| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2021/0129/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/722 |
| Огноо | 2021-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/722
2021 6 24 2021/ШЦТ/722
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч С.Энхням,
насанд хүрээгүй хохирогч Г.Б........н, түүний хууль ёсны төлөөлөгч З.Мөнхжаргал,
шүүгдэгч Х.Э...........й нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б...........н овогт Х...........рын Э...........й, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...........” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ...........................................................................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Х.Э...........й мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв өгсөн...” гэв.
2. Насанд хүрээгүй хохирогч Г.Б........н мэдүүлэхдээ: “...2020 оны 9 дүгээр сарын 06-ны орой 23 цагийн үед гэмт хэрэг гарсан. Би найз нартайгаа 7а байрны гадна уулзаж, тэмцээний талаар ярилцаж байгаад гэр рүүгээ орохоор болоод манай найз гэр рүүгээ орсон. Тэгээд би гэр рүүгээ орох гээд явж байхад Х.Э...........й ах гарч ирээд намайг зодсон. Учир нь тухайн үед Х.Э...........й ах архи, согтууруулах ундааны зүй хэрэглэсэн байсан. Тэгээд намайг дуудаад миний нүүр рүү 3-4 удаа цохисон. Би тухайн үед биеэ хамгаалах гээд оролдсон. Гэтэл Х.Э...........й ах нь кармаанаасаа 0.5 литрийн юм уу 0.75 литрийн нэг шил архи гаргаж ирээд надаар хундагалуулсан. Тэгээд намайг бас архи уу гээд байсан...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Насанд хүрээгүй хохирогч Г.Б........ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 06-ны орой 21 цагийн орчим найз Б.............хтэй 7-р байрны гадна уулзсан. ...бид хоёр .................. руу ороод 9 давхарт нь цуг юм яриад сууж байсан. Б.............хийн гэр нь .... дугаар давхарт байдаг манайх ... дугаар давхарт байдаг юм. Б.............х гэр рүүгээ орох гээд явсан би бас гэр рүүгээ орох гээд ... дугаар давхар руу бууж байсан чинь 7 дугаар давхраас нэг ах намайг нааш ир гээд дуудаад гарч ирсэн. Тэр ах 7 дугаар давхарт амьдардаг зүс таних М............й гэдэг ах согтууруулах ундаа хэрэглэсэн гарч ирсэн. Би хараад зогсож байсан чинь шууд над руу хүрч ирээд дайраад зодох гээд байхаар нь би нэг удаа түлхсэн. Тэгсэн намайг барьж аваад миний нүүр рүү олон удаа цохисон. Тэгээд цохиулчхаад зогсож байсан чинь халааснаасаа шилтэй архи гаргаж ирээд намайг аягал гэж хэлэхээр нь би 2 удаа аяглаж өгсөн. Тэр ах намайг бас архи уу гээд аягатай архи өгөхөөр нь би шал руу асгасан. ...миний биед учирсан гэмтлүүд өөрөө эдгэрсэн би 120.000 төгрөгөөр томографын зураг авхуулсан. Энэ мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),
2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр...Намайг ажил дээрээ байж байхад Б........н над дээр ирсэн бөгөөд түүний нүүр нь хавдаж хөхрөөд ам нь ангайж чадахгүй орцонд байдаг Б.............х гэдэг найзтайгаа уулзчихаад гэр рүүгээ орох гээд орцонд явж байсан чинь манай доод давхрын ах нааш ир гэж дуудаад зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),
3. Гэрч Э.Б............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ангийнхантайгаа уулзсан чинь сурагч Г.Б........ний нүд нь хөхөрч хавдсан хамар нь бас хавдсан байхаар нь юу болсон талаар асуусан чинь зодуулсан гэж хэлэхээр нь би хэнд хэзээ зодуулсан юм гэж асуусан чинь хүнтэй муудалцаад зодолдсон юм гэж хэлсэн...Б........нтэй 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр бол уулзаагүй, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр уулзсан тэгэхэд нүүр нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35)
4. Насанд хүрээгүй гэрч Ц.Б.............хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 06-ны орой 7а байрны гадна Б........н бид хоёр тэр хавийн Б............й, Биндэръяа, Мийгаа нартай уулзаж юм ярьж байгаад 23-00 цагийн хооронд салцгаагаад гэртээ харихаар болсон. Б........н бид хоёр хамт яваад байр руугаа шууд очоод 9 дүгээр давхарт гарсан. Бид хоёр “............” спорт зааланд болох гар бөмбөгийн тэмцээний талаар ярилцаж байгаад нээх удаагүй салаад гэр гэртээ орцгоосон....маргааш орой нь Б........нтэй 7а байрны гадна уулзсан чинь нүүр нүд нь хавдсан байхаар нь яасан юм гэж асуусан чинь чамаас салаад орцондоо манай 7 дугаар давхарт байдаг ахад зодуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38)
5. Гэрч Э.Э............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө хичээлдээ яваад 13 цагийн үед хичээлээсээ тараад 7а байрны гадаа очиход Г.Б........ний нүүр нь хавдчихсан байхаар нь юу болсон талаар асуутал байрныхаа ах М............йд өчигдөр орой 7 дугаар давхарт зодуулчихсан гэж хэлсэн... бид хоёр 2020 оноос хойш найзалж эхэлсэн тэр хугацаандаа архи согтууруулах ундаа, та*******и зэрэг зүйл хэрэглэж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 119-120)
6. Гэрч Э.Э............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 7-ны өглөө Б........нтэй ...7а байрны гадаа уулзахаар болсон. Удалгүй би 7а байрны гадаа иртэл найз Б........н, Э............р нар хоорондоо уулзаж байсан тэр үед Б........ний нүүр нүд нь хөхөрчихсөн байсан болохоор нь юу болсон талаар нь асуутал байрынхаа орцонд байрны ах Э...........й гэх хүнд зодуулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 123-124)
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10346 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн нүдний дээд, доод зовхинд тархмал хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, орчны эд бага зэрэг хавдаж овойсон, тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн дээд үүдэн 1-р шүдний урд гадаргуу, баруун доод үүдэн 1-р шүдний хазах гадаргуу бага зэрэг эмтэрсэн ирмэг хурц, эрүүний зүүн хэсэг хавдаж овойсон.
2020.09.09-ний “Натур эмнэлэг”-н Толгойн компьютерт томографын шинжилгээнд: ....Зүүн нүд хацар орчмын зөөлөн эдэд хаван хавдартай...ДҮГНЭЛТ
1. Г.Б........ний биед зүүн зовхинд цус хуралт, баруун доод үүдэн 1, зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21),
8. Шүүгдэгч Х.Э...........йгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 06-ны орой ажил дээрээ машинаа янзалчхаад гэртээ 23 цагийн үед ирсэн. Би байрныхаа 7 давхраас дээш гараад 8 дугаар давхарт явж байсан чинь орцонд хүн янцаглаад байгаа чимээ гарахаар нь би согтуу хүн орцонд ороод ирсэн байна гэж бодоод харсан чинь Б........н гэдэг хүүхэд доошоо харчихсан хэвтэж байсан. Би тэр хүүхдийг сэрээгээд босгосон чинь тэр хүүхэд согтуу байсан. ...би гэрт чинь хүн байгаа юм уу, би оруулаад өгөх үү гэсэн чинь яахын яахын би өөрөө орчихно гэж хэлээд Б........н гэр рүүгээ явсан. Би ч доошоо буугаад гэр рүүгээ орсон. ..би тухайн өдөр машин засаж байхдаа 1 пиво уусан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),
- Хохирлын талаарх баримт (хавтаст хэргийн 41),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 43, 45), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 78), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 47, 48), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 46), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 49), Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 31), ........... ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 50) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Э...........йд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Х.Э...........й нь 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 23 цагийн орчим, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо ........................... Г.Б........нийг дуудахад ирсэнгүй гэх шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, баруун доод үүдэн 1, зүүн дээд үүдэн 1 шүдний эмтрэл, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь:
- Насанд хүрээгүй хохирогч Г.Б........ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 06-ны орой ...найз Б.............хтэй ...84-р байр руу ороод 9 давхарт нь цуг юм яриад сууж байсан. Б.............хийн гэр нь 10 дугаар давхарт байдаг манайх 8 дугаар давхарт байдаг юм. Б.............х гэр рүүгээ орох гээд явсан би бас гэр рүүгээ орох гээд 8 дугаар давхар руу бууж байсан чинь 7 дугаар давхраас нэг ах намайг нааш ир гээд дуудаад гарч ирсэн. Тэр ах 7 дугаар давхарт амьдардаг зүс таних М............й гэдэг ах согтууруулах ундаа хэрэглэсэн гарч ирсэн. Би хараад зогсож байсан чинь шууд над руу хүрч ирээд дайраад зодох гээд байхаар нь би нэг удаа түлхсэн. Тэгсэн намайг барьж аваад миний нүүр рүү олон удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),
- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг ажил дээрээ байж байхад Б........н над дээр ирсэн бөгөөд түүний нүүр нь хавдаж хөхрөөд ам нь ангайж чадахгүй орцонд байдаг Б.............х гэдэг найзтайгаа уулзчихаад гэр рүүгээ орох гээд орцонд явж байсан чинь манай доод давхрын ах нааш ир гэж дуудаад зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),
- Гэрч Э.Б............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ангийнхантайгаа уулзсан чинь сурагч Г.Б........ний нүд нь хөхөрч хавдсан хамар нь бас хавдсан байхаар нь юу болсон талаар асуусан чинь зодуулсан гэж хэлэхээр нь би хэнд хэзээ зодуулсан юм гэж асуусан чинь хүнтэй муудалцаад зодолдсон юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35)
- Насанд хүрээгүй гэрч Ц.Б.............хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 06-ны орой ...Б........н бид хоёр ...ярилцаж байгаад нээх удаагүй салаад гэр гэртээ орцгоосон....маргааш орой нь Б........нтэй 7а байрны гадна уулзсан чинь нүүр нүд нь хавдсан байхаар нь яасан юм гэж асуусан чинь чамаас салаад орцондоо манай 7 дугаар давхарт байдаг ахад зодуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38)
- Гэрч Э.Э............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр... 7а байрны гадаа очиход Г.Б........ний нүүр нь хавдчихсан байхаар нь юу болсон талаар асуутал байрныхаа ах М............йд өчигдөр орой 7 дугаар давхарт зодуулчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 119-120)
- Гэрч Э.Э............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 7-ны өглөө Б........нтэй ...7а байрны гадаа уулзахаар болсон. Удалгүй би 7а байрны гадаа иртэл найз Б........н, Э............р нар хоорондоо уулзаж байсан тэр үед Б........ний нүүр нүд нь хөхөрчихсөн байсан болохоор нь юу болсон талаар нь асуутал байрынхаа орцонд байрны ах Э...........й гэх хүнд зодуулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 123-124)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10346 дугаар дүгнэлт: “...1. Г.Б........ний биед зүүн зовхинд цус хуралт, баруун доод үүдэн 1, зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Х.Э...........й нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, “дуудахад ирсэнгүй” гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч Г.Б........ний биед нь халдаж, эрүүл мэндэд нь гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Э...........й нь насанд хүрээгүй хохирогч Г.Б........ний нүүрэн тус газар гараараа цохисон болох нь хохирогчийн нотлох баримтын эх сурвалжийг шууд заан мэдүүлсэн мэдүүлэг болон тухайн нотлох баримтын эс сурвалжийг дам байдлаар мэдэж сонссон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгч Х.Э...........йг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Харин шүүгдэгч Х.Э...........й нь насанд хүрээгүй хохирогч Г.Б........нийг цохиогүй гэх боловч хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч нарын мэдүүлгээр түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байна.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Б........н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 128.000 (хавтаст хэргийн 155) нэхэмжилснийг шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Х.Э...........йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг дүгнэлтийг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү гэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Э...........й нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учирсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Х.Э...........йд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү гэснийг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Х.Э...........й нь торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2108 0000 01409 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.эрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б...........н овогт Х...........рын Э...........йг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э...........йг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э...........йд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Э...........й нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ