Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 629

 

 

 

 

 

 

 

 

 

 

      В.Гт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Сарантуяа,

Шүүгдэгч В.Г, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, Б.Лхагвацэрэн,  

Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 647 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.Г, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, Б.Лхагвацэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар В.Гт холбогдох эрүүгийн 1706033810079 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овгийн Волоожийн В.Г, 1971 оны  дүгээр сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн угаар хороо, дугаар байрны тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:6/,   

             В.Г нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 3073/б дугаартай иргэн Соын 271,518,000 төгрөгийг гаргуулахаар шийдсэн шүүхийн шийдвэр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №8826 дугаартай иргэн ЁПд 140,857,950 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн, дүр үзүүлсэн гэрээ байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: В.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: В.Гийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Гийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар В.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, В.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл В.Гт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч В.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 100-гаад ажилчидтай сангийн аж ахуйг удирдан ажиллаж мөн тэдгээрийн ар гэр, үр хүүхэд гээд 300-гаад ам бүлийг тэжээж улсад төлбөр болон төлөх татвар, даатгалыг төлж, хэдийгээр компани өр зээл ихтэй байгаа ч гэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулж зогсохдоо зогсож, ажиллахдаа ажилласаар өрнөөс өрний хооронд үйл ажиллагаагаа жигдэрүүлэхийн төлөө явж байна. Гэр бүлийн тухайд гэвэл 5-12 насанд хүрээгүй 3 хүүхэдтэй эхнэр маань жирэмсэн удахгүй 2018 оны 7 дугаар сард төрөх дөхөж байгаа. Би эхнэртэйгээ хамтран амьдрах хугацаандаа 3 өрөө болон 2 өрөө хоёр орон сууц, үйлчилгээний объект, 4 машины граж, “Лексус-570” загварын автомашин зэрэг бүгд 1.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгө цуглуулсан. Гэтэл иргэн Сод төлөх төлбөр нь бүгд 271,518,000 байгаа бөгөөд зөвхөн Сод бүхэл бүтэн 1 айл өрхийн 5 хүнийг орон байргүй, телевизор, хөргөгч гэх мэт өмч хөрөнгөгүй болгож гудманд ядуусын эгнээнд оруулсан, эхнэр хүүхдэд нь эрхээ хамгаалах хууль эрх зүйн орчин байхгүй, эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан асуудлыг нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн гэж үзэж байгаа нь шударга ёс уу, эрхээ хамгаалах нь шийдвэр гүйцэтгэх албанд саад болж байгаа үйлдэл үү. ...Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна гэж гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болох орон сууцанд хууль бусаар нэвтэрч орж ирсэн. Би тухайн үед гэр бүлийн гишүүдийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй байсан ба дээрх эд хөрөнгүүдийг компанийн үйл ажиллагааг явуулах зорилгоор банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьсан байсан учраас боломжгүй байсан. Гэр бүлийн гишүүн Баасанжаргал, үр хүүхдүүд гомдол гаргаж эрхээ хамгаалж шүүхэд хандаж шүүхийн шийдвэр гарсан ч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэх хуудас бичигдсэн бөгөөд өнөөдөр болтол үйл ажиллагааг явуулахгүй байгаа. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 2-нд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга Энхтайван, шийдвэр гүйцэтгэгч Солонго нар нь албадан дуудлага худалдаа явуулж бүх хөрөнгийг Сод санал болгосон. Гэвч Со авахгүй гэсэн. Төлбөр авагч татгалзсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах байсан. Гэтэл 1 талыг барьж ажиллагааг үргэлжлүүлсэн байдаг. Би дээрх байдлаас дүгнэлт хийж үзэхэд ашиг сонирхлын зөрчилтэй байна гэдэг нь тодорхой байна.

...ЁП бид их сургуульд нэг ангид сурч байсан ба 2012 оны өвөл над руу утсаар ярьж ажил явуулах шаардлагатай байна, мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Ингээд Содномпил /Соын эцэг/ гуайтай яриад мөнгө зээлэхээр болсон. Ингээд баталгаа хэрэгтэй гэж хэлсний дагуу “Арвис интернэшнл” компани Голомт банкны дансны гүйлгээг 3 хүний гарын үсгээр гардаг болгож баталгаа хийе, яамнаас энэ данс руу мөнгө орж ирнэ гэж хэлээд Сансар салбар дээр очиж нотариатаар батлуулж уг банкинд материалаа өгсөн. ЁП нь сүүлд Содномпил гуай бид хоёрт мэдэгдэлгүй Хүүхдийн 100-гийн Голомт банк руу шилжүүлээд замд нь бид хоёрын гарын үсэгтэй баримтыг устгаж зөвхөн 1 хүний гарын үсгээр гүйлгээ хийдэг болсныг сүүлд 1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн үед болно. ЁП нь ажил явуулна гэж Содномпил гуайгаас 190,000,000 төгрөг зээлж гэрээ хийсэн. ЁП нь удаа дараа Содномпил бид хоёроор Голомт банкны чекэн дээр гарын үсэг зуруулаад авч яваад мөнгө аваад ирлээ гэдэг байсан нь сүүлд цагдаагийн байгууллагад гомдол өгч шалгуулах үед мэдэгдсэн. Содномпил гуай бид хоёр 1 тэрбум төгрөгийн гүйлгээг ЁП хийснийг мэдээд очиж уулзахад явдаг газраараа яв гэж танихгүй хүн шиг загнасан. Хан-Уул дүүргийн цагдаад гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 гэдэг зүйл ангиар шалгагдаж байтал 2012 оны өвөл Содномпил гуай зуурдаар нас барсан бөгөөд үүний дараа ЁП нь Сод 190 сая төгрөг бэлнээр өгөөд Соаар гомдолгүй гэж бичүүлээд уг хэргийг хүчээр хаалгасан. Энэ талаар удаа дараа дүүргийн прокурор, нийслэл, улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргаад эцсийн хариу шийдээгүй байгаа билээ. ЁП нь надад 140 сая төгрөг өгөх мөнгөнөөс өгч байгаа учир авч бай гээд өгсөн. Гэтэл эрүүгийн хэрэг хаагдаагүй байхад иргэний хэрэг үүсгэж шүүхийн шийдвэр гаргуулж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас өгсөн. Би өөрөө хөрөнгө оруулалт хийсэн мөнгөө буцааж авъя гэж 300 сая төгрөг иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад зарим нь шийдэгдэх шатанд явж байгаа болно. ...ЁП нь Сод элдэв дээдийн мэдээлэл өгч, зааварчилгаа өгөн тийм хөрөнгөтэй, ийм машинтай гэж одоо ингэж гомдол бич, цагдаад өг гэх мэтээр явж байгаа хүн чанараа уландаа гишгэсэн хүн юм. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга Энхтайван, шийдвэр гүйцэтгэгч Солонго нарын талаар удаа дараа бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасан боловч шийдвэрлэгдээгүй харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг иргэний шүүхээс түдгэлзүүлсэн байхад над дээр ажиллагааг явуулж байгаа учир ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзнэ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга Энхтайван болон ЁП, Со нар хуйвалдан энэ эрүүгийн хэргийг хүчээр нээлгүүлсэн. Энэ бүхнээс эдгээр хүмүүсийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хийгээгүй учир надад оноосон ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Шийдвэр гүйцэтгэгч лавлагаа авч мэдүүлэг авах бүртээ хөрөнгөө худлаа мэдүүлбэл хариуцлага хүлээлгэнэ гэдгийг сануулж тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулах ёстой гэтэл тийм тэмдэглэл үйлдээгүй. ...лавлагаа авсан байсан хөрөнгө автомашины битүүмжилсэн, хураасан, албадан дуудлага худалдаа явуулсан, борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авах санал болгох хурлаар өмчийг 44.2.16, 73-т тус тус зааснаар шилжүүлэх гэтэл 2017 оны 8 дугаар сарын 2-нд авахгүй гэж хэлсэн. Со 2018 онд авна гэж хэлсэн учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эрх хэмжээнийхээ хүрээнд бүртгэлийн газарт өмчлөгчөөр Соыг тогтоох тухай албан тоот явуулсан. Иймээс нуун дарагдуулсан зүйл байхгүй, тодорхой харагдаж байгаа. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 66-49 тоотод оршин суугаа газраа хаана болгож өөрчилсөн ямар нэгэн баримт байхгүй өнөөдөр болтол 66-49 тоот дээрээ амьдарсаар байгаа. Харин ажил эрхэлж хөдөө орон нутагт ажлаар явж байсан тухайн үед өөрийгөө төлөөлүүлж итгэмжилсэн төлөөлөгчид итгэмжлэл олгож тэр хүн маань шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож дуудсан цагт нь очдог байсан. Дээрх байдлаас дүгнэлт хийхэд гэмт хэргийн объектив шинж болон субъектив тал нь батлагдаагүй байгаа болно.

Хэрвээ гэмт хэрэг гэж үзэж байгаа бол уг гэмт хэрэг нь хэзээ хаана гарсан бэ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэн нь нотлогдоогүй болно. Мөн гэмт хэргийн харьяаллын асуудал нь тодорхой бус. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Чингэлтэй дүүрэгт, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сүхбаатар дүүрэгт багтана. Гэтэл яагаад Баянзүрх дүүрэгт шийдсэн нь тодорхой бус. Мөн гэмт хэргийг 2014 онд үйлдсэн гэж үзэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д зааснаар хэргийн бодит байдлыг тогтоогоогүй тул 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар эргэлзээтэй үйл баримт ч тогтоогдож байгаа тул хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Намайг буруутгаж байгааг минь үнэн зөвөөр шалгаж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч В.Гийн өмгөөлөгч Т.Урангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 647 дугаартай шийтгэх тогтоолыг В.Гийн хууль ёсны эрх ашгийг 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн түүний охин Г.Наранзулын хүсэлтээр хамгаалах болсон өмгөөлөгч би бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт В.Гт холбогдуулан 2014 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 3073/Б тоот мөн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8826 дугаартай шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй, төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ буруу мэдээлсэн, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн, дүр үзүүлсэн гэрээ байгуулсан гэх үндэслэлүүдээр яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1706033810079 дугаартай хэргийг анхан шатны шүүхээс хүлээн авч хянан хэлэлцээд В.Гийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд буюу шийдвэр биелүүлэхэд зориуд саад учруулах гэдэг нь шүүхийн шийдвэр биелүүлэх эрх бүхий эрх бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд төлбөр төлөгч илтэд саад, хориг, дарамт, шахалт учруулсан идэвхитэй үйлдэл хийсэн байхыг ойлгож байна. Тодруулбал: Шийдвэр гүйцэтгэгчийг эсэргүүцсэн, хүч хэрэглэсэн, төлбөр төлөгчийг нуух, оргон зайлахад тус дэм үзүүлэх явдал гэж хууль тогтоогч, эрдэмтэн судлаач нар тайлбарласан байдаг.

 

1. Анхан шатны шүүхээс В.Гийг шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэхэд саад болох зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ буруу мэдээлсэн гэм буруутайд тооцсон талаар:

...төлбөр төлөгч В.Г нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй байсан ямар хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг хэзээ, ямар шалтгаанаар дутуу, буруу мэдээлсэн талаарх үйл баримт хэргийг шалгах явцад бүрэн тогтоогдоогүй бөгөөд энэ талаар түүнийг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолд огт тусгаагүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчөөс хөрөнгийн талаарх мэдүүлэг, актыг бичүүлж авсан гэх өдрөөс өмнө буюу хөрөнгийн мэдүүлгээ буруу мэдээлсэн гэх цаг хугацаанаас нь өмнө түүний өмчлөлд байсан бүхий л эд хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр авсан байжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх гэмт хэрэг нь хэзээ гарсан гэдэг нь прокурорын яллах дүгнэлтэнд мөн В.Гийг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолд огт дурдагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д ...гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй байна.

Түүнчлэн харъяалал зөрчиж хэргийг шалгаж шийдвэрлэсэн асуудал хөндөгдөж байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар нь Чингэлтэй дүүрэгт оршдог, харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Сүхбаатар дүүрэгт харъяалагдах атал өргөдөл, гомдлыг шалгах харъяалал болон хэргийг шийдвэрлэвэл зохих шүүхийн харъяалал хуульд зааснаар тогтоогдоогүй байхад В.Гт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн байна.

В.Гийн үйлдлийг гэмт хэрэг гэж үзвэл уг гэмт хэрэг нь хэзээ, хаана гарсныг тогтоосон баримт хэрэгт байхгүйн улмаас В.Гийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн ямар хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлүүлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх, 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль эсхүл 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн алийг нь хэрэглэх нь ойлгомжгүй байжээ.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл мөрдөгдөж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д төлбөр төлөгч эд хөрөнгийн тухай мэдүүлгийг ямар тохиолдолд гаргаж болох талаар хуульчилсан байх ба энэ хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад шийдвэр гүйцэтгэгч 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлбөр төлөгчөөс хөрөнгө орлогын мэдүүлэг гаргуулсан үйлдэлд Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-нд эрүүгийн хэрэг үүсгэж шүүхээс төлбөр төлөгчийг эд хөрөнгийн мэдүүлгээ худлаа, буруу мэдээлсэн гэм буруутайд тооцож байгаа нь буруу гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлийн 258.1-д заасан шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх гэмт хэргийн объектив шинж нь “төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр битүүмжилсэн эд хөрөнгө, мөнгөн тэмдэгт, үнэт зүйлийг зөвшөөрөлгүй дур мэдэн зарах, арилжих, нуух, бэлэглэх, өрөнд өгөх зэргээр захиран зарцуулсан үйлдэл”, субъектив тал нь “гэм буруугийн шууд санаатай үйлдэл”. Эд хөрөнгө битүүмжлэх гэдэг нь “хохирлыг арилгах, төлбөрийг хангахын тулд төрийн албан тушаалтны шийдвэрээр бүртгэж лацадсаныг хэлдэг атал битүүмжилсэн хөрөнгийг нь захиран зарцуулсан, бусдад шилжүүлсэн, нуусан идэвхитэй үйлдэл”. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэдэг нь “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээсэн этгээд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийсэн байх”-ыг тус тус ойлгохоор байгаа.

Харин 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар хөрөнгийн тухай мэдүүлгийг төлбөр төлөгчөөс авахдаа төлөгч эд хөрөнгөө худлаа мэдүүлвэл ямар хариуцлага хүлээлгэхийг сануулж энэ тухай шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж төлбөр төлөгчөөр гарын үсэг зуруулахаар хуульчилсан атал шийдвэр гүйцэтгэгч нь ийм тэмдэглэл үйлдэж В.Гоор гарын үсэг зуруулсан материал хэрэгт авагдаагүй. Мөн энэ хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д зааснаар төлбөр төлөгч хөрөнгөө худлаа мэдүүлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгийн талаарх лавлагааг авч худлаа, буруу мэдээлсэн эд хөрөнгийг мөн хуулийн 57-д зааснаар эрэн сурвалжлах үүрэгтэй байх бөгөөд энэ заалтыг шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлээгүй байхад В.Гт үндэслэлгүйгээр ял халдаасан байна.

 

2. Анхан шатны шүүхээс В.Гийг эд хөрөнгөө нуун дарагдуулсан гэм буруутайд тооцсон талаар:

Төлбөр төлөгч В.Г нь 2014-2018 оны хооронд яг ямар эд хөрөнгүүдээ ямар арга, хэлбэрээр, хаана, хэзээ, ямар зорилгоор нуун дарагдуулсан гэдгийг нотолсон баримт хэрэгт огт байдаггүй бөгөөд гүйцэтгэх хуудас бичигдсэнээс хойш хэрэв эд хөрөнгөө нуусан бол шийдвэр гүйцэтгэгч энэ талаар мэдэх бүрэн боломжтой байсан.

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн болон түүний үүсгэн байгуулсан мөн хувьцаа эзэмшдэг хуулийн этгээдүүдийн эд хөрөнгийн талаарх лавлагааг удаа, дараа төрийн эрх бүхий байгууллагаас авч хориг тавьж байсан, тухайн лавлагаагаар тодорхой болсон эд хөрөнгөнүүдийг битүүмжилж заримыг нь хураасан, дараа нь үнэлүүлсэн, төлбөр авагчид албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөртөө тооцон авах саналын хурлаар В.Гийн өмчлөлд байсан хөрөнгөнүүдийг шинээр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.16, 73 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан Соын өмчлөлд шилжүүлэх саналыг төлбөр авагчид тавихад төлбөр авагч Со нь түүний битүүмжилж хураасан эд хөрөнгөнүүдийг 2017 оны 8 дугаар сарын 2-нд авахгүй гэсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдахаас гадна шуурхай байх зарчимтай хэдий ч хүний эрх, эрх чөлөө хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, хууль дээдлэх, энэрэнгүй, хүний эрхийг хуульд зааснаар хязгаарлах зарчимд үндэслэгдэх учиртай. Гэтэл гүйцэтгэх хуудас 2017 оны 8 сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31.1.2-т мөн 31.2-т зааснаар дуусгавар болж хаагдах байтал 2018 онд Соын төлбөрт тооцож авахгүй гэсэн В.Гийн эд хөрөнгөнүүдийг би 271 сая төгрөгийн төлбөрт тооцон авна гэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилсэн ба шийдвэр гүйцэтгэлийн алба өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт Соыг В.Гийн өмчлөгчөөр тогтоогдсон эд хөрөнгөнүүдийн өмчлөгчөөр бүртгүүлэх тухай албан тоотыг явуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан эсэхийг мөрдөгч өргөдлийг шалгахдаа огт ач холбогдол өгөөгүй, хэргийг хэтэрхий нэг талыг барьж яллах байр сууринаас хандан шалгасан байдаг. Гүйцэтгэх хуудсаас шийдвэр гүйцэтгэгч Солонго нь цагаатгах талын баримтуудыг эрүүгийн хэрэгт зориуд гаргаж өгөөгүй, энэ талаар ч мэдүүлэгтээ огт дурдаагүй байна. Тухайлбал:

Шийдвэр гүйцэтгэгч Солонгод нэг төлбөр төлөгчийн хоёр гүйцэтгэх хуудас байсан байх ба эдгээрийг нэгтгэх ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, түдгэлзүүлсэн гүйцэтгэх хуудсыг сэргээсэн тогтоол огт гараагүй байхад Цагдаагийн газарт харъяалал зөрчиж анх өргөдөл гаргасан байна.

В.Гт холбогдох хоёр ширхэг гүйцэтгэх хуудсыг нэгтгэсэн тогтоол шийдвэр гүйцэтгэгч Солонгод байсан бол төлбөр авагч Со, ЁП нарын гүйцэтгэх хуудастай холбоотой шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагаа шүүгчийн захирамжинд зааснаар түдгэлзэх учиртай атал түдгэлзүүлсэн гүйцэтгэх хуудас дээр өргөдөл гаргаж эрүүгийн гэмт этгээд болгохоор улайрч байгаад шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй байхад хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж В.Гийг ял халдаасан нь туйлын буруу болсон гэж үзэж байгаа тул В.Гийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон шийтгэх тогтоолыг хэргийг бүхэлд нь хянаж хүчингүй болгон В.Гийг хорих 461 дүгээр ангиас нэн даруй суллах шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч В.Гийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 647 дугаартай шийтгэх тогтоолыг ялтан В.Гийн өмгөөлөгч би дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: В.Г нь Со, ЁП нарт төлбөр төлөхтэй холбогдсон шүүхийн шийвэр гүйцэтгэлийн ажиллагаанд зориуд санаатай саад учруулсан үйлдэл байхгүй, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байхад анхан шатны шүүхээс түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ялыг оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэх дараах үндэслэл байна.

1. В.Гоос Отгонзулд төлөх төлбөртэй холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2014 оны 10 дугаар сарын 8-нд үүсжээ. В.Гоос хөрөнгийн мэдүүлгийг 2014 оны 10 дугаар сарын 21-нд гаргуулсан байх бөгөөд В.Г хөрөнгийн мэдүүлэгтээ өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй нь дараах хүндэтгэх шалтгаантай байжээ. Хөрөнгийн мэдүүлэг гаргах үед В.Гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүд нь 2013 оны 10 дугаар сарын 4-нд байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн, тухайн үед гэрээ дуусгавар болоогүй байсан болох нь хэрэгт авагдсан “Очир-Ундраа” банк бус санхүүгийн байгууллага зээлийн болон барьцааны гэрээ, тус банк бус санхүүгийн байгууллагын хуулийн зөвлөх Энхзулын В.Г нь 2014 оны 12 сард зээлийг бүхэлд нь хаасан гэсэн тайлбар /хх-89/, “Очир-Ундраа” банк бус санхүүгийн байгууллагын 2015 оны 2 дугаар сарын 4-ний барьцаа чөлөөлүүлэх тухай албан бичиг /хх-ийн 90 хуудас/ зэрэг баримтаар нотлогдож байгаа бөгөөд нэгэнт өөр хуулийн этгээдтэй байгуулсан зээлийн барьцаанд байсан учраас бусдын төлбөрт өгөхөөр мэдүүлэх боломжгүй байсан нь хүндэтгэх шалтгаантай гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн В.Гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг урьд нь Со, ЁП нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын хүсэлтээр шүүхийн шийдвэрийг хангах баталгаа болгож шүүхийн шийдвэр гарахаас өмнө урьдчилан түдгэлзүүлсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан, уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас, 2013 оны 10 дугаар сарын 20, 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдрүүдэд түдгэлзүүлж бүртгүүлсэн, энэ нь хүчинтэй чөлөөлөгдөөгүй хэвээр байхад нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 2/12361 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг нь дахин түдгэлзүүлсэн нь байсан болох нь хх-209-215 хуудсанд буй үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаанууд, 82 хуудас дахь Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр нотлогдсон байна. Энэ ажиллагаанууд нь бүгд хөрөнгийн мэдүүлэг гаргахаас өмнө гүйцэтгэгдсэн, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас тухайн үл хөдлөх хөрөнгүүдтэйг нь мэдээд түдгэлзүүлж, ажиллагаа хийчихсэн байгаа, хөрөнгийг нэмж мэдүүлээд байх шаардлага байхгүй байсан байна. Энэ бүхэн нь В.Гийг хөрөнгийн мэдүүлэгтээ хөрөнгөө гүйцэд оруулаагүй нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулах гэсэн санаа зорилго байгаагүй, хөрөнгөө санаатай нуугаагүй, хүндэтгэх шалтгаан нөхцөл байсан байна гэдгийг нотлож байна. Түүнчлэн түүний барьцаанд байгаа болон түдгэлзүүлсэн байгаа хөрөнгөө мэдүүлэгтээ бичээгүй үйлдлээс болж шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын үйл ажиллагаанд ямар нэг саад учраагүй, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас нэгэнт түдгэлзүүлсэн байсан хөрөнгийг битүүмжлэх, хураах, дуудлага худалдаанд оруулах, санал болгох болон бусад хуульд заасан ажиллагаагаа, шүүхийн шийдвэрээр түдгэлдүүлснээс бусад хугацаанд тасралтгүй хийж ирсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа юм.

В.Г нь оршин сууж буй хаягаа өөрчлөөгүй. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 66 байрны 49 тоотод байсан, одоо ч байгаа. Түүний компанийн ажиллуулдаг уурхай нь Булган аймгийн Бүрэгхангай суманд байдаг, үндсэн үйл ажиллагаа нь дулааны улиралд явагддаг учир шийдвэр гүйцэтгэгчээс хааяа дуудах үед нь уурхай руугаа ажлаар явж хөдөө түр ажиллаж байгаа цаг хугацаа таарсан болох нь дуудсан мэдэгдэл, эрэн сурвалжлах тогтоол зэргийн огнооноос харагддаг бөгөөд зориуд ийш тийшээ зугатаад байсан гэх үйлдэл байхгүй. Мөн тэрээр хөдөө ажлаар явдаг эзгүй байдаг учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлж оролцуулахаар Нарантуяа, Мөнхзул, Өлзийсайхан, Энхрийцэцэг нарт итгэмжлэл олгож итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцуулж байсан нь хууль зөрчөөгүй байхад заавал өөрөө биеэр оролцсонгүй, гэртээ байсангүй, хөдөө явлаа, төлбөр төлөхөөс зориуд санаатай зайлсхийж оргосон гэж үзэх үндэслэл байхгүй юм. Түүнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж эхэлснээс хойш өөрийн өмчөө бусдын өмчлөлд шилжүүлсэн, үрэгдүүлсэн, шийдвэр гүйцэтгэлээс битүүмжилсэн, хураасан хөрөнгийг үрэгдүүлсэн, захиран зарцуулсан үйлдэл байхгүй, нотлосон баримт ч хэрэгт байхгүй.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа удаа дараа анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар түдгэлзэгдэж байсан байх бөгөөд одоо ч түдгэлзүүлсэн байгаад В.Гийн буруутай үйлдлээс болоогүй, төлбөр төлөгч, төлбөр авагч, хамтран өмчлөгч нарын Үндсэн хууль, Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасан эрхийнхээ дагуу, өөрийн эрхээ зөрчигдсөн гэж үзэж, эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргасан нь, түүнийг шийдсэн шүүхийн шийдвэрийг шат шатны шүүхээр хянан хэлэлцэж, шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанаас болж өдий хүртэл удаж байгаа, түдгэлзүүлэх шийдвэрийг В.Г гаргаагүй, шүүгч хуульд заасан үндэслэлээр эрх хэмжээнийхээ хүрээнд шийдсэн нь В.Гийг төлбөрөө төлөхөөс санаатай зайлсхийж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүх В.Гийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Гэтэл хөрөнгө орлогын мэдүүлэг /хх-19-20/ буруу гаргаж, хөрөнгөө нуусан гээд байгаа үйлдэл нь 2014 оны 10 дугаар сарын 21-нд үйлдэгджээ. Энэ үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж буй бол түүнээс хойш хуульд заасан эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх бөгөөд мөн үүнээс хойш гарсан Өршөөлийн хуульд ч хамрагдсан байна.

Прокурор яллах дүгнэлтдээ болон шүүх шийтгэх тогтоолдоо В.Г энэ гэмт хэргийг хэзээ, хаана үйлдэгдсэнийг тодорхойлоогүй, яг хэзээний ямар үйлдлийг нь гэмт хэрэг гэж үзээд байгаа түүний үйлдлээс болж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд ямар саад, хор уршиг учирсан болохыг тодорхой заагаагүй байгаа нь шүүх нотлогдвол зохих байдал тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасныг зөрчсөн.

В.Г нь хөрөнгө орлогын мэдүүлгээ Сүхбаатар дүүрэг дэх нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгуулга дээр гаргаж өгчээ. Иймд үүнийг гэмт хэрэг гэж байгаа бол хэргийн үйлдэгдсэн газрын шүүх харъяалан шийдвэрлэх ёстой, хэрэгт хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн харъяалал тогтоолгосон баримт байхгүй байгаа нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналт, шүүн таслах ажиллгаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2, 2.3 дугаар зүйлүүдэд заасан хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал зөрчигдсөн байна гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээс үзэхэд анхан шатны шүүхээс В.Гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн обьектив, субьектив талын бүрэлдэхүүн байхгүй байхад анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцсон, хэрэгт нотлогдвол зохих байдал тогтоогдоогүй, хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн харьяалал зөрчигдөж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх нотлох баримтыг бүгдийг тал бүрээс нь харьцуулж, хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэх үндэслэл болж байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Сарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй, энэ хуралд шүүгдэгч цахимаар оролцож байгаа тул шүүгдэгчийн талаас гаргасан давж заалдах гомдлуудад дараах тайлбартай байна. В.Г нь 2-3 өрөө хоёр ширхэг орон сууцтай, үйлдвэр үйлчилгээний объект, автомашины гараж, “Лексус-570” загварын автомашин буюу нийт 1.5 тэрбумын хөрөнгөтэй гэж байна. Өнөөдөр 1.5 тэрбумын хөрөнгөтэй хүн яагаад зээл өгч тусласан, нас барсан хүний охины 200 гаран сая төгрөгийн төлбөрийг өгч чадахгүй байгаа юм бэ. Энэ хүнд хүн чанар, хүнлэг ёс байна уу.

 Хавтаст хэрэгт авагдсан эд хөрөнгийн лавлагаануудтай танилцахад Соын ааваас авсан зээлүүд нь 2012 онд явагдсан байсан. 2012 оноос хүнээс зээл авч, хөрөнгө болгочихоод өнөөдрийг болтол өгөлгүй явж байна. Энэ зааланд шүүгдэгчийн ар гэрийнхэн хүртэл сууж байна. Тухайн үед эхнэр нь салаагүй байсан байдаг. Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэхгүй, хэзээ хаана хэрэг болсон, хэдий хугацаанд гэмт хэрэг гарсан юм бэ гэж байна. Энэ хэрэг хэзээ, хаана гарсан болохыг шийтгэх тогтоолын 4 дүгээр хуудаст ямар нотлох баримтуудаар үндэслэлээр гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж байгааг чинь тодорхой биччихсэн байна ...Таны эд хөрөнгөө нуун дарагдуулсан үйлдэл чинь 2014 оноос 2018 онд дууссан байна. Та 2018 онд хоёр ширхэг эд хөрөнгө шинээр бүртгэгдсэн байна. Энэ асуудал дээр хоёр хууль хэрэглэх эсэх, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэх эсэх асуудал яригдахгүй. Мөн энэ үйлдлээр таны үйлдсэн гэмт хэргийн цаг хугацаа, гэмт хэрэг гарсан байдал чинь тогтоогдоод байна. Хөрөнгөө мэдүүлэхгүй байна гэдэг чинь эс үйлдэхүй яваад байна. Эс үйлдэхүй чинь өөрөө гэмт хэрэгт орно гэж хуульд заасан. 2015 онд 4-н эд хөрөнгө хэлсэн. Энэ 4-н эд хөрөнгийг өнөөдөр ар гэрийнх нь миний өмч гэж шүүхээр явсан. Яагаад энэ хөрөнгөө ар гэртээ өгөөгүй вэ гэхээр хөрөнгүүд барьцаатай байсан гэж байна. Таны үүрэг бол энэ хөрөнгөө хаана, ямар байдалтай байгааг хэлэх бүрэн үүрэгтэй. Та ингээгүйгээс энүүгээрээ өнөөдөр буруутгагдаж байгаа.

Харин “Очир-Ундраа” ХХК-д төлбөрөө төлчихсөн хэрнээ барьцаанд байсан эд хөрөнгөө авдаггүй. Энэ бол санаатай үйлдэл, тэр барьцаанд эд хөрөнгө авч чадахгүй гэдэг санаатай үйлдэл гаргаж байна. Өөрөөр хэлбэл “Очир-Ундраа” ХХК-д төлбөрөө төлчихсөн юм чинь өнөөдөр барьцаанд байгаа зүйлээ хасуулах ёстой. Та энийг хийгээгүй, барьцаанд байгаа мэтээр байлгаад байсан. Сод өгөөд байгаа байрыг аваагүй гэж байна. Та яаж үнэлсэн билээ. 2 тэрбум төгрөгөөр хоёр давхар байшин үнэлсэн. Хэрвээ ингэх юм бол буцаагаад Со таньд мөнгө өгөх болж байна. Тэгэхээр яаж авч чадах юм бэ. В.Гийн тэр байшин хэн ч амьдрах боломжгүй, мөөгөнцөртчихсөн байшин. Та тийм тэрбумын үнэтэй байшин юм бол өөрөө амьдрахгүй яасан юм бэ. Хүнийг ингэж хохироож болохгүй. В.Гийн гэр бүлийн хүмүүс 2005 оноос зээл Соын ааваас авсан байдаг. Соын ааваас зээлсэн мөнгө Сод өвлөгдөх ёстой мөнгө. В.Гийн гэр бүлийн хүмүүс энэ мөнгийг хариуцах ёстой. Та бүхэн энэ мөнгийг аваад хөрөнгөжсөн асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр хүн бодох ёстой. Шийдвэр гүйцэтгэгч эрэн сурвалжлах тогтоол гаргасан байна. Та хаягтаа байсан бол эрэн сурвалжлах тогтоол гаргах уу. В.Г шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгаагийн учир тухайн байгууллагатай харилцах ёстой. Та хаана явах гэж байгаагаа тухайн байгууллагад мэдэгдсэн бол таныг эрэн сурвалжлах шаардлага байхгүй. Өмгөөлөгч харьяалал ярьж байна. Тухайн үед гурван дүүргийн шүүх нэгдсэн асуудал байгаа. Гэхдээ Баянзүрх дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгасан байгаа. Үүнд өөр тайлбар байхгүй. Хэргийн бодит байдал бүрэн тогтоогдсон. Шүүгч таныг ямар ямар нотлох баримтуудаар буруутгасан болохоо шийдвэртээ биччихсэн байж байгаа. Та шүүхийн шийдвэрт заасан төлбөрөө гэр бүлээрээ төлөх үүрэгтэй. Мөн давж заалдах гомдолд шийдвэр гүйцэтгэгчийн ажлыг заагаад бичээд байна. Энэ хүн өөрөө та хөрөнгө нуусан бол шоронд хийнэ гэж хэлээгүйгээс би хөрөнгөө нуусан гэж хэлэх гээд байгаа юм уу. Шийдвэр гүйцэтгэгч В.Гийн хөрөнгийг олж илрүүлэхийн тулд цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд цагдаагийн байгууллагаас шалгаснаар В.Гийн нуусан хоёр хөрөнгө илэрсэн, мөн хэрэг чинь илэрсэн. Та ч гэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Эрүүгийн хуулийг төлбөр төлөгчийн хувьд уншиж танилцах ёстой. Та энэ их хугацаанд төлбөрийг төлөөгүй. Шийдвэр гүйцэтгэгч өнөөдөр яагаад хохирогч болж байна вэ гэхээр таны асуудлаас болж хохирсон. Иймд хэргийн бодит байдал тогтоогдсон, шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж тул тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхийн шийдвэрт прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой В.Гийн нотлогдсон хоёр үндэслэлийг заасан байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Хэрэгт шалгагдвал зохих зүйлс хийгдсэн учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг дутуу шалгасан, прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

1. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагчийн холбогдсон эрүүгийн хэргийн агуулгыг ерөнхий байдлаар бичиж, яллах талын нотлох баримтын агуулгыг дурдахгүйгээр, нотлох баримтын зөвхөн эх сурвалжийг жагсаан бичиж агуулгыг нууцалсан нь яллагдагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрхийг зөрчсөнөөс гадна өөрийг нь буруутгаж буй нотлох баримттай танилцсанаар өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ бодитой хэрэгжүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасны дагуу шинээр баримт сэлт гаргаж өгөх, өөрийг нь буруутгаж буй нотлох баримтыг шалгуулах, мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж явуулах хүсэлт гаргах, яллах талын баримтыг няцаан үгүйсгэж мэтгэлцэх, эсхүл энэ хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг яллагдагчид хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах үр дагавартай бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дүгээр зүйлүүдэд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд сөргөөр нөлөөлөхөөр байна.

Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Алтанцэцэгийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 229 дугаартай яллах дүгнэлтийг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

2. Анхан шатны шүүхээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/” тогтоогдоогүй байхад шүүгдэгч В.Гт холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч В.Г нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ хэдэн төгрөгийн үнэлгээ бүхий ямар, ямар эд хөрөнгүүдийг тусгаагүй буруу мэдүүлсэн, ингэснээрээ ямар эд хөрөнгүүдээ нуун дарагдуулсан, хэзээ, хэнд ямар үнэтэй эд хөрөнгийг шилжүүлснийг тодруулах, В.Г нь оршин суугаа хаягаа хэрхэн өөрчилж, дүр үзүүлсэн гэрээг хэзээ, хэнтэй байгуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэрхэн саад учруулж, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн эсэхийг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 647 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, В.Гт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч В.Г, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, Б.Лхагвацэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг энэ удаа хянан хэлэлцэлгүй орхисон болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 647 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, В.Гт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч В.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

Д.МЯГМАРЖАВ