| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 182/2017/01214/И |
| Дугаар | 1451 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 1451
Ж.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/01199 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ж.Эрдэнэцэцэг
Хариуцагч: Н.Оролзодмаа холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 2 307 908 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Оролзодмаатай Баянзүрх дүүргийн 8 хороо Улаанхуаран С.Данзангийн гудамж 3 байрны 6, 7 тоот хаягт байршилтай 66,5 м.кв байрыг Цэцэрлэгийн зориулалтаар 2016 оны 9 сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл 8 сарын хугацаатай, сарын 1 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Н.Оролзодмаа нь түрээсийн мөнгө өгөхгүй, хэрүүл маргаан үүсгэдэг байсан. 2016 оны 2 сараас ажиллахгүй гээд 3 сарын 10-ны өдөр нүүгээд явчихсан. 2016 оны 12 сарын 23-ны өдөр нөхөн түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд бүртгэлийн газарт бүртгүүлээгүй нь үнэн. 2017 оны 1, 2 сарын түрээсийн төлбөрт 2 000 000 төгрөг, цахилгаан хэрэглэсэн 1, 2 сарын төлбөр 143 153 төгрөг, байрны 1, 2 сарын төлбөр 134 755 төгрөг, Сансар кабелийн 3 сарын төлбөрт 33 000 төгрөг нийт 2 307 908 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Оролзодмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Ж.Эрдэнэцэцэгийн байрыг цэцэрлэгийн зориулалтаар ажиллуулаад сард 1 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Ж.Эрдэнэцэцэг нь түрээсийн мөнгөө байнга нэхэж, эцэг, эхчүүдийг хүүхдээ өгөх, авах үед хэрүүл маргаан үүсгэж, энэ миний байр маргааш ажиллахгүй гэх мэтээр орилж чарлан хүүхэд ирэхээ больж түрээсийн байрыг ашиглах боломж олгоогүй. Би байрыг ашиглах хугацаанд 4 700 000 төгрөгийг дансаар, 300 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Одоо төлөх өр төлбөр байхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дах хэсэгт заасныг баримтлан 2016 оны 12 сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Н.Оролзодмаагаас 277 941 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 029 967 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 876 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Оролзодмаагаас 8 998 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэгт олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь хэрэгт уг түрээсийн гэрээг батлах нотлох баримт хангалттай байхад миний өгсөн нотлох баримтыг үнэлэхгүй байсан бөгөөд зөвхөн түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүх хариуцагчийн гаргасан Ж.Эрдэнэцэг нь гэрээнд заасан ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй, эцэг эхчүүдэд ажлахгүй энэ миний байр гэх мэтээр байнга хэрүүл маргаан үүсгэж, хүүхэд ирэхээ больсон учир 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс үйл ажиллагаа явуулаагүй гэрээ цуцалсан гэх тайлбарыг үгүйсгэж чадаагүй гэсэн дүгнэлт гаргажээ. Миний бие энэ талаар үгүйсгэсэн тайлбараа хэлсэн бөгөөд энэ талаар гэрч нараас асууж тодруулж болно гэж хүртэл хэлж байсан. Мөн энэ талаар хавтаст хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй байхад шүүх ингэж хэт нэг талыг барьж шийдэж байгаад гомдолтой байна. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлд заасны дагуу нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заажээ. Үүний дагуу хариуцагч нь үүргээ хүлээн зөвшөөрч бичгээр мэдэгдсэн байдаг. Гэтэл шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөлт оруулах боломжтой байна.
Нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэг нь хариуцагч Н.Оролзодмаад холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 2 307 908 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээг хуулийн дагуу байгуулаагүй, түрээсийн байрыг ашиглах боломж олгоогүй гэж маргажээ.
Талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ж.Эрдэнэцэцэг, Ө.Энхтайван нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 13302, С.Данзангийн гудамж, 3 дугаар байр, 6 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг цэцэрлэгийн зориулалтаар 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 8 сарын хугацаатай ашиглуулах, түрээслэгч Н.Оролзодмаа нь сар бүр 1 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон гэрээг бичгээр байгуулсан хэдий ч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй тул уг гэрээ нь мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Гэвч шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй нь буруу болжээ.
Хариуцагч Н.Оролзодмаагийн “...2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс үйл ажиллагаа явуулаагүй түрээсийн гэрээг цуцалсан” гэх тайлбараас дээрх түрээсийн зүйлийг 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хариуцагч ашигласан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар энэ хуулийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Хариуцагч Н.Оролзодмаа үл хөдлөх эд хөрөнгийг тодорхой хугацаагаар эзэмшиж, ашиглаж байсан тул түрээсийн байрыг буцаан өгөхөөс гадна түүнийг эзэмшиж ашигласнаар үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй учир хариуцагчаас 2017 оны 1, 2 дугаар сард бусдын үл хөдлөх эд хөрөнгийг ашигласны үнэд 2 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Түүнчлэн түрээсийн зүйлийг ашиглаж байх хугацааны цахилгааны төлбөр 143 153 төгрөг, байрны төлбөр 134 755 төгрөг, кабелийн 3 сарын төлбөр 33 000 төгрөгийг хариуцагчийн өмнөөс нэхэмжлэгч төлсөн байх тул уг төлбөрийг байр ашигласны төлбөрийн хамт 2 310 908 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2 307 908 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/01199 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “277 941” гэснийг “2 307 908” гэж, “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 029 967 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “олгосугай” гэж, 2 дах заалтын “8 998” гэснийг “51 876” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Ж.Эрдэнэцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ш.ОЮУНХАНД