Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/910

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан, улсын яллагч Ж.Сувданчимэг, шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш овгийн М.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2108 00000 1219 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овгийн М.С, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “***” ХХК-д худалдагч ажилтай, ам бүл зургаа, нөхөр, гурван хүүхэд, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч М.С нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо ** тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хэн нь мэдэгдэхгүй хүнтэй хардлаа” гэх шалтгаанаар гал тогооны шүүгээнд байсан бор иштэй хутгаар хамтран амьдрагч Ц.С-ын нурууны доод хэсэгт нэг удаа хатгаж, эрүүл мэндэд нь “бүсэлхий нуруунд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч, Ш овгийн М.С нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо *** тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хэн нь мэдэгдэхгүй хүнтэй хардлаа” гэх шалтгаанаар хамтран амьдрагч Ц.С-ын нурууны доод хэсэгт нэг удаа хутгалж, бие махбодод нь “...бүсэлхий нуруунд шарх...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч М.С-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг;      

2. Шүүгдэгч М.С-аас 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагад хандан гаргасан “...Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо, *** тоотод Ц.С бусдад хутгалуулсан...” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 дугаар хуудас);

3. Хохирогч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо ** тоотод эхнэр, дүү, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр бид хоёр хамтран амьдраад 12 жил болж байгаа, гэрлэлтийн баталгаа байхгүй. Тус өдрийн өглөө 08 цаг өнгөрч байхад би машинтайгаа худгаас ус аваад ирэх замдаа дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи, 2 литрийн Сэнгүр нэртэй пиво аваад гэртээ ирсэн. Тэр үед эхнэр гэртээ унтаж байсан ба би ганцаараа архи, пивыг ууж байтал эхнэр С сэрээд хамт ууж эхэлсэн. Эхнэр бид хоёр архиа ууж дуусгаад пиво ууж байх явцдаа би эхнэр С-г хэнтэй юугаа хийгээд яваад байгаа юм бэ гэж хэлээд хардаад бид хоёр хоорондоо маргалдаад хэрэлдэж эхэлсэн. Тэр үед миний уур хүрээд гал тогооны шургуулгаас хутга аваад би өөрийгөө хутгалчихна шүү гэж хэлэхэд эхнэр С хоёр гараас барьж аваад боль гэсэн. Тэгээд эхнэр миний барьж байсан хутгыг хураагаад буцаж ширээн дээр суугаад пиво ууж байгаад дахин хоорондоо маргалдахад эхнэр С чи яагаад хэн нь мэдэгдэхгүй хүнтэй намайг хардаж зовоодог юм бэ гэж уурлаж, орилоод гал тогооны шүүгээнээс бор иштэй хутга аваад миний нурууны доод хэсэгт буюу бөөрний орчим хутгаар нэг удаа хатгасан... Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-18 дугаар хуудас);

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 6976 дугаартай: “...Ц.С-ын биед бүсэлхий нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 21-22 дугаар хуудас);

5. Шүүгдэгч М.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  “...Манай нөхөр ер нь их хартай хэн нь мэдэгдэхгүй худлаа нэр зохиож намайг харддаг болохоос биш миний биед гар хүрч байгаагүй. 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр би нөхөр С-ын хамт гэртээ 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво, 0.75 литрийн Хараа нэртэй архийг хувааж уусан. Тэр үед нөхөр С архиндаа согтоод намайг хэн нь мэдэгдэхгүй хүнтэй хардаад уурлаад байхаар нь би “тийм юм байхгүй шүү, яагаад чи намайг хардаад байгаа юм бэ” гэж хэлснээс болж бид хоёр хоорондоо маргалдаж хэрэлдэх болсон. Тэгтэл нөхөр намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж хардаад уур хүрээд байхаар нь би гал тогооны шүүгээнээс бор иштэй хутга аваад нөхрийнхөө баруун талын бөөр, нуруу хэсэгт нь нэг удаа хатгачихсан. Тухайн үед шоконд ороод түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна... Бид хоёр сайн дураараа эвлэрсэн, одоо цуг амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 61-62 дугаар хуудас);

6. Шүүгдэгч М.С-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 42 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 52 дугаар хуудас), оршин суугаа газрын тодорхойлолт (хх-ийн 43 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хх-ийн 44 дүгээр хуудас), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хх-ийн 45 дугаар хуудас), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 46 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа (хх-ийн 47 дугаар хуудас), ажлын газрын тодорхойлолт (хх-ийн 48 дугаар хуудас), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 49-51 дүгээр хуудас), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал (хх-ийн 71-73 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 219 дугаар тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч М.С нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.С-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч М.С-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ц.С-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.С-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Хохирогч Ц.С нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүйхэмээн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.С-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ш овгийн М.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-д оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.С-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.С нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА