Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2017/00626

 

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2017/00626

              Улаанбаатар хот

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 31 дүгээр гудамж, 762 тоотод оршин суух Боржигон овогтой Чалхааренчингийн Жамъяандорж /РД:ФМ59100217/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо, Уяачдын 1 дүгээр гудамж 3 тоотод байрлах “Хэц налуу экологи” ХХК /РД:5565472/-д холбогдуулан гаргасан 5 650 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх, хариуцагчийн төлөөлөгч Н.Мэндсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ц.Түмэнсугар нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хэц налуу экологи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мэндсайхан нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал миний хувийн өмчлөлийн тоёота ланд крузер маркийн 98-85 улсын дугаартай авто машинаар Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сум, Зэлтэр, Ерөө, Алтанбулаг сум, Сүхбаатар хот зэрэг үйлчлүүлж ажиллахаар надтай аман хэлцлээр тохиролцсон юм. Автомашинаар үйлчилж ажиллуулсны хөлсийг өдөрт 90 000 төгрөг төлөхөөр хэлэлцэж тохирсон байгаа. 2015 оны 6 сар болон 7 сард ажилласан хөлсийг бүрэн төлсөн. Харин 2015 оны 8 дугаар сард 1 800 000 төгрөг төлөхөөс надад 1 370 000 төлсөн ба үлдэгдэл 430 000 төгрөгийн үлдэгдэл байгаа. 2015 оны 9 сард 28 хоног ажилласан 2 520 000 төгрөг төлөхөөс  “Хэц налуу экологи” ХХК нь 300 000 төгрөг надад өгсөн. 2 220 000 төгрөг төлөөгүй байна. 2015 оны 10 сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 сарын 30-ны өдрийг дуустал өдрийн 100 000 төгрөгөөр ажиллуулахаар тохиролцсон боловч 30 хоног* 100 000 төгрөг 3 000 000 төгрөг төлөөгүй. Иймд 2015 оны 8 сарын үлдэгдэл 430 000 төгрөг, 2015 оны 9 сарын үлдэгдэл 2 220 000 төгрөг, 2015 оны 10 сарын ажлын хөлс 3 000 000  төгрөг нийт 5 650 000 төгрөгийг  “Хэц налуу экологи” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Үүнд: Хариуцагч тал нэхэмжлэлийн үнийн дүн болох 5 650 000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрлийн саналыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

            Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүн болох 5 650 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөв. Үнийн дүнд маргахгүй 5 650 000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг нэхэмжлэгчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрөв. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

             

Нэхэмжлэгч Ч.Жамъяандорж нь хариуцагч “Хэц налуу экологи” ХХК-аас 5 650 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харъяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.

 

           Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлага болох 5 650 000 төгрөгийг хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 1-ний дотор төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                                                                                                                                              1.Ч.Жамъяандоржийн нэхэмжлэлтэй хариуцагч “Хэц налуу экологи" ХХК-аас 5 650 000 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч тал  нэхэмжлэлийн шаардлага болох 5 650 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2017 оны 7 дугаар сарын 1-ний дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 105 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1 650 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.РЕНЧЕНХОРОЛ