| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 105/2012/0458/Э |
| Дугаар | 631 |
| Огноо | 2018-07-05 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 631
А.Сд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Гэрэлмаа,
Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1488 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Гэрэлмаагийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 73 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр А.Сд холбогдох эрүүгийн 1806009470915 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржгон овгийн Алтансүхийн А.С, 1998 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн дугаар хороо, тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: /,
А.С нь 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эс” пабад зөөгчөөр ажиллаж байхдаа үйлчлүүлэгч Ззгийн гээгдүүлсэн Хаан банкны картыг олж, 2018 оны 1 дүгээр сарын 22-ны 03 цаг 10 минутаас 03 цаг 40 минутын хооронд бэлэн мөнгөний машинаас 5 удаагийн үйлдлээр нийт 2.710.000 төгрөг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: А.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...Шүүгдэгч А.Сд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх дараах үндэслэл, нотолгоо тогтоогдов.
Прокуророос яллагдагчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгч А.С нь тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаагүй ба хэргийг ямар үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын шийдвэр хэрэгт байхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдаагүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу болжээ. Зүй нь яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтдээ хохирол төлсөн болон нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгаа, түүнд холбогдох баримтыг хавсаргасан байх нөхцөл болно. Прокурор хүсэлтийг шийдвэрлэсэн нөхцөлд хуулийн дээрх шаардлагыг бүрэн хангасан гэж үзэх юм.
Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохиролыг нөхөн төлөөгүй ба нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой тохиролцож, хохирогчид ямар хохирол учирсныг яллагдагч хэзээ, хэрхэн, ямар хэлбэр байдлаар барагдуулах талаараа харилцан тохиролцож, эвлэрч энэ тухайгаа бодит байдлаар /бичгээр/ илэрхийлсэн болох нь тогтоогдож байна.
“Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн бол прокурор хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж зөвшөөрвөл гарын үсэг зуруулж яллах дүгнэлт үйлдэнэ” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөн хуулийн 17 дугаар бүлэгт заагдсан ажиллагаа бүхэлдээ хамаарч байдаг учир тус бүлэгт заагдсан ажиллагааг бүрэн гүйцэд явуулах нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэгт прокурорын санал танилцуулан, яллагдагчид яллах дүгнэлтийн хувийг гардуулсан тэмдэглэл” гэх баримтыг үйлдсэн байна. Уг баримтад яллагдагч нь прокурорын зүгээс гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байна. Яллагдагчийн мэдүүлгээс үзэхэд торгуулийн ял шийтгүүлэх санал гаргаж байна. Прокурорын зүгээс нийтэд тустай ажил хийлгэхээр санал гаргаж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
“Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэгт прокурорын санал танилцуулан, яллагдагчид яллах дүгнэлтийн хувийг гардуулсан тэмдэглэл” гэх баримтаар прокуророос гаргасан ялын саналтай танилцсан гэж үзэх боломжтой байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна. Прокурорын саналыг танилцуулсныг яллагдагч өөрт нь оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм. Дээрх баримтаас яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулан өгсөн болох нь мэдэгдэж байна. Мөн яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагчид оногдуулах ялын талаарх саналыг тусгаж үйлдсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт хуульчлан заасантай нийцээгүй, хуулийг бодит агуулгаас нь өөрөөр ойлгож, хийх ажиллагааг хооронд нь хольж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлага хангагдаагүй нь шүүх хуралдаанаар тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцааж...” шийдвэрлэжээ.
Прокурор Н.Гэрэлмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн авч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна.
Яллагдагч нь прокурорт “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй”, прокурор нь яллагдагч дээрх байдлаар хүсэлт гаргаагүй байхад хүсэлтийг хангах эсхүл татгалзах тухай тогтоол гаргах боломжгүй, прокурор нь яллагдагчаас хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргахыг шаардан гаргуулах тухай хуулийн зохицуулалт байхгүй билээ. Прокурор А.Сд холбогдох эрүүгийн 18060094700915 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” журмын дагуу хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, мөн зүйлийн 3, 4-д зааснаар А.Сд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гарган, саналыг яллагдагч А.Сд танилцуулан улмаар яллагдагч нь гарын үсэг зурсанаар хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Гэтэл шүүхээс “шүүгдэгч А.С нь тухайн хэргийг хялбаршуулсан хурмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаагүй ба хэргийг ямар үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын шийдвэр хэрэгт байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлсэн нь буруу болжээ. Зүй нь яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтдээ хохирол төлсөн болон нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгаа, түүнд холбогдох баримтыг хавсаргасан байх нөхцөл болно. Прокурор хүсэлтийг шийдвэрлэсэн нөхцөлд хуулийн дээрх шаардлагыг бүрэн хангасан гэж үзэх юм. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн бол прокурор хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж зөвшөөрвөл гарын үсэг зуруулж яллах дүгнэлт үйлдэнэ” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд мөн хуулийн 17 дугаар бүлэгт заагдсан ажиллагаа бүхэлдээ хамаарч байдаг учир тус бүлэгт заагдсан ажиллагааг бүрэн гүйцэд явуулах нь зүйтэй байна...” гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй, яллагдагчийн хүсэлт гаргах эсэх талаар хуулиар олгогдсон эрхийн асуудалд нь нөлөөлж, албадан гаргуулах гэсэн байдлаар ойлгогдож байна.
Түүнчлэн захирамжид “Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэгт прокурорын санал танилцуулан, яллагдагчид яллах дүгнэлтийн хувийг гардуулсан гэх баримтыг үйлдсэн байна. Уг баримтад яллагдагч прокурорын зүгээс гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байна. Яллагдагчийн мэдүүлгээс үзэхэд торгуулийн ял шийтгүүлэх санал гаргаж байна, прокурорын зүгээс нийтэд тустай ажил хийлгэхээр санал гаргаж хэргийг шүүхэд шилжүүлжээ”, мөн захирамжид “...Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэгт прокурорын санал танилцуулан, яллагдагчид яллах дүгнэлтийн хувийг гардуулсан тэмдэглэл гэх баримтаар прокуророос гаргасан ялын саналтай танилцсан гэж үзэх боломжтой байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна. Прокурорын санал танилцуулсныг яллагдагч өөрт нь оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байна. Дээрх баримтаас яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулан өгсөн болох нь мэдэгдэж байна...” гэж яллагдагч нь прокурорын зүгээс гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй, мөн прокуророос гаргасан ялын саналтай яллагдагч нь танилцсан гэж үзэх боломжтой байна гэж өөр өөрөөр дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд прокурор ялын саналаа яллагдагчид танилцуулсан байхыг, яллагдагч нь прокурорын ялын саналтай танилцсан байх ажиллагааг гарын үсэг зурсанаар хэрэгжихээр хуульчилж өгснөөс яллагдагч нь ялын саналыг заавал зөвшөөрсөн байх шаардлагыг хуульчлаагүй билээ.
Яллагдагч нь хэрэг хянан шийдвэрлүүлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулах хүсэлт гаргасан тохиолдолд л прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг хийхээр хуульчилсан байгаа тул прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд дээрх ажиллагааг хийх үндэслэлгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичнэ” гэж хуульчилсны дагуу яллах дүгнэлт үйлдсэн. Түүнчлэн прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6-д зааснаар яллах дүгнэлтийн хувийг гардуулж өгсөн нь хууль зөрчөөгүй байна.
Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, яллагдагч нь гэм буруу, зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаангүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирлын 2.710.000 төгрөгөөс 2.100.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 610.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокуророос санал болгосон ялын саналтай танилцан гарын үсгээ зурсан байхад яллагдагч нь хүсэлт гаргаагүй байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурор буцаасан нь хуулийн үндэслэлгүй, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг чирэгдүүлэхгүй, хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх зарчимтай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1488 дугаартай шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг хангаагүй түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн....” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
А.С нь 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эс” пабад зөөгчөөр ажиллаж байхдаа үйлчлүүлэгч Ззгийн гээгдүүлсэн Хаан банкны картыг олж, 2018 оны 1 дүгээр сарын 22-ны 03 цаг 10 минутаас 03 цаг 40 минутын хооронд бэлэн мөнгөний машинаас 5 удаагийн үйлдлээр нийт 2.710.000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд тавигдах шаардлагуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хуульчилсан бөгөөд үүнд, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг шалгах үүргийг прокурорт, хянах үүргийг шүүгчид хүлээлгэжээ.
Анхан шатны шүүх хэргийн талаар нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд дутуу шалгасан гэж үзэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хэргүүдийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагууд бүгд хангагдсан эсэхийг хянах бөгөөд энэ шаардлага хангагдаагүй, тогтоогдоогүй бол хэргийг шалгуулахаар прокурорт буцаахыг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зохицуулсан байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж, 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлнэ.” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна.” гэж тус тус заажээ.
Эдгээрээс үзэхэд шүүгдэгч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан эсэхээс үл хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагууд хангагдсан эсэхийг шүүх хянах нь зүйтэй. Иймд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлийн дагуу хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл ажиллагааны талаар” заасан байх ба хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “...хэргийг прокурорт буцаах...”-даа мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасны дагуу “...Урьдчилсан хэлэлцүүлгийн үед ...хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж...” байхыг хуульчилжээ.
Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн ЗАХИРАМЖЛАХ хэсэгт зөвхөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон нь өрөөсгөл болсныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1488 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Гэрэлмаагийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 73 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Д.МЯГМАРЖАВ