Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1454

 

Л.Алтангадасын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 6177 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Алтангадас

Хариуцагч: О.Нарантуяа, Ч.Намуун нарт холбогдох

 

Зээлийн төлбөрт 38 969 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Нарантуяагийн олох байсан орлого 277 152 250 төгрөг болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагч О.Нарантуяа, хариуцагч Ч.Намууны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Алтангадас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч О.Нарантуяа, Ч.Намуун нар нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 22 100 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний дагуу 3 удаагийн давтамжтайгаар 22 100 000 төгрөгийг О.Нарантуяа, Намуун нарын дансанд шилжүүлсэн. Үндсэн зээл 22 100 000 төгрөг, хүү 2 100 000 төгрөг, алданги 5 929 000 төгрөг, нийт 30 129 000 төгрөгийг нэхэмжилсэн. 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч татан авч байна.

Хариуцагч нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:  Л.Алтангадасаас 22 100 000 төгрөг зээлсэн нь үнэн. Банкнаас зээл авах гэж байсан учир банк өөрийн нэр дээрх өрөө барагдуулаад банкны барьцаа хүрэхгүй байгаа тул барьцаагаа нэм гэсэн. Энхбаатар гэж хүний барьцаанд миний хүүхдийн байшин байсан учир чөлөөлөх гэж 5 500 000 төгрөг тэтгэврийн зээлийг нийт 4 500 000 төгрөг төлсөн. Банкнаас зээл авахад Голомт банк 10 000 000 төгрөг байршуул гэсэн учир Л.Алтангадасаас 2 хувааж 22 100 000 төгрөгийг зээлсэн. 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төлбөрөө төлөөд дууссан байхад Энхбаатар миний барьцааг өгөөгүй. Тиймээс банкнаас зээлэнд оруулах гэж байсан баталгааны хөрөнгө дутсан учир 130 000 000 төгрөг өгөх боломжтой гэсэн шийдвэр гарсан. Уг нь 160 000 000-170 000 000 төгрөг өгөх боломжтой гээд шийдвэр гарч байсан. Голомт банкны салбарын касс гэдэг өрөөнд ороод Халиуны дэргэд Алтангадаст 12 000 000 төгрөгийг бэлнээр би тоолж өгсөн. Л.Алтангадас надаас 12 000 000 төгрөг аваад хүнрүү утсаар яриад Нарантуяагаас 12.000.000 төгрөг орж ирж байна би одоо чамруу шилжүүлье гэж ярьсан. 12 000 000 төгрөгийн хүү төлөөгүй учир 10 000 000 төгрөг дээр чинь хүү тооцно. 13 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн шүү гэсэн. 2014 оны 01 сарын 13-ны өдөр Намуун бид хоёрыг Алтангадас Сайн ломбард дээр хүрээд ирээч би хүнээс 80.000.000 төгрөгийн жийп машин авах гэсэн юм. Ингээд манай машиныг 1.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2014 оны 01 сарын 30-ны үеэр манай машиныг нэг залуу унаад явж байсан. Л.Алтангадасруу утсаар яриад хүү мөнгийг чинь өгч байхад яагаад манай машиныг зарчихсан юм бэ гэхэд битгий дэмий юм яриад бай, машин чинь байгаа, хурдан мөнгөө өг энэ чинь миний машин гээд утсаа тасалсан. 22.000.000 төгрөгийн зээлээс 12.000.000 төгрөгийг төлчихөөд байхад 30.000.000 төгрөг болгож нэхэмжилсэн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Л.Алтангадас нь зээлийн гэрээ дуусаагүй байхад бидний борлуулалт хийж байсан машиныг авч зарсан. Уг машинаар миний бие борлуулалт хийж Хаан банкнаас зээлсэн мөнгөө төлдөг байсан. Үүнээс үүдээд би олох ёстой байсан орлогоо алдсан. Энэ хугацаанд Эрэл банкны зээл 1, 2, 3 сард мөн л тасалдаж иргэн О.Чимэдцэрэнгээс 9 500 000 төгрөгийг сарын 2.1 хувийн хүүтэй зээлж хохирсон. Иймд машины үнэ 7 600 000 төгрөг, зээлийн давхар өрөнд оруулсан 9 500 000 төгрөг, 2 сарын хүү 399 000 төгрөг, Хаан банкны зээлийн хүү алданги 7 705 000 төгрөг, нийт 25 204 000 төгрөгийн шаардлагаа 18 сарын олох ёстой байсан орлого болох 251 948 250 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 277 152 250 төгрөгийг Л.Алтангадасаас гаргуулж, Ч.Намууны Ү-2203025043 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндсэн нэхэмжлэлийн  шаардлагатай хамааралгүй юм. Зээлийн давхар өрөнд оруулсан гэдэг нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Сөрөг нэхэмжлэллийн агууллагаас О.Нарантуяа нь 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөг 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус тус нэхэмжлэгчээс зээлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.  Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан О.Нарантуяа, Ч.Намуун нараас 24 459 000 төгрөгийг гаргуулж Л.Алтангадаст олгож, нэхэмжлэгчийн 5 670 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар О.Нарантуяа, Л.Алтангадасаас 277 152 250 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг баримтлан 8 840 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг татан авсан болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60  дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 308.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 280.245 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч сөрөг нэхэмжлэлд төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 156.390 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч  Л. Алтангадаст олгуулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч О.Нарантуяа, Ч.Намуун нар нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Л.Алтангадасаас 22 000 000 төгрөг зээлээд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12 000 000 төргөгийг буцаан өгснийг Л.Алтангадас нь өөр хүний данс руу гүйлгээ хийсэн. Гэтэл Л.Алтангадас тухайн мөнгийг буцаан төлснөөс 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь банкны камерийн бичлэг  устгах хугацааг тооцож анхнаасаа биднийг залилах зорилготой байсан нь харагдаж байна. Голомт банкнаас дээрх гүйлгээний хуулбарыг гаргуулах хүсэлтийг удаа дараа шүүхэд гаргасан боловч шүүх хүсэлтийн агуулгыг өмнөх хүсэлтийн агуулгатай андууран хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг зөрчиж байна. Гэрч Ч.Халиун нь хэрэгт ач холбогдол бүхий зүйлийг өөрийн нүдээр харсанаа гэрчилж байхад мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно гэж үзэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Л.Алтангадас нь 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шүүх  хуралдаанд оролцохдоо "хариуцагч нар машиныг барьцаанд тавьсан байсан. Тэд надаас 2 500 000 төгрөг авч барьцаанаас чөлөөлсөн гэхдээ энэ 2 500 000 төгрөг нэхэмжлэлийн шаардлагаас тусдаа зүйл, машиныг зээлийн  гэрээний төлбөрт хугацаанаас нь өмнө өгсөн байх гэж дүгнэх үндэслэл байхгүй байна. Харицагч нь 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр машиныг хүчээр булаан авч Сайн ломбарданд тавьсан болохыг мэдүүлсэн байхад зээлийн гэрээний төлбөрт хугацаанаас нь өмнө төлсөн гэсэн алдаатай дүгнэлт хийсэн. Шүүгч нэхэмжлэгч тал алдангаа 22 100 000 төгрөгнөөс тооцож 49 хоногийн алданги 5 929 000 төгрөг нэхэмжилсэн байхад Toyoto vitz 88-92 УБЧ машиныг зээлийн төлбөрт хугацаанаас нь өмнө төлсөн байна гэж үзэн үндсэн зээлийн үлдэгдэл 18 600 000 төгрөгнөөс тооцож 3 999 000 төгрөгний алданги гаруулахаар тооцсон нь алдаатай дүгнэлт гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Л.Алтангадас гэрээний хугацаа дуусахаас өмнө Toyoto vitz машиныг булаан авч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул алданги тооцож нэхэмжлэх эрхгүй. Нэхэмжлэгч Л.Алтангадасын буруутай үйлдлээс болж О.Нарантуяа миний "Ану Их Хатан" нэртэй компаний үйл ажиллагаа алдагдан, үйлдвэрлэл үйлчилгээ зогсонги байдалд орж өнөөдөр их хэмжээний банкны өрөнд орж өөрийн гэсэн гэр оронгүй болж гудамжинд гарах дээрээ тулж байхад шүүгч сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй гэж дүгнэн хэлэлцэхгүй орхисон нь алдаатай дүгнэлт болсон. Нэхэмжлэгч Л.Алтангадас нь үндсэн нэхэмжлэлээсээ 15.129.000 төгрөг, нэмэгдүүлсэн нэхэмжлэл болох 8.840.000 төгрөг нийт 23.969.000 төгрөг болгон буруулж тохиролцох санал тавьж байсанг шүүгч мэдсэн мөртлөө илт нэг талыг баримтлан дээрхи шийдвэрийг гаргасанд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч Л.Алтангадас нь анхнаасаа шат шатны шүүх хурал дээр 15.000.000 төгрөг дээр тохиролцох санал тавьж өөрөө үгээрээ биш үйлдэл дээрээ харицагч О.Нарантуяа надаас 12.000.000 төгрөг авсан байдлаа хүлээн зөвшөөрч байгаа нь Монгол улсын шүүх байгуулагыг анхнаасаа хууран мэхэлсэн, мөн хариуцагч О.Нарантуяа миний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулан эрүүл мэндээрээ насан туршдаа хохирсон байгаа байдлыг шүүх хуралдааны явцад харж мэдэж байсан мөртлөө харгазлан үзээгүйд гомдолтой байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 6177 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Л.Алтангадас нь хариуцагч О.Нарантуяа, Ч.Намуун нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38 969 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч гэрээний хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгч бидний  машиныг авч, худалдан мөнгийг нь өөртөө авсан, бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг байсан машиныг нэхэмжлэгч авснаас  болж зээлийг буцаан төлж чадахгүйд хүрсэн гэж маргасан ба олох ёстой байсан орлого 277 152 250 төгрөгийг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хамт гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.  

 

Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж зээлдүүлэгч Л.Алтангадас нь хариуцагч О.Нарантуяа, Ч.Намуун нарын өмчлөлд 22 100 000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч нар нь 1 сарын хугацаатай 10 хувийн хүү төлөхөөр, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тус тус тохиролцож талууд гарын үсгээ зурсан. Зээл 22 100 000 төгрөгийг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлсэн  тул зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсанд тооцох бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар  талууд маргаагүй болно.

 

Хариуцагчийн өмчлөлийн “Тоёота витз” маркийн автомашиныг нэхэмжлэгч өмчлөлдөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байгааг анхан шатны шүүхээс дүгнэн үзэж  машиныг үнэлүүлэхэд тогтоогдсон үнэ 3 500 000 төгрөгийг үндсэн зээл 22 100 000 төгрөгөөс хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 18 600 000 төгрөг гэж тооцсон нь зөв байна. Уг үндсэн зээлийн үлдэглэл 18 600 000 төгрөгийн 1 сарын хүү 1 860 000 төгрөг, нийт 20 460 000 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй байна.  

 

Анхан шатны шүүх алдангийг 18 600 000 төгрөгөөс тооцож хариуцагчаас 3 999 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хариуцагч нараас зээлийн төлбөрт нийт 24 459 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

 

Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдох боломжгүй бол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох байтал анхан шатны шүүх хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь буруу болжээ. 

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 8 840 000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байхад мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дах хэсэгт заасныг баримтлан татан авсан болохыг дурдаж хуульд заагдаагүй шийдвэр гаргасан нь буруу байна.

 

Хариуцагч нар нь 12 000 000 төгрөгийг Л.Алтангадаст буцаан төлсөн гэх боловч нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд энэ талаарх гэрч Ч.Халиуны мэдүүлгийг Л.Алтангадаст 12 000 000 төгрөг төлсөнийг нотлох эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй юм. Иймд хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа болон Ану их хатан ХХК-д учирсан хохиролтой холбоотой асуудлаар шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 6177 дугаар шийдвэрийн 2 дах заалтын “хэлэлцэхгүй орхисугай” гэснийг “хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дах заалтыг 4 гэж, 6 дах заалтыг 5 гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

         ШҮҮГЧИД                                                    Д.ЦОГТСАЙХАН

                                                                              Ш.ОЮУНХАНД