| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 183/2017/00313/И |
| Дугаар | 183/ШШ2017/00771 |
| Огноо | 2017-04-05 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2017/00771
| 017 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2017/00771 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Хөх тэнгэрийн гудамж, Засгийн газрын 9 дүгээр байранд байрлах Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” төрийн байгууллага /РД:5013976/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж,2 дугаар хэсэг, 79В байр 34 тоотод байрлах “Шимт газар” ХХК /РД:5071445/-д холбогдох
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 113 042 832 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-тай худалдан авагч “Шимт газар” ХХК нь 2009 оны 05 дугаар сарын 12- ны өдрийн дугаар 08 “Санхүү түрээс /лизинг/”-ийн гэрээ байгуулан МТЗ-82.1 маркийн дугуйт трактор /хөдөлгүүр-451777, арал-82600503/ болон ВМТЗ-20Э2А маркийн дугуйт трактор хөдөлгүүр-63811, арал-707403/ 2 ширхэг тракторыг нийт төлбөрийн 30 хувь 11,540,181 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлж, үлдсэн 70 хувь буюу 41 483 947 төгрөгийн төлбөрийг гэрээний 3.1-т заасны дагуу 3 жил буюу 36 сарын дотор тэнцүү хуваан хуваарийн дагуу төлөх, гэрээний 3.3-т зааснаар тухайн эд хөрөнгө нь жилийн 13 хувийн хүүтэй бөгөөд жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлөх үүрэг бүхий 6 177 837 төгрөг нийт 47 661 784 төгрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн гэрээний 3.5-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги хоногт төлнө гэх заалтыг үндэслэн 23 830 892 төгрөг нэмэгдүүлэн нийт 71 492 676 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хугацаа хэтрүүлсэн үндсэн өр 41 483 947 төгрөг, гэрээнд заасан үндсэн төлбөрийн хүү 6 177 837 төгрөг, дээрх гэрээний үндсэн төлбөр, хүүгийн үүргийн гүйцэтгэл хангагдахгүй байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан анз тооцоход 47 661 784:2 = 23 830 892 төгрөг нийт 75 782 236 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч П.Мөнхтуяа нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Манай компани нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүү, бүртгэлийн албатай тооцоо нийлж 2017 оны 3 сарын 16-ны өдөр №267 тоот актын дагуу нийт 84 922 380 төгрөгийн өр төлбөртэй болохыг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Тус төлбөрийг 2017, 2018 онуудад төлж барагдуулах хуваарийг гаргаж хүргүүлсэн. 2017 оны 3 сарын 27-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат, “Шимт газар” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Мөнхтуяа нар нэхэмжлэлийн шаардлагын 84 922 380 төгрөгийн зээлийн өр төлбөрийг 2017, 2018 онуудад хуваарийн дагуу бүрэн төлж дуусгах тухай “Эвлэрлийн гэрээ” байгуулсан тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан хүсэлтдээ:
... Хариуцагч “Шимт газар” ХХК нь манай байгууллагын санхүү бүртгэлийн албатай тооцоо нийлж 2017 оны 3-р сарын 16-ны өдөр №267 тоот актын дагуу нийт 84,922,380 төгрөгийн өр төлбөртэйг бүрэн хүлээн зөвшөөрч төлөх тухай баталгааг бичиж өгсөн бөгөөд, тус төлбөрийг хугацаа хойшлуулан бүрэн төлөх тухай 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №36/2017 тоот хүсэлт ирүүлснийг хүлээн авсан болно. Хариуцагч талын хүсэлт, тооцоо нийлсэн акт, захирал М.Амартүвшингийн гараар бичсэн амлалт зэргийг үндэслэн Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган ,“Шимт газар” ХХК-тай 84 922 380 төгрөгийн зээлийн өр төлбөрийг 2017, 2018 онд хуваарийн дагуу бүрэн төлж дуусгах тухай 2017 оны 03-р сарын 27-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ” байгуулсан тул зохигчийн эвлэрлийг батлан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг бууруулан төлбөрийг хойшлуулан хуваарийн дагуу төлөхийг нэхэмжлэгч хүлээн авч зохигчид дараах байдлаар эвлэрсэн болно. Үүнд: хариуцагч нь 84 922 380 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 1-нд 14 153 730 төгрөг, 9 дүгээр сарын 1-нд 14 153 730 төгрөг, 12 сарын 1-нд 14 153 730 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 1-нд 14 153 730 төгрөг, 10 дугаар сарын 1-нд 14 153 730 төгрөг, 12 сарын 1-нд 14 153 730 төгрөгийг Төрийн сан банк, Тариаланг дэмжих сан 100900029032 тоот дансанд бүрэн шилжүүлж нэхэмжлэгчтэй тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулна. Хариуцагч тал тохирсон хугацаанд төлбөрийн тооцоог хийж дуусгахгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн хүү тооцож төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” төрийн байгууллага нь “Шимт газар” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 113 042 832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харъяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болох 113 042 832 төгрөгийг 84 922 380 төгрөг болгон багасгаж, 28 120 452 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “Шимт газар” ХХК нь 84 922 380 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 1-нд 14 153 730 төгрөг, 9 дүгээр сарын 1-нд 14 153 730 төгрөг, 12 сарын 1-нд 14 153 730 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 1-нд 14 153 730 төгрөг, 10 дугаар сарын 1-нд 14 153 730 төгрөг, 12 сарын 1-нд 14 153 730 төгрөгийг Төрийн сан банк, Тариаланг дэмжих сан 100900029032 тоот дансанд бүрэн шилжүүлж нэхэмжлэгчтэй тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулна. Хариуцагч тал тохирсон хугацаанд төлбөрийн тооцоог хийж дуусгахгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн хүү тооцож төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” төрийн байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” төрийн байгууллагын нэхэмжлэлтэй “Шимт газар” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 113 042 832 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 84 922 380 төгрөг болгон багасгаж, 28 120 452 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “Шимт газар” ХХК нь 84 922 380 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 1-нд 14 153 730 төгрөг, 9 дүгээр сарын 1-нд 14 153 730 төгрөг, 12 сарын 1-нд 14 153 730 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 1-нд 14 153 730 төгрөг, 10 дугаар сарын 1-нд 14 153 730 төгрөг, 12 сарын 1-нд 14 153 730 төгрөгийг төлөхөөр хуваарь гарган харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 582 562 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ