгтэй болсон гэж хэлсэн энэ ямар орчинд байгааг харуулж байна. Хүүхдийн талаар ярьж байна.Гэмт хэрэг дунд хүмүүжих юм уу, хайр халамжид өсөх юм уу гэдгийг анхаарах ёстой. Өнөөдөр хүүхдээ харж хандах тал дээр Э биш аав, ээж нь хардаг. Э нь С-г их зодсон байхад би очоод С-г хүүгээ ав гээд аваад гарсан түүнээс хойш Э 3 жил манайхаар гуйсан тэгээд ирэхэд нь би хонуулдаг байсан цагдаа дуудаагүй. Х нэг өдөр болохгүй байвал дугуйгаа унаад зугтаагаарай гээд жижиг эмээ нь хэлсэн гэсэн тэгээд зугтаасан байсан. Үгэнд орохгүй бол хөлийг чинь хуга зохино гэж монголчууд тэгж хэлдэг гэтэл үүнийг сүр дуулиан болгож ярьж байна. Америк сургуулиас манай охинруу утасдаад 4,700,000 төгрөг өгөхгүй бол хүүхдээ аваад явна гэдэг тэгээд би тэтгэврийн зээл аваад өгсөн, тэгээд О сургуульд хагас жилийн дотор монголоор бичээд бодож сурсан байсан, мөнгө төгрөг нэхсэн гэж байна манай охин мөнгө нэхдэггүй.  Сурж байхдаа С нь дамжааны мөнгөө надаас аваад хадам миний төлбөрийг өгье гэсэн гэр бүлийн яриаг хүнийг шуналтай болгож ярьж байна. Би эрэгтэй дүүгээ машинтай авч очсон гэтэл Х эмээ намайг сингапур авч явна гэж хэлсэн гээд суугаагүй, гэтэл Э өөрөө хүүхдээ хүргэж өгье гээд өгсөн. Э нь А-г төрөөд уруул нь гажиг болсон байхад эмч нар нь хар тамхи, архинаас болж байна гэсэн мөн Э надад би хар тамхи татсан үедээ хүүхэдтэй болсон наад хүүхдээ битгий гарга гэж хэлсэн. Э согтуу байхдаа найзынхаа нуруунд заазуур зоогоод ганц худагт байж байгаад тэгээд хэрэг нь байхгүй болсон байсан. Манай гэрт ямар нэг хараал хэлдэггүй гэж Э-т би нэг хэлэхэд дахиж Э манайд хараал хэлээгүй, Э согтуу хүүхдээ авах гээд ирэхэд нь С цагдаа дуудсан байсан хүнийг үндэслэлгүй гүтгэж байна. Яагаад хүүхэд эх дээрээ очихгүй гээд худлаа яриад байгаа юм бэ.

Э-ыг ирэх болгонд хүүхэдтэй нь уулзуулдаг байсан 2015.12.28-аас 2017.3.20 хүртэл хугацаанд С-ыг хүүхэдтэй нь уулзаагүй. Төрсөн өдрөөр нь охиноо дагуулаад очиход нь хүртэл уулзуулаагүй. Э өнөөдөр шүүх хурал дээр өөрөө нэг ч удаа ирж байгаагүй. Өнөөдөр миний охин зөв хүмүүжилтэй О-ы хэлдэг шиг муу хүн биш. Миний охиныг хувцас ялгадаггүй байсан гэж байна. Ээж нь хоол сайн хийдэг гэж хэлж байсан гэж байна одоо хоол хийж сурсан гэж байна. Мөн 2009 онд А-ийг төрөх үед салаагүй байсан. Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж болно. Э нь С-р мөнгө зээлүүлж авдаг байсан би хүртэл зээл авч өгч байсан. Одоо гүтгэж яриад байгаа нь ойлгомжгүй байна. О сургуульд байхад завсарлагаа болгон дээр хэн хэндээ очдог байсан өнөөдөр ах дүү нарын хамт байх хайр халамжийг нэхэмжлэгч тал үгүй хийж байна.

О сургуульд сурж байхад нь авч яваад сургуульд нь сургаагүй, сурах эрхийг нь өөрсдөө харин тасалдуулж байгаа. Э ажилтай гэдэг тал дээр эргэлзээтэй. Э манай охинтой байх хугацаанд 10 дугаар анги төгсөөгүй дээд сургууль төгсөөгүй байсан. Х одоо аавтайгаа байхгүй эмээтэйгээ хамт байгаа. Э анх гайгүй хүүхэд байсан гэтэл аав ээж 2 нь буруу хүмүүжүүлж байсан. Э өөрөө өөрийгөө хариуцах чадваргүй, архи уудаг, тэгэхдээ их догшин авиртай, тиймээс эцэг байх эрхийг нь хасуулах нь зүйтэй. Хүүхдийг эрх ноцтой зөрчиж байгааг мэдсээр байж ээж нь сургуулиас нь гаргасан гэж гүтгэж байна. Яагаад үндэсний эх хэлээ үгүйсгээд байгаа талаар ойлгохгүй байна. Анхны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж Х-ийг дүүтэй нь хамт байлгаж өгнө үү гэв.

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Г.С-д холбогдуулан, хүү Э.Х-н асрамжийг өөрчлүүлэх, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Г.С нь нэхэмжлэгч Т.Э-т холбогдуулан эцэг байх эрхийг нь хасуулах, хүү Э.Х-н асрамжийг хэвээр үлдээх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг зохигч талууд эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Т.Э нь хүү Э.Х эцэг дээрээ байвал А сургуульд сурах байтал одоо О сургуульд сурж байгаа, хичээлдээ холоос явдаг, эх нь ажлаа байнга сольдог, хүүтэйгээ уулзах гэхээр уулзуулдаггүй, мөн хүү Э.Х өөрөө эцэг дээрээ байх хүсэлтэй байгаа гэж, хариуцагч Г.С нь хүүхдүүдийн эцэг Т.Э  архидан согтуурах зуршилтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдүүдээ ялгаварлан гадуурхдаг, хүүхдийн асрамж тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

 

            Шүүх Т.Э-н үндсэн нэхэмжлэл болон Г.С-н сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 Зохигч талуудын гэр бүлийн маргааныг шүүх 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрлэж 918 дугаар шийдвэр гаргасан байх бөгөөд уг шийдвэрээр хүү Э.Х-г эцэг Э.Э-н асрамжид, хүү Э.Х, охин Э.А нарыг эх Г.С-н асрамжид тус тус байлгахаар шийдвэрлэж, холбогдох хүүхдийн тэтгэлгийг хариуцуулан гаргахаар шийдвэрлэжээ.

            2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн шийдвэрээр хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэснээс хойших хугацаанд Э, С нарын хоорондох болон бусад нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байх ба хариуцагч С-г ажил төрөл нь тогтворгүй, мөн хүүхдийн гэр сургуулиасаа хол байрладаг, сургуульдаа явах дургүй, хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчиж байна, хүүхэд өөрөө эцэг дээрээ байхыг хүсч байгаа зэрэг нь хүүхдийн асрамжийг өөрчлөх үндэслэл, шалтгаан болохгүй гэж шүүх дүгнэлээ.

            2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Гэр бүл хөгжлийн төвийн гаргасан шинжээчийн дүгнэлтэд:

            Ерөнхий дүгнэлт хэсэгт хүүхдээс авсан сэтгэл зүйн сорилын судалгаа, ярилцлага болон нэхэмжлэгч, хариуцагч нартай хийсэн уулзалтын дүнгээс харахад Э.Х нь одоогийн хамт амьдарч байгаа эмээ С болон өвөө, аав нартаа дассан байгаа ч цаашид нэхэмжлэгч тал Э.Х-г өөрсдийн асран хамгаалалд авбал амьдарч буй орчны нөхцөл, эдийн засгийн боломжоор найдвартай хангаж, цаашдын боловсролд илүү үр нөлөө үзүүлэх нь харагдаж байгаа ч хүмүүжил, ирээдүйн төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх нь дутмаг...,  хүү Х хийсэн ярилцлагын үеэр ажиглахад том хүн нөлөөлсөн байж болзошгүй нь анзаарагдаж байсан гэх..., харин хариуцагч тал болох эх Г.С-н эдийн засгийн бололцоо болон амьдрах орчин нөхцөлийн хувьд нэхэмжлэгч талтай харьцуулахад тийм ч хангалттай бус боловч хүүхдийн цаашдын хүмүүжилд болон ирээдүйд эерэг нөлөө үзүүлэх нь ярилцлага хийх явцад болон биеэ авч яваа байдлаас нь ажиглагдаж байна гэх шинжээчийн дүгнэлтийг шүүх эцэг, эхийн санал, тэдгээрийн тайлбар зэрэгтэй харьцуулан дүгнэхэд хүүхдийн эрх ашгийг шүүх илүүтэй анхаарч шийдвэрийнхээ үндэслэлийн нэг болгосон.

            Мөн зохигч талууд харилцан бие биенээ анхаарал халамж муутай, хүмүүжлийн доголдолтой гэж мэтгэлцэж байх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна. 

 Өөрөөр хэлбэл, Э.Х-г эцэг Э.Э-н асрамжид, хүү Э.Х, охин Э.А нарыг эх Г.С-н асрамжид үлдээсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа, уг шийдвэрээс болж хүүхдүүдийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн буюу Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй, хүүхдийн асрамж өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна. Хүүхэд хэдийгээр эцэг дээр байх тухай санал гаргаж байгаа боловч энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, зөвхөн харгалзаж үзэхээр хуулинд заасан байна.

 

Мөн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т зааснаар эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхдээ тарчлаан зовоосон, худалдсан, барьцаалсан, биеийг нь үнэлүүлсэн, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгийгээр харьцсан, бэлгийн харьцаанд оруулсан, оруулахаар завдсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, мансууруулах бодис байнга хэрэглэдэг зэрэг үйл баримт тогтоогдохгүй байгаа учир Т.Э-н эцэг байх эрхийг хасах тухай Г.С-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгч Т.Э, хариуцагч Г.С нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.6, 30 дугаар зүйлийн 30.1-т тус тус заасныг баримтлан хүү Э.Х-н асрамжийг өөрчлүүлэх, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай Т.Э-н нэхэмжлэлийг, эцэг байх эрхийг нь хасуулах, хүү Э.Х-н асрамжийг өөрчлүүлэх, хүүхдүүдээ өөр дээрээ авах тухай Г.С сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.      

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.РЕНЧЕНХОРОЛ