Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/679

 

2021           6             18                                       2021/ШЦТ/679

 

                            

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Ж.Отгончимэг (томилолтоор),

хохирогч С.А..............р,

шүүгдэгч Ч.Б..................р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т..............ж овогт Ч..............мын Б..................рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008 0314 90264 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т..............ж овогт Ч..............мын Б..................р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, 36 настай,  дээд боловсролтой, Төмөр замын машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хойд эцэг, охины хамт амьдардаг, ................................................

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 746 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял дээр нийтэд тустай ажил хийлгэх 240 цаг буюу 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосон.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ч.Б..................р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 25-ны шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо .............. гэртээ хойд эцэг С.А..............рийг “Вино дарс хүүхдийн дэргэд уулаа” гэх зүйлээр шалтаглан агсам тавьж уруулыг хазаж түүний биед доод уруулд шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Ч.Б..................р мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

2. Хохирогч С.А..............р мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч  С.А..............рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өглөө ажлаасаа буугаад Сонгинохайрхан дүүргийн .............. айл нүүлгэж байгаад өдөр 16 цагийн үед гэртээ очоод унтаж амарч байсан.  Шөнө 00 цагийн үед манай эхнэрийн дагавар хүү Ч.Б..................р архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байдалтай гэрт орж ирсэн. Тэгээд намайг унтаж байсан чинь ална гээд миний гар руу хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд би сэрээд яаж байна гээд Ч.Б..................рыг тэвэрч аваад би газар унагаасан чинь Ч.Б..................р миний дээр гараад миний уруулаас хазаад авсан....надад одоо гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13),

2. Гэрч Б.Ч..............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 25-ны орой С.А..............р, ач охин Мандухай бид гурав унтаж байсан чинь миний хүү Ч.Б..................р шөнө 00 цаг болж байхад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгсэн Ч.Б..................р гэрт орж ирчхээд гэрт нэг виноны шил байсныг...харчхаад та нар хүүхдийн дэргэд архи дарс уулаа гээд уурлаад байсан тэгээд манай нөхөр С.А..............р чи одоо ирэх болгондоо агсам согтуу тавьж байх юм гээд тэр хоёр хоорондоо заамдалцаад авахаар нь би энэ хоёр одоо зодоон хийх юм байна...гээд цагдаа дуудсан. Тэгээд цагдаа дуудаад ороод ирсэн чинь нөгөө хоёр цус нөжтэйгөө хутгагдсан байдалтай байсан. ...С.А..............рийн уруулаас нь цус гарчихсан байсан. Харин Ч.Б..................рын...толгой нь хагарчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12365 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт:  Доод уруулын салстын гадна ирмэг дагуу 3,2см урт шархтай, оёдол тавьсан, идээт өнгөр тогтсон, орчны эд шарх руу татагдаж хонхойсон...ДҮГНЭЛТ

1. С.А..............рийн биед доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүснэ.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31)

 

4. Шүүгдэгч Ч.Б..................рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би Баянзүрх дүүргийн Сансар хавиар найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо ..............од ээжийн гэрт очоод ээжийн өрөөнөөс охин Мандухайг аваад жижиг өрөө рүү орох гэсэн чинь С.А..............р архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхээр нь би “нялх хүүхдийн хажууд архи, та*******и хэрэглээ пизда чинь” гэж хэлтэл С.А..............р орноосоо босож ирээд “чи муу юу гээд байгаа юм” гээд миний хамар руу гараараа цохиод авсан. Тэгсэн хажууд миний охин уйлаад байхаар нь би жижиг өрөөнд оруулж тавьчхаад буцаад ээжийн өрөөнд ороод бид хоёр маргалдаж барилцаж авсан. Тэгээд бид хоёр ноцолдож байгаад газар унасан чинь би газар байсан оёдлын машин мөргөж унахад толгой хагарчихсан. Тэгэхээр нь би дээр нь гарч байгаад уруулаас нь хазчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-79),

- Хохирогч С.А..............рийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39), зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 92-93)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэх лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 49, 53), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42), Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 50), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 51, 52), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 55), шүүхийн шийдвэрийн хуулбарууд (хавтаст хэргийн 45-46, 103-108) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Б..................рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.Б..................р нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны шөнө 00 цагийн орчим, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 15 дугаар гудамжны 12 тоот гэртээ, хойд эцэг С.А..............ртэй “хүүхдийн дэргэд архи, та*******и хэрэглэлээ” сэдэлтээр маргалдан, агсан тавьж уруулыг нь хазан биед нь доод уруулд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

- Хохирогч  С.А..............рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 24-ний ...шөнө 00 цагийн үед манай эхнэрийн дагавар хүү Ч.Б..................р архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байдалтай гэрт орж ирсэн. Тэгээд намайг унтаж байсан чинь ална гээд миний гар руу хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд би сэрээд яаж байна гээд Ч.Б..................рыг тэвэрч аваад би газар унагаасан чинь Ч.Б..................р миний дээр гараад миний уруулаас хазаад авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13),

- Гэрч Б.Ч..............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 25-ны орой С.А..............р, ач охин Мандухай бид гурав унтаж байсан чинь миний хүү Ч.Б..................р шөнө 00 цаг болж байхад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгсэн Ч.Б..................р гэрт орж ирчхээд гэрт нэг виноны шил байсныг...харчхаад та нар хүүхдийн дэргэд архи дарс уулаа гээд уурлаад байсан.  Манай нөхөр С.А..............р чи одоо ирэх болгондоо агсам согтуу тавьж байх юм гээд тэр хоёр хоорондоо заамдалцаад авахаар нь би энэ хоёр одоо зодоон хийх юм байна...гээд цагдаа дуудсан. Тэгээд цагдаа дуудаад ороод ирсэн чинь нөгөө хоёр цус нөжтэйгөө хутгагдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12365 дугаар дүгнэлт: “...1. С.А..............рийн биед доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31)

- Шүүгдэгч Ч.Б..................рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 24-ний ...шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо ..............од ээжийн гэрт очоод ээжийн өрөөнөөс охин Мандухайг аваад жижиг өрөө рүү орох гэсэн чинь С.А..............р архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхээр нь би “нялх хүүхдийн хажууд архи, та*******и хэрэглээ пизда чинь” гэж хэлтэл С.А..............р орноосоо босож ирээд “чи муу юу гээд байгаа юм” гээд миний хамар руу гараараа цохиод авсан. Тэгсэн хажууд миний охин уйлаад байхаар нь би жижиг өрөөнд оруулж тавьчхаад буцаад ээжийн өрөөнд ороод бид хоёр маргалдаж барилцаж ...би дээр нь гарч байгаад уруулаас нь хазчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-79) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ч.Б..................р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хүүхдийн хажууд архи уулаа” гэх сэдэлтээр хохирогч С.А..............рийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “гэр бүлийн бусад гишүүн...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Ч.Б..................р, хохирогч С.А..............р нар нь нэг гэрт амьдардаг хүү, хойд эцэг болох нь тэдний болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Ч.Б..................р гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.А..............р нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас Ч.Б..................рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийн 1 хоногоор тооцож 1 сар 10 хоногийн хорих ялд шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сар 10 хоногийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 306 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 4 сар 19 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэсэгт зааснаар нэмж нэгтгэсэн 3 жил 4 сарын 19 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 17 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт түүний эдлэх ялд оруулан тооцох дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Б..................рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Б..................рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 сарын хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ч.Б..................р нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял дээр нийтэд тустай ажил хийлгэх 240 цаг буюу 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоожээ.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ялтан...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж хуульчилсанд хамаарч байна.

Тиймээс шүүгдэгч Ч.Б..................рт энэ тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “нийтэд тустай ажил хийлгэх найман цагийг” хорих ялын 1 хоногт шилжүүлж нийт 40 хоногийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 306 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 9 хоногийн (хавтаст хэргийн 102) хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 4 сар 19 хоногийн хугацаагаар тогтоож, түүнд оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч Ч.Б..................рыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 90 дүгээр захирамжаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид шилжүүлэн хорих шийдвэр гаргаж, түүний ял эдэлсэн хугацааг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон дуусгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаас хойш тэрээр нийт 17 хоног цагдан хоригдсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Б..................рын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш цагдан хоригдсон 17 хоногийг мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэв. 

Эрүүгийн 2008 0314 90264 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т..............ж овогт Ч..............мын Б..................рыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б..................рыг 320 (гурван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ч.Б..................рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 нийтэд тустай ажил хийлгэх ял буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 40 хоногийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 306 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3  жил 3 сар 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 (гурав) жил 4 (дөрөв) сар 19 (арван ес) хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б..................рын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авагдсан 17 (арван долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хассугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б..................рын биечлэн эдлэх 3 жил 4 сар 19 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Б..................рын эдлэх ялыг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ