Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
Хэргийн индекс | 183/2017/00081/И |
Дугаар | 183/ШШ2017/00799 |
Огноо | 2017-04-06 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2017/00799
2017 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2017/00799 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төвд байрлалтай “Алтан жолоо трейд” ХХК /РД:2057441/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, 7 хэсэг Стадион АОС 97 тоотод байрлах “Молор шандас” ХХК /РД:5291313/-д холбогдох
Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 365 080 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнчимэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Бумхорол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Молор шандас” ХХК нь “Алтан жолоо трейд” ХХК-ийн Сансар 34 салбарт морины нэмэлт бүтээгдэхүүн борлуулах зориулалтаар 61 мкв талбайг 1 сарын 1 159 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож “Түрээсийн гэрээ” байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. Түрээслэгч “Молор шандас” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж цаг хугацаандаа түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан бөгөөд 2016.08.05-ны өдрөөр түрээсийн гэрээг дуусгавар болгон түрээсийн төлбөрөө 2016.08.31-ний дотор төлнө гэсэн албан бичиг ирүүлсэн боловч түрээсийн төлбөрөө төлөхгүй, түрээсийн талбайг чөлөөлж өгөхгүй байсаар 2016.09.23-ны өдөр түрээсийн талбайн хувилсан түлхүүрийг авчирч өгсөн ч бараа материалаа авахгүй, ирж талбайгаа өнөөдрийг хүртэл ашигласаар байна. “Молор шандас” ХХК-ийн төлөх ёстой түрээсийн төлбөр 2016 оны 11 сарын дуустал хугацаанд 8 113 000 төгрөг байгаа бөгөөд “Түрээсийн гэрээ”-ний 2.9-т “Түрээслэгч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно”, Иргэний хуулийн 232.4-д “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж тус тус заасны дагуу 5, 6 , 7 сарын түрээсийн алданги 2 897 500 /579 500x5/ төгрөг, 10 сарын түрээсийн алданги 446 215 төгрөг, 11 сарын түрээсийн алданги 272 365 төгрөг нийт 3 616 080төгрөгийн алданги нийт 11 729 080 төгрөгийг манай компанид төлөх ёстой байна. Иймд “Молор шандас” ХХК-аас түрээсийн төлбөр, алданги нийт 11 729 080 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн байх бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 6-нд нэхэмжлэлийн шаардлагаа 4 636 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 16 365 080 төгрөгийг нэхэмжилж байна.
“Алтан жолоо” ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр авсан түрээсийн талбайн зураг, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх түрээслэгчийн ажиллаж байсан цагийн бүртгэл зэргийг нотлох баримтаар гаргаж байна.
2016 оны 8 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөрийг 50 хувиар 4,056,500 төгрөг, 2016 оны 8 дугаар сараас өмнөх 3 сарын түрээсийн төлбөрийг гэрээний дагуу 4,636,000 төгрөг, буюу нийт 8,692,500 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож болно гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Бумхорол нь шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “Молор шандас” ХХК-ийн болон өөрийн хувийн Хаан банкны дансны 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гаргаж өгч байна. Манай дэлгүүрийн зураг мөн байна. Цаг бүртгэл бол хэн дураараа хийж болно. Дэлгүүрээс бараагаа аваад гаргах гэхээр гаргадаггүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эвлэрэх саналтай байна. 8,692,500 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сард 3,000,000 төгрөг, 5 дугаар сард 3,000,000 төгрөг, 6 дугаар сард 2,692,500 төгрөг төлөхөөр эвлэрч болно гэв.
Зохигч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнчимэг, хариуцагч “Молор шандас” ХХК-ийн захирал Б.Бумхорол нар түрээсийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах нөхцөлөөр тохирч эвлэрлийн гэрээ байгууллаа. Үүнд: 2016 оны 5,6,7, 2017 оны 3 сарын түрээсийн төлбөрийг 100 хувь буюу 1 159 000 төгрөгөөр тооцон 4 636 000 төгрөг, үйл ажиллагаа явуулаагүй буюу ажиллаагүй 2016 оны 8,9,10,11,12, 2017 оны 1,2 сарын түрээсийн төлбөрийг 50 хувь буюу 5 795 000 төгрөгөөр тооцож 4 065 500 төгрөг нийт 8 692 500 төгрөгийг хариуцагч 2017 оны 6 сард багтаан төлнө. 2017 оны 4 сард 3 000 000 төгрөг, 5 сард 3 000 000 төгрөг, 6 сард 2 692 500 төгрөг гэсэн хувиарын дагуу төлнө. Нэхэмжлэгч нь хариуцагчийн талбайн түлхүүрийн нэг хувийг өгнө гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Алтан жолоо трейд” ХХК нь “Молор шандас” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 16 365 080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харъяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болох 16 365 080 төгрөгийг 8 692 500 төгрөг болгон багасгаж, 7 672 580 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “Молор шандас” ХХК-ийн төлөөлөгч Б.Бумхорол нь 8 692 500 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сард 3 000 000 төгрөг, 5 дугаар сард 3 000 000 төгрөг, 6 дугаар сард 2 692 500 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Алтан жолоо трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Молор шандас” ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 16 365 080 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 8 692 500 төгрөг болгон багасгаж, 7 672 580 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч “Молор шандас” ХХК-ийн төлөөлөгч Б.Бумхорол нь 8 692 500 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сард 3 000 000 төгрөг, 5 дугаар сард 3 000 000 төгрөг, 6 дугаар сард 2 692 500 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 154 030 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291 741 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ