Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/590

 

2021           6            03                                               2021/ШЦТ/590

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч, хохирогч Э.Э..........г,

шүүгдэгч, хохирогч А.М..........р,

шүүгдэгч, хохирогч Э.А..........р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б..........н овогт Э..........ний Э..........г, Д..........л овогт А..........нгийн М..........р, Б..........л овогт Э..........агийн А..........р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008 0314 60394 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б..........н овогтой Э..........ний Э..........г, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “..........” ХХК-д аж ахуйн үйл ажиллагаа хариуцсан захирал ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт ..........................................................

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 465 нэгж буюу 465.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

2. Д..........л овогт А..........нгийн М..........р, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд 1978 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт ...............................

3. Б..........л овогтой Э..........агийн А..........р, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1984 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн ..............................................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Э.Э..........г нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..........” нэртэй эмнэлгийн гадна авто машины ил зогсоол дээр “машины урд гупер хаалгаараа цохилоо гэх шалтгаанаар А.М..........рыг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн шилбэ, цээж, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан

Мөн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .......... нэртэй эмнэлгийн гадна авто машины ил зогсоол дээр “А.М..........рыг өмөөрлөө” гэх шалтгаанаар Э.А..........рыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт, цээжинд цус хуралт зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан.

Яллагдагч Э.А..........р нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .......... нэртэй эмнэлгийн гадна авто машины ил зогсоол дээр А.М..........ртай бүлэглэн “эмэгтэй хүнийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар Э.Э..........гийн толгой, нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж, зодон эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, баруун хацарт зулгаралт, доод уруулын салстад язралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч А.М..........р нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .......... нэртэй эмнэлгийн гадна авто машины ил зогсоол дээр Э.А..........ртай бүлэглэн “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар Э.Э..........гийн толгой, нүүрэн тус газарт нь цохиж, чих рүү нь алгадаж эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, баруун хацарт зулгаралт, доод уруулын салстад язралт, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Э.Э..........г;

- Шүүгдэгчээр мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

- Хохирогчоор мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үл ялих зүйлээс болж М..........ртай маргалдаж, М..........р намайг алгадсан. Мөн А..........р миний нүүр рүү нэг удаа цохисон...надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

2. А.М..........р;

- Шүүгдэгчээр мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

- Хохирогчоор мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр машины зогсоол дээр Э..........гийн машины хажууд зогссон. Тэгээд ойрхон зогссон учраас машины хаалгаар Э..........гийн машиныг санаандгүй байдлаар цохисон. Гэтэл Э..........г машинаасаа бууж ирээд надтай маргалдаж намайг алгадсан...одоо миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

3. Э.А..........р;

- Шүүгдэгчээр мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

- Хохирогчоор мэдүүлэхдээ: “...Би эмнэлэг дээр үзүүлэх гэж явж байхдаа М..........р машины хаалгаар Э..........гийн машиныг цохисон. Тэгээд М..........р, Э..........г хоёр гадна маргалдаад зогсож байсан. Гэтэл М..........р, Э..........г хоёр нэг нэгийгээ алгадаж авсан. Тэгэхээр нь би М..........рыг өмөөрч Э..........гтэй маргалдаж Э..........г миний нүүр рүү нэг удаа цохисон...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Э.Э..........гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр... ээжийгээ “..........” эмнэлэгт хүргэж өгөөд ...би эмнэлгийн зогсоол дээр өөрийн эзэмшлийн “.......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроо сууж байсан. Энэ үед “..........” маркийн саарал өнгийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон эмэгтэй ирээд миний машины зүүн талаар шахаж зогссон. Тэгээд жолооч эмэгтэй хаалгаа нээхдээ миний машиныг хаалгаараа цохисон. Би тухайн үед “яаруу яваа юм байхдаа” гэж бодоод чимээгүй өнгөрсөн. Түүнээс хойш 5-10 минутын дараа нөгөө эмэгтэй ...машиныхаа хаалгаар миний машиныг 2-3 удаа дахин дахин цохиод байхаар нь би “чи болиоч ээ пизда минь, ямар олон удаа цохидог юм бэ” гэсэн чинь тэр эмэгтэй хүрч ирээд үгийн зөрүүгүй намайг гараараа алгадаад авсан. Тэгэхээр нь би гарыг нь барьж аваад түлхсэн чинь ард зогсож байсан нэг залуу хүрж ирээд намайг араас боогоод гараараа миний нүүр, толгой руу хэд хэдэн удаа цохисон... Эхэлж цохисон эмэгтэй нь миний нүүр ам руу цохиж самардаж аваад байсан. ...миний мэдэхээр чих рүү А.М..........р гэх эмэгтэй алгадсан түүнээс болж чихний хэнгэрэг цоорсон гэж бодож байна. Бусад гэмтлийг тухайн залуу эмэгтэй хоёр хамт учруулсан......” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

- “....А.М..........ртай хамт явж байсан А..........р гэх залуу ирээд миний толгой, духны хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29)

 

2. Хохирогч А.М..........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би төрсөн эгч Хишигжаргал түүний нөхөр А..........р нарын хамт өөрийн эзэмшлийн .......... улсын дугаартай...тээврийн хэрэгслийг өөрөө жолоодон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “..........” эмнэлэгт үзүүлэхээр 13 цагийн үед очсон. Эмнэлгийн гадна зогсоол дээр машинаа ...жижиг зайнд багтааж байрлуулахад хаалга гүйцэт онгойх боломжгүй байсан. Тэгээд машинаасаа буухдаа хаалгаараа хажууд байсан хөх өнгийн “..........” маркийн машиныг цохичихсон. Тэгтэл тэр машин дотроос нэг залуу гарч ирээд намайг “хөөе биеэ үнэлэгч, янхан гичий минь, машин нүдчихлээ ш дээ чи” гэхээр нь би “согтуу хүн юм болов уу гэж бодоод, айгаад уучлаарай ийм зүйл байх ш дээ чи ямар сүртэй юм бэ” гэсэн чинь миний урдаас гараарай далайж байгаад миний зүүн чих рүү гараараа цохиод би газар унасан. Тэгтэл манай хүргэн ах гадаа та*******и татаад зогсож байснаа гүйж ирээд уг залууг барьж аваад “чи эмэгтэй хүн цохидог эрүүл юм уу, согтуу юм уу” гэсэн чинь нөгөө манай хүргэн ахыг гараараа цохиод тэр хоёр бие биеэ харилцан цохилцохоор нь би дундуур нь ороод салгасан. ...зүүн чихний хэнгэрэг өвдөж байгаа мөн толгой өвдөөд байна...Гомдолтой байна эмнэлэгт үзүүлсэн, эм тариа авсан баримтаа гаргаж өгнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40),

-“...би Э.Э..........гийг зодож цохисон зүйл байхгүй. Э.Э..........гийн биед учруулсан гэмтлийг Э.А..........р намайг өмөөрөн Э.Э..........гийн биед учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42)

 

3. Хохирогч Э.А..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би эхнэр Хишигжаргал, дүү М..........р нарын хамт эмнэлгээр ажил хөөцөлдөх гээд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “..........” хувийн эмнэлгийн авто зогсоол дээр дүү М..........рын хамт гарч ирсэн. Тэгээд машиндаа суух гэж байхад М..........р өөрийнхөө машины хаалгаар хажууд зогсоолд байсан машины ...урд кубер рүү зөөлөн цохисон чинь жолооч гэх залуу бууж ирээд М..........рыг “балай авгай, янхан минь машин цохичихлоо” гэж хэлсэн. ...Тэгээд М..........р машины жолооч хоёр хоорондоо хэрэлдээд зогсоод байсан. Тэгээд эргээд харсан чинь М..........рыг машины жолооч залуу алгадахаар нь би очоод тэр жолоочийг заамдаж аваад өөрийн баруун гараараа жолооч залуугийн шанаанд нь цохисон чинь тэр залуу намайг зөрүүлж цохиод бид хоёр бие биеэ цохилцсон. Тэгээд М..........р жолоочийн нүүр, толгой руу хэд хэдэн удаа цохиж авсан. ...надад эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12305 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн чихний дэлбэн болон дэлбэнгийн урд хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй, духны баруун дээд хэсэгт 3х1.5см овойж хавдсан, зүүн урд доод хэсэгт 4х2.5см, дунд хэсэгт 3х3см, баруун хөмсөгний гадна хэсэгт 2.5х1см талбайд бага зэргийн хавдсан, бүдэг хөх цус хуралттай, тэмтрэхэд эмзэглэлтэй, баруун нүдний дээд зовхины заагаар 0.8х0.3см улаан ягаан зурвас цус хуралттай, доод зовхины гадна хэсэгт 0.5х0.2см, 0.4х0.2см улаан ягаан зулгаралттай, хамрын нурууны зүүн дээд хэсэгт 2.5х0.4см хөх ягаан цус хуралттай, баруун хацрын төвгөрт 2х0.5см улаан ягаан зулгаралттай, доод уруулын дотор салстын зүүн хэсэгт 0.4х0.3см цайвар шаргал өнгөр бүхий язралттай.

2020.10.23-ны ГССҮТ-н эчийн үзлэгт: Онош: тархи доргилт гэжээ.

2020.10.24-ний “Мед Травма” толгойн компьютерт томогафийн шинжилгээ: ...баруун духны дэлбэнгийн хэсгийн гадарт 0.9х0.7см хэмжээтэй зөв бус хэлбэрийн жижиг энцефаломалацийн өөрчлөлтгүй. ...духны ясны баруун урд хэсэгт бороожсон хуучин хугарал болон 2х1см орчим хэмжээтэй зөв бус хэлбэрийн хуучин дефекттэй. Баруун талын нүдний ухархайн дотор хананд цөмөрч бороожсон хуучин хугаралтай. ...Хамрын хянга ясанд цөмөрч бороожсон хуучин хугаралтай, хамрын таславч урд хэсгээр баруун тийш мурийлттай. Баруун духны хөндийн доод хэсэгт 0.6см хэмжээтэй шохойжилттой.

2020.10.28-ны “ЭМЖЖ” эмнэлгийн ЧХХ-н эмчийн үзлэгт: Зовиур: 2020.10.23-ны 15 цагт хүн зодуулсан тэрнээс хойш зүүн чих ус орсон юм шиг дүүрэнг оргиод байгаа гэн. Онош: Н72, хэнгэргэн хальс цоорох. Бодит үзлэгт: Хэнгэргэн хальс цоорхой, ирмэг жигд биш /шинэ/, таславч: муруй, самалдаг: хөөнгө, ам ангайлт: хэвийн тагнай шүйлс, хэвийн хонхорууд: хэвийн, хэнгэргэн хальс цоорхой...ДҮГНЭЛТ

1. Э.Э..........гийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, баруун хацарт зулгаралт, доод уруулын дотор салстад язралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 58-59),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12295 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: ...Зүүн шилбэнд 3х2.5см, цээжний зүүн хажуу хэсэгт 6х5см, баруун гуянд 1х1см, зүүн гуянд 0.8х0.5см, хөх өнгийн цус хуралттай, зүүн шанаа, чамархайгаар тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн чих лугшина гэнэ...ДҮГНЭЛТ

1. А.М..........рын биед тархи доргилт, зүүн шилбэ, цээж, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зөрөг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64-65),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12293 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Зүүн хөмсөгний гадна хэсэг хавдсан, зүүн шанаанд 1х1см зулгарсан, цээжний урд дээд хэсэгт 4х1см цус хуралттай...ДҮГНЭЛТ

1. Э.А..........рын биед тархи доргилт, зүүн шанаад зулгаралт, цээжинд цус хуралт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зөрөг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 70-71),

 

5. Гэрч Д.Одонмандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүү Э.Э..........гийн хамт 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр............. эмнэлгээр орж үйлчлүүлэхээр очсон юм...ингээд би 10-15 минутын дараа эмнэлгээс гараад ирсэн чинь миний хүүг үл таних эрэгтэй хүн миний хүүг гараараа заамдаад нөгөө гараараа нүүр рүү нь цохиж байсан. Тэгээд бас нэг үл таних эмэгтэй нь хажуугаас нь Э.Э..........гийг толгой руу нь цохисон байдалтай байхаар нь би очоод хүү Э..........гөөс...юу болоод яагаад байгаа талаар асуухад Э..........г надад энэ эмэгтэй машинаасаа буухдаа машиныхаа хаалгаараа миний машины урд купберыг цохисон. Тэгээд та цохичихлоо гэж хэлсэн чинь хэрүүл хийгээд намайг энэ нийлээд зодчихлоо гэж хэлсэн...Миний хүү одоо Астараа интернишил ХХК-д хөдөө аж ахуйн ажлыг хариуцан ажилладаг юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33)

- Гэрч А.Хишигжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр...М..........рыг үзүүлэх гээд эмнэлгээс гартал эмнэлгийн гадаа дүү М..........р орлоод уйлчихсан энэ жолооч залуу намайг зодсон гэж хэлсэн. Тэр үед би тэр залууг харахад манай нөхөр А..........ртай барьцалдчихсан бие биеэ хоолойг боочихсон байдалтай байсан. Тэр үед нөхөр А..........рын зүүн тал руу нь баруун гараараа хүчтэй хэд хэдэн удаа цохиод байсан...нөхөр цаашаа хараад явж байхад тэр үл таних залуу араас нь дагз руу нь 2 удаа цохисон. ...миний харснаар бол толгой хэсэг рүү нь гараараа нэлээн олон удаа цохисон, мөн нүүр рүү нь гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54),

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-20)

6. Шүүгдэгч Э.Э..........гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 154),

- Шүүгдэгч А.М..........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84),

- Шүүгдэгч А..........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 132)

 

7. Шүүгдэгч, хохирогч Э.Э..........гийн үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 159, 160), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 77), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 162, 163, 164) шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 205-207), хохирлын талаарх баримт (хавтаст хэргийн 165-175),

- Шүүгдэгч, хохирогч А.М..........рын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 92, 90), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 91) хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 89, 95) Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 93), хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 111-119, 122-125)

- Шүүгдэгч, хохирогч Э.А..........рын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 139, 144), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76), гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 141) хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 142, 143) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Э..........г, А.М..........р, Э.А..........р нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Э..........г, А.М..........рыг Э.А..........р тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч нар мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Э.Э..........г нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..........” эмнэлгийн авто машины зогсоол дээр “машины урд купер хаалгаараа удаа дараа цохилоо” гэх шалтгаанаар А.М..........ртай маргалдан эрүүл мэндэд нь халдаж тархи доргилт, зүүн шилбэ, цээж, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл,

Мөн цаг хугацаанд А.М..........рыг өмөөрөн хамгаалсан Э.А..........рын эрүүл мэндэд халдаж тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт, цээжинд цус хуралт зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан.

Шүүгдэгч А.М..........р, Э.А..........р нар нь дээрх цаг хугацаанд Э.Э..........гтэй маргалдан А.М..........р нь хохирогчийн толгойд алгадах, Э.А..........р нь нүүрэнд нь цохих зэргээр бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, баруун хацарт зулгаралт, доод уруулын салстад язралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Э.Э..........гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр... ээжийгээ “..........” эмнэлэгт хүргэж өгөөд ...би эмнэлгийн зогсоол дээр өөрийн эзэмшлийн “.......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроо сууж байсан. Энэ үед “..........” маркийн саарал өнгийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон эмэгтэй ирээд миний машины зүүн талаар шахаж зогссон. Тэгээд жолооч эмэгтэй хаалгаа нээхдээ миний машиныг хаалгаараа цохисон. ...Түүнээс хойш 5-10 минутын дараа нөгөө эмэгтэй ...машиныхаа хаалгаар миний машиныг 2-3 удаа дахин дахин цохиод байхаар нь би “чи болиоч ээ пизда минь, ямар олон удаа цохидог юм бэ” гэсэн чинь тэр эмэгтэй хүрч ирээд үгийн зөрүүгүй намайг гараараа алгадаад авсан. Тэгэхээр нь би гарыг нь барьж аваад түлхсэн чинь ард зогсож байсан нэг залуу хүрж ирээд намайг араас боогоод гараараа миний нүүр, толгой руу хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

- Хохирогч А.М..........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Эмнэлгийн гадна зогсоол дээр машинаа ...жижиг зайнд багтааж байрлуулахад хаалга гүйцэт онгойх боломжгүй байсан. Тэгээд машинаасаа буухдаа хаалгаараа хажууд байсан хөх өнгийн “..........” маркийн машиныг цохичихсон. Тэгтэл тэр машин дотроос нэг залуу гарч ирээд намайг “хөөе биеэ үнэлэгч, янхан гичий минь, машин нүдчихлээ ш дээ чи” гэхээр нь би “согтуу хүн юм болов уу гэж бодоод, айгаад уучлаарай ийм зүйл байх ш дээ чи ямар сүртэй юм бэ” гэсэн чинь миний урдаас гараарай далайж байгаад миний зүүн чих рүү гараараа цохиод би газар унасан. Тэгтэл манай хүргэн ах гадаа та*******и татаад зогсож байснаа гүйж ирээд уг залууг барьж аваад “чи эмэгтэй хүн цохидог эрүүл юм уу, согтуу юм уу” гэсэн чинь нөгөө манай хүргэн ахыг гараараа цохиод тэр хоёр бие биеэ харилцан цохилцохоор нь би дундуур нь ороод салгасан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40),

- Хохирогч Э.А..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.М..........р өөрийнхөө машины хаалгаар хажууд зогсоолд байсан машины ...урд купер рүү зөөлөн цохисон чинь жолооч гэх залуу бууж ирээд М..........рыг “балай авгай, янхан минь машин цохичихлоо” гэж хэлсэн. ...эргээд харсан чинь М..........рыг машины жолооч залуу алгадахаар нь би очоод тэр жолоочийг заамдаж аваад өөрийн баруун гараараа жолооч залуугийн шанаанд нь цохисон чинь тэр залуу намайг зөрүүлж цохиод бид хоёр бие биеэ цохилцсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12305 дугаар дүгнэлт: “...1. Э.Э..........гийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, баруун хацарт зулгаралт, доод уруулын дотор салстад язралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 58-59),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12295 дугаар дүгнэлт: “...1. А.М..........рын биед тархи доргилт, зүүн шилбэ, цээж, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зөрөг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64-65),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12293 дугаар дүгнэлт: “...1. Э.А..........рын биед тархи доргилт, зүүн шанаад зулгаралт, цээжинд цус хуралт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зөрөг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 70-71),

 

- Гэрч Д.Одонмандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эмнэлгээс гараад ирсэн чинь миний хүүг үл таних эрэгтэй хүн ...гараараа заамдаад нөгөө гараараа нүүр рүү нь цохиж байсан. Тэгээд бас нэг үл таних эмэгтэй нь хажуугаас нь Э.Э..........гийг толгой руу нь цохисон байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33),

- Гэрч А.Хишигжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...эмнэлгийн гадаа дүү А.М..........р орилоод уйлчихсан энэ жолооч залуу намайг зодсон гэж хэлсэн. Тэр үед би тэр залууг харахад манай нөхөр А..........ртай барьцалдчихсан бие биеэ хоолойг боочихсон байдалтай байсан. Тэр үед нөхөр А..........рын зүүн тал руу нь баруун гараараа хүчтэй хэд хэдэн удаа цохиод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.Э..........г нь шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр А.М..........р, Э.А..........р нарын эрүүл мэндэд халдаж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч А.М..........р, Э.А..........р нар нь шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр Э.Э..........гийн эрүүл мэндэд халдаж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Э.Э..........г, А.М..........р, Э.А..........р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин улсын яллагчаас шүүгдэгч А.М..........р, Э.А..........р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бүлэглэн гүйцэтгэх...”-ыг журамласан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь “бүлэглэн” гэх шинжийг агуулж байхад дахин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх зүйл хэсгийг журамлан ял халдаасан нь үндэслэлгүй буюу дээрх ойлголт нь Эрүүгийн эрх зүйд нэгэнт тогтсон жишиг тул хэргийн зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэсэн ба ийнхүү зөвтгөсөн нь тэдний гэм буруу, эрүүгийн хариуцлагад нөлөөлөхгүй юм.

  Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э..........г нь баримтаар 148.000 төгрөг, хохирогч А.М..........р 82.500 төгрөг, хохирогч Э.А..........р нь эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Э..........г, А.М..........р нар нь баримтаар нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Э..........г, А.М..........р, Э.А..........р тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь шүүгдэгч Э.Э..........гийг 600 нэгжээр, шүүгдэгч А.М..........р, Э.А..........р тус бүрийг 500 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг гаргах болсон шалтгаан, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.М..........р, Э.А..........р нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба  харин шүүгдэгч Э.Э..........гт дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Түүнчлэн шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Э.Э..........г, А.М..........р, Э.А..........р нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хоорондоо эвлэрсэн гэх хувийн байдал болон шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э..........гийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр, шүүгдэгч А.М..........р, Э.А..........р нарыг тус бүр 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч нарт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 2008 0314 60394 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б..........н овогт Э..........ний Э..........гийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн,

-  Д..........л овогт А..........нгийн М..........р, Б..........л овогт Э..........агийн А..........р нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э..........гийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр, шүүгдэгч А.М..........р, Э.А..........р тус бүрийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э..........г, А.М..........р, Э.А..........р нарт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э..........г, А.М..........р, Э.А..........р нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тэдэнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн СD нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ