Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
Хэргийн индекс | 148/2016/0075/Э |
Дугаар | 76 |
Огноо | 2016-06-16 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | Б.Долгион |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 76
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, шүүгч С.Нолхоосүрэн, ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Иргэдийн төлөөлөгч Б.Уранчимэг
Нарийн бичгийн дарга Б.Урангоо
Улсын яллагч Б.Долгион
Хохирогч Ю.Лхагвасүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Оргил нарыг оролцуулав.
******* аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96-р зүйлийн 96.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 201618000076 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1988 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ам бүл 2 ээжийн хамт ******* аймгийн ******* сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэг 130 тоотод оршин суух, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг,Улсаас авсан гавъяа шагналгүй, ******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 35 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 01 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан, ******* овогт ******* ******* *******
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч П.******* нь 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ю.Лхагвасүрэнтэй маргалдаж улмаар ******* аймгийн ******* сумын 8-р баг, 2-р хэсэг, ******* тоот хашааны баруун баруун зүгт байрлах гудамжинд Ю.Лхагвасүрэн рүү чулуу шидэж толгойн тус газар нь онож хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд
Шүүгдэгч П.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ......2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед би найзуудтайгаа тааралдаад сагс тогтоод хожигдсон багтаа архи авч өгөхөөр бооцоотой тоглосон. Тэгээд манай баг хожигдсон. Тэгээд дэлгүүрээс 1 шил архи, 1 пиво аваад тэрийгээ уучихаад 17 цагийн үед найзуудаасаа салсан. Харих замдаа тамхи татах санаатай Лхагва ахын гэр рүү нь орсон чинь Лхагваа ах нилээн халчихсан надад уурлаад чи юу юм бэ? гээд дайраад байхаар нь гарахдаа цонхыг нь хагалаад гүйсэн чинь араас гарч ирээд хөөсөн. Тэгээд нилээн хөөгөөд байхаар нь би айлгах гээд чулуу авч шидсэн чинь уначих чиг болсон. Тэгээд би цаашаа гүйгээд явчихсан гэв...... гэх мэдүүлэг.
Хохирогч Ю.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ......2016 оны 03 дугаар сарын 18-нд би архи уусан байсан. Ахтайга архи уугаад халамцуу байсан. Дүүгээ орж ирэхэд нь үглэсэн юм шиг байгаа юм. Тэгээд дүүгээ гараад явахад нь араас нь хөөсөн юм шиг байгаа юм. Тэгээд дүүг чулуу шидэхэд нь оногдсон юм шиг байгаа юм гэв.
Хохирогч Ю.******* 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би 2016 оны 03 сарын 18-ны өдөр өрийн төрсөн ах болох Эрдэнэцогттой хамт Цэргийн баяр тэмдэглэж нэг шил 0.75 грамын архи хувааж уусан юм. Энэ архийг ах бид хоёр хувааж уусан. Ах бид хоёрыг архи ууж байхад манай дүү ******* манай гэрт байсан ба гаднаас манай найз, надтай хамт нэг дор ажилдаг Гантулга гэж залуу орж ирээд гараад явсан. Тэгээд архи ууж дуусаад манай ах Эрдэнэцогт манайд хэсэг хэвтэж байгаад гэрлүүгээ харихаар гараад явсан. Тэгээд намайг гэртээ дүү *******тайгаа байж байхад манай төрсөн эгч Батжаргал миний захисан нэг шил архийг авч ирсэн ба тэр архийг и ихэнхийг нь уугаад эгч Батжаргалд жоохон уулгасан. Тэгээд байж байтал 18 цагийн үед л байх Батжаргал эгчийн хүү Дийдгаа буюу ******* манайд орж ирсэн. Тэгээд дийдгаа бид хоёр манайд маргалдаад би Дийдгааг зайл гээд хөөсөн шиг санаад байгаа юм. Тэгсэн Дийдгаа гэрээс гараад явсан ба гарч яваад манай гэрийн гал тогооны өрөөний цонхны шилийг хагалчихаар нь би Дийдгаагийн араас гарсан юм. Дийдгаа манай гэрийн хашаанаас гараад зугтахаар нь би араас нь хөгөөд явж байсан чинь Дийдгаа над руу чулуу аваад шидчихсэн, би бултаж чадахгүй тэр чулуунд нь оногдсон. Би согтуу байсан болохоор тэр чулуунаас нь бултаж чадаагүй юм. Тэгсэн нэг ухаан орсон эмнэлэгт хүргэгдсэн, өндийгөөд харахад яаралтай тусламж гэсэн өрөөнд хэвтчихсэн миний хажууд нэг цагдаа буюу та сууж байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/
Гэрч Д.******* 2016 оны 03 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Би Лхагвасүрэн ахынд Лхагвасүрэн ахтай хамт 3 хонож байгаа юм. Лхагвасүрэн ах эхнэр хүүхэдгүй, гацаараа амьдардаг, би эхнэр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа учраас тэднийд хэд хонож байсан. Тэгээд өнөөдөр буюу 2016.03.18-ны өдөр Лхагвасүрэн ах , Эрдэнэцогт ах, Эрдэнэцогт ахын хүү хамт хоол ундны юм бэлдээд ир гээд явуулсан ба Эрдэнцогт ах Оргилболд нар хоол хүнсний зүйл бэлдээд Лхагвасүрэн ахад авч ирж өгсөн. Тухайн үед Оргилболд ажилтай гээд буцаад явсан. Тэгээд Лхагвасүрэн ах Эрдэнэцогт ах хоёр цэргийн баяр болж байгаа гээд 0.75 граммын нэг шил архи авч хувааж уугаад сууж байхад нь гаднаас Лхагвасүрэн ахын найз, хамт ажилладаг Гантогтох гээд ах орж ирээд удаагүй гараад явсан. Тэгээд тэр архи ууж дуусаад Эрдэнэцогт ах нийлээд согтоод хэсэг унтаж байгаад босоод гэрлүүгээ явсан. Ю.Лхагвасүрэн ах бид хоёр Лхагвасүрэн ахын гэрт үлдсэн ба удаагүй Лхагвасүрэн ахын эгч Батжаргал Лхагвасүрэн ахыг гэрт орж ирсэн чинь Лхагвасүрэн ах дахиад нэг шил 0в5 граммтай архи Батжаргал эгчтэй хувааж уугаад сууж байсан чинь орой 18 цагийн үед ******* архи уусан байдалтай орж ирж байхад Батжргал эгч ******* орж ирж байна гэсэн чинь Лхагвасүрэн ах ******* орж ирэхээр яадаг юм бэ гэсэн чинь тэр үгийг нь сонсоод та юу юу гээд байгаан гээд тэр хоёр маргалдаж зууралдсан, тэгэхээр нь би очиж салгаад *******ыг гэрээс гаргасан чинь ******* Лхагвасүрэн ахын гэрээс гарч явж байгаад гал тогооны өрөөний цонхыг гаднаас нь гараараа цохиж хагалчихаад цаашаа явчихсанв тэгсэн чинь Лхагвасүрэн ах араас нь гараад явсан. Би уг нь Лхагвасүрэн ахыг гэрээс нь гаргахгүй гэж үзээд хөл муутай болохоор хориглож дийлээгүй. Лхагвасүрэн ахыг гараад явчихаар нь хамаатныхаа Оргилболд гээд залууг дуудсан. х ойрхон байсан болохоор удаагүй ирсэн ба Оргилболдыг араас нь яваадах гэсэн чинь удалгүй Лхагвасүрэн ахыг аваад ороод ирсэн. Лхагвасүрэн ахын толгой нь хагарчихсан байдалтай байсан. Цус гараад тогтохгүй байхаар нь би 103-руу залгаж дуудлага өгсөн. Удалгүй эмч ирээд Лхагвасүрэн ахыг аваад эмнэлэг явсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/
Гэрч Б. 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Буурын голд хадмындаа сууж байхад орой 18 цагийн үед ******* ах миний гар утасруу залгаад Лхагвасүрэн ах ******* хоёр маргалдаад байна би тэр хоёрыг салгаад *******ыг явуулсан. Тэгсэн ******* нь Лхагвасүрэн ахын цонхыг хагалсан чинь Лхагвасүрэн ах *******ын араас гараад явчихлаа. Би хөлөө хугалсан араас нь явж чадсангүй гэсэн....би урд гудам руу гараад харсан чинь гэрээсээ 100 орчим метрийн цаана Лхагвасүрэн ах доошоо тонгойчихсон өвдөгөө тулаад зогсож байсан. яваад очтол толгойноос нь цус гарчихсан, тэр хавийнх нь газар баахан цус болчихсон байхаар нь суганаас нь өргөж гэрийнх нь хашаанд авч ирээд толгойг нь угаагаад байж байх хооронд ******* түргэн дуудсан байсан. Удаагүй эмч нар ирээд ахыг аваад явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/
Гэрч Э. 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Манай найз П.******* нь өөрийн хамаатны ах болох ******* толгойруу чулуу шидчихсэн гэсэн Лхагвасүрэн ах архи уучихаад хэрүүл маргаан хийгээд араас нь хөөгөөд байхаар нь газраас чулуу аваад шидчихсэн гэсэн. Тэгээд Лхагвасүрэн ах толгойдоо гэмтэл авсан гээд цагдаад шалгагдаж бйагаа гэж сонссон. Энэ талаар өөрөө надад хэлж ярьсан....гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/
Гэрч С. 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Манай найз П.******* нь ээжийнхээ төрсөн дүү болох Лхагвасүрэн гэдэг ахын толгой руу чулуу шидчихсэн. Тэр чулуу нь Лхагвасүрэн ахын толгойг онож гэмтээсэн гэсэн. Энэ талаар ******* өөрөө надад утсаар хэлж ярьсан. Лхагвасүрэн ах согтуу *******тай хэрүүл маргаан хийсэн гэсэн. Тэгэхээр нь ******* гараад явсан чинь араас нь Лхагвасүрэн ах нь гарч ирээд хэрүүл хийгээд хөөгөөд байхаар нь газраас чулуу аваад шидчихсэн гэсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/
Гэрч Д. 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр намайг өөрийн төрсөн дүү болох ******* гэрт Даариймаагийн хүүхэд болох ******* нарын хамт байж байхад миний хүү ******* гаднаас орж ирсэн чинь Лхагвасүрэн чи муу хэн ч биш юм байж архи уулаа. Чи муу ер нь хэн юм бэ гэсэн чинь ******* уурлаад тэр хоёр зууралдаад авсан чинь ******* салгаад ******* гэрээс гараад явсан. *******ын араас Лхагвасүрэн мангар бацаан энэ тэр гээд орилоод байж байсан чинь удаагүй ******* байшингийн цонх хагарах шиг болсон. Тэгсэн чинь Лхагвасүрэн гэрээсээ гараад явсан тэрнээс хойш юу болсон талаар надад харсан мэдсэн зүйл байхгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн тухай ******* тоот шинжээчийн .....Ю.******* биед гавал ясны зузаан баруун хэсгийн цөмөрсөн хугарал толгойн зулайн баруун хэсэгт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт /хх-ийн 41 тал/
Шинжээч эмчийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2746 тоот ....Хэргийн газраас авсан гэх чулуун дээр цус илэрсэн. Бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй. Чулуун дээрх 1 ширхэг үс мэт зүйл нь хүний үс байна. бүлгийн харъяаллыг болон ДНХ-ын бүтцийг тогтоох боломжгүй. Хэргийн газраас авсан гэх №2, №4 гэсэн толбуудад цус илэрсэн. Энэ нь В/III/ бүлгийн харъяалалтай хүний цус байна. №3 гэсэн үс мэт зүйлс нь хүний үс байна. Энэ нь B/III/ бүлгийн харъяалалтай хүний үс байна. Хохирогч гэх Ю.******* цус нь В/III/ бүлгийн цус байна. Сэжигтэн гэх П.*******ын цус нь О/I/ бүлгийн цус байна... гэх дүгнэлт /хх-ийн 45 тал/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 дүгээр тал/
Яаралтай тусламжийн хуудсын хуулбар /хх-ийн 35-40 дүгээр тал/
******* аймгийн ******* сумын 8-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-64 дүгээр тал/
******* аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 35 тоот шийтгэх тогтоолын хуулбар 67-69 дүгээр тал/
Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 78 дугаар тал/ зэрэг болно.
Шүүгдэгч П.******* нь 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ю.Лхагвасүрэнтэй маргалдаж улмаар ******* аймгийн ******* сумын 8-р баг, 2-р хэсэг, ******* тоот хашааны баруун баруун зүгт байрлах гудамжинд Ю.Лхагвасүрэн рүү чулуу шидэж толгойн тус газар нь онож хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд; Хохирогч Ю.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн, гэрч Д.*******н /хх-ийн23/, Б. /хх-ийн 25/, Э. /хх-ийн 26/, С. /хх-ийн 27/, Д. хх-ийн 28-29/ нарын мэдүүлэг, шинжээчийн ******* тоот дүгнэлт /хх-ийн 41/, билогийн шинжээчийн 2746 тоот дүгнэлт /хх-ийн 45/ болон шүүгдэгч П.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.
Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн хууль сануулж авсан мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв. Учир нь дээрх хохирогч, гэрчүүд нь бүгд бие биенээсээ таньж мэддэг, зарим нэг нь хамаатан садан төдийгүй хоорондоо таарамжгүй харилцаа хувийн өш хонзон зэрэг асуудал байхгүй байгаа болно.
Шүүгдэгч П.*******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ...П.*******т хохирогч Ю.******* биед хүнд гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй бөгөөд чулууг авч шидэхдээ түүнийг айлгах зорилгоор шидсэн бөгөөд учирсан хор уршгийг учруулахгүй байх гэж хөнгөмсөгөөр найдсан үйлдэл байгаа тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар зүйлчилж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27 дугаар зүйлийн 27.2-д ...гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцоолон үйлдсэн бол хөнгөмсөгөөр найдсан гэж үзнэ гэж заажээ.
Шүүгдэгч П.*******ын хохирогч Ю.Лхагвасүрэн лүү чулуу авч чиглүүлэн шидэж байгаа үйлдэл нь ийм хүнд гэмтэл учрахыг мэдэж байсан ба харин уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар шүүгдэгч П.*******ын үйлдлийг шууд бус санаатай үйлдсэн үйлдэл гэж шүүх дүгнэж байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасан ...хор уршгийг учруулахгүй байж чадна гэж хөнгөмсөгөөр найдсан... үйлдэл биш бөгөөд болгоомжгүй төрлийн хэрэг нь санаа зорилго үйлдэл нь бүгд болгоомжгүй байдаг.
Шүүгдэгч П.*******т ял шийтгэл оногдуулахдаа өмнө нь ял шийтгэл хүлээж байсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлгүйд тооцогдсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл, үйл ажиллагаа нөлөөлсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, мөн хохирогчийн зүгээс хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байгаа, хохирогчийн эрүүл мэндийн байдал эмчлэгдэж хэвийн болсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55'-р зүйлийн 55'.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96-р зүйлийн 96.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д зааснаар шүүгдэгч П.*******ын биечлэн эдлэх 03 жил 05 сарын хорих ялыг түүний хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсны улмаас шүүгдэгчтэй зүй бусаар харьцсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал зэргийг харгалзан дэглэмийг хөнгөрүүлж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон хөрс шорооны дээж 3-н хэсэг, хүний үс нэг хэсэг, чулуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297 -р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д заасныг журамлан ******* овогт ******* *******ыг мөн хуулийн тусгай ангийн 96-р зүйлийн 96.1-д заасан Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55'-р зүйлийн 55'.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96-р зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******т 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн мөн зүйлийн 52.5-д зааснаар П.*******т оногдуулсан 03 жил 05 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон хөрс шорооны дээж 3-н хэсэг, хүний үс нэг хэсэг, чулуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Шүүгдэгч П.*******т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ
ШҮҮГЧИД С.НОЛХООСҮРЭН
Б.ЭРДЭНЭХИШИГ