Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/524

 

2021           5            25                                            2021/ШЦТ/524

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч П.Г............л, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х............нт овогт П............жийн Г............лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008 0323 00173 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х............нт овогт П............жийн Г............л, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, .............................................................................................................................................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч П.Г............л нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.................................” цэцэрлэгийн хашаанд хог ачих явцдаа иргэн Т.Э............лын толгой тус газар нь хүрзээр цохиж, эрүүл мэндэд нь “зүүн чамархай ясны шугаман хугарал, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г............л мэдүүлэхдээ: “...Буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Т.Э............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ...“......................................” цэцэрлэгийн хашаанд 13-14 цагийн үед хогны машин ирсэн. Манаач байхгүй болохоор би цэцэрлэгийн хаалга үүдийг онгойлгож дотогшоо машиныг нь оруулсан. Гэтэл хог ачдаг залуу бууж ирээд “та энэ дээр гарын үсэг зурчих” гээд надад бичиг өгсөн. Тэгэхээр нь би цэцэрлэг рүү орж гарын үсгээ зурчхаад ...хог ачиж байсан залууд өгөх гэтэл тэрээр “та манай жолоочид аваачаад өгчих” гэж хэлэхээр нь ...хойгуур нь тойроод алхтал миний зүүн талын чамархайд хатуу ямаар цохих шиг болсон. Би тэр үедээ шууд газар сөхрөөд суусан. Тэгтэл тэр залуу “хүүе яана аа, цус гарч байна” гээд цэцэрлэг рүү намайг аваад орсон. Манай эрхлэгч гэмтэл рүү намайг авч явсан. ...Гэмтлийн эмнэлэгт томографт харсан чинь толгойн зүүн талын гавал яс хугарсан байна гэж байсан. ...Тэр залуу санаандгүй л цохисон байх гэж бодож байна. ...би эмнэлэгт хэвтсэн гэж 65.000 төгрөг төлсөн. Мөн эм тариа аваад ойролцоогоор 280.000 төгрөг болсон...би анх гэмтэлд очоод түүнээс хойш 280.000 төгрөгийн эм тариаг өөртөө зарцуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-11, 12),

2. Гэрч М.Б............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр...Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сейнт поул” гэх нэртэй цэцэрлэгийн хогыг ачих гээд машинтай нь хашаа руу нь орж зогссон... тэр үед толгойндоо цохиулдаг эгч хүрч ирэхээр нь П.Г............л аж ахуйн нэгж бөглөдөг цаас өгч явуулсан. Би тэр үед хогийн цэг дээрх хогыг хүрздээд машины тээш рүү шидэж байсан. Харин П.Г............л ах миний хажууд байсан овоолгоотой шороог хүрздэж машины хойд тал руу шидэж байсан. Тэгтэл нөгөө эгч бөглүүлчихлээ гэж хэлээд хүрээд ирсэн. Би тэгэхээр нь “та манай жолоочид аваачаад өгчих” гэж хэлтэл тэр эгч П.Г............лийн яг хойд талаар алхсан. Яг энэ үед П.Г............л овоолгоотой шороо хүрздээд машины тээш рүү шидээд хүрзээ буулгатал тэр эгч хүрзэнд толгойгоо цохиулаад доошоо суусан. Тэгээд бид нар цэцэрлэг рүү авч орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),

3. Гэрч А.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би П.Г............л болон М.Б............р нарын хамт 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаа хийж байсан юм. ...М.Б............р хогийн цэгийн хогыг ачаад харин хажуу талд нь П.Г............л тухайн овоолсон шороог ачиж байсан. Би тухайн үед машинаасаа огт буугаагүй, ер нь буугаад байдаггүй юм. Удалгүй тэр эгч гараад ирчихсэн машины баруун талын толинд М.Б............ртай юм яриад зогсож байсан. Тэгтэл удалгүй 2-3 минут болоогүй нөгөө эгч машины толинд газар суучихсан харин П.Г............л түшээд тэр эгчийн толгойг нь дараад босгоод цэцэрлэг рүү орж байгаа  харагдсан. ...Намайг ороход тэр эгчийн толгой нь хагарчихсан цус гарч байсан. Би П.Г............лөөс юу болсон талаар асуутал хог шидэж байтал эгч хүрзэнд цохиулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),

4. Гэрч Ц.Ганганхэрлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өдөр 15 цагийн орчим манай нөхөр П.Г............л над руу залгаад...би хүний толгойг хүрзээр цохичихлоо гэж хэлсэн...тэгээд бид нар гэмтэл рүү хойноос нь очсон. Эмчид ороод үзүүлтэл тархины зураг авхуулна гэж зураг авхуулаад 3 оёдол тавиулчхаад рентген дээр үзүүлэхэд тархинд нөлөөлөөгүй байна, ноцтой зүйл байхгүй. Та нар томографийн шинжилгээ өг гэж хэлэхээр нь зураг авхуулах 130.000 төгрөгийг нь би гаргаад шинжилгээ өгсөн. Мөн 50.000 орчим төгрөгөөр эм авч өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12787 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн чамархайн хуйханд 2 см мэс заслын 1 ширхэг оёдол бүхий шархтай, орчны эдэд тэмтрэхэд өвчин эмзэглэлтэй. Зүүн нүдний доод зовхинд бүдэг хүрэн шаргал өнгийн цус хуралттай.

2020.10.30-ны “Мед Траума” эмнэлгийн толгойн КТГ-ийн шинжилгээнд: Зүүн талын чамархай ясанд шугаман хугаралтай, зөөлөн эдэд хавантай, жижиг хэмжээтэй хийнүүдтэй. ...Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. ...Хамар яс хуучин хугаралтай. Хамрын таславч урд хэсгээр баруун тийш мурийсан. ...хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн.

Амбулаториор эмчлүүлэгсдийн картаас: 2020.09.04-ний гэмтлийн эмчийн үзлэгт: Ажил дээрээ хог ачуулж байгаад хүрзэнд цохиулж толгойгоо гэмтээсэн. ГССҮТ-д 6 хоног хэвтэн эмчлүүлсэн. Онош: Зүүн чамархайн ясны далд хугарал

Эмнэлгийн өвчтөн илгээх хуудаст: 2020.10.30-ны өдрөөс 2020.11.04-ний өдөр хүртэл 5 хоног хэвтэж, эмчийн эмчилгээ хийлгэв. Үндсэн онош: Тархины няцрал, зүүн чамархайн ясны далд хугарал, тархины эд дэх хий хуралт...ДҮГНЭЛТ

1. Т.Э............лын биед зүүн чамархай ясны шугаман хугарал, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шинэ гэмтэл байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23),

 

6. Шүүгдэгч П.Г............лийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо “........................................” цэцэрлэгийн хогийг ачихаар болоод хашаан дотор нь орж зогссон. Тэр үед үйлчлэгч гээд Т.Э............л гэдэг хүн гарч ирээд хашааны хаалга онгойлгож өгсөн. ...би шороо модны хогийг машиныхаа хойд талд араас нь хүрздээд ачаад зогсож байтал тэр эгч удалгүй “хөөе энэ цаасаа яах вэ” гэж асуухаар нь манай нөгөө ачигч “бид хоёр наад хуудсыг чинь авахгүй ээ жолоочид өг” гэж хэлтэл “жолооч чинь хаана нь сууж байгаа вэ” гэж асууж байсан, би малгайтай цамц өмсчихсөн буруу хараад хүрздэж байсан болохоор хүрзэндээ шороо аваад хойшоо эргэж хараад машины хойд тал руу шидтэл тэр эгч яг миний ар талаар гарч таараад толгойндоо хүрзээр цохиулсан. Тэгээд тэр доор нь зүүн талын чамархай хэсгээс нь цус гарахаар нь цэцэрлэг дотор орж цэвэрлэсэн. ...тэр үед эмчид үзүүлээд толгойн хэсэгт нь 3 удаа оёдол тавьсан...би Т.Э............лын нэхэмжилсэн мөнгө гэх 280.000 төгрөгийг түүний данс руу шилжүүлж хохирлоо барагдуулсан. Мөн анх эмнэлэгт очиход...54.000 төгрөгийн эм, толгойн томографын зураг авхуулахад 130.000 төгрөгийг зарцуулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 50, 54), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42), Сонгинохайрхан дүүргийн Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ тодорхойлолт (хавтаст хэргийн 51), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 53), гэрлэлтийн бүртгэлийн тухай (хавтаст хэргийн 52), ам бүлийн тодорхойлолт (хавтаст хэргийн 86), хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 87-89), зээлийн гэрээний хуулбарууд (хавтаст хэргийн 90, 94, 99, ), “ХААН” банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 102), хохирол хор уршиг төлсөн баримт, хохирогчийн хүсэлт (хавтаст хэргийн 100) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Г............лд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч П.Г............л нь Сонгинохайрхан дүүргийн тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ газрын хог тээврийн ачигчаар ажиллаж байхдаа 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн орчим, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, .......................................... тоотод үйл ажиллагаа явуулдаг “Баянхошуу ..........................” цэцэрлэгийн хашаан дотор, “.........................” маркийн өөрөө буулгагч ............................. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хог хүрздэн ачих явцдаа ардуураа гарч явсан тус цэцэрлэгийн тогооч Т.Э............лыг анзааралгүй хүрзээр толгой тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн чамархай ясны шугаман хугарал, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь:

- Хохирогч Т.Э............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ...“Сейнт поул” цэцэрлэгийн хашаанд 13-14 цагийн үед хогны машин ирсэн. ...хог ачдаг залуу бууж ирээд “та энэ дээр гарын үсэг зурчих” гээд надад бичиг өгсөн. Тэгэхээр нь би цэцэрлэг рүү орж гарын үсгээ зурчхаад ...хог ачиж байсан залууд өгөх гэтэл тэрээр “та манай жолоочид аваачаад өгчих” гэж хэлэхээр нь ...хойгуур нь тойроод алхтал миний зүүн талын чамархайд хатуу ямаар цохих шиг болсон. Би тэр үедээ шууд газар сөхрөөд суусан. Тэгтэл тэр залуу “хүүе яана аа, цус гарч байна” гээд цэцэрлэг рүү намайг аваад орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-11, 12),

- Гэрч М.Б............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөгөө эгч бөглүүлчихлээ гэж хэлээд хүрээд ирсэн. Би тэгэхээр нь “та манай жолоочид аваачаад өгчих” гэж хэлтэл тэр эгч П.Г............лийн яг хойд талаар алхсан. Яг энэ үед П.Г............л овоолгоотой шороо хүрздээд машины тээш рүү шидээд хүрзээ буулгатал тэр эгч хүрзэнд толгойгоо цохиулаад доошоо суусан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),

- Гэрч А.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр эгч гараад ирчихсэн машины баруун талын толинд М.Б............ртай юм яриад зогсож байсан. Тэгтэл удалгүй 2-3 минут болоогүй нөгөө эгч машины толинд харахад газар суучихсан харин П.Г............л түшээд тэр эгчийн толгойг нь дараад босгоод цэцэрлэг рүү орж байгаа  харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),

- Гэрч Ц.Ганганхэрлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр П.Г............л над руу залгаад...би хүний толгойг хүрзээр цохичихлоо гэж хэлсэн...тэгээд бид нар гэмтэл рүү хойноос нь очсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12787 дугаар дүгнэлт “...1. Т.Э............лын биед зүүн чамархай ясны шугаман хугарал, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... 6. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23),

- Шүүгдэгч П.Г............лийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би шороо модны хогийг машиныхаа хойд талд араас нь хүрздээд ачаад зогсож байтал тэр эгч удалгүй “хөөе энэ цаасаа яах вэ” гэж асуухаар нь манай нөгөө ачигч “бид хоёр наад хуудсыг чинь авахгүй ээ жолоочид өг” гэж хэлтэл “жолооч чинь хаана нь сууж байгаа вэ” гэж асууж байсан, би малгайтай цамц өмсчихсөн буруу хараад хүрздэж байсан болохоор хүрзэндээ шороо аваад хойшоо эргэж хараад машины хойд тал руу шидтэл тэр эгч яг миний ар талаар гарч таараад толгойндоо хүрзээр цохиулсан. Тэгээд тэр доор нь зүүн талын чамархай хэсгээс нь цус гарахаар нь цэцэрлэг дотор орж цэвэрлэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч П.Г............л нь хууль зүйн хувьд болгоомжгүйгээр хохирогч Т.Э............лын эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Г............л нь хүрзээр хог ачих үедээ бусдад хохирол, хор уршиг учруулж болзошгүйг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Т.Э............лд хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч П.Г............лийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Э............л нь эмчилгээний зардалд 464.000 төгрөгийн баримт гаргаж өгснийг шүүгдэгч нь төлж барагдуулсан. Түүнчлэн тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч П.Г............лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч П.Г............л нь гэрээсээ ганцаараа ажил хийн ам бүлээ тэжээдэг, өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгслийн болон хэрэглээний зээл төлдөг, хувийн байдлын хувьд анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хасах ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Г............л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид... учруулсан хохирлыг төлсөн.” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч П.Г............лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нь Сонгинохайрхан дүүргийн тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ газрын хог тээврийн ачигчаар ажиллах эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Гэсэн хэдий ч Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний..., үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь “...хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн... бол ялаас чөлөөлж...;” болно гэж тус тус хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч П.Г............лийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдал болон хувийн байдлын хувьд 0-4 насны 4 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад хүнд хохирол, хор уршиг учруулсан, хохирогч нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан дээрх ялаас мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу чөлөөлж шийдвэрлэх нь эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн 2008 0323 00173 дугаартай дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х............нт овогт П............жийн Г............лийг бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г............лийн хог тээврийн ачигчаар ажиллах эрхийг 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Г............лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ