Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 214

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Монголын Ардчилсан Холбоо, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Монголын Ардчилсан холбоонд холбогдох “Түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, түрээсийн төлбөрт 20.731.816 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөрбилэг, Д.Мөнхжаргал, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Монголын Ардчилсан холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дамдин, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Монгол Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийг  төлөөлж Худалдаа үйлдвэр үйлчилгээний  Зүүнхараа төвийн дарга Ч.Өнөрбилэг, Сэлэнгэ Сүхбаатар сумын Ардчилсан холбоог төлөөлж, П.Амарсанаа нар нь 2014 оны 05 сарын 01-ний өдөр №13 тоо, Сэлэнгэ аймаг дахь Ардчилсан холбоог төлөөлөн 2014 оны 07 сарын 01-ний өдөр №12 тоот Түрээсийн гэрээгээр Сүхбаатар өртөөн дэх  Ганзам  дэлгүүрийн тус бүр нь 60 мкв талбай бүхий  2 өрөө байрыг түрээсэлсэн.  Түрээсийн гэрээний дагуу  сарын 360.000 төгрөг дээр цахилгаан, халаалт, усны төлбөрийг  тухайн сард нь  нэмж тооцохоор тохиролцсон. Гэтэл Сэлэнгэ аймаг дахь болон Сүхбаатар сум дахь  Монголын ардчилсан холбоо нь одоог хүртэл түрээсийн төлбөрийг төлөлгүй, байрыг хүлээлгэж өгөхгүй гэрээний үүргээ билүүлэхгүй байна. 2016 оны 06 сар хүртэл  нийт /үйл ажиллагааны зардлаа хасаад зөвхөн түрээсийн төлбөрт  гарсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа  амаар болон бичгээр мэдэгдсэн боловч бидэнд хариу өгөлгүй, байрыг хүлээлгэн өгөхгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Монголын Ардчилсан холбооноос 10.365.908 төгрөг, Сүхбаатар сум дахь Ардчилсан холбооноос 10.365.908 төгрөг буюу 20.731.813 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэх

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 5-16 тоотод оршин суух, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг, УБТЗ-н хуульзүйн албанд хуулийн зөвлөх ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Даваахүүгийн Мөнхжаргал /РД:НМ-70080406/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг төлөөлж Худалдаа үйлдвэр үйлчилгээний Зүүнхараа төвийн дарга байсан Ч.Өнөрбилэг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ардчилсан холбоог төлөөлж П.Амарсанаа нар 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, Сэлэнгэ аймаг дахь Монголын ардчилсан холбоог төлөөлөн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээг тус тус байгуулсан. Түрээсийн гэрээг байгуулахын өмнө Сэлэнгэ аймаг дахь Монголын ардчилсан холбоо Сүхбаатар сум дахь Монголын ардчилсан холбооноос манай дансанд 2.000.000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн. Хэн аль нь санал тавьсанаар 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр түрээсийн гэрээ байгуулагдсан. Энэ түрээсийн гэрээгээр Улаанбаатар төмөр замын Сүхбаатар өртөөн дахь “Ган зам” дэлгүүрийн тус бүр 60 мкв талбай бүхий хоёр өрөө байрыг Сэлэнгэ аймаг дахь болон Сүхбаатар сум дахь Монголын ардчилсан холбоонд Улаанбаатар төмөр зам түрээслүүлсэн. Түрээсийн гэрээний дагуу сар болгон 60 мкв тутамд 360.000 төгрөгийн түрээсийн төлбөр бодож мөн цахилгаан халаалт усны төлбөрийг тухайн сард нэмж тооцохоор харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.10-т заасан үүргээ түрээслэгч тал биелүүлээгүй өдийг хүрсэн. 2017 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр түрээсийн байрны түлхүүрийг манайд албан ёсоор хүлээлгэж өгсөн. Иргэний хуулийн 227 болон 362 дугаар зүйлд заасны дагуу бидний зүгээс гэрээнээс үүдэлтэй хохирлыг Сэлэнгэ аймаг дахь болон Сүхбаатар сум дахь Монголын ардчилсан холбооноос шаардаж байгаа. Нийт 20.731.816 төгрөгийг шаардаж байгаа. Уг нэхэмжилж байгаа мөнгө нь түрээслэж эхэлсэн хугацаанаас хойш 2016 оны 06 дугаар сар хүртэлх хугацааг хамарч байгаа юм. Иймд Сэлэнгэ аймгийн Монголын ардчилсан холбоо болон Сүхбаатар сум дахь Монголын ардчилсан холбооноос түрээсийн гэрээний төлбөр болох 20.731.816 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг, Ган зам 3 дугаар хэсэг, 127 тоотод оршин суух, Сүхбаатар сумын ардчилсан холбооны нарийн бичгийн дарга ажилтай, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн гэх Ёохон овогт Хүүшийгийн Дамдин /РД:КН-55112075/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би энэ асуудлыг огт мэдээгүй. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Монголын ардчилсан холбоо нь энэ байранд нэг ч удаа үйл ажиллагаа явуулаагүй. Хэн ч надад байраа авъя гэсэн шаардлага тавиагүй. 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр уг байрыг П.Амарсанаа Р.Батжаргал нар ажил хүлээлцэхэд дотор нь байсан юмнуудыг П.Амарсанаа аваад явсан. Хэрэв манай байгуулагатай энэ асуудал холбоотой байсан юм бол надад амаар болон бичгээр шаардлага тавих ёстой байсан. Гэтэл нэг ч хүн ийм байдлаар шаардлага гаргаагүй. Төмөр замын дарга н.Пүрэвбаатар 2 жилийн өмнө шалгалтаар ирэхдээ энэ байр ашиглах хугацаа нь дууссан актлагдсан барилга. Иймд Сэлэнгэ аймгийн Монголын ардчилсан холбоонд өгөхөөр болсон. Энэ асуудлыг цогц шийдэж өг гэж хамт ирсэн хүндээ үүрэг өгсөн. Энэ үйл явдал Сэлэнгэ аймгийн Монголын ардчилсан холбооны дарга нар болон ахмадын холбооны дарга нарын тайлангийн хурал хийж байх үед болсон. Энэ байрын миний мэдэхийн ашиглах боломжгүй байсан. Яагаад гэвэл ус цахилгаан, гэрэл байхгүй, тааз нь нурсан, мөн нэхэмжлэл гаргаад байгаа 60 мкв талбайн 30 мкв-ийг нь ашиглах ямар ч боломжгүй байсан. Засвар хийж байж л үйл ажиллагаа явуулах юм байна гэж бид нар ярьж байсан. Газрын дарга буруу шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бол тэр даруйд нь бидэнтэй энэ асуудлаар ярих ёстой байсан. н.Пүрэвбаатар даргыг байх үед нь юу ч яриагүй байж огцорсных нь дараа гэнэтхэн яриад эхэлсэн. Сүхбаатар сум дахь Монголын ардчилсан холбоо уг байрыг түрээслэх талаар хэзээ ч хэнтэй ч гэрээ хийгээгүй. Тийм байхад яагаад 10.000.000 гаран төгрөг нэхэмжлээд байгаа юм. Хэрэв байр түрээслэж үйл ажиллагаа явуулахаар бол Сумын ардчилсан холбооны хурлаар шийдвэрлэх ёстой. Гэтэл ийм ямар ч хурал зөвлөгөөн хийгээгүй. Үнэхээр гэрээ хийгдсэн юм бол Сүхбаатар сумын Монголын ардчилсан холбооны дарга н.Мөнхсайханы нэрийг барьж тамга дарж гарын үсэг зурсан хүн хариуцлага хүлээх ёстой. Хэрэв түрээслэсэн гэж үзээд байгаа юм бол яагаад тааз нь нурсан ашиглах боломжгүй болсон байрандаа засвар хийх талаар анхаарч үзээгүй юм. Тийм байранд яаж үйл ажиллагаа явуулна гэж бодоод түрээсийн мөнгө нэхээд байгаа юм гэдгийг ойлгохгүй байна. Ардчилсан холбоо гэдэг бол ашгийн бус байгууллага. Дарга нарын буруугаас болоод нэхэгдээд байгаа энэ их мөнгийг төлөх боломж манай байгууллагад байхгүй. Гэрээ байгуулагдсан эсэх асуудлыг би мэдэхгүй. Хэрэв Сүхбаатар сум дахь Монголын ардчилсан холбоог төлөөлж н.Мөнхсайхан дарга гарын үсэг зурсан бол бид нар тэргүүлэгчдээрээ хэлэлцэж байж шийдвэрлэнэ. Гэтэл н.Мөнхсайхан дарга гарын үсэг зураагүй болохоор бид ямар ч хариуцлага хүлээх ёсгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд зохигч, түүний төлөөлөгч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судалж үзээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн  Улаанбаатар төмөр замын нийгэмлэгийн нэхэмжлэлтэй хариуцагч  Сэлэнгэ аймаг дахь Монголын ардчилсан холбоо, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь Монголын ардчилсан холбооноос түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг  хангуулах, түрээсийн төлбөрт нийт 20.731.816 төгрөг, / Сэлэнгэ аймгийн ардчилсан холбооноос 10.365.908, Сүхбаатар сумын ардчилсан холбооны 10.365.908/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Хэргийн 6-11 дүгээр талд  авагдсан 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн  13 тоот гэрээ, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12 тоот түрээсийн гэрээгээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын нийгэмлэг нь өөрийн эзэмшлийн Сүхбаатар өртөөн дэх Ган зам дэлгүүрийн 60 мкв талбай бүхий байрыг, нэг мкв талбайг 60 000 төгрөгөөр түрээслэхээр, 13 тоот гэрээгээр 2014 оны 5 сарын 01-нээс 2015 оны 01 сарын 01 хүртэл, 12 тоот гэрээгээр 2014 оны 7 сарын 01-нээс 2015 оны 1 сарын 01 хүртэл хугацаагаар, төлбөрийг тухайн сарын 30-ны дотор төлөхөөр түрээслүүлэгч Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, түрээслэгч Сэлэнгэ аймгийн Ардчилсан холбоо, Сүхбаатар сум дахь Ардчилсан холбоо хооронд хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулагдсан ба талууд  энэхүү гэрээ байгуулагдсан эсэх,  гэрээний хүчин  төгөлдөр эсэх дээр  маргаангүй бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар ... түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд энэхүү түрээсийн гэрээний харилцаанд мөн хуулийн  287 дугаар зүйлийн 287.1, 318 дугаар зүйлийн 318.5 дахь  хэсэгт зааснаар ...Эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.  Талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээ нь мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.2, 196 дугаар зүйлийн 196.1.2, 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар ... хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулагдсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй. Иргэний хуулийн  320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт зааснаар ...талууд гэрээний хугацааг уг гэрээний  /12,13 тоот түрээсийн гэрээ/  2 дугаар зүйлийн 2.4, 2.5 дахь хэсэгт заасан хугацаагаар тохиролцсон гэж үзэх  бөгөөд гэрээний хугацааг сунгасанд тооцох  үндэслэлтэй гэж үзнэ.  Мөн талууд гэрээний  3 дугаар зүйлийн 3.1, 3.2,  3.3, 3.4, 3.8 дахь хэсэгт зааснаар ... түрээсийн төлбөр,  тооцооны талаар тохиролцсон гэж үзэх бөгөөд  талууд гэрээний хугацаа сунгасан  эсэх дээр маргаангүй байна. Харин хариуцагч талаас  гэрээнд заасан хугацаагаар  түрээсийн төлбөрийг төлөх хийгээд,  гэрээг П.Амарсанаа гэгч нь   тухайн үед  аймгийн Ардчилсан холбооны  дарга байхдаа Сүхбаатар сумын Ардчилсан холбооны өмнөөс  хийсэн нь буруу  тул гэрээний дагуу түрээсийн гэрээний  төлбөрийг зөвшөөрөхгүй гэж байгаа боловч  үүнийгээ шүүхэд  баримтаар нотлоогүй байна. Түрээслүүлэгч, түрээслэгч тал гэрээгээр тохиролцсоны дагуу түрээсийн төлбөрийг цахилгаан, дулаан, усны төлбөр зэрэг нэмэлт зардлуудын хамт төлөх тал дээр маргаангүй бөгөөд гэрээнд зааснаар тохиролцсон гэж үзнэ. Мөн уг түрээсийн гэрээний төлбөр, бусад  /цахилгаан, дулаан, ус/  зардлын талаар хэргийн 14-15 дугаар талд авагдсан тооцооны баримт дээр  талууд маргаангүй  бөгөөд энэхүү тооцооны  баримтыг шүүх  хэрэгт ач холбогдол бүхий  үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэв. Мөн түрээслүүлэгч нь түрээслэгч талаас гэрээний үүргийн  биелэлтийг шаардаж удаа дараа /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/ гэрээний хугацаа болон гэрээ цуцлах талаар анхааруулж мэдэгдэл өгч байсан нь нотлогдож байна.  Иймд Иргэний хуулийн  295 дугаар зүйлийн 295.4, 326 дугаар зүйлийн 326.1, 326.2 дахь хэсэгт зааснаар ...түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгө / байр / -ийг буцаан өгөх, түрээслүүлэгч учирсан хохирол, хэтэрсэн хугацааны  түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах эрхтэй байна. Иргэний  хуулийн 292 дугаар зүйлийн 292.1, 292.3, 292.4 дэх хэсэгт зааснаар ... талууд гэрээгээр тохиролцсон бол  зардлын төлбөрийг  нэгэн адил төлөх, харин хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг  ашиглах чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Сэлэнгэ аймгийн Ардчилсан холбоо болон Сүхбаатар  сум дахь  Ардчилсан холбоо тус бүрээс түрээсийн төлбөр болох / бусад зардлын хамт /  10.365.908 төгрөг, нийт 20 731 816 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам  нийгэмлэгд олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 261.610  төгрөгийг орон нутгийн орлод хэвээр үлдээж, хариуцагч нараас дээрх улсын тэмдэгтийн хураажийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.1, 292.3, 292.4 дэх хэсэг, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт тус тус зааснаар  Сэлэнгэ аймаг Ардчилсан холбоо, Сүхбаатар сум дахь Ардчилсан холбоо  тус бүрээс 10.365.908 төгрөгийг гаргуулж Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын нийгэмлэгд  олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261.610 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас  261.610 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.ЭНХТАЙВАН