| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сураагийн Отгонтуяа |
| Хэргийн индекс | 115/2019/0022/З |
| Дугаар | 115/ШШ2019/0023 |
| Огноо | 2019-11-29 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 115/ШШ2019/0023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Т, Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажилтай,
Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүү, хяналт аудитын албаны дарга, хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.Од холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, албаны дарга Х.Огийн тогтоосон 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 24/01-08 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч, гэрч Ө.А, Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Т миний бие сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон 7 дахь жилдээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Бтэй хамтран ажиллаж байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга ******* 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн, үүрэгт ажилдаа удаа дараа хариуцлагагүй хандсаны улмаас чөлөөлсөн.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Т миний хувьд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн хамтын шийдвэр гаргаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн боловч тогтоол гаргалгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Хурлын тэргүүлэгчдийн ажлын үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар аймаг, нийслэл, сум дүүргийн хурлын дарга захирамж гаргах эрхтэй” гэсэн заалтыг үндэслэн захирамж гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 115/ШШ/2017/0015 шийдвэрээр 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* эгүүлэн ажилд томилсон. Мөн тухайн шийдвэрийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 6,198,360 төгрөгийг цалингийн сангаас гаргуулан хохирлыг нөхөн олгосон.
Дээрх хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Н.Туулыг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс томилон 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр чөлөөлсөн. Н.Туулыг ажиллах хугацаанд цалингийн доод шатлалаар цалинжуулж, бусад хугацаанд миний бие иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлыг давхар хийж гүйцэтгэж явсан.
2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр захирамжаа хүчингүй болгож, ******* ажилд нь эгүүлэн авч, цалинг нь олгосон захирамжаа гаргасан. Цалинг олгохдоо хурлын цалингийн сангаас хэтрүүлэн олгоогүй. Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цалингийн төсөв 3,262,900 төгрөг байсан. Үүнээс цалинг олгосноор 30,396,330 төгрөгийн гүйцэтгэлтэй нийт 1,665,954 төгрөгийн хэмнэлттэй гарсан байна. Тийм учраас миний хувьд ******* эгүүлэн авч ажилд томилсноор цалингийн төсөв хэтрүүлж улсад хохирол учруулаагүй гэж үзэж байна. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр улсын ахлах байцаагч Х.Огийн тавьсан актыг хүлээж авах боломжгүй талаар Х.Од тайлбар гаргаж өгсөн. Энэ тайлбарын дагуу төлөх боломжгүй тул тус актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Би шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрдөггүй юм. Гэхдээ нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас хэрэгжүүлсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга захирамж гаргах эрхтэй” гэж заасны дагуу захирамж гаргахдаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн олонхийн шийдвэрээр гаргасан байсан учраас энэ хүн хариуцлага алдсан гэж үзсэн. Энэ бол хамтын шийдвэр байсан. Хурлын тэмдэглэл дээр байгаа. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан болохоор хэрэгжүүлээд явсан. Тухайн үед миний эрүүл мэнд муудаж тархины хагалгаанд ороод шүүхээр явах боломжгүй болоод өөрийнхөө оронд түр Нарантөгсийг ажиллуулж тархины хагалгаанд орж эмнэлэгт хэвтэрт байсан тэгээд эргэж ажилдаа орсон.
Иймд Н.Бд нөхөн олгосон цалин нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цалингийн батлагдсан төсвийн хүрээнд олгогдсон бөгөөд төрд ямар нэгэн хохирол учруулаагүй учир Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, албаны дарга Х.Огийн тогтоосон 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 24/01-08 дугаар актыг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн акттай холбоотой 6,198,360 төгрөгийн хохирлыг улсад учруулаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх хохирол учраагүй, хамтын шийдвэр байсан учраас төлөх боломжгүй гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т зааснаар нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд тавьж байна. Хууль зүйн үндэслэлийн хувьд захиргааны акттай холбоотой нэхэмжлэл яригдаж байна. Өмнөх шүүх хуралдаан дээр илт хууль бус акт гаргасан гэж 2017 оны шүүх хуралдаанаар яригдсан асуудал байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг шүүх шинжлэн судалсан. Үүнд нарийн бичгийн даргын ажлаас халах, чөлөөлөх асуудлыг хуралдаанаар хэлэлцэж тогтоол гаргах ёстой байсан. Тэргүүлэгчдийн хурлаар тогтоол гаргаж шийдвэрлэх ёстой байсан гэж дүгнэсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл дээр хурлын нарийн бичгийн даргаас чөлөөлөх нь зүйтэй гээд 100 хувийн саналаар ажлаас нь чөлөөлсөн. Захирамж гаргасан нь буруу боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ хамтын шийдвэр байсан гэдэг нь тогтоогдсон. Уг актыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2-т зааснаар “...гэм буруутай албан тушаалтнаар төлүүлнэ” гэж заасан байна. Шүүхийн анхаарах зүйл бол тухайн албан тушаалтны гэм буруу, хохирлын шалтгаант холбоог тогтоох нь зүйтэй. Нөгөө талаас хамтын шийдвэр гаргасан нөхцөл байдлыг тодруулж харгалзаж үзэх ёстой. Уг актыг улсын байцаагч гаргахдаа энэ бол дан ганц Б.Т албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус тушаал гаргасан юм уу эсвэл хамтын шийдвэр байсан юм уу гэдгийг харгалзан үзэж энэ актыг гаргах ёстой байсан гэж үзэж байна. Төсвийн тухай хуулийн 14.1.15-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн ерөнхийлөн захирагч байна” гэж заасан байна. Төсвийн төвлөрүүлэн захирагч, түүний бүрэн эрхийг Төсвийн тухай хуулийн 14.2.1-т “Жилийн төсвийн хязгаарт багтаан төсвийн төслийг боловсруулах” гэж заасан байна. Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үндсэн цалингийн төсөв 32 сая төгрөгөөр төсөвлөгдсөн. Ажлын албанд иргэдийн хурлын дарга, иргэдийн хурлын нарийн бичгийн дарга нар цалин авдаг. Иргэдийн хурлын дарга бүтэн жилээр ажилласан, нарийн бичгийн дарга түр ажилгүй байх хугацаанд бол******* гэх хүнийг томилсон. Энэ хүн бол 6 сарын хугацаанд цалин авсан болох нь хавтаст хэрэгт байх нотлох баримтаар тогтооогдож байна. 32 сая төгрөгийн цалингийн сангийн гүйцэтгэлээс 30 сая төгрөг зарцуулж, 1 665 000 төгрөгийн хэмнэлттэй 94,8 хувийн гүйцэтгэлтэй тухайн жилийн санхүүгийн тайлан гарсан байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т заасны дагуу нэхэмжилсэн байгаа. Гэм хор гэдэг бол бодит байдлаар учирсан байхийг ойлгодог. Тухайн жилийн батлагдсан төсвөөс үр ашиггүйгээр зарцуулж, гүйцэтгэлийн тайлан болон төсвийн өр авлага үүсээгүй, улсад ямар нэг гэм хор учраагүй байна гэж үзэж байна. Тиймээс энэ акт бол хууль бус акт гэж үзэж байна. Хурлын дарга бол Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т зааснаар “тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах” зэрэг бүрэн эрхтэй байна. ******* ажлаас халах шийдвэрийг тэргүүлэгчдийн хурлаас гаргаснаар хурлын тэргүүлэгчид тухайн актанд гарын үсэг зурдаггүй. Энэ хуулийн заалтаар бол хурлын дарга гарын үсэг зурж хэрэгжилтийг баталгаажуулдаг заалттай. Мөн Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-т заасан Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх гэдэг бол чөлөөлөхдөө энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэх ёстой. Төрийн албаны тухай хуульд зааснаар томилсон байгууллага нь чөлөөлөх бүрэн эрхтэй гэж зааснаар Тэргүүлэгчдийн хурлаар ******* ажлаас халах асуудлыг шийдвэрлэсэн. Дан ганц Б.Тгийн гаргасан шийдвэр бол биш. Харин гаргасан акт нь процессийн алдаатай тэргүүлэгчдийн хурлаар оруулсан боловч захирамж гаргасан нь буруу, өөрөө дур мэдэн энэ хүнийг ажлаас нь халсан асуудал байхгүй учраас дан ганц хурлын дарга Б.Тд гэж акт тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэл байхгүй учраас хүчингүй болгож өгөөч гэсэн саналыг шүүхэд оруулж байна. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар “Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж, өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засгийн газар, Улсын Их Хурлын өмнө бүрэн хариуцна” гэж заасан байна. Б.Т өөрийн хариуцсан төсвийг үр ашиггүй зарцуулаагүй, хуулийн заалтыг зөрчөөгүй байна гэж харагдаж байна. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар “төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Төсвийн ерөнхийлөн захирагч бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад төсвөө шууд захирах эрхийг тэргүүлэгчдийн хуралдаанаар ярилцаж шийдсэн байдаг юм байна. Үүнд үр ашиггүй зарцуулсан, батлагдсан төсвөөс хэтрүүлж зарцуулсан ийм хууль бус юм тогтоогдохгүй байна. Гэм хор учраагүй учраас акт бол хууль бус байна гэж үзэж байна” гэв.
Хариуцагч Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, албаны дарга Х.О шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 115/ШШ2017/0015 дугаар шийдвэрээр ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд нь эгүүлэн томилохоор тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 6,198,360 төгрөгийг Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцах” Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7-т заасны дагуу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна” гэсэн заалтуудын дагуу 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 тоот төлбөрийн хүсэлтээр 6,198,360 төгрөгийг нөхөн олгосон үйлдэлд нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, 103.2-т заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид Дорноговь аймгийн Засаг даргын баталсан 2019 оны төлөвлөгөө, албаны даргын 04 тоот удирдамжаар санхүүгийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэх явцад дээрх зөрчил илэрсэн тул санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 24/01-08 тоот төлбөрийн актыг тогтоосон болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын газрын дарга, хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.Од шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн зүгээс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, ....тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан хариуцагчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хэргийн үйл баримтын талаар:
Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын газрын дарга, хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.О нь Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017-2018 онуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулсан байна.
Уг хяналт шалгалтаар “...Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 115/ШШ2017/0015 дугаар шийдвэрийг биелүүлэн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Бд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 6,198,360 төгрөгийг Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс олгосон байх боловч, дээрх олговрын 6,198,360 төгрөгийг хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Тгээр нөхөн төлүүлээгүй” зөрчлийг илрүүлэн, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.12.2-т заасныг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Төсөвт нөхөн төлүүлэх тухай” 24/01-08 дугаар актаар /цаашид маргаан бүхий 24/01-08 дугаар акт гэх/ “Н.Бд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвөөс төлсөн нөхөн олговрын 6,198,360 төгрөгийг Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Тгээр нөхөн төлүүлэх”-ээр тогтоожээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс “маргаан бүхий 24/01-08 дугаар акт”-ыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...******* ажлаас халах талаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж шийдвэрлэсэн, энэ нь хамтын шийдвэр байсан, мөн Н.Бд нөхөн олгосон цалин Иргэдийн төлөөлөгчдийн хурлын батлагдсан цалингийн төсвийн хүрээнд олгогдсон, төрд ямар нэгэн хохирол учруулаагүй” гэх агуулгаар тайлбарлан маргасан ба шүүхээс хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг дараахь байдлаар үнэлж, дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгчийн “...******* ажлаас халах талаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж шийдвэрлэсэн хамтын шийдвэр байсан” гэх үндэслэлийн тухайд:
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 115/ШШ2017/0015 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Айраг сумын иргэн Н.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Тд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Уг шүүхийн шийдвэрт “...хариуцагч Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Тг тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдийн чиг үүрэгт хамаарах асуудлаар буюу “өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” нь илт хууль бус бөгөөд нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнийн төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэсэн байх ба, “Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Н.Бд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 02,*******ыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоон, ******* урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6.198.360 төгрөгийг Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвөөс гаргуулах”-аар шийдвэрлэсэн ба, улмаар уг захиргааны хэргийг хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0700 дугаар магадлал , Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 492 дугаар тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Т нь 2017 оны 02 дугаар захирамжаар Н.Бд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа “...захиргааны шийдвэр гаргах ажиллагааны дараалал, журмыг зөрчин, улмаар хурлын нарийн бичгийн даргыг ажилд томилох, ажлаас халах шийдвэр гаргах Иргэдийн хурлын Тэргүүлэгчдэд олгогдсон эрхийг бие даан хэрэгжүүлэн, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар илт хууль бус захиргааны актыг гаргаж Н.Бат-Эрдэнийн төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” нь илэрхий, энэхүү үйл баримт нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогджээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 38 дугаар зүйлийн 38.5-д “Шүүхээс өмнө нь шийдвэрлэгдсэн, эсхүл шийдвэрлэгдэж байгаа хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын шаардлага хангасан материалыг хэргээс хуулбарласан тохиолдолд бичмэл нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ” гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгчийн “...******* ажлаас халах талаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж шийдвэрлэсэн, хамтын шийдвэр байсан” гэж тайлбарлан маргасан нь үндэслэлгүй, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу илэрхий үйл баримтыг дахин нотлохгүйг дурдах нь зүйтэй.
2. Нэхэмжлэгчийн “...Н.Бд нөхөн олгосон цалин Иргэдийн төлөөлөгчдийн хурлын батлагдсан цалингийн төсвийн хүрээнд олгогдсон, төрд ямар нэгэн хохирол учруулаагүй” гэх үндэслэлийн талаар
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 115/ШШ2017/0015 дугаар шийдвэрийн дагуу Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвөөс 5.578.524 төгрөгийг /шүүхийн шийдвэрээр тогтоосон 6.198.360 төгрөгийн ажилгүй байсан хугацааны нөхөх олговороос ХАОАТ-ыг суутган тооцсон дүн/ нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнийн харилцах дансанд шилжүүлсэн болох нь “Төрийн банк”-ны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №25 дугаар “Төлбөрийн хүсэлт”-ээр;
Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны цалин 32.062.900 төгрөгөөр төсөвлөгдөж, мөн онд 30.396.946 төгрөгийн цалин хөлс олгосон болох нь “Төсвийн гүйцэтгэлийн тайлан”-гаар, гэрч Ө.Ариунцэцэг, Б.Цэрэндолгор нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Дээрхийг дүгнэвэл Н.Бд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгосноор тухайн онд батлагдсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын цалингийн төсөв хэтрээгүй байх боловч, “...төсөв хэтрээгүй, гэм хор бодитоор учраагүй буюу төрд хохирол учраагүй” гэх агуулга бүхий нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарыг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь хариуцагчаас маргаан бүхий актдаа үндэслэсэн Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, 498.5-д “Энэ хуулийн ... 498.2...-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй”, 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж тус тус заасан нь албан тушаалтнаас иргэнд учруулсан хохирлыг шат дараатай барагдуулах арга хэмжээг хуульчилсан зохицуулалт юм.
Өөрөөр хэлбэл албан тушаалтны буруутай, хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг тэргүүн ээлжинд төр буюу тухайн албан тушаалтны ажиллаж буй байгууллага хариуцан барагдуулж, үүний дараа албан тушаалтнаас хохирлыг нөхөн төлүүлэх, энэ үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцах”-аар журамлан заасан, хуулийн дээрх зохицуулалтууд нь буруутай албан тушаалтнаас дахин хууль бус шийдвэр гаргахгүй байх, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, хэмнэлтгүй зарцуулахаас сэргийлэх зорилготой бөгөөд “төсөв хэтэрсэн, эсхүл хэтрээгүй” байхаас үл хамааран дээрх үйл ажиллагаа нь зайлшгүй хэрэгжихээр байна.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Б.Т нь Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвийн ерөнхийлөн захирагч байх бөгөөд тэрээр Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” зарчмыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байна.
Гэтэл нэхэмжлэгч нь Н.Бд сахилгын шийтгэл ногдуулан, хууль бусаар ажлаас халсан хугацаандаа*******ыг хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулан, түүнд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвөөс /2017 оны 03-07 саруудад/ цалин хөлс олгож, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, хэмнэлтгүй зарцуулсан нь тогтоогдож байх тул “төрд хохирол учраагүй” гэх тайлбар нь үндэслэлгүй.
Н.Бд шүүхийн шийдвэрээр олгогдсон ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговрын 6.198.360 төгрөгийг илт хууль бус шийдвэр гаргасан буруутай албан тушаалтан болох нэхэмжлэгч Б.Тгээр нөхөн төлүүлэхээр тогтоосон Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын газрын дарга, хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.Огийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Төсөвт нөхөн төлүүлэх тухай” 24/01-08 дугаар акт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д заасан “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж заасантай нийцсэн бөгөөд, уг актын улмаас нэхэмжлэгч Б.Тгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн зүгээс хариуцагчийн гаргасан маргаан бүхий 24/01-08 дугаар актын хууль зүйн үндэслэлийн талаар маргаагүйг, шүүхээс хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтад хамаарах Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлийг болон хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй зарим баримтыг үнэлээгүйг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.Од холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.Огийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24/01-08 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА