Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 29

 

                             

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                              114/2019/0010/З/

  Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа, иргэдийн төлөөлөгч Д.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Нэхэмжлэгч: Б.Баатар, Б.Баттүвшин, А.Оюунцэцэг, Ё.Сүхбат, Я.Сарангэрэл, Ш.Бааст,Т.Өлзийбаяр, Х.Гантөгс, Г.Долгорсүрэн, Г.Гантөмөр, Г.Бадамцэцэг, Б.Сүрэнжав   Ч.Энхтуяа, Ц.Найдан,С.Цэрэнхүү нарын 15 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Ж.Оюун,

          Нэхэмжлэгч: Т.Чимэгсайхан, Ц.Зоригтбаатар, Ц.Дарьсүрэн, Д.Амарзаяа, Ц.Дамдинсүрэн, М.Туяа, Б.Нямаа, Ц.Алтангэрэл, Я.Отгонбаяр, М.Мөнхзул, Б.Лхагважав, Л.Сангийндалай, С.Галбаатар, Г.Анхцэцэг, Б.Отгонбаяр, Г.Анхбат, Д.Отгончимэг, Б.Отгонтамир, Б.Нарантуяа, Ц.Энхжаргал, Б.Гансүх, Г.Эрдэмсайхан, Т.Баатаржав, Б.Алтанзул, Г.Цогтсайхан, Б.Бүрэнхишиг, П.Ганболд, Х.Халтар, С.Наранцэцэг, Г.Гантулга, Б.Цэрэндолгор, Г.Билэгдэмбэрэл, Ж.Ванчинсүрэн, А.Оюунтуул, Н.Цэнд-Очир, Э.Өлзийхишиг, Х.Зоригоо нарын 37 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Б.Цогзолмаа, И.Даваасүрэн,

 Нэхэмжлэгч: Л.Тамирхүү, Д.Баасандорж, Ш.Мишигдорж, Ш.Баяраа, Б.Рабигаа, Ш.Шагдарсүрэн, В.Алтанцэцэг,М.Даваний, Б.Энхбайгаль, Л.Мөнхцэцэг нарын 10 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Н.Лхагвасүрэн нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох

 

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13/04 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 тогтоолын Хар бэлчирийн хөндийн 25 га газар, 8 дугаар бригадын 13 га газруудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч 62 иргэний  итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд

нэхэмжлэгч:                                                                          Ж.Оюун, И.Даваасүрэн,

                                                                                              Б.Цогзолмаа, Н.Лхагвасүрэн,

 Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч :                        Л.Оюунсувд

 Хариуцагч: Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

 итгэмжлэгдсэн төлөөлөгч:                                                  Т.Ганболд, Л.Алтанчимэг                                                            

 Хариуцагч Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

 итгэмжлэгдсэн төлөөлөгч:                                                   Б.Мөнхбаяр,

 Иргэдийн төлөөлөгч:                                                            Д.Батсайхан нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Оюун, Б.Цогзолмаа, И.Даваасүрэн, Н.Лхагвасүрэн,  нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон 2019 оны 11 дүгээр сарын 19 өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 тогтоолоор Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэхийг дэмжсэн шийдвэр гаргасан. Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багт 30 гаруй өрх айл хамрагддаг. Энэ шийдвэрийн улмаас Хонгор сумын 1,2 дугаар багийн малчин айл өрхийн эрх ашиг зөрчигдөж, амьжиргааны эх үүсвэр болсон малаа бэлчээх бэлчээргүй болж цаашид амьдрахад нэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 тоот тогтоолыг  2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн ИТХ-аар хэлэлцээд уг тогтоолыг дэмжсэн 13/04 тоот тогтоолыг гаргажээ. Уг тогтоолоор Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр дэх 895 га атар газрыг тариалангийн газарт шилжүүлэхийг баталсан байна. Энэ 895 га газар нь  Хонгор сумын бэлчээрийн газар бөгөөд иргэдийн өвөлжөө, хаваржаа, болон  Өндөр хөвч, Бэлчирийн шугуй ойн нөхөрлөлүүдийн ойг хамгаалах зориулалтаар эзэмшүүлсэн газруудтай давхцаж байгаа юм.Мөн Хонгор сумын ИТХурал нь газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 29-ны 01 тоот тогтоол гаргаж, энэ тогтоолын 1 дэх заалтаар Хонгор сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулахдаа Хар бэлчирийн хөндийн 25 га газар болон 8-р бригадын /Загт өндөр/ 13 га газрыг тус тус  эрчимжсэн мал аж ахуйн фермерийн газар болгох шийдвэр гаргасан байна.

Энэ  газарт  мал бүхий иргэд амьдардаг ба тэдний малаа бэлчээх, хадлан өвсөө бэлтгэж хадах, малын хаваржаа, зуслан байрладаг, бүгд 5-15 жилийн хугацаатай газар эзэмшиж байна. Энэхүү тогтоолуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчсөний учир иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13/04 тоот тогтоолуудыг, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 тогтоолын Хар бэлчирийн хөндийн 25 га газар, 8 дугаар бригадын 13 га газруудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

           Нэхэмжлэгч Б.Баатар, Б.Баттүвшин, А.Оюунцэцэг, Ё.Сүхбат, Я.Сарангэрэл, Ш.Бааст,Т.Өлзийбаяр, Х.Гантөгс, Г.Долгорсүрэн, Г.Гантөмөр, Г.Бадамцэцэг, Б.Сүрэнжав   Ч.Энхтуяа, Ц.Найдан, С.Цэрэнхүү нарын 15 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Ж.Оюун шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  Төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх гээд сууж байгаа хариуцагч нарт бид баярлаж байгаа, гэхдээ төр засгийн бодлого шийдвэрийг буруу байна гэж бид огт эсэргүүцээгүй, ганцхан хэрэгжүүлэх арга зам нь буруу байна. Би тэнд 5 жил амьдарч байгаа өндөр насны тэтгэвэрт гарсан хүн байна. Хонгор суманд өөр өчнөөн талбай газар байсаар байтал цөөн малаа маллаж ашиг шимээр нь амьдарч байгаа малчин иргэдийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаад байгааг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй, би бол гомдолтой байгаа, мөн би малчдаа төлөөлж хэлж байна, малчин хүн бэлчээргүй мал маллах уу, малчин хүн хадлангүй мал маллах уу, үгүй юм аа. 2018 онд Хөдөө аж ахуйн газарт 776 га газрыг өгчихсөн, 2019 онд сумын иргэдийн хурлын тогтоол, аймгийн иргэдийн хурлын тогтоол гарчихсан байхад бид мэдээгүй, сургаар сонсож бид хуралдсан. Одоо тэнд 30-д айл байгаа энэ айлууд 20-30 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээтэй газар эзэмшээд сууж байгаа Өөр зөндөө газар байна яагаад заавал биднийг бэлчээргүй, хадлангийн талбайгүй болгоод байгааг ойлгохгүй байна. Тийм учраас энэ газрыг бидний эзэмшилд үлдээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Чимэгсайхан, Ц.Зоригтбаатар, Ц.Дарьсүрэн, Д.Амарзаяа, Ц.Дамдинсүрэн, М.Туяа, Б.Нямаа, Ц.Алтангэрэл, Я.Отгонбаяр, М.Мөнхзул, Б.Лхагважав, Л.Сангийндалай, С.Галбаатар, Г.Анхцэцэг, Б.Отгонбаяр, Г.Анхбат, Д.Отгончимэг, Б.Отгонтамир, Б.Нарантуяа, Ц.Энхжаргал, Б.Гансүх, Г.Эрдэмсайхан, Т.Баатаржав, Б.Алтанзул,  Г.Цогтсайхан,  Б.Бүрэнхишиг, П.Ганболд, Х.Халтар, С.Наранцэцэг, Г.Гантулга,  Б.Цэрэндолгор,  Г.Билэгдэмбэрэл,  Ж.Ванчинсүрэн, А.Оюунтуул, Н.Цэнд-Очир, Э.Өлзийхишиг, Х.Зоригоо нарын 37 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Б.Цогзолмаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 2007 онд үхэр, мал зээлээр авч мал дээр гараад тухайн газраа байшин, үхрийн хашаа бариад амьдарч байтал сум орон нутгаас нүү гэсэн, бид хаашаа хандах, яаж нүүхээ мэдэхгүй хүнд байдалд хүрсэн, энэ шийдвэр бидний эрхийг зөрчиж байна, хэлэлцүүлэг хийсэн гэж Б.Мөнхбаяр сая хэлсэн ба үнэн хэрэгтээ хэлэлцүүлэг огт хийгээгүй, би энэ асуудлаар аймгийн засаг дарга Насанбат болон Атархишиг дарга нартай уулзаж байсан. Энэ асуудлын ард айл өрхийн амьдрал байна, энэ 30-аад айлыг хаана амьдар гэж ийм шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна, Төр засгийн удирдлагууд нь ийм шийдвэр гаргаж байхад бид хэнд итгэх юм мэдэхгүй, маш их гомдолтой байна гэв.

 

Нэхэмжлэгч: Л.Тамирхүү, Д.Баасандорж, Ш.Мишигдорж, Ш.Баяраа, Б.Рабигаа, Ш.Шагдарсүрэн, В.Алтанцэцэг,М.Даваний, Б.Энхбайгаль, Л.Мөнхцэцэг нарын 10 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Н.Лхагвасүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 тоот тогтоол, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13/4 тоот тогтоол, Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 тогтоолууд дээр Талын толгойн 776 га, Дархан түлээтийн 55 га, 47 га, Хар бэлчирийн 25 га, 8 дугаар бригадын 13 га газруудыг тариалангийн талбайд шилжүүлсэн. Эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар ашиглахаар шийдвэр гаргасан байна.

Би үүнийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа, Газрын тухай хуульд нийтийн эдэлбэр газар гэж байгаа, энэ хуулийн 6.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана гэж заасан байгаа 6.2.1-т бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар, 6.2.4-т ойн сан бүхий газар, гэж оруулсан байгаа тэгэхээр эдгээр нь нийтийн эдэлбэр газарт харьяалагдаж байгаа газруудыг шийдвэр гаргаж байна. Мөн хуулийн 22.1.1.нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтыг багийн нийтийн хурал зохион байгуулна гэж заасан байгаа, мөн Ойн тухай хуульд багийн иргэдийн нийтийн хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 19.1.1-т Ойг хамгаалах зохистой ашиглахыг багийн иргэдийн нийтийн хурал хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Багийн иргэдийн нийтийн хурлаа хийгээд хэлэлцүүлээд сонсох ажиллагаа явуулаад энэ тогтоол шийдвэрүүдийг гаргах ёстой, гэтэл энэ ажлуудаа хийгээгүй хууль зөрчсөн, мөн хэлэлцүүлэг хийгээгүйгээс болж алдаатай шийдвэрүүд гарсан гэж үзэж байгаа, жишээ нь тариалангийн талбайн нийт ашиглалтын зурвас нь талбайн захаас 100 метрт байна гэж заасан байгаа. Мөн тус хуулийн 24.2-т тариалангийн талбайн захаас 500 метр зайд мал бэлчээж оторлох, бэлчээрийн мал аж ахуй өвөлжөө зуслан намаржаа байхыг хориглоно гэсэн заалт байгаа.

Өнөөдөр гаргасан шийдвэрт орсон байгаа Талын толгойн 776 га гэдэгт иргэдийн зөвшөөрөлтэй газар эзэмших эдэлбэр мөн өвөлжөө хаваржаа орохоос гадна тухайн атар газар тариаланд шилжүүлсэн шийдвэр хилийн цэсээс 500 метрийн зайд миний үзэж тогтоосноос 9 объект, тэр дундаа бэлчээрийн мал аж ахуйн эдэлбэр газрын 3/1 орсон байх жишээтэй, ийм  байдлууд  ажиглагдаж  байгаа  ба  Дархан-Уул  аймгийн  Газрын  харилцаа

Барилга хот байгуулалтын газрын газрын харилцаа кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Батчулууны гаргаж өгсөн зураг нотолж байгаа,  зураг дээр бүхэл бүтэн нэг айлын газар тэр газарт нь орсон, хилийн цэсээсээ тухайн айлуудын объектууд ямархуу хэмжээтэй байгаа нь маш тодорхой харагдаж байгаа. Мөн  Хонгор сумын газрын даамалын гаргаж өгсөн зураг дээр давхацсан харагдаж байгаа, Дархан-Уул аймгийн Иргэдийн хурлын тогтоолын хавсралт 01/23 тоот 148 дугаар хуудсанд байгаа, мөн энэ Батчулууны гаргаж өгсөн зургууд нь хоорондоо зөрчилдөж байгаа. Анхны иргэдийн хурлаар тогтоосон 16 кординат бүхий газрын зургаас сүүлд гаргаж ирсэн зураг нь 19 цэг бүхий зураг байгаа, аймгийн иргэдийн хурлын тогтоол шийдвэрийг бусад ямар нэгэн байгууллага өөрчлөх цуцлах эрх байхгүй энэ нь тодорхой хуулиар зохицуулагдаж явдаг.

Хар бэлчир, Өндөр хөвч гэх нөхөрлөлүүдийн эзэмшилд байгаа Хар бэлчирийн 25 га, Загт өндөрийн 155, 47 га гэсэн 2 нэгж тариалангийн талбай нь Ойн тухайн хуулийн хамгаалалтын бүс гэдэгтэй давхцаж байгаа, хэргийн 196, 195 дугаар хуудсанд Бэлчирийн шугуй, Өндөр хөвчийн газруудын зураг байгаа, мөн Ойн ангиас ирүүлсэн бичигт хамгаалалтын бүсэд Дархан-Уул аймгийн нийт ой хамгаалалтын бүсэд оршдог гэдгийг нотолсон нотолгоо байгаа. Ойн сан үйл ажиллагаа явуулахдаа хамгаалалтын бүсийн дэглэмийг хуульд заасны дагуу харгалзан үзэж үйл ажиллагаагаа явуулах ёстой. Энэ нь хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчсөн ийм зөрчлүүд байна. Иймд энэ шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

  Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг шаардлага гаргаж байгаа иргэд төлөөлөгчдөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ олгосон итгэмжлэл нь хуулийн шаардлага хангасан, нотариатаар гэрчлүүлсэн  итгэмжлэл байгаа. Зоригтбаатар Баяртайван, Б.Цогзолмаа Амарзаяа Зоригоо гэсэн 5 өрхийн газар давхцал үүссэн бусад хүмүүсийн эрх ашиг яаж хөндөгдөөд байна гэхээр 1-рт малын бэлчээргүй боллоо, хадлан тариагаа бэлтгэх газаргүй боллоо гэж энэ хүмүүс гомдол гаргаж байгаа.

Гэтэл захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26,27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулахдаа мэдээлээгүй, сонсох ажиллагаагаа ямар хэлбэрээр явуулах талаар бүгдийг хуульчлаад заасан, сонсох ажиллагаа явуулаад байхад та нар хаагуур нь үлдсэн юм бэ энэ сонсоогүй үлдсэн асуудал бидний асуудал биш гэсэн агуулгаар тайлбар хийгээд байна. Малчдын зөвлөгөөн гээд яриад байгаа 2 сарын 24-ний өдрийн хэлэлцүүлэг гэдэг нь малчдын зөвлөгөөн байгаа, тэгэхээр энэ гэрчүүдийн мэдүүлгээр эрх ашиг нь хөндөгдсөн буюу хөндөгдөж болзошгүй

этгээдүүдэд хэлэлцүүлэг огт хийгдээгүй байна гэдэг нь нотлох баримтаар нотлогдож байна.Энэ гаргасан шийдвэр нь эрх зүйн зөрчилтэй шийдвэр болсон учраас үүнийг хүчингүй болгож өгөөч гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байгаа гэжээ.

 

Хариуцагч Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан 895 га атар газрыг тариалангийн газарт шилжүүлэхийг дэмжих тухай тогтоолыг гаргахдаа Тариалангийн тухай хуулийн 5.1-д заасны дагуу Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал атар газрыг тариалангийн газарт шилжүүлэхийг дэмжсэн тогтоол гаргасан. Мөн Хонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” тогтоолын Хар бэлчирийн хөндийд 25 га, 8 дугаар бригадын орчимд 13 га газруудад эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулж тусгасан.

Би тэр газарт очиж үзсэн дээрх газрууд нь иргэн, аж ахуй нэгжийн эзэмшил газартай давхцал байхгүй аймгийн төв дээр байгаа айлуудыг нүүлгэнэ гэж ярьсан болохоос энэ айлуудыг нүүлгэнэ гэж огт яриагүй. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолоор аймгийн Хонгор сумын 1,2,3 дугаар багийг тариалангийн бүс нутагт хамруулсан бөгөөд  Засгийн газрын тогтоолыг үндэслэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, аймгаас мөн дэд хөтөлбөрийг боловсруулж баталсан байгаа. Энэ дэд хөтөлбөрийг боловсруулахад ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгээс дэд хөтөлбөрийг танилцуулж, сонсох ажиллагааг явуулсан байгаа. Тухайн үед хөтөлбөр танилцуулж байхад иргэдээс ямар нэгэн эсрэг санал  яригдаагүй, иргэд санал бодлоо танилцуулж байсан, энэ тухай тэмдэглэл хөтөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

       Хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд, Л.Алтанчимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг хийх, инновацийг нэвтрүүлэх, Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх, өндөр ашиг шимтэй махны чиглэлийн үүлдрийн үхрийг эрчимжсэн технологиор өсгөж үржүүлэх, бэлчээрийн маллагаатай үхэр, хонийг махны чиглэлээр өсгөн бойжуулах, малын тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулахыг дэмжих, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, малын таримал тэжээлийн үр үржүүлгийн үйл ажиллагааг дэмжих зэрэг олон зорилт, арга хэмжээнүүд тусгагдсан.

Мөн аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “аймгийн хэмжээнд бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг зохистойгоор хослуулан хөгжүүлнэ” хэмээн тусгасан. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 400 дугаар тогтоолоор “Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих Үндэсний хөтөлбөр”-ийг баталж, улмаар 2018 оны 131 дүгээр тогтоолоор тариалангийн бүс нутгийг тогтоосон. Уг тогтоолын 1.3-т “Дархан-Уул аймгийн Орхон сум, Хонгор сумын 1,2,3 дугаар багийг тариалангийн бүс нутагт хамруулж, мөн тогтоолын 2 дахь заалтаар орон нутгийн хөгжлийн бодлого, аймаг, сумын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, төрөлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослон хөгжүүлэх ажлыг хамрагдсан аймаг, сум бүр төлөвлөгөөтэй, үе шаттайгаар зохион байгуулах, тариалангийн бүс нутагт мал аж ахуй эрхэлж байгаа малчдын малыг бэлчээр, ус бүхий нутагт шилжүүлэх, мал сүргээ төрөлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа хийж бүх талын дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авахыг аймгийн Засаг дарга нарт даалгаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсөн.

       Дээрх асуудлуудыг эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах, шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгах арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгож ажилласан. Улмаар аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан “Дархан-Уул аймгийн эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлуулсан. Дэд хөтөлбөрийн төслийг аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхимаар хэлэлцүүлж иргэдийн саналыг авах арга хэмжээг 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Иргэний танхимтай хамтраад хэлэлцүүлэг хийсэн. Тус хэлэлцүүлэгт Хонгор сумын иргэд, албан тушаалтан, Дархан сумын 1,2,3, 15, малчин баг сумдын Хөдөө аж ахуйн тасгийнхан бүгд орсон. Хонгор сумын хурал нэг бүлэгтэй юм байна лээ, бүлгийн хуралд 20 гаруй төлөөлөгч оролцсон, тэр төлөөлөгчдийн хурлын протокол байгаа, гэхдээ эсэргүүцсэн хүн ч байсан 80 гаруй хувь нь дэмжиж сумын хуралд оролцуулна

гэсэн санал гаргасан. Дахиад сумын хуралд би очсон энэ асуудлыг би өөрөө танилцуулсан, нэлээд удаан хэлэлцүүлэг болсон 960 га газар санал болгоод Хар бэлчирийн хөндийн 66 га газрыг хассан, энэ болохгүй малчдын бэлчээр гээд бид зөвшөөрсөн. Хар бэлчирийн хөндийд 25 га, энэ бол уулын ам, тэнд нэг ч өвөлжөө хаваржаа байхгүй, намар би очиж хүмүүстэй нь уулзсан хүмүүс ч ойлгосон. Ийнхүү уламжлалт мал аж ахуйг эрчимжүүлэх, газар тариалантай хослон хөгжүүлэх чиглэлээр гарсан Засгийн газар бусад байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх талаар зохих арга хэмжээг авч ажилласан.

       Нэхэмжлэгч  Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13/04 дүгээр тогтоолуудыг Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалтыг зөрчсөн хэмээн дурджээ. Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байрыг хориглоно” гэсэн нь малчид, мал бүхий иргэдэд тогтоосон зайнд дээрх үйл ажиллагаа явуулах болон өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа барьж байгуулахыг хориглосон зохицуулалт юм. Түүнээс биш өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны дэргэд тариалангийн газар байрлахыг хориглосон зохицуулалт биш  иймд дээрх тогтоолууд нь тариалангийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна.

      Малчид, мал бүхий иргэдийн хадлан хадах, талбайг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас тусгайлан тогтоодог бөгөөд дээрх Хар бэлчирийн хөндийн 25 га газар болон 8 дугаар бригадын 13 га атар газрууд нь хадлангийн газарт хамаардаггүй. Дээрх газрууд нь малчдын хаваржаа, зуслангийн газартай давхцаагүй ба энэ талаар тухайн газруудын ойролцоо амьдардаг малчдаас ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Иргэний танхимын хэлэлцүүлгийн үеэр ч ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Мөн ойн нөхөрлөлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тухай нэхэмжлэлдээ дурдсан байх бөгөөд Ойн тухай хуульд ойн нөхөрлөлийн эрх, үүргийг тодорхой заасан байдаг. Ингэхдээ ойн нөхөрлөлийн гэрээгээр эзэмшиж байгаа газарт эрчимжсэн болон бэлчээрийн аж ахуй байгуулахыг хориглосон заалт байхгүй байна. Мөн дээрх газрууд ойн санд хамаарахгүй тул ойн нөхөрлөлүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй.

      Нэхэмжлэлд хавсаргасан багийн иргэдийн Нийтийн хуралд оролцсон гэх хүмүүсийн гарын үсэг бүхий баримтаас үзэхэд уг хуралд нийтдээ 57 хүн оролцжээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “баг, хорооны хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас... нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасан. Хонгор сумын 2 дугаар баг нь багийн Засаг даргын тодорхойлолтоор нийт 508 өрхтэй бөгөөд хуульд зааснаар 127-оос доошгүй хүн оролцож байж тухайн хурал хүчин төгөлдөр болно. Гэтэл хуралд оролцсон гэх 57 хүний талаас илүү хувь нь өөр сум, багийн иргэд байна.

Мөн итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу итгэмжлэл олгогдох ёстой, гэтэл иргэд өнөөдөр эдгээр иргэд цахим үнэмлэхээ өгөөч гэж явсаар гэрээс нь очиж авсан, хүмүүсийн гарын үсгийг цуглуулж авсан гэх бөгөөд иргэний үнмэлэхийг ямар зүйлд хэрэглэх гэж байгааг иргэд ойлгоогүй гэж ярьж байсан, Энэ бүгдээс үзэхэд хуралдсан гэх багийн иргэдийн Нийтийн Хурал нь хүчин төгөлдөр бус байх ба уг хурлаас сонгогдсон гэх тухайн багийн иргэдийг төлөөлж нэхэмжлэл гаргасан нэр бүхий 4 иргэн нь шүүхэд төлөөлөх эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн чадамжгүй юм.

Иймд уг нэхэмжлэлийг бүхэлд нь буцаах эрх зүйн үндэслэл ч байгаа болно. Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд нь атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх асуудлыг хэлэлцээд зөвхөн дэмжин эрх бүхий байгууллагад уламжилсан ба эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах эрхтэйг дашрамд дурдая. Энэ үйл явдал нь тариалангийн бүсээ хамгаалж дээрээс нь малчдаа дэмжиж байгаа юм. Эрх ашгийг нь хохироогоогүй, зорилго нь тоогоо чанарт шилжүүлье, өндөр ашиг шимтэй малаар үйлдвэр угсаагаа сайжруулъя, Төр засгийн шийдвэрийг хамтарч хэрэгжүүлье гэснээс биш малчдыг бид нэг ч айлыг нүү гэж хэлээгүй, аймгийн хурлын тогтоол дээр нүү гэсэн нэг ч шийдвэр байхгүй, зохицоод хамтарч ажиллая гэсэн. Иймд дээрх үндэслэлүүдээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 13/04, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01, 02 дугаар тогтоолуудыг  хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

           

Гуравдагч этгээд Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус байгууллага нь  үндсэн чиг үүргийн дагуу МУЗГ-ын 2018 оны 400 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих Үндэсний хөтөлбөр  131-р тогтоолоор батлагдсан “Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай ” тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан Дархан-Уул аймгийн эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг дэд бүтцийн нэгж мал үржлийн алба, сумуудын Хөдөө аж ахуйн тасаг, холбогдох мэргэжлийн байгууллагууд, хувийн  хэвшлийн аж ахуйн нэгжүүд, иргэд, малчдын дэмжлэгтэйгээр зохион байгуулан ажиллаж байна. Нөгөө талаар эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих чиглэлээр тус аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нар өөрсдийн хуулинд заагдсан эрх мэдлийн хүрээнд онцгойлон анхаарч ажиллаж байгаа бөгөөд өөр өөрсдийн чиглэлээр мэргэжлийн байгууллага болох аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын зүгээс тавьж байгаа олон ажлуудыг шийдвэрлэн ажиллаж байгаа ажлуудын нэг нь дээр дурдсан иргэдийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой газрын эзэмшлийн асуудал байгаа болно. Хонгор сумын Засаг даргын 2018 оны 88 дугаар захирамжаар манай байгууллагын нэр дээр 776 га газрыг олгосон бөгөөд энэхүү 4502003323 дугаар бүхий  газар нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдамжтай улсын хэмжээнд зохион байгуулагдсан Төрийн өмчийн тооллогоор тоологдож байгууллагын балансад тусгагдан болно.

 Уг газрын зориулалт нь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор болон олон наст, буурцагт ургамал тариалах зориулалтаар олгогдсон болно. Тус байгууллагын Төрийн өмчийн дахин үнэлгээгээр бүртгэгдсэн тус байгууллагын балансад тусгагдсан 4502003323 тоот талбарын дугаар бүхий 776 га газар нь цаашид “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ашиглагдахаар төлөвлөгдсөн талбай болно гэжээ.

 

Гэрч Д.Батчулуун мэдүүлэгтээ “...кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн” 16 дугаар зүйлийн 16.9, 16.10, 16.11, 16.13 дахь заалтуудад заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн эзэмшил газартай давхцаж болохгүй байсан учраас 16 дахь цэгийг өөрчилж зурсан. Энэ зургаас харахад Б.Баяртайван гэх айлын газар давхацсан харагдаж байна. Тухайн үед 2018 оны иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол гарахад Бямбаагийн Баяртайваны фермерийн зориулалттай газар нь мэдээллийн санд байгаагүй, улмаар 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 101 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай сунгалт хийж мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийж оруулснаар тухайн иргэний газар 776 га газрын баруун урд өнцөгт давхцалтай болж гарч ирсэн байна. Иймд кадастрын зургийн сумын газрын даамал өөрчлөлт хийж шинэчилсэн байна. Нэхэмжлэл гаргасан 66 иргэний газар нь тухайн маргаан бүхий газартай давхацсан зүйл байхгүй. Тухайн 776 га газар нь бэлчээр хадлангийн зориулалттай газарт хамаарч байна...” гэжээ.

Гэрч Б.Баатарцол мэдүүлэгтээ: Аймгийн ЗДТГ-ын хүсэлтээр манайх Талын толгой орчим 776 га газар, Дархан Түлээт уулын ард 3 хэсэг нийтдээ 150 орчим га газраас дээж авсан. Дээж авахад Газрын албаны ажилтан Нямдорж, Мөнхчулуун, ХААГ-ын Нэмэхбат /агрономич/, манай лабораторийн эрхлэгч Зандраагомбо, миний бие бас явалцсан. Газрын албаныхан талбайн байрлалыг зааж өгч, 776 га газар нь дундуураа гуу жалга ихтэй, өндөр хүчдэлтэй, газрыг жижиг жижиг болгож тариаланд ашиглаж болох юмаа гэсэн шинжилгээний дүнг гаргаж өгсөн. Дээрх газруудад тариалан тариалахад болохгүй юм байхгүй...” гэв.

Гэрч Т.Атархишиг мэдүүлэгтээ: “...Манай аймгийг газар тариалангийн бүс болгосонтой холбогдуулан Ургамал газар тариалангийн хүрээлэнгээс бичиг авч дээрээс нь ОХУ-аас мэргэжилтэн нар ирж үзээд эдгээр газар нь боломжтой гэж үзсэн юм билээ. Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 тоот тогтоолын төслийг гаргахдаа Тариалангийн тухай хуульд заасны дагуу сумын Засаг даргын саналыг үндэслэн атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ гэсний дагуу шийдвэрлэсэн. Тогтоолын төсөл буюу 961 га газрыг тариалангийн газарт шилжүүлэх, 25, 13 га газрыг эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр олгох  төслийг боловсруулахдаа эрх ашиг хөндөгдөх, хөндөгдөж болзошгүй этгээдүүдэд малчдын зөвлөгөөн хийсэн. Малчдын зөвлөгөөн дээр мэдээлэл өгсөн учраас ЗЕХ-ийн дагуу арга хэмжээ авсан гэж үзэж байна. Энэ газар нь иргэдийн хаваржаа мэдэхгүй, өвөлжөөтэй бол давхцаагүй...” гэжээ.

Гэрч Л.Өлзийхишиг мэдүүлэгтээ: “...Өндөр хөвч” “Бэлчирийн шугуй” зэрэг нөхөрлөлүүд нь ойн сангийн ойн хамгаалалтын бүсд багтдаг...” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ “нэхэмжлэгч нарын гаргасан өргөдлийг хангаж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13/04 тоот тогтоолууд, Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 тогтоолын Хар бэлчирийн хөндийн 25 га газар, 8 дугаар бригадын 13 га газруудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

      Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “е”-д “бүсчилсэн хөгжлийн бодлого, аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилттой нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжил, хэтийн төлөвийг уялдуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, 18.3-т “Сум, дүүргийн Хурал нь хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг  хэрэгжүүлнэ”,  Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх талаарх Засаг даргын саналыг хэлэлцэж шийдвэр гаргана” гэж тус тус заасныг баримтлан Хонгор сумын 2 дугаар баг, Дархан түлээт уулын ард 17 га газар, 55 га газар, 47 га газар, 1 дүгээр багийн нутаг Талын толгой орчим 776 га  атар газрыг тариалангийн газарт шилжүүлэхийг дэмжсэн 02 тоот тогтоол гаргасан нь Хонгор сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/146 тоот албан бичгээр хүргүүлсэн санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 тоот хуралдааны тэмдэглэл зэргээр,  мөн Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн гаргасан сум, дүүргийн Засаг даргын саналыг нэгтгэж тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, холбогдох шийдвэр гаргуулсны үндсэн дээр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж зааснаар Дархан-Уул аймгийн Засаг даргаас Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 тоот тогтоолыг үндэслэн 895 га атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж, 13/04  тоот  тогтоолоор  Хонгор  сумын  нутаг  дэвсгэр  дэх 895 га атар газрыг тариалангийн

 газарт шилжүүлэх жагсаалтыг баталж шийдвэрлэсэн нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1-10/198 тоот албан бичиг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 13 тоот тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна.

Мөн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хуралдахдаа Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн ...сум дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж заасныг баримтлан  2019 оны Сумын  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай 01 тоот тогтоол гаргаж, уг тогтоолын 2 дугаар хавсралтаар Хонгор сумын 2 дугаар баг, 8 дугаар бригадын орчимд 13 га газар, Хар бэлчирийн хөндийд 25 га газрыг тус тус эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд нэмэлт оруулж шийдвэрлэжээ

Нэхэмжлэгч 62 иргэний  итгэмжлэгдсэн төлөөлөгч  бөгөөд нэхэмжлэгч  Ж.Оюун,      И.Даваасүрэн, Б.Цогзолмаа, Н.Лхагвасүрэн нарын зүгээс маргаан бүхий актуудын улмаас  66 иргэний газар давхцаж, газар эзэмших эрх зөрчигдсөн гэх боловч Хонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 02 дугаар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13/04 тоот  тогтоолд дурдсан 895 га газрын Дархан Түлээтийн ард байршилтай 17 га, 55га, 47 га газартай холбогдуулан маргаан үүсгээгүй, ямар нэгэн  тайлбар хийгээгүй зөвхөн дээрхи тогтоолд дурдсан 776 га газар иргэдийн газартай давхацсан, Хонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 01 дүгээр тогтоолын хавсралтын Хонгор сумын 2 дугаар баг, 8 дугаар бригадын орчимд 13 га газар, Хар бэлчирийн хөндийд 25 га газрууд нь “Бэлчирийн шугуй”, “Өндөр хөвч” нөхөрлөлийн газартай давхацсан гэх үндэслэлээр тайлбар  хийсэн болно. Гэтэл хэрэгт авагдсан нэхэмжлэгч  Б.Баатар, Ё.Сүхбат, Г.Долгорсүрэн, Б.Сүрэнжав, Ж.Оюун, Ц.Зоригтбаатар, Д.Амарзаяа, Я.Отгонбаяр, Б.Лхагважав, С.Галбаатар, Г.Гантулга, Ж.Ванчинсүрэн,  Б.Цогзолмаа, М.Даваний нарын 14 иргэний газар эзэмших эрхийн 0339361, 000032243, 000452865, 000709292, 00360009, 000452454 тоот гэрчилгээнүүд, Б.Сүрэнжавт газар эзэмшүүлсэн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн /5 жилээр хийсэн/ гэрээ, М.Даванийд газар эзэмшүүлсэн 2011 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн /15 жилээр хийсэн/ гэрээ, Ё.Сүхбатад газар эзэмшүүлсэн 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн /10 жилээр хийсэн/ гэрээ,   Хонгор сумын Засаг даргын 2016 оны 164, 2012 оны 167, 2009 оны 326 дугаар захирамжууд, Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын 2019 оны 11дүгээр сарын 18-ны 724, 12 дугаар сарын 02-ны өдрийн 813 тоот албан бичгүүд, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, газрын байршил, талбайн  солбилцлын зураг, нэхэмжлэгчийн “...Хонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13/04 тоот  тогтоолоор батлагдсан 895 га атар газрын 776 га газарт иргэн Б.Баяртайвангийн газар давхацсан” гэх  мөн “...2019 оны Сумын  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай 01дүгээр тогтоолын хавсралтын  Хонгор  сумын  2  дугаар  баг,  8  дугаар  бригадын  орчимд  13  га  газар, Хар

бэлчирийн хөндийд 25 га газрууд нь “Бэлчирийн шугуй”, “Өндөр хөвч” нөхөрлөлийн газартай давхацсан гэх тайлбаруудаас үзэхэд Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэхээр дэмжсэн 895 га газар, Хонгор сумын 2019 оны  Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр эзэмшүүлэхээр нэмэлт оруулсан  Хар бэлчирийн шугуй гэх нутагт байрших  25 га газар, 8 дугаар бригадын нутагт байрших 13 га газар нь ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч 66 иргэний газартай давхцалгүй болох нь дээрхи баримтууд болон хэргийн оролцогчдын  тайлбар, мэдүүлэгээр  тогтоогдож  байна.

Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх талаарх Засаг даргын санал, Засаг даргын өргөн мэдүүлсэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, шийдвэр гаргах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын саналыг үндэслэн Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шийдвэр гаргахаар хуулийн зохицуулалттай байх бөгөөд  Хурал тухайн сумын Засаг даргын санал болон өргөн мэдүүлсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах саналыг зөвхөн хуралдаанаараа хэлэлцэж шийдвэр гаргахаар  хуулиар зохицуулсан байна. Харин сумын Засаг даргаас ирүүлсэн саналыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар  иргэдээр хэлэлцүүлж, санал авах, сонсох ажиллагаа явуулах хуулийн зохицуулалт байхгүй хэдий ч  хариуцагчийн зүгээс Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай”  01-А/32 дугаар захирамжийн дагуу 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулах хүрээнд  иргэний танхимаар хэлэлцүүлэг хийж, 3 дугаар сарын 15-ны өдөр  Хонгор суманд малчид фермерүүдэд дэд хөтөлбөрийг танилцуулан санал хүсэлтийг нь авсан уг үйл ажиллагаанд  Хонгор сумын 2 дугаар багийн иргэд оролцсон болох нь хэрэгт авагдсан хэлэлцүүлэг болон сонсох ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул хариуцагч нарыг  маргаан бүхий тогтоолуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн  шаардлагын хувьд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх, энэ тохиолдолд шүүх хүчингүй болгож шийдвэрлэдэг журамтай бөгөөд Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан үндэслэлээр шийдвэрлэсэн хариуцагч нараас гаргасан дээрх маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул                 нэхэмжлэгч 62 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Ж.Оюун, Б.Цогзолмаа, И.Даваасүрэн, Н.Лхагвасүрэн, нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1.Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т  заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Баатар, Б.Баттүвшин, А.Оюунцэцэг, Ё.Сүхбат, Я.Сарангэрэл, Ш.Бааст,Т.Өлзийбаяр, Х.Гантөгс, Г.Долгорсүрэн, Г.Гантөмөр, Г.Бадамцэцэг, Б.Сүрэнжав  Ч.Энхтуяа, Ц.Найдан,С.Цэрэнхүү нарын 15 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Ж.Оюун, Т.Чимэгсайхан, Ц.Зоригтбаатар, Ц.Дарьсүрэн, Д.Амарзаяа, Ц.Дамдинсүрэн, М.Туяа, Б.Нямаа, Ц.Алтангэрэл, Я.Отгонбаяр, М.Мөнхзул, Б.Лхагважав, Л.Сангийндалай, С.Галбаатар, Г.Анхцэцэг, Б.Отгонбаяр, Г.Анхбат, Д.Отгончимэг, Б.Отгонтамир, Б.Нарантуяа, Ц.Энхжаргал, Б.Гансүх, Г.Эрдэмсайхан, Т.Баатаржав, Б.Алтанзул,  Г.Цогтсайхан,  Б.Бүрэнхишиг, П.Ганболд, Х.Халтар, С.Наранцэцэг, Г.Гантулга,  Б.Цэрэндолгор,  Г.Билэгдэмбэрэл,  Ж.Ванчинсүрэн, А.Оюунтуул, Н.Цэнд-Очир, Э.Өлзийхишиг, Х.Зоригоо нарын 37 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Б.Цогзолмаа, И.Даваасүрэн, Л.Тамирхүү, Д.Баасандорж, Ш.Мишигдорж, Ш.Баяраа, Б.Рабигаа, Ш.Шагдарсүрэн, В.Алтанцэцэг,М.Даваний, Б.Энхбайгаль, Л.Мөнхцэцэг нарын 10 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Н.Лхагвасүрэн нараас Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Дархан-Уул аймгийн  иргэдийн төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан  “Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13/04 дүгээр тогтоол, Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 тогтоолын Хар бэлчирийн хөндийн 25 га газар, 8 дугаар бригадын 13 га газруудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНЧИМЭГ

 

                ШҮҮГЧИД                                                          Д.НАРАНТУЯА                                                                                             

                                                                                             

                                                                                            Д.САРАНГЭРЭЛ