Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1450

 

Ш.Энхбат, Б.Цагаанхүү нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/01114 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.Энхбат, Б.Цагаанхүү нар

Хариуцагч: Мануул трэйвел ХХК-д холбогдох

 

Түр барилга барихад барьцаалсан 500 000 төгрөг гаргуулах, ажлын байр захиалан бариулах тухай 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/60 дугаар гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар гэрээнээс татгалзаж 16 779 200 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Мануул трэйвел ХХК-ийн Ариг банк ХХК-д төлсөн зээлийн хүү 12 362 930 төгрөг, гэрээнээс татгалзсаны торгууль 4 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Энхбат, Б.Цагаанхүү нараас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Энхбат, Б.Цагаанхүү, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч В.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2011 онд Мануул трейвэл ХХК-ийн эзэмшлийн газарт худалдаа эрхлэх талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулж эхлэхэд талбайн түрээсийн төлбөрөөс гадна 500 000 төгрөгийг барьцаа болгон авсан. Худалдааны талбайг буцааж өгөхөд барьцаа болох 500 000 төгрөгөө буцаан авахаар Мануул трэйвел ХХК-д хандахад манай барих талбайгаас худалдан авах тухай саналыг тавихад мөнгөний бололцоо муу байна гэхэд та нарын зээлэнд батлан даалт гаргаж өгнө гээд үйлчилгээний барилгыг 2013 оны 12 дугаар сард заавал ашиглалтад оруулж, түлхүүрийг чинь хүлээлгэн өгнө гэхээр нь ажлын байр захиалан бариулах тухай 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/60 дугаартай гэрээг байгуулж, 13 479 200 төгрөгийн зээлийг банкнаас авч, Мануул трэйвел ХХК-д өгсөн. Барилга хугацаандаа ашиглалтад орохгүй байсан бөгөөд 2014 оны 11 дүгээр сард ашиглалтанд орсон.

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ажлын байр захиалан бариулах 5 дугаартай гэрээг байгуулан тус барилгад орсон бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2 800 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 11-нд 500 000 төгрөг нэмж өгсөн. Нийт 16 779 200 төгрөгийг М.Золбоотод өгсөн бөгөөд Мануул трэйвел ХХК-ийн барьсан үйлчилгээний талбай нь чанар, ашиглалт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, маш хүйтэн халаалтын асуудлаа шийдээгүй, талбайн хэмжээ нь 18 м.кв гэж заасан боловч 16,9 м.кв байсан бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр талбайг буцаан хүлээлгэн өгсөн.

Иймд түр барилга барихад барьцаалсан 500 000 төгрөг гаргуулах, ажлын байр захиалан бариулах тухай 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/60 дугаар гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар гэрээнээс татгалзаж 16 779 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Мануул трэйвел ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Энхбат нь 2003 онооос эхлэн Мануул трэйвел ХХК-ийн техникийн зах дээр контэйнэр байрлуулж, авто сэлбэгийн худалдаа эрхэлж байсан. 2009 онд хүсэлт гаргаж, түр барилга барьж, сэлбэгийн дэлгүүр нээсэн. Манай компанийн барилга баригдаж, дуусмагц түр барилгаа өөрийн зардлаар буулгаж, барилгын хогоо цэвэрлэж, талбай тэгшлэн хүлээлгэн өгөх тохиролцоотой байсан. 2014 оны 08 дугаар сард барилгаа буулгаж талбай чөлөөлөх шаардлага тавихад Ш.Энхбат нь барилгаа дутуу буулгаж, алга болсон. Бид удаа дараа шаардан, барилгын ажил удааширч байгааг сануулахад “манай барьцааны мөнгийг зардалдаа хэрэглэ, нэмж мөнгө өгөх боломжгүй” гэсэн. Иймд бид өөрсдийн зардлаар түр барилгыг гүйцээн буулгаж, хогийг ачиж цэвэрлэсэн. Уг ажилд 1 500 000 төгрөгийн зардал гарсан. Манай Ш.Энхбатаас зардалд гарсан 1 500 000 төгрөгийн 1 000 000 төгрөгийн шаардаагүй тул барьцаа 500 000 төгрөгийг өгөх боломжгүй.

Ш.Энхбат нь ажлын байр захиалан бариулах гэрээ хийсэн боловч хугацаандаа төлбөрөө төлж байгаагүй бөгөөд манай компанийн Ш.Энхбат, Б.Цагаанхүү нарын өмнөөс өөрийн хөрөнгийг барьцаалж зээл авч өгсөн. Гэрээний 2.1-т зааснаар гэрээг цуцалсан бөгөөд 3.4-т заасныг үндэслэн холбогдох тооцоог хийсэн болно. Одоо 9 920 800 төгрөгийг Ш.Энхбатаас авах дутуу байгаа тул 16 779 200 төгрөгийг Ш.Энхбатад төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Мануул трэйвел ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ш.Энхбат нь 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Мануул трэйвел ХХК-тай 1/60 павилон захиалан бариулах гэрээг байгуулсан. Ш.Энхбат, Б.Цагаанхүү нар нь павилон бариулахын тулд 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ариг банктай зээлийн гэрээ байгуулж, 32 400 000 төгрөгийг зээлсэн. Гэтэл манай үйлчилгээний павилоныг худалдан авахаас татгалзаж, 32 400 000 төгрөгийн зээлийн гэрээг цуцалж өгөхийг хүссэн өргөдлийг 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ариг банкинд гаргажээ. Иймээс Мануул трэйвел ХХК 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Ариг банкинд 33 130 967 төгрөг төлж, Б.Цагаанхүү, Ш.Энхбат нарын зээлийг хаасан. Мануул трэйвел ХХК Б.Цагаанхүү, Ш.Энхбат нарын өмнөөс Ариг банкинд 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1 250 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 290 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 430 төгрөг, 2015 оны 9 дүгээр арын 11-ний өдөр 7 527 200 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 30 000 төгрөг, 2015 ны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2 168 800 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1 096 500 төгрөг, нийт 12 362 930 төгрөгийн зээлийн хүү төлсөн. Иймд зээлийн хүүд төлсөн 12 362 930 төгрөг, гэрээнээс татгалзсаны торгууль 4 000 000 төгрөг, бүгд 16 362 930 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Энхбат, Б.Цагаанхүү нар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Худалдаа үйлчилгээний талбайг 2013 оны 03 дугаар улиралд яг ашиглалтад оруулж, түлхүүрийг чинь гардан хүлээлгэж өгнө гэсэн учраас 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1-60 тоот гэрээг байгуулж, бид амьдарч буй байрныхаа гэрчилгээг банкинд барьцаалан 13 479 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Баригдсан барилга нь чанарын шаардлага хангахгүй байсан тул гэрээнээс татгалзаж, 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр талбайг буцаан хүлээлгэн өгсөн. М.Золбоот нь бидэнд худал хэлж Б.Цагаанхүүгийн нэр дээр Ариг банкнаас зээл авахуулсан бөгөөд бидний хуулийн мэдлэггүйг ашилан банкнаас авсан зээлийг М.Золбоот өөрийн данс руу шилжүүлүүлсэн байсан. Иймд М.Золбоотын төлсөн 12 362 930 төгрөг нь бидэнд ямар ч хамааралгүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Мануул трэйвел ХХК-иас 17 279 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Энхбат, Б.Цагаанхүү нарт олгож, нэхэмжлэгч Ш.Энхбат, Б.Цагаанхүү нараас 16 362 930 төгрөг гаргуулах тухай хариуцагч Мануул трэйвел ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ш.Энхбат, Б.Цагаанхүү нараас төлсөн 390 377 төгрөг, хариуцагч Мануул трэйвел ХХК-ийн төлсөн 292 000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Мануул трэйвел ХХК-иас 390 377 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Энхбат, Б.Цагаанхүү нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ш.Энхбат, Б.Цагаанхүү нар 2015 оны 1 сарын 23-ны өдөр Ариг банктай байгуулсан зээлийн гэрээгээр 32 400 000 төгрөг авсан. Мануул трейвэл ХХК нь давхар бүртээ 70 павильонтой 4 давхар авто плаза барилгын хана, тааз, дээвэр, дулаан, цэвэр бохир усны техникийн холболтыг бүрэн хийж дуусгаад 2014 оны 10 дугаар сард Ш.Энхбат, Б.Цагаанхүү нарт 59Б-1-29 дугаартай павильоныг хүлээлгэн өгч тэд сэлбэгийн худалдаа хийж ирсэн. Гэтэл Ш.Энхбат, Б.Цагаанхүү нар үйлчилгээний павильоныг худалдаж авахаас татгалзаж 32 400 000 төгрөгийн зээлийн гэрээг цуцалж өгөхийг хүссэн өргөдлийг 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ариг банкинд гаргасан. Ш.Энхбат 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ажлын байр захиалан бариулах гэрээг цуцалж, павильоноо хүлээлгэн өгөх өргөдлийг 2015 оны 2-р сард гаргасан.

            Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлтээр тус барилгыг үйлчилгээний зориулалтаар жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах боломжтой ашиглалтын шаардлага хангасан гэж үзсэн байхад анхан шатны шүүх Шинжээчийн дүгнэлтэнд    дурьдсан үндэслэл нь уг барилгад иргэд ердийн байдлаар үйл ажиллагаа явуулах,    үйлчлүүлэх боломжтой эсэхийг нарийвчлан тооцоолж гаргаагүй, тус барилгыг хариуцагч   барьж ашиглалтанд оруулахдаа барилгад үйл ажиллагаа явуулах боломжтой эсэхэд дүгнэлт өгөөгүй гэж ташаа дүгнэсэн. Шүүх авто плаза барилга, павилионыг чанаргүй барьсан хариуцагч Мануул трейвэл ХХК гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч нар 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №5 гэрээнээс татгалзаж, 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр павилионыг чөлөөлж хариуцагчид буцаан өгсөн үйл баримт тогтоогдож байна гэсэн.

Мануул трэйвел ХХК нь нэхэмжлэгч Ш.Энхбат, Б.Цагаанхүү нарын өмнөөс 2015 оны 5-12 дугаар сарын хооронд Ариг банкинд зээлийн хүү 12 362 930 төгрөг төлсөн. Мөн 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Ариг банкинд 33 130 967 төгрөг төлж Ш.Энхбат, Б.Цагаанхүү нарын зээлийн гэрээг хаасан юм. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Ш.Энхбат, Б.Цагаанхүү нар нь хариуцагч Мануул трэйвел ХХК-д холбогдуулан  талбай түрээслэн ажиллуулж байх үед барьцаалуулсан 500 000 төгрөг гаргуулах, ажлын байр захиалан бариулах тухай 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/60 дугаар гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар гэрээнээс татгалзаж уг гэрээгээр шилжүүлсэн 16 779 200 төгрөгийг буцаан  гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Ариг банк ХХК-д төлсөн зээлийн хүү 12 362 930 төгрөг, гэрээнээс татгалзсаны торгуульд  4 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Зохигчид 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1/60 тоот, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 05 тоот ажлын байр захиалан бариулах гэрээг тус тус байгуулж, хариуцагч Мануул трэйвел ХХК нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Даймонд худалдаа, үйлчилгээний төвийн 59б барилгын 1 дүгээр давхрын 1-29 тоотод байрлах 18 мкв талбай бүхий ажлын байрыг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсоныг шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж талуудын хоорондох гэрээний харилцааг зөв тодорхойлжээ.

Захиалагч Ш.Энхбат, Б.Цагаанхүү нар нь гэрээнд заасны дагуу төлбөрийг төлсөн боловч гүйцэтгэгч Мануул трэйвел ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлын байрыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй, ажлын байр чанарын шаардлага хангаагүйн улмаас захиалагч нар нь 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрээнээс татгалзсан тул талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгчийн талбайн үнэд төлсөн төлбөрийг хариуцагчаас буцаан гаргуулсан анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нар нь Ариг банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан хэдий ч гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг Мануул трэйвел ХХК-д тухайн өдөрт нь шилжүүлсэн,  хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг өөрийн үйл ажиллагаандаа зарцуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, зээлийн гэрээ цуцлагдсанд нэхэмжлэгч нар  буруутай болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 зааснаар хохирол шаардах эрхтэй гэж үзэхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Харин шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулах боломжтой байх тул шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ш.Энхбат, Б.Цагаанхүү нараас 16 362 930 төгрөг гаргуулах тухай хариуцагч Мануул трэйвел ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/01114 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “олгож” гэсний дараа “ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Мануул трэйвел ХХК-ийн давж заалдах гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

         ШҮҮГЧИД                                                    Д.ЦОГТСАЙХАН

                                                                              Ш.ОЮУНХАНД