Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 182/2018/01787/И |
Дугаар | 001/ХТ2019/00683 |
Огноо | 2019-05-14 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2019/00683
Ч.О-ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/02052 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 99 дугаар магадлалтай,
Ч.О-ы нэхэмжлэлтэй
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх тухай 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоол нь хууль зөрчсөн болохыг тогтоож, учирсан хохиролд 97.410.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ч.О-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00347 дугаар захирамжаар Мөнх Оюу Сувд Транс ХХК нь 280.778.975 төгрөгийг Э М ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Ч.О-, Д.Мөнхбат нар нь тус компанийн 50, 50 хувийн хувьцаа эзэмшигчид бөгөөд компани өөрийн хөрөнгөөрөө 77.000.000 төгрөгийн төлбөр төлөлтийг хийж, өнөөдрийн байдлаар 203.968.975 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар тайлбар хийсэн байх бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон төлбөр авагч талд илэрхийлж 4 ширхэг 200.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий машин механизм санал болгосон. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ч.О-, Д.Мөнхбат нарын арилжааны банкин дахь бүх харилцах данснуудыг 203.968.975 төгрөгийн хэмжээнд битүүмжилж хаасан. Хууль зөрчсөн үйл ажиллагаанд нь гаргасан гомдол хянан шийдвэрлэгдэж дуусаагүй байхад 2018 оны 4 дүгээр сары 16-ны өдөр Ч.О-ы Хаан банкин дахь харилцах данснаас 97.410.000 төгрөгийн татан авалтыг хууль бусаар хийж их хэмжээний хохирлыг учруулсан. Шийдвэр гүйцэтгэгч нь өөрийн хууль зөрчсөн үйл ажиллагаагаа тайлбарлахдаа данснаас татан авалт хийхгүй, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө компанийн хөрөнгөтэй холилдсон эсэхийг тогтоохын тулд түр дансанд барилт хийсэн гэж тайлбарласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэргийн материал нь татагдсан, ямар ч материалгүй байхад ямар ажиллагаа хийж, хуульд заасны дагуу хөрөнгийг холилдсон эсэхийг яаж тогтоож, данснаас хасалт хийсэн нь ойлгомжгүй байгаа болно. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөр төлөгчийн банкин дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх тухай 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоол хууль зөрчсөн болохыг тогтоож, Ч.О-д учруулсан хохирол болох 97.410.000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00347 дугаар захирамжаар Мөнх Оюу Сувд Транс ХХК-аас 280.778.975 төгрөгийг гаргуулан Э М ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Мөнх Оюу Сувд Транс ХХК-ийн өмчлөл болон эзэмшилд хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө тогтоогдоогүй тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дах хэсэгт заасны дагуу Д.Мөнхбат 50 хувь буюу 140.389.487 төгрөг, Ч.О- 50 хувь буюу 140.389.487 төгрөгийн хэмжээгээр тус тус өөрийн хөрөнгөөр хариуцахаар байх тул төлбөрийн үлдэгдэл 203.968.975 төгрөгийг төлж барагдуулахыг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 4/5026 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Мөн өдөр Д.Мөнхбат, Ч.О- нарт Мөнх Оюу Сувд Транс ХХК-ийн 2018 оноос хойшхи татварын тайлан, санхүүгийн тайлан, дансны хуулга, нягтлан бодох бүртгэлийн баримтыг тус тус ирүүлэхийг мэдэгдсэн боловч холбогдох баримтуудыг ирүүлээгүй. Иймд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 17290698/178 дугаар банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүргүүлж төлбөр гаргуулсан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Эрдэнэтөгсийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дэх хэсэгт энэ хуулийн 27.1, 27.2-т зааснаас бусад үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлбөр төлөгчийн хувьцаа эзэмшигчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн компанид оруулсан хөрөнгө нь хувийн эд хөрөнгөөс тодорхой зааглагдсан эсэхийг шалгах шаардлагатай байгаа тул тодорхой баримтуудыг ирүүлэхийг хугацаа тогтоон мэдэгдсэн. Гэтэл иргэн Ч.О-, Д.Мөнхбат нараас шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан хариуг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тэднийг компанийн эд хөрөнгөөс хувийн эд хөрөнгөө зааглаагүй гэж үзэж данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоосон юм. Хэрэв эдгээр иргэд төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс хувийн эд хөрөнгөө заагласан байсан бол эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагаас татгалзах шаардлага байхгүй, бүх бичиг баримтаа гаргаж өгөөд шалгуулах боломжтой байсан. Хариуцагч нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдэлдээ тогтоосон хугацаанд баримт бичгийг ирүүлээгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөнд халдах болохыг маш ойлгомжтой тайлбарласан. Хариуцагчийн хийсэн ажиллагаанууд нь хуулийн хүрээнд хийгдсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/02052 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 17290698/178 дугаар төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 97.410.000 төгрөгийг гаргуулан Ч.О-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Ч.О-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 715.200 /70,200+645,000/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 715.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.О-д олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 99 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/02052 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 гэснийг ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа гуравдагч этгээд Э М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 715.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхээс магадлалдаа “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч Д.Мөнхбат, Ч.О- нарт 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 4/5026 дугаар тоот албан бичгээр төлбөр төлөх талаар мэдэгдэхдээ “Мөнх Оюу Сувд Транс” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд төлбөрийн үнийн дүнд хүрэлцэх эд хөрөнгө тогтоогдоогүй байна” гэсэн агуулгатай бичгийг хүргүүлсэн боловч шийдвэр гүйцэтгэх ямар ажиллагаа явуулсан болохоо тайлбарлаагүй, уг ажиллагаа нь хэргийн баримтаар нотлогдоогүй байна” гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Миний бие давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.4, 44.2.5 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь хэргийн 90 дүгээр хуудсанд байгаа 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдэлд “хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой заагдлагдсан эсэхийг тогтоох шаардлагатай байна" гээд шаардлагатай баримтуудыг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ирүүлэхийг шаардсан. Гэтэл нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.4, 44.2.5 дахь заалтуудыг зөрчиж мэдэгдэлд заасан хугацаанд шаардлагатай баримтуудыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурьдсан дөрвөн автомашин нь төлбөр төлөгч “Мөнх Оюу Сувд Транс” ХХК-ийн өмч болох тухай мөн төлбөр төлөгч нь төлбөрийн үнийн дүнд хүрэлцэхүйц эд хөрөнгөтэй болохоо нотлох баримтыг шүүхэд огт гаргаж өгөөгүй юм. Эндээс төлбөр төлөгч нь төлбөрийн үнийн дүнд хүрэлцэх эд хөрөнгөгүй болох нь нотлогдоно. Гэтэл шүүхүүд нэхэмжлэгчийн энэ үүргийг хариуцагчийн үүрэг мэтээр тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа “төрийн албан хаагчийн хууль бус үйлдлийн улмаас өөрт учирсан хохирол буюу Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар" тодорхойлсон. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу уг хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх байсныг анхан шатны шүүх зөрчиж шүүгч дангаар хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж чадсангүй. Анхан шатны шүүх хуулиар тоггоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, давж заалдах шатны шүүх уг зөрчлийг хянаж чадаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь заасныг үндэслэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.4, 44.2.5 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Учир нь хэргийн 90 дүгээр хуудсанд байгаа 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдэлд “хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой заагдлагдсан эсэхийг тогтоох шаардлагатай байна" гээд шаардлагатай баримтуудыг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ирүүлэхийг шаардсан. Гэтэл нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.4, 44.2.5 дахь заалтуудыг зөрчиж мэдэгдэлд заасан хугацаанд шаардлагатай баримтуудыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлээгүй. Энэ тухай давж заалдах гомдолд маш тодорхой дурьдсан боловч нэхэмжлэгчийн энэхүү хууль бус үйлдэлд аливаа үнэлэлт дүгнэлт өгөлгүй, тодорхой бус байдалтайгаар орхисон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурьдсан дөрвөн автомашин нь төлбөр төлөгч “Мөнх Оюу Сувд Транс” ХХК-ийн өмч болох тухай мөн төлбөр төлөгч нь төлбөрийн үнийн дүнд хүрэлцэхүйц эд хөрөнгөтэй болохоо нотлох баримтыг шүүхэд огт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “төрийн албан хаагчийн хууль бус үйлдлийн улмаас өөрт учирсан хохирол буюу Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар” тодорхойлсон. Энэ тохиолдолд хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх байсныг анхан шатны шүүх зөрчиж шүүгч дангаар хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж чадсангүй. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, давж заалдах шатны шүүх уг зөрчлийг хянаж чадаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь заалтыг үндэслэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Ч.О-, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх тухай 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол нь хууль зөрчсөн болохыг тогтоож, учирсан хохиролд 97.410.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Э М ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдоогүй байна.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч шүүхүүд нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Мөнх Оюу Сувд Транс ХХК-с 280.778.975 төгрөг гаргуулж Э М ХХК-д олгох Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00347 дугаар шийдвэрийг гүйцэтгэхдээ тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ч.О-ы ХААН банк дахь дансныг битүүмжлэн, улмаар 97.410.000 төгрөгийг татан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Компанийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
1.а.Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээдэг.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуулийн этгээдээс төлбөр гаргуулах хуульд заасан бүхий л ажиллагааг хийж, төлбөр төлөгч Мөнх Оюу Сувд Транс ХХК нь гүйцэтгэх бичиг баримтад заасан төлбөрийг төлөх эд хөрөнгөгүй болохыг тогтоосон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Хэргийн 51-р талд авагдсан Сонгинохайрхан дүүргийн газрын албаны “...албаны мэдээллийн санд 2017.09.14-ний өдрийн байдлаар нэр бүхий 5 аж ахуйн нэгжийн нэр дээр нэгж талбар бүртгэлгүй” гэсэн тодорхойлолт Мөнх Оюу Сувд Транс ХХК-д хамааралтай нь тогтоогдоогүй, үүнээс өөр тус компани хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөгүйг шийдвэр гүйцэтгэх байгууллага тогтоосныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Харин Мөнх Оюу Сувд Транс ХХК нь 2018.04.16-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, төлбөртөө компанийн өмч болох 1 бүр нь 50.000.000 төгрөгийн үнэ бүхий өөрөө буулгагч 4-г өгөх санал гаргасан байх бөгөөд энэ саналыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байна.
б.Төлбөр төлөгч хуулийн этгээдийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй нь тогтоогдсон тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заажээ.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь зохицуулалтаар хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ.
Харин хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцаж болно.
Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл төлбөр төлөгч Мөнх Оюу Сувд Транс ХХК нь төлбөр төлөх эд хөрөнгөгүй гэсэн урьдач нөхцөл тогтоогдоогүй, түүнчлэн хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шийдвэр гүйцэтгэгчээс хувьцаа эзэмшигч нарт хандаж Мөнх Оюу Сувд Транс ХХК-ийн татварын, санхүүгийн тайлан, арилжааны банкууд дахь дансны хуулга, нягтлан бодох бүртгэлийн баримтыг 2018.03.27-ны өдрийн дотор ирүүлэхийг 2018.03.20-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тогтоосон хугацаанд нь бичиг баримт өгөөгүй үндэслэлээр Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасныг хууль зүйн үндэслэл болгож, компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ч.О-ы эд хөрөнгө компанийн эд хөрөнгөөс зааглагдаагүй гэж төлбөрийг төлүүлэхээр түүний хувийн дансыг битүүмжлэн улмаар 97.410.000 төгрөгийг татан авсан нь үндэслэлгүй байна.
2.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа шийдвэр гүйцэтгэгчийн хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх тухай 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолыг “...04 дүгээр сарын 30-ны өдрийн” гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг шийдвэр гүйцэтгэгчийн хэрэгжүүлэх арга хэмжээнд хамаарах үйл ажиллагааг тодорхойлсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллыг журамласан мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг баримталсан нь оновчтой болоогүй, хохирол гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй байна.
Ч.О-ы дансаас 97.410.000 төгрөгийг татан авч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд байршуулсныг зохигч маргаагүй тул хариуцагч нь хууль бус үйлдлээр бусдад хохирол учруулсан гэж үзэж, тухайн мөнгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зөв юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 99 дугаар магадлалын 1 дэх заалтад “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухайн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 715.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ