Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2021/0844/З/ |
Дугаар | 221/МА2023/0417 |
Огноо | 2023-06-22 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2023/0417
“О ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч Д.М
Нэхэмжлэлийн шаардлага: “С дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/000 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 384 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2021/0844/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “О ” ХХК нь С дүүргийн Засаг даргад холбогдуулан “С дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/000 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Байгаль орчны газарт холбогдуулан тус газрын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/962 дугаартай “Хүсэлт уламжлах тухай” захиргааны актын “О ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 384 дүгээр шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 5.1.1 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, 29.1.10 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг, 48.2.1 дэх заалт, 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан О ХХК-ийн гаргасан С дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/000 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 03/962 дугаар Хүсэлт уламжлах тухай албан бичгийн О ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “Маргаан бүхий захиргааны акт нь С дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/000 дугаар захирамж бөгөөд уг захирамжийн захирамжлах хэсгийн 1-д “... О ХХК нь Газрын тухай, Ойн тухай, Усны тухай хууль тогтоомжийг тус тус зөрчсөн нь нотлогдож байгаа тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосугай гэж манай компанийн зүгээс дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй байхад газар эзэмших эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгож бидний газар эзэмших хууль ёсны эрх ашгийг хөндсөн тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан болно.
3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 19-д “Хэдийгээр нэхэмжлэгч “О ” ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалт, Усны тухай хууль тогтоомжид заасан зөрчил гаргасан үйл баримт тогтоогдохгүй байх боловч ...” гэж дүгнэснээр манай компани маргаан бүхий С дүүргийн Засаг даргын захирамжид дурдсан хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй, гэм буруугүй, манай компанийг хууль зөрчсөн гэх үндэслэлээр уг захирамж гарах үндэслэлгүй гэдгийг анхан шатны шүүх тогтоож өгсөн. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурьдаагүй, талууд харилцан маргаагүй захиргааны акт болох С дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/422 дугаар захирамжид өөрийн санаачлагаар дүгнэлт өгөн, уг захирамжаар зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн нь ойн тухай хуулийн зохицуулалтад нийцээгүй байх тул тухайн захиргааны актыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв ... гэж зөрчилтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг зөрчин дүгнэлт хийж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
3.3. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэгэнт “О ” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалт, Усны тухай хууль тогтоомжид заасан зөрчил гаргасан нь үйл баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн тул хариуцагч С дүүргийн Засаг даргын Газрын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн манай компанийг хууль зөрчсөн гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон А/000 дугаар захирамж хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “ энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж дүүргийн засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд Ойн тухай хууль зөрчсөн субьект нь “О ” ХХК биш, харин ойн цоорхойд Газрын тухай хууль үндэслэн газар эзэмших эрх олгосон С дүүргийн Засаг дарга нар байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйгээс болж, манай компани хууль зөрчсөн буруутай үйлдэл гаргасан мэт хоёрдмол утгатай дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсье.
3.4. С дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдааны мэтгэлцээний явцад бид өөрсдөө анхнаасаа хууль зөрчөөд энэ эрхийг олгочихсон юм байна” гэсэн тайлбарыг өгсөн байхад анхан шатны шүүх хариуцагчийн хууль зөрчиж газар олгосон эсэх үйл баримтын талаар дүгнэлт өгөөгүй нь хууль зөрчөөгүй “О ” ХХК- ийн хууль зөрчсөн нь нотлогдож байна. С дүргийн Засагдарга 2021 оны А/000 дугаар захирамждаа үндэслэл болгосон хууль бус үйлдлийг анхан шатны шүүх хаацайлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Хэрэв С дүүргийн Засаг дарга Ойн тухай хууль зөрчиж газар олголт хийснээ мэдээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг баримтлан өөрийн хууль зөрчиж гаргасан шийдвэрээ хүчингүй болгож байгаа бол энэ үндэслэлээ захиргааны актдаа дурьдах ёстой болохоос өөрийн буруутай хууль зөрчсөн үйл баримтыг бусдад халдаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм. С дүүргийн Засаг даргын 2021 оны А/000 дугаар захирамжийн 1 дэх заалтаар ... “О ” ХХК нь Газрын тухай, Ойн тухай, Усны тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь нотлогдож байх тул гэж худал үндэслэл гаргасан нь дараахь хууль зүйн сөрөг үр дагавартай болохыг давж заалдах шатны шүүх анхааралдаа авахыг хүсч байна. Үүнд: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах”, Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно” гэж тайлбарласнаар “О ” ХХК нь С дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын аманд байрлах өөрийн хууль ёсны зөвшөөрөлтэй газар дээрээ зуслангийн байр барихад зориулж 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ хөрөнгөө хууль зөрчиж буруу шийдвэр гаргасан этгээдээс нэхэмжлэн гаргуулах хууль ёсны эрхийг хамгаалах үүднээс Ойн хууль зөрчиж газар олголт хийсэн гэм буруутай этгээдийг үнэн зөвөөр тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхийн тулд захиргааны актыг хуульд нийцүүлэн дахин гаргах шаардлагатай гэж үзэж байна.
3.5. Манай компанид С дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 399 дүгээр захирамжаар С дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын аманд 2,8 га газрыг зуслангийн зориулалтаар, 5 жилийн хугацаатай олгож, 2017 оны А/422 дугаар захирамжаар хугацааг 15 жилээр сунгасныг үндэслэн Газар эзэмших гэрчилгээ авч, газар эзэмших гэрээ байгуулан газар эзэмших эрхээ баталгаажуулсны үндсэн дээр тус газрыг 2012 оноос 2021 он хүртэл 9 жилийн хугацаанд зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа тул захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэсэн заалтыг С дүүргийн Засаг дарга зөрчсөн байхад анхан шатны шүүх манай газар эзэмших хугацааг 2017 оны “Аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай А/422 дугаар захирамжаас хойш тоолж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
3.6. Нэхэмжлэлд дурдсан маргаантай захиргааны акт нь С дүүргийн Засаг даргын 2021 оны А/000 дугаар захирамж байхад анхан шатны шүүх энэ маргаантай холбогдуулан С дүүргийн иргэдийн хурлаас баталсан 2012, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нотлох баримтаар гаргуулан авахын оронд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргуулж аван тэр нотлох баримтаар үнэлж ... зуслангийн ерөнхий төлөвлөгөөний хил хязгаарт хамаарагдаагүй байна” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, зохигчид энэ талаар маргаагүйи байхад анхан шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг зөрчин дүгнэлт хийж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Гэтэл С дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “2011 оны ажлын гүйцэтгэл дүгнэж, 2012 оны төлөвлөгөө батлах тухай 15/4 дугаартай тогтоолын хавсралтад С дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын аманд иргэн, аж ахуй нэгжид 5 га газар эзэмшүүлж ашиглуулахаар заасан байх бөгөөд манайд 2.8 га газар эзэмшүүлсэн нотлох баримтыг гаргуулж авах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг тус тусд нь маш тодорхой хуульчилж өгсөн байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
3.7. Анхан шатны шүүхийн дээр дурдсан шаардлага хангасан нотлох баримтаа гаргуулж авах үүргээ биелүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
3.8. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гэж заасны дагуу шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэж, эцсийн байдлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 384 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгахаар хуульд заасан. Гэтэл анхан шатны шүүх тодорхойлох хэсгийн 2.1-ээс 2.8 хүртэлх дурдсан асуудал нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэсэн шинжтэй, 11 ширхэг ишлэл зүүлт авагдсан байна.
Тодорхойлох хэсгийн 2.1-т ишлэл 2 дээр “С дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/399 дүгээр захирамжаар тус газрын зориулалтыг ой хамгаалах, нөхөн сэргээх, зуслангийн зориулалтаар гэж өөрчилж” гэж дурдсан. Гэвч энэхүү захирамж захирамжийн хавсралтад ийм үг үсэг байхгүй. Харин А/399 дүгээр захирамжаар “зуслан”-ийн зориулалт нэмэгдсэниййг нотлох баримт нь 1 хавтас хэргийн 41 дэх талд авагдсан газрын гэрчилгээгээр нотлогддог. Тодорхойлох хэсгийн 2.3-т ишлэл 5 дээр нийслэлийн байгаль орчны газраас Мэргэжлийн хяналтын газар, С дүүргийн Засаг даргад хүргүүлсэн албан бичгийг дурджээ. Гэвч 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралд нийслэлийн байгаль орчны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч уг албан бичгийг захиргааны акт биш гэж тайлбар гаргасан талаар дурдаагүй. Тодорхойлох хэсгийн 2.4-т ишлэл 6 дээр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас О ХХК-руу илгээсэн албан бичгийг дурджээ. Гэтэл Уг бичиг нь захиргааны акт биш талаар дугнэсэн тус шүүхийн захирамжийг дурдаагүй. Тодорхойлох хэсгийн 2.6-д ишлэл 8 дээр С дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн гэжээ. Гэвч бодит байдал дээр мэдэгдэл ирээгүй бөгөөд шүүх дээр маргаан ирсний дараа хариуцагч шүүхэд гаргасан баримт юм. Нэхэмжлэгчид хүргүүлсэн гэдгийг нотлох баримт нь шуудангийн баримт эсвэл бичиг баримт хүлээлцсэн тэмдэглэлээр л нотлогдох болохоос бичигдсэн албан бичиг бүр хүргэгдсэн гэж ойлгох нь ташаа ойлголт юм. Энэ мэт байдлаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ оруулаагүй атлаа тухай бүр нь дүгнэлт хийх байдлаар бичсэнээс үзвэл чухам ямар зорилгоор тодорхойлох хэсэгт орохгүй нотлох баримтуудыг дурдаж байгаа нь ойлгомжгүй.
4.2. Ойн тухай хуулийн 8.5.1-т нийслэлийн ногоон бүсэд хамаарах ойн заагийг Засгийн газар тогтоохоор шууд заасан. 1996 оны Ойн заагийг тогтоох тухай Засгийн газрын 326 дугаар тогтоол хүчин төгөлдөр бөгөөд энд Хандгайтын ам ороогүй. Түүнчлэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 25 дугаар тогтоолоор Хандгайтын амыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн учраас өнөөг хүртэл ганцхан нэхэмжлэгч ч биш эргэн тойрон олон иргэн, аж ахуй нэгж газар эзэмшиж ирсэн.
4.3. Үндэслэх хэсгийн 10-д үндэслэсэн албан бичигт нэгж талбарын дугаар 1462100129 гэжээ. Энэ баримтыг хуурамчаар шүүхэд гаргаж өгсөн нь дараах байдлаар нотлогддог. Учир нь 2012 оны А/117, 2012 оны А/399, 2017 оны А/422 захирамж тус бүрт манай нэгж талбарын дугаар 18646334581287 байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, 2012 оны нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоол батлагдаж, зуслангийн ерөнхий төлөвлөгөө хийгдэх үед 1462100129 гэсэн нэгж талбар огт байгаагүй. Ийм бусармаг аргаар хууль зөрчиж өчнөөн тэрбум хөрөнгө оруулалт хийж, тог цахилгаан татаж, зам барьсны дараа газрыг булаан авах атгаг санааг захиргаа хэрэгжүүлж байна. Ийм эргэлзээтэй хуурамч баримтыг үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
4.4. С дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15/4 дугаартай дүүргийн газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөний хэрэгжилт, газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолд 19 дүгээр хороо Хандгайтад газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг зөрчсөн.
4.5. Маргаан бүхий С дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/000 дугаартай захирамж нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” гэх нэртэйгээр гарсан бөгөөд захирамжийн захирамжлах хэсгийн 1-ээр “газар эзэмших эрхийн гэрчилгээг” хүчингүй болгосон. Тус захирамжид С дүүргийн Засаг дарга нь С дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 117 тоот захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны 399 тоот захирамж, 2017 оны 12 дугаар сарын 27-ны А/422 тоот захирамжуудыг хууль бус хэмээн хүчингүй болгож шийдвэрлээгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр заасан болохоос зөвхөн захирамжаар эзэмшүүлдэг хууль байхгүй. Маргаан бүхий захиргааны акт нь анхнаасаа нэхэмжлэгч газрыг хууль ёсоор эзэмшиж байгаад зөрчил гаргасан гэх нэг агуулга, эсрэгээрээ захиргаа өөрөө буруу шийдвэр гаргасныгаа өөрөө хүчингүй болгож байгаа гэсэн эрс ялгаатай хоёр үндэслэлийг нэг актад буюу А/000 захирамжид тусгасан учраас анхан шатны шүүхээр хоёр удаа хоёр өөр шийдвэр гарлаа. Энэ бүхний уг үндсэн шалтгаан нь захиргаа өөрөө хоёрдмол утгатай акт гаргасантай холбоотой юм. Захиргаа өөрөө буруу шийдвэр гаргасныгаа залруулж, хүчингүй болгож байгаа бол түүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэх буюу нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх нэмэлт асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, гагцхүү захиргаа өөрөө шийдвэрлэх хуультай тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч “О ” ХХК-иас шүүхэд хандан “С дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” A/300 дугаартай захирамжийг болон Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 03/962 дугаартай албан бичгийн “О ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд буюу 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “О ” ХХК нь нэхэмжлэлийн зарим шаардлага болох Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/962 дугаартай “Хүсэлт уламжлах тухай” захиргааны актын “О ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.
2.3. Анхан шатны шүүх “... Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон маргаан бүхий актын хувийн хэргээс үзэхэд хууль болон гэрээний аль нөхцөлийг нэхэмжлэгч ямар байдлаар удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзсэн нь тодорхой бус байх тул нэхэмжлэгчийг ийнхүү буруутгасан нь үндэслэлгүй. Захиргааны байгууллагын зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа О ХХК-д зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн нь хууль бус гэж үзэж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж,зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасныг үндэслэл болгосон тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг баримталсан нь үндэслэлгүй” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “О ” ХХК-д анх С дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 117 дугаар захирамжаар С дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 28963 м.кв газрыг Ой хамгаалах, нөхөн сэргээх зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, С дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 399 дүгээр захирамжаар тус газрын зориулалтыг Ой хамгаалах, нөхөн сэргээх, зуслангийн зориулалтаар гэж өөрчилж, тус дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/422 дугаар захирамжаар Зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 000017932 дугаартай аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.
2.5. Улмаар маргаан бүхий С дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/000 дугаар захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 6 дугаар зүйлийн 6.2.4, 33 дугаар зүйлийн 33.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.15-д заасныг тус тус үндэслэн, Нийслэлийн Байгаль орчны газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/962 дугаар албан бичиг, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 02-06/4521 дүгээр албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 02-02/2089 дугаар албан бичгээр дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар 28963 м.кв газар эзэмшигч “О ” ХХК нь ... хууль тогтоомжийг тус тус зөрчсөн нь нотлогдсон гэж үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2.6. Дээрхээс үзэхэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.2-д “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасныг үндэслэн боловч нэхэмжлэгч газрын тухай хууль тогтоомж, гэрээний нөхцөл болзол шаардлагыг хэрхэн зөрчсөн, эрх бүхий байгууллагын дүгнэлтээр ашиглаж буй газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар нөлөөлөх нь тогтоогдсон эсэх талаар хариуцагч байгууллага тодруулаагүй.
2.7. Мөн нэхэмжлэгч “... манай компани С дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын аманд байрлах өөрийн хууль ёсны зөвшөөрөлтэй газар дээрээ зуслангийн байр барихад зориулж 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Сонсох ажиллагаа явуулаагүй” гэж тайлбарлан маргаж, энэ талаарх санхүүгийн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тодруулахад шаардлагатай ажиллагаа буюу нотлох баримтыг цуглуулах, үнэлгээ, үзлэг хийх үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн хувьд хууль ёсны итгэл хамгаалах зарчим алдагдах нөхцөл байдлыг үүсгэжээ.
2.8. Тодруулбал, нэхэмжлэгч компаний маргаан бүхий газарт хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ямар бүтээн байгуулалт хийсэн эсэхийг бүрэн тодруулж, маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон уу эсхүл Төрийн эрх бүхий байгууллага өөрийн газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрээ өөрөө хүчингүй болгосон эсэх нь ойлгомжгүй байхаас гадна С дүүргийн Газар газар зохион байгуулалтын алба нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 14/1303 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид сонсох ажиллагаа хийхээр мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч тус албан бичгийг хэзээ, хэрхэн, хүргүүлсэн, нэхэмжлэгч мэдсэн эсэх хавтас хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдохгүй байна.
2.8. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд дээрх нөхцөл байдлуудыг зайлшгүй тодруулах шаардлагатай.
2.9. Эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр газар ашиглах эрхийг нэхэмжлэгчид тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль, журмын дагуу нэгэнт олгосон байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын үүднээс хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн шийдвэрээ эргэн харж засаж залруулах боломжийг Захиргааны ерөнхий хуулиар олгосон учир гаргасан шийдвэрээ нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөхгүй байх талаар буюу нэхэмжлэгчийн нөхцөл байдлыг дордуулахгүйгээр, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах эрх хуулиар олгогдсон.
2.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар хариуцагчаас гаргасан шийдвэрээ дахин хянаж, шаардлагатай бол шинэ акт гаргах замаар хэргийн бодит нөхцөлд тохирох шийдвэр гаргах шаардлагатай байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул С дүүргийн Засаг даргаас хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.11. Үүнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны байгууллага шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий С дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/000 дугаартай захирамж хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 384 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан С дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/000 дугаартай захирамжийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд С дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/000 дугаартай захирамжийг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг “3” гэж, 3 дахь заалтыг “4” гэж, 4 дэх заалтыг “5” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ