Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 217

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Ихгифт Финанс” ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй Д.Уртнасанд холбогдох “Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.874.500 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ихгифт финанс”ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Манай “Ихгифт Финанс” ББСБ ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Д.Уртнасантай  ГЗ 028 дугаартай Барьцаат зээлийн гэрээг 365 хоногийн хугацаатайгаар 6 хувийн хүүтэйгээр байгуулан 3.800.000 төгрөгийг зээлүүлсэн болно.  Барьцаат зээлийн гэрээгээр  TNJ31050387 арлын дугаартай , 00889022 тоот автомашины тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний дугаартай, 2004 онд үйлдвэрлэсэн NISSAN TEANA маркийн автомашиныг  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  барьцааны зүйл болон барьцаалуулсан. Талуудын байгуулсан барьцаат зээлийн гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон.  Гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч  өнөөдрийг хүртэл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаагүй.  Гэрээний 2.5 дугаарт хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөхөөр , Гэрээний 2.7 дугаарт зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү,  нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тохиролцсон. Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үндсэн төлбөрийн үлдэгдэл 3.800.000 төгрөг, үндсэн хүүний  үлдэгдэл  1.729.500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 345.900 төгрөг төлөхгүй манай байгууллагыг өнөөдрийг хүртэл хохироож байна. Иймд Д.Уртнасангаас барьцаат зээлийн гэрээний үүргийн 5.874.500 төгрөг гаргуулж  өгнө үү гэжээ.

Зохигчоос 2017.03.21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

-Д.Уртнасан нь /Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5-1-117 тоот/,

-“Ихгифт финанс”ББСБ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ялалттай доорх нөхцөлтэйгээр 5.874.500 төгрөгийн нэхэмжлэлээс хоорондоо тохиролцож 3.000.000 /гурван сая/  төгрөг болтол бууруулж эвлэрч байгаа болно.  Уг 3.000.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Заасан хугацаанд төлж барагдуулахгүй тохиолдолд “Ихгифт финанс”ББСБ-ын нэр дээр байгаа /85-22УБВ/ улсын дугаартай Ниссан теана автомашиныг хүлээлгэж өгөх болно. Төлбөрөө төлж барагдуулсан тохиолдолд  уг машиныг /85-22УБВ улсын дугаартай Ниссан теана/-г иргэн Д.Уртнасангийн нэр дээр шилжүүлэн өгөх болно.

          

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

Нэхэмжлэгч: “Ихгифт финанс”ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ялалт

Хариуцагч: Д.Уртнасан  гэж нэхэмжлэгч, хариуцагч нар гарын үсгээ зуржээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ихгифт Финанс” ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй Д.Уртнасанд холбогдох “Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.874.500 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрсэн болох нь тэдний хооронд хийсэн дээрх эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

          Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108942 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 3.000.000 төгрөгөнд тохирох 62.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 31475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 31475  төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2-т хэсэгт зааснаар “Ихгифт Финанс” ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй Д.Уртнасанд холбогдох “Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.874.500 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигчийн дээрх эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108942 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 3.000.000 төгрөгөнд тохирох 62.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 31475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 31475  төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.ЭНХТАЙВАН