Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/518

 

2021            5           25                                               2021/ШЦТ/518

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга C.Хонгорзул,

улсын яллагч Ж.Отгончимэг,

хохирогч Э.Б............яа,

шүүгдэгч А.Б.......ү, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 0788) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш........с овогт А...................лийн Б.......үг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 0015 50151 дугаартай, 2 хавтаст хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш........с овогт А...................лийн Б.......ү, Монгол Улсын иргэн, ................................1985 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, сийлбэрчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, ...................................................................................... оршин сууж байсан, регистрийн дугаар, урьд

1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 634 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэх хугацааг мөн хугацаагаар хойшлуулсан.

2. Сонгинохайрхан дүүргийн 2003 оны 7 дугаар арын 01-ний өдөр 193 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж 2005 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

3. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.  

4. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж 2013 оны 12 дугаар сарын 07-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

5. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1060 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, мөн хуулийн  261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүнд ял дээр хөнгөн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосон.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 269 дүгээр захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар дээрх биечлэн эдлэх 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 6 сар, 22 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн.

6. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 435 дугаар захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн зүйл хэсэг заалтыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 хэсэг болгон өөрчилж, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 1 сар 10 хоногоор тогтоосон.

7. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 450 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 128 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 21 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч А.Б.......ү нь үргэлжилсэн үйлдлээр

- 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ............ оршин суух Д.Д..............хийн эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд цонхийг хагалж нэвтрэн орж хөөрөг, бугуйн цаг, гар дрилл, уурын индүү, зөөврийн хард, бэлэн мөнгө 200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж нийт 6.379.602 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр .......................................................... Э.Б............яагийн байнга амьдрах орон байранд нэвтэрч мөнгөн аяга, ээмэг зэр эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж 1.185.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 01 дүгээр 13-нд ............ тоотод оршин суух О.А................ны байнга амьдрах орон байранд нэвтэрч 4 ширхэг зурмал бурхан мөнгөн хазаар, мөнгөн аяга 4 ширхэг, гар утас ширхэг, савхин куртик, пүүз, цүнх зэрэг эд зүйлийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж 11.860.000 төгрөгийн буюу нийт 3 удаагийн үйлдлээр нийт 19.424.602 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч А.Б.......ү мэдүүлэхдээ: “...1 дүгээр сарын 15-нд Баянхошууны зээлд найзындаа очиж явахад нэг байшингийн цонх онгорхой байсан. Тэгээр тэр байшингийн цонхоор нь ороод мөнгөн аяга, пүүз, гутал, цаг зэрэг эд зүйлийг авсан. Би хохирлоо бүгдийг нь төлсөн. А................ны гэр лүү орж хулгай хийсэн үйлдэлд маргах зүйлгүй. Дараа өдөр нь явж байгаад бас нэг айлд орсон. Тэр айлд удаагүй 2 мөнгөн аяга аваад гарсан. Мөнгөн аягыг гэртээ авчраад гадна талын мөнгийг нь хуулаад зарах гээд бэлдсэн байсан. Гэтэл 4-5 мөнгөн аяга байсан гэж нэмж оруулаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр мөнгөн аягыг 1 хоногийн зөрүүтэй авсан байсан учир зарж амжаагүй байсан. Миний эхний үйлдлээр хулгайлсан эд зүйлсийг бүгдийг нь надаас хурааж авсан. Эд зүйл хурааж авахдаа надад хүч хэрэглэсэн. Намайг зодож дарамталсан. Орой 10-11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр намайг авчирсан. Надад хууль зүйн туслалцаа үзүүлээгүй. Би бичиг үсэг мэдэхгүй. Намайг гавлаж байгаад байцаалт авсан. Хэл амаар доромжилсон. Тэр үед надад үнэхээр хэцүү байсан. Би урьд нь ийм байдалд орж байгаагүй. Надад хэцүү байсан болохоор цагдаагийн газрын 3 давхрын цонхоор үсэрсэн. Миний эрүүл мэндийн байдал хэцүү байгаа. 1 сараас хойш өнөөдрийг хүртэл эмнэлэгт хэвтэж байгаа. Би корона тусаад эдгэсэн. Би цагдаагийн байгууллагын асуудлаар гомдол гаргасан боловч шийдэж өгөөгүй. Цагдаагийн байгууллагаас болж би байдалд орсон. Гэмт хэрэг хийсэн ч гэсэн цаашид ажил хийж амьдрах боломжгүй болсон. Гэрт ирж намайг баривчлахдаа гавлаж зодсон. Тэгээд маргааш ирж байцаалт авна гэж хэлээд явсан. Өмнө нь цагдаагийн 2 дугаар хэлтэст очиж байхад намайг газар унагаж гавлаад толгой дээр дэвссэн. Намайг шалгаж байсан цагдаагийн албан хаагчид гомдолтой байна. Би эрүүл мэндээрээ хохирсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад намайг зодсон цагдаагийн албан хаагч нарт гомдолтой байна...” гэв.

2. Хохирогч Э.Б............яа мэдүүлэхдээ: “...хос ээмэгнийхээ өрөөснийг гэрээсээ олсон..., дүү Э.Э............ц 10.000 төгрөг төлж эд зүйлийн үнэлгээг хийлгэсэн...“Swarovski” ээмэг...1 хос...230.0000 төгрөг” гэх үнэлгээ хийлгэсэн 10.000 төгрөг, мөн мөнгөн аягаа бүрэн бүтэн хүлээж аваагүй, 2 ширхэг мөнгөн аяганы 5 хэсэг саарал металл хүлээж авсан тул 5 ширхэг мөнгөн аяганы хохирлыг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн .............. тоотод оршин суух Д.Д..............хийн эд зүйлийг хулгайлсан хэргийн талаар;

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн .............. тоот...байв. ...Хашаанд ...байх 10х6м хэмжээтэй... 3 ширхэг цонхтой бор өнгийн модон байшингийн зүүн талын цонхны дээд талын жижиг салхивчийг хагалсан байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 238-240, 241-245),

- Хохирогч Д.Д..............хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 14 цаг 30 минутын үед гэрээсээ гараад үсээ засуулчхаад буцаад 17 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн цонх хагарсан, гэрийн эд зүйл э******* замбараагүй болсон байсан. ...Манай гэрээс шургуулгад байсан алтан нуухтай, шүрэн толгойтой хуучин цагийн “Халтар манан” хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн дуураймал “Хаш” хөөрөг 1 ширхэг, Дубай хотод аяллаар явж байхдаа авч байсан эрэгтэй хүний бугуйн алтан цаг 1 ширхэг. Тухайн цагны нэрийг сайн мэдэхгүй...ямар ч байсан алтны орц ихтэй. “Seiko” брэндийн эрэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг, ...Дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга,... Батарейгаар  ажилладаг гар дрилл 1 ширхэг,.. цахилгаанаар ажилладаг гар дрилл 1 ширхэг,... эмэгтэй хүний монетон ээмэг бөгж,... эрэгтэй хүний үсний машин 1 ширхэг,... бэлэн мөнгө...алдагдсан...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 3-4),

“...Би өмнө нь өгсөн хохирогчийн мэдүүлэгтээ эд зүйл дутуу бүртгүүлсэн байна. Сүүлд нь эд зүйлээ бүртгэж байхад ...уурын индүү, ...зөөврийн хард алдагдсан байсан. Надад үзүүлж байгаа цаг нь манай гэрээс алдагдсан цаг мөн байна. ...Гадаадад аялж явахдаа цагаа худалдаж авсан болохоор содон, дурсгалтай зүйл байгаа юм....” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 06),

“...Би ...бэлнээр 200.000 төгрөг алдсан... Алтан цагаа буцаан авсан бусад эд зүйлийг аваагүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 08),

- Гэрч А.О..............вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.......ү нь манай төрсөн ах байгаа юм. Шоронгоос 2020 оны зун гарч ирсэн. Би ахтайгаа шоронгоос гарч ирснийх нь дараа ...намраас уулзаж эхэлсэн, над руу утсаар бол байнга ярьдаг. ...Би ахдаа мөнгө өгөхөөс ах маань надад мөнгө өгч байгаагүй. Намар нэг удаа надтай Дэнжийн мянга орчим машин дотор уулзаж байхдаа 2 ширхэг бугуйн цаг өгч байсан. Нэг цаг нь шар өнгийн шар төмөр оосортой энгийн цаг, нөгөөх нь ширэн оосортой энгийн бугуйн цаг байсан. Би ширэн оосортой цагийг нь хаана хаяснаа санахгүй байна нэг мэдэхэд алга болсон. Харин шар цагийг нь зүүж байхдаа шилийг нь цохиод хагалсан одоо гэрт байгаа...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 15-16),    

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №ЧД2-20-722 дугаартай тайланд “...9 төрлийн эд зүйлийн үнэлгээний дүн...6.039.282 төгрөг...” гэх баримт (2-р хавтаст хэргийн 35-37),

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №ЧД2-21-115 дугаартай тайланд “...Уурын индүү...73.600 төгрөг, Зөөврийн хард...66.720 төгрөг, Мөнгөн тэмдэгт...200.000 төгрөг... буюу нийт 340.320 төгрөг...” гэх баримт (2-р хавтаст хэргийн 40-41),

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд: “...Боржигон овогт А...................лийн О..............ваас ...шаргал өнгийн металл, нүүр шил нь хагарсан, дотор зүү, тоонууд хэлбэр дүрсээ алдсан сэвтэй, “Lexros” гэсэн бичигтэй бугуйн цаг 1 ширхгийг....хураан авав.” гэх баримт (2 хавтаст хэргийн 42-43),

- Таньж олуулах ажиллагаа хийсэн 2021 оны 02 дугар сарын 01-ний өдрийн тэмдэглэлд: “...Хохирогч Д.Д..............х... Би өөрийнхөө цагийг хаанаас ч  хараад танина. Дөрвөлжин хэлбэртэй, шаргал өнгийн том хэмжээтэй эрэгтэй бугуйн цаг. ...Надад үзүүлж байгаа цаг манай гэрээс алдагдсан цаг мөн байна. Тэгэхдээ нүүр нь хагарсан, дотор тал нь уначихсан байна. Надад өөрийнхөө бугуйн цагтай авхуулж байсан зураг байгаа. ....Тухайн цаг алтны орцтой миний хувьд үнэ цэнтэй цаг юм...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 44-45).

 

2. 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруунбаян Уулын ................... тоотод оршин суух Э.Б............яагийн эд зүйлийг хулгайлсан хэргийн талаар;

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь ...Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруунбаян Уулын ................... тоот хашаа байв. Уг хашаанд байх... 2 байшингийн ертөнцийн зүгээр баруун талын байшинд хулгай орсон гэв. ...Байшингийн гадна талд үзлэг хийхэд ...ертөнцийн зүгээр зүүн талын вакум цонх онгорхой... уг вакум цонхны зүүн талд 1 ширхэг гутлын мөр байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ...Байшин доторх том өрөөнөөс гаран жижиг өрөөнд ороход цагаан өнгийн шкаф байх ба уг шкафт мөнгөн аяганууд байсан гэх тул шинжээч уг газарт “2” дугаар тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ...уг өрөөнөөс гаран хойд талын жижиг өрөөнд ороход ...цонх нь онгорхой байсныг ...гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 153-155, 156-159),

- Хохирогч Э.Б............яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай гэрт хулгай орсон байсан ба манай дүү Э............ц цагдаагийн байгууллагад дуудлагад өгсөн. ...Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, манай ээжийн “Swarovski” шигтгээтэй ээмэг 1 ширхэг хулгайд алдсан. ...Мөнгөн аягануудыг нөхөр бид хоёрын хурим дээр бэлэгт өгч байсан юм.... Дунд гарын мөнгөн аяга дээр “Хайрт хүргэндээ 2017.09.17” гэсэн бичиглэлтэй, бусад аяганыхаа содон шинжийг санахгүй байна. Зарим нь цулгай аяга байгаа...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 171-172),

“...Би өнөөдөр “Хайрт хүргэндээ 2017.09.17” гэсэн бичиглэлтэй дунд гарын нэг ширхэг мөнгөн аяганы тагшгүй эвдэрсэн мөнгө болон ямар нэг бичиггүй мөнгөн аяганы тагшгүй мөнгийг,  “Swarovski” шигтгээтэй ээмгийг хүлээн авсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 175),

- Гэрч Э.Э............цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ...13 цагийн үед гэртээ ирэхэд манай 2 байшингийн завсар хүн байх шиг харагдаад ардаас нь гүйж байгаад алдсан. Тэгээд буцаж ирэхэд манай төрсөн ах Энхбатын байшингийн зүүн тийш харсан цонх онгорхой байхаар нь би түрүүлээд гэрт ороход гэрийнх нь бүх зүйл ундуй сундуй болоод мөнгөн аяганууд нь алдагдсан байхаар нь дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 177),

- “Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №21/019 дугаартай тайланд “...Мөнгөн аяга...дунд гарын 2015 онд ашиглалтад орсон, хуучин, хэрэглэж байсан...800.000 төгрөг, Мөнгөн аяга...бага гарын 2015 онд ашиглалтад орсон хуучин ашиглаж байсан...150.000 төгрөг, “Swarovski” ээмэг...1 хос...230.0000 төгрөг, хаалганы түгжээ...5.000 төгрөг буюу нийт 1.185.000 төгрөг...” гэх баримт (1-р хавтаст хэргийн 202-203),

- Эд зүйлд үзлэг хийсэн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэлд: “...А.Б.......үгийн гэмт хэрэг үйлдэхдээ өмссөн байж болзошгүй хагас түрийтэй, хар үдээстэй, саарал өнгийн резин ултай, хар саарал өнгийн 1 хос гутал байна. Гутал нь өлмий хэсгээрээ дөрвөлжин хээтэй, өсгий хэсэг нь хөндлөн зураас бүхий хээн зураглалтай байсныг...түр хураан авав...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 33-34), 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 588 дугаар дүгнэлтэд: “...1. Шинжилгээнд ирүүлсэн Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гэх №13, 14 дугаартай 2 ширхэг гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилж буй гутлын мөрүүд нь яллагдагч А.Б.......үгээс хураан авсан гэх хос гутлын зүүн өмсгөлийн улны хээтэй гутлын мөрний нийт урт, хээнүүдийн хэлбэр, хэмжээ, харилцан байрлал зэрэг ерөнхий шинж тэмдгүүдээр тохирч байна....” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 191-197),

- Таньж олуулах ажиллагаа хийсэн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэлд: “...Хохирогч Э.Б............яа... “Хайрт хүргэндээ 2017.09.17” гэсэн бичиглэлтэй мөнгөн аяга,... хар чулуун мөнгөн ээмэг нь манай гэрээс алдагдсан эд зүйл байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 163-165),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгдөгчийн тэмдэглэлд: “...Мөнгөн аяганы 5 хэсэг саарал металл болон хөр өнгийн шигтгээтэй унждаг саарал өнгийн металл хос ээмэг зэргийг Э.Б............яад хүлээлгэн өгөв...” гэх баримт (1-р хавтаст хэргийн 168).

 

3. 2021 оны 01 дүгээр 13-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн ................... тоотод оршин суух О.А................ны эд зүйлийг хулгайлсан хэргийн талаар;

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн ................... тоот хашаа...байв. Уг ...хашаан дотор улаан тоосгон хоёр давхар байшин байх ба ...байшингийн хаалга нь зүүн тийш харсан, ...зүүн талд цонхон доор гутлын мөр байсныг... гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Уг байшингийн дотор талд үзлэг хийхэд...унтлагын өрөөний... цонх нь зүүн тийш харсан... цонх нь онгорхой, цонхны тавцан дээр ...гутлын мөр байсныг бэхжүүлэн авав...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 03-04,  05-08),

- Хохирогч О.А................ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагийн орчим эхнэр 2 хүүхдийн хамт гэрээс гарч Баянзүрх дүүргийн товчоонд адуун дээрээ очиж эргэж байгаад... 19 цагийн үед гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ ирээд хаалга онгойлгож ороод үүдний гэрлээ асаасан чинь манайд хулгайч орсон байсан. Манай гэр орны бүх зүйлийг онгичиж үзсэн байдалтай байсан. ...Манай гэрээс... 4 үе дамжиж байгаа мөнгөн жаазтай дотроо судартай, нүүрэн талдаа 4 ширхэг зурмал бурхан, ...шинэ цагийн мөнгөн хазаар...,  4 ширхэг мөнгөн аяга, Samsung J-5” маркийн плат нь шатсан гар утас, савхин куртик, 1 хос пүүз, хүүхдийн үүрдэг цүнх зэрэг алдагдсан...гомдолтой байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 45-46),

- Гэрч Х.Ц...................аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 14-ний 21 цаг 40 минутын үед энгийн хувцастай цагдаа орж ирээд манай дэлгүүрийн хяналтын камер шүүх хэрэгтэй байна гэж үнэмлэхээ шалгуулан орж ирээд хяналтын камер шүүж үзсэн. Тэр цагдаа 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагаас 16 цагийн хоорондох ...бичлэгийг шүүсэн. Тухайн үед би хажууд нь байж байсан ба... 15 цаг 40 орчим минутын үед хяналтын камер дээр “манай нийтийн байр руу орж байгаа үүргэвч үүрсэн эрэгтэй хүний дүрс гарч” ирсэн. Тэгтэл тухайн цагдаа “энэ хаашаа ордог хаалга вэ” гэж асуухаар нь би “манай нийтийн байр” байдаг юм гэж хэлтэл надаас “энэ залууг харсан уу” гэсэн. Тэгэхээр нь би “2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн манай 07 тоотыг хөлсөлж байгаа” гэсэн. Тэгээд би цагдаа нартай очиж хаалгыг нь тогшиж “паарнаас чинь хий авмаар байна” гэж хэлээд хаалгыг нь онгойлгуулсан. ...Б...................ааг цагдаа нар гавласан чинь эсэргүүцэл үзүүлсэн ба бүтэн нэрээ, регистрийн дугаарыг асуутал хэлэхгүй байсан. Б...................аагийн гэрээс мөнгөн аяга, виски, бусад зүйлийг цагдаа бичиж тэмдэглэсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 52-53),

- “Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №21/013 дугаартай тайланд “...Зурмал бурхан... 10.000.000 төгрөг, Мөнгөн хазаар...шинэ цагийн...800.000 төгрөг, Мөнгөн аяга...шинэ цагийн 4 ширхэг...600.000 төгрөг, “Samsung J-5” плат нь эвдэрсэн гар утас...50.000 төгрөг, Савхин куртик ...80.000 төгрөг, “Garnet-2” загварын пүүз...270.000 төгрөг, Хар өнгийн үүргэвчтэй цүнх...30.000 төгрөгийн шууд хохирол, цонхны түгжээ 30.000 төгрөг буюу нийт 11.860.000 төгрөг...” гэх баримт (1-р хавтаст хэргийн 71-72),

- Таньж олуулах ажиллагаа хийсэн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэлд: “...Хохирогч О.А................н... мөнгөн жаазтай дотроо 4 ширхэг зурмал бурхан, “3 дугаар салааны хамт олсноос дурсгав. 2020.09.11” гэсэн бичиглэлтэй 1 дугаартай, “УХЭҮХ 2 салбарын хамт олноос дурсгав. 2020 он” гэсэн бичиглэлтэй 2 дугаартай, мөнгөн аяганы доод талд Монгол бичгээр “Монгол Улсын Дотоодын цэрэг”, монгол бичгийн дотор талд “Арслан”-гийн дүрстэй 3 дугаартай мөнгөн аяганууд..., 1 дугаартай гуулин амгаатай, таван товруутай мөнгөн хазаар, 2 дугаартай плат нь эвдэрсэн Samsung маркийн гар утас,... 1 дугаартай савхин куртик, 2 дугаартай хүүхдийн үүрдэг цүнх, 3 дугаартай пүүз нь  манай гэрээс алдагдсан эд зүйл байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 16-21),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэлд “... “3 дугаар салааны хамт олноос дурсгав. 2020.09.11”, “УХЭҮХ-2 дугаар салбарын хамт олноос дурсгав.”, “Монгол Улсын дотоодын цэрэг гэсэн монгол бичигтэй арслангийн зурагтай” дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, “Samsung J-5” маркийн хар өнгийн гар утас, шинэ цагийн мөнгөн хазаар 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхэг, ногоон өнгийн “Nike” фирмийн хос пүүз 1 ширхэг, Зурмал бурхны зураг бүхий жаазтай зураг 1 ширхэг, хар өнгийн үүргэвчтэй цүнх 1 ширхэг зэргийг О.А................нд хүлээлгэн өгөв...” гэх баримт (1-р хавтаст хэргийн 167),

 

4. Хэргийн газрын үзлэг хийсэн 2021 оны  01 дүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэлд: “...Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Зүүнбаян Цагааны ................. тоот... хаалгатай 2 давхар нийтийн байрны... 07 тоот хүрэн өнгийн бүргэд хаалгатай жижиг өрөө байв. Уг өрөөнд үзлэгийг цагийн зүүний дагуу явуулахад... шаргал өнгийн буйдан дээр... хар өнгийн савхин куртик, суран хазаар, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн аяганы мөнгө мэт металл 4 ширхэг, хар өнгийн “Samsung”, “I phone” гар утас, саарал өнгийн “Nokia” маркийн гар утас, “Anycall” маркийн гар утас, цагаан өнгийн металл бөгж 4 ширхэг, цагаан өнгийн металл гинж 3 ширхэг, цагаан өнгийн металл 3 ширхэг, АНУ-ын... 2 долларын мөнгөн дэвсгэрт, Монгол Улсын 100 төгрөгийн 2 дэвсгэрт, 50 төгрөгийн 1 дэвсгэрт, хар өнгийн үсний машин, гоо сайхны хэрэгсэл 9 ширхэг, саарал өнгийн хутга 1 ширхэг, хумсны хутга...4 ширхэг, ногоон өнгийн хайч 1 ширхэг, саарал өнгийн Power bank, ...2 шил виски, ....10х10см хэмжээтэй төмөр рамтай бурхан 1 ширхэг, шаргал өнгийн пүүз 1 хосыг хойшлуулшгүйгээр хураан авав....” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 10-11, 12-15),

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол (1 хавтаст хэргийн 25-26),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэлд: “...Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүнбаян Цагааны ................. тоот нийтийн байранд ...А.Б.......үгийн амьдарч байсан гэх ...өрөөний урд хана дагуу байрлах буйдан орон дээр байх бор өнгийн хоёр дэрийг яллагдагч А.Б.......ү шалгаж нэг дэрний уутнаас нугалж базсан 20.000 төгрөгийн дэвсгэртүүдийг гаргаж ирсэн бөгөөд уг мөнгийг хураан авч тоолоход 2.640.000 төгрөг байв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 28-29, 30-32),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаагаар хураан авсан 2.640.000 төгрөг болон Эд зүйлд үзлэг хийн хураан авсан 1 хос гутлыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1 хавтаст хэргийн 37, 38),

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол (1-р хавтаст хэргийн 142-144, 209-210, 2-р хавтаст хэргийн 63-64), Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (1-р хавтаст хэргийн 150, 224-225), Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах прокурорын тогтоол (2-р хавтаст хэргийн 94-95),

- 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (1-р хавтаст хэргийн 135-136, 139-140, 2-р хавтаст хэргийн 105, 121-122),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 76), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 84), шүүхийн шийдвэрийн хуулбарууд (хавтаст хэргийн 87, 89-90, 91-92, 94-96, 97-100, 101-104, 106-114), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (1-р хавтаст хэргийн 80, 82), хувийн байдлын талаарх баримт (1-р хавтаст хэргийн 83, 2-р хавтаст хэргийн 99) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Б.......үд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч: Шүүгдэгч А.Б.......үг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар “Миний үйлчлүүлэгч А.Б.......ү нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн .............. тоотод оршин суух Д.Д..............хийн гэрээс эд зүйл хулгайлсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Б............яагийн гэрээс эд зүйл хулгайлсан үйлдлээс 3 мөнгөн аяганы хохирлыг хасаж тооцож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч А.Б.......ү нь;

1. 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 14 цаг 30 минутаас 17 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн .............. тоотод оршин суух Д.Д..............хийн байшингийн зүүн талын вакум цонхны дээд талын жижиг салхивчаар нэвтрэн орж алтан нуухтай, шүрэн толгойтой хуучин цагийн “Халтар манан” хөөрөг, шинэ цагийн дуураймал “Хаш” хөөрөг, “Lexor” брэндийн алтан эрэгтэй бугуйн цаг, “Seiko” брэндийн эрэгтэй бугуйн цаг, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, батарейгаар  ажилладаг гар дрилл, цахилгаанаар ажилладаг гар дрилл, эмэгтэй хүний монетон ээмэг, бөгж, үсний машин, уурын индүү, зөөврийн хард, бэлэн 200.000 төгрөг зэргийг хулгайлж 6.379.602 төгрөгийн,

2. 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруунбаян Уулын ................... тоотод оршин суух Э.Б............яагийн байшингийн зүүн талын вакум цонхоор нэвтрэн орж 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг бага гарын мөнгөн аяга, “Swarovski” брэндийн хос ээмэгний өрөөсөн зэргийг хулгайлж 1.065.000 төгрөгийн шууд, 15.000 төгрөгийн шууд бус, 

3. 2021 оны 01 дүгээр 13-ний өдөр 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн ................... тоотод оршин суух О.А................ны байшингийн зүүн талын вакум цонхоор нэвтрэн орж зурмал бурхан, шинэ цагийн мөнгөн хазаар, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, “Samsung J-5” плат нь эвдэрсэн гар утас, савхин куртик, “Nike” брэндийн “Garnet-2” загварын пүүз, хар өнгийн үүрдэг цүнх зэргийг хулгайлж 11.830.000 төгрөгийн шууд, 30.000 төгрөгийн шууд бус хохирол буюу нийт дээрх нэр бүхий хохирогч нарт 19.274.602 төгрөгийн шууд, 45.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь;

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд (1-р хавтаст хэргийн 238-245, 153-159, 03-08),

- Хохирогч Д.Д..............х (2-р хавтаст хэргийн 3-4, 06, 08), Э.Б............яа (1-р хавтаст хэргийн 171-172, 175), О.А................н (1-р хавтаст хэргийн 45-46) нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

- Гэрч А.О..............в (2-р хавтаст хэргийн 15-16), Э.Э............цын (1-р хавтаст хэргийн 177), Х.Ц...................аа (1-р хавтаст хэргийн 52-53) нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны №ЧД2-20-722, №ЧД2-21-115 дугаартай тайлан (2-р хавтаст хэргийн 35-37, 40-41), “Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021 оны №21/019, №21/013 дугаартай тайлан (1-р хавтаст хэргийн 202-203, 71-72),

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд (2 хавтаст хэргийн 42-43),

- Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд (2 хавтаст хэргийн 44-45, 1-р хавтаст хэргийн 163-165, 16-21),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгдөгчийн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 168, 167),

- Хэргийн газрын үзлэг хийсэн 2021 оны  01 дүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэлд (1 хавтаст хэргийн 10-11, 12-15),

- Эд зүйлд үзлэг хийсэн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэлд, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 33-34), 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 588 дугаар дүгнэлтэд (1-р хавтаст хэргийн 191-197) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч А.Б.......ү нь үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Д.Д..............х, Э.Б............яа, О.А................н нарын хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдад 19.274.602 төгрөгийн шууд, 45.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч А.Б.......үг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцов.

Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хохирогч Д.Д..............хийн эд зүйлийг хулгайлаагүй, хохирогч Э.Б............яагийнхаас 5 ширхэг дунд гарын мөнгөн аяга хулгайлаагүй 2 ширхгийг хулгайлсан гэх нөхцөл байдал нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн доорх нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1. Гэрч А.О..............вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.......ү...ах ...гарч ирснийх нь дараа ...намар нэг удаа надтай Дэнжийн мянга орчим машин дотор уулзаж байхдаа 2 ширхэг бугуйн цаг өгч байсан. Нэг цаг нь шар өнгийн шар төмөр оосортой энгийн цаг, нөгөөх нь ширэн оосортой энгийн бугуйн цаг байсан. Би ширэн оосортой цагийг нь хаана хаяснаа санахгүй байна нэг мэдэхэд алга болсон. Харин шар цагийг нь зүүж байхдаа шилийг нь цохиод хагалсан одоо гэрт байгаа...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 15-16),   

2. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд: “...Боржигон овогт А...................лийн О..............ваас ...шаргал өнгийн металл, нүүр шил нь хагарсан, дотор зүү, тоонууд хэлбэр дүрсээ алдсан сэвтэй, “Lexros” гэсэн бичигтэй бугуйн цаг 1 ширхгийг....хураан авав.” гэх баримт (2 хавтаст хэргийн 42-43),

3. Таньж олуулах ажиллагаа хийсэн 2021 оны 02 дугар сарын 01-ний өдрийн тэмдэглэлд: “...Хохирогч Д.Д..............х... Би өөрийнхөө цагийг хаанаас ч  хараад танина. Дөрвөлжин хэлбэртэй, шаргал өнгийн том хэмжээтэй эрэгтэй бугуйн цаг. ...Надад үзүүлж байгаа цаг манай гэрээс алдагдсан цаг мөн байна. Тэгэхдээ нүүр нь хагарсан, дотор тал нь уначихсан байна. Надад өөрийнхөө бугуйн цагтай авхуулж байсан зураг байгаа. ....Тухайн цаг алтны орцтой миний хувьд үнэ цэнтэй цаг юм...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 44-45).

4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь ...Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруунбаян Уулын ................... тоот хашаа байв. ...Байшин доторх том өрөөнөөс гаран жижиг өрөөнд ороход цагаан өнгийн шкаф байх ба уг шкафт мөнгөн аяганууд байсан гэх тул шинжээч уг газарт “2” дугаар тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 153-155, 156-159),

5. Хохирогч Э.Б............яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг,...алдсан. ...Мөнгөн аягануудыг нөхөр бид хоёрын хурим дээр бэлэгт өгч байсан юм....” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 171-172),

6. Гэрч Э.Э............цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би түрүүлээд гэрт ороход ...мөнгөн аяганууд нь алдагдсан байхаар нь дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 177) гэх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Хохирол хор уршгийн талаар

Улсын яллагчаас хохирогч О.А................нд учирсан хохирлыг 11.860.000 төгрөг, Э.Б............яад учирсан хохирлыг 1.185.000 төгрөг гэж тогтоосон байна. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хохирогч О.А................нд 11.830.000 төгрөгийн шууд, 30.000 төгрөгийн шууд бус, хохирогч Э.Б............яад 1.065.000 төгрөгийн шууд, 15.000 төгрөгийн шууд бус хохирол учирсан байх тул шүүх зөвтгөн шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Б............яагийн өгсөн “...хос ээмэгнийхээ өрөөснийг гэрээсээ олсон..., дүү Э.Э............ц 10.000 төгрөг төлж эд зүйлийн үнэлгээг хийлгэсэн...” гэх мэдүүлэгт үндэслэн “Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021 оны №21/019 дугаартай тайланд тусгагдсан “...“Swarovski” ээмэг...1 хос...230.0000 төгрөг” гэх үнэлгээг хувь тэнцүүлж, хор уршигт тооцоогүй байсан эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн 10.000 төгрөгийг (1-р хавтаст хэргийн 200) хор уршигт нэмж тооцов.

Тодруулбал энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д..............хөд 6.379.602 төгрөгийн, Э.Б............яад 1.065.000 төгрөгийн шууд, 15.000 төгрөгийн шууд бус, О.А................нд 11.830.000 төгрөгийн шууд, 30.000 төгрөгийн шууд бус хохирол, хор уршиг учирснаас мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч О.А................нд учирсан 11.830.000 төгрөгийн үнэлгээ бүхий 10 нэр төрлийн эд зүйл, хохирогч Э.Б............яад учирсан 515.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Swarovski” брэндийн хос ээмэгний өрөөсөн, 2 ширхэг дунд гарын мөнгө аяга, хохирогч Д.Д..............хөд учирсан 2.845.482 төгрөгийн үнэлгээ бүхий “Lexros” брэндийн алтны орцтой эрэгтэй бугуйн цаг зэргийг олж тогтоон шүүгдэгч, гэрч нараас хураан авч хохирогч нарт буцаан олгосон байх тул хохирол, хор уршгаас хасаж тооцов.

Харин хохирогч Э.Б............яа нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөнгөн аягаа бүрэн бүтэн хүлээж аваагүй, 2 ширхэг мөнгөн аяганы 5 хэсэг саарал металл хүлээж авсан тул 5 ширхэг мөнгөн аяганы хохирлыг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна...” гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч 2 ширхэг мөнгөн аяганы 5 хэсэг саарал металлыг түүнд хүлээлгэн өгсөн үйл баримт нэгэнт тогтоогдсон байх тул шүүх 2 ширхэг мөнгөн аягыг хүлээлгэн өгсөнд тооцсон ба харин хохирогч нь тухайн 5 хэсэг саарал металлаар 2 ширхэг мөнгөн аяга хийлгэх хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Б.......үгээс 2.640.000 төгрөгийг хурааж эд мөрийн баримтаар тооцсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх...д зарцуулна....” гэсний дагуу шүүгдэгчээс хурааж авсан 2.640.000 төгрөгөөс хохирогч Э.Б............яад 565.000 төгрөг, хохирогч Д.Д..............хөд 2.075.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч А.Б.......үгээс хохирол, хор уршгийн үлдэх 1.459.120 төгрөг гаргуулж хохирогч Д.Д..............хөд олгохоор шийдвэрлэж, шүүгдэгчийг А.Б.......үг хохирогч О.А................н, Э.Б............яа нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас А.Б.......үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 450 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 6 сар 21 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэсэгт зааснаар нэмж нэгтгэсэн 4 жил 6 сарын 21 хоногийн хорих ялыг хаалтай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 117 хоногийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн өмсөж байсан хагас түрийтэй, хар үдээстэй, саарал өнгийн резин ултай, хар саарал өнгийн 1 хос гутлыг буцаан олгох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч А.Б.......ү нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч О.А................н, Э.Б............яа нарт төлөх төлбөргүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Б.......үд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон шүүгдэгчийн хувийн байдал буюу урьд энэ төрлийн гэмт хэрэг удаа дараа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлээд удаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн зэргийг үндэслэн улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Б.......үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч А.Б.......ү нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 450 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 128 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 21 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан байхдаа дахин 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс хулгайлах гэмт хэрэг үйлдэж эхэлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн,.. бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч А.Б.......үд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 450 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 6 сар 21 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн дээрх хувийн байдлыг харгалзан оногдуулсан 4 жил 6 сар 21 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч А.Б.......ү нь Эрүүгийн 2108 0015 50151 дугаар хэрэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс (1-р хавтаст хэргийн 135-136, 139-140, 2-р хавтаст хэргийн 105, 121-122) 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 117 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасны дагуу шүүгдэгч А.Б.......үгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 117 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч А.Б.......үгийн гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан хагас түрийтэй, хар үдээстэй, саарал өнгийн резин ултай, хар саарал өнгийн 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгож хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш........с овогт А...................лийн Б.......үг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Б.......үг 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б.......үд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 450 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 1 (нэг) сар 21 (хорин нэг) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 (дөрөв) жил 6 (зургаа) сар 21 (хорин нэг) хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лхагвасүрэнд оногдуулсан 4 жил 5 сар 21 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Б.......үгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 117 (зуун арван долоон) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б.......үгээс хураан авсан 2.640.000 (хоёр сая зургаан зуун дөчин мянга) төгрөгөөс хохирогч Э.Б............яад 565.000 (таван зуун жаран таван мянга) төгрөгийг, хохирогч Д.Д..............хөд 2.075.000 (хоёр сая далан таван мянга) төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б.......үгээс 1.459.120 төгрөг гаргуулж хохирогч Д.Д..............хөд олгож, хохирогч Э.Б............яа нь өөрт учирсан хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар саарал өнгийн, хагас түрийтэй, саарал өнгийн резин ултай, хар үдээстэй 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогч О.А................н, Э.Б............яа нарт төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Б.......үгийн эдлэх ялыг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ